Т.САЙХАН
Нийслэлийн онцгой байдлын шуурхай комиссоос сэрэмжүүлэг мэдээлэл гаргажээ. НОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат "Цаг уурын байгууллагаас 2024 оны 7, 8 дугаар сард олон жилийн дунджаас ахиу хэмжээний хур тунадас орох талаар урьдчилсан мэдээлэл гаргасан. Энэ хүрээнд НОК хоёр удаа хуралдаж, үер усны аюулаас сэргийлэх хүрээнд далан суваг шуудууг татах, нэмэх, бэлтгэл байдлаа хангах зэрэг асуудлыг хэлэлцэж, шуурхай штаб байгуулж ажиллаж байна. Өнгөрсөн долдугаар сард 2-4 удаагийн давтамжтай аадар бороо орсон. Наймдугаар сарын 21-ний байдлаар нийслэлд хоёр удаагийн усархаг бороо орж Онцгой байдлын газарт нийт 260 гаруй дуудлага бүртгэгдсэн. Мэргэжлийн байгууллагууд холбогдох арга хэмжээг авч ажилласан байгаа.
Ирэх 10 хоногт мөн дуу цахилгаантай аадар бороо орохыг Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулсан. Энэ жил борооны ус зайлуулах шугам хоолойг шинэчлэх хүрээнд 50 байршлаас 22 байршилд засвар хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар есөн байршлын ажил дууссан, долоон байршлынх дуусах гэж байна. Өнөөдөр нийслэлд хүчтэй аадар бороо орох төлөвтэй байгаа тул нийт иргэдийг үер усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна.
Эх сурвалж:www.polit.mn