Дэлхийн хамгийн гайхалтай галт тэрэгний аяллуудын нэг Транс-Монголын төмөр зам

2024-08-19
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Б.ТҮШИГ

 

CNN агентлагийн “Аялал” буланд аялагч сэтгүүлч Жо Йогерст ингэж бичжээ.

 

Олон мянган жилийн турш Монгол дахь зорчих гол хэрэгсэл нь морь байсан бөгөөд тус улсын үндэсний онцлог, өвөрмөц байдлын салшгүй нэгэн хэсэг болсон хэвээр байгаа билээ.

Харин орчин үед Төв Азийн өргөн уудам нутагтай тус улсыг туулах маш сайн арга бол төмөр хөлгөөр зорчих явдал гэж үзэх болжээ.

Монголын Оростой залгадаг хойд хилээс 2215 км (1376 бээр) үргэлжлэн өмнөд үзүүртээ Хятадын Өвөрмонголын өөртөө засах орон хүрдэг Транс-Монголын төмөр замыг хорин жилийн турш манай гарагийн хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг боловч нэлээд их бартаатай нутгаар хорин жил шахам барьсны эцэст 1956 онд ашиглалтад оруулсан аж.

Галт тэрэг түчигнэсээр эхлээд ой тайга, дараа нь Монголын төв хэсгийн домогт тал хээр, улмаар эцэс төгсгөлгүй мэт говь цөлийг дайран өнгөрнө. Замд алслагдсан хот суурингууд хааяа нэг таарах ч соёл иргэншлийн шинж тэмдэг ялангуяа Монголын дийлэнх хэсэг цасаар хучигддаг өвлийн улиралд ховор тохиолддог.

Цар тахал дэлхий даяар улс орнуудын хилийг хаахаас өмнө Транс-Сибирийн төмөр замаар Москвагаас Бээжин хүрсэн “The Man in Seat 61” вэб сайтыг үүсгэн байгуулагч, Их Британийн төмөр замын аялал жуулчлалын шинжээч мэргэжилтэн Марк Смит дурсан ярихдаа, “Транс-Монголын төмөр замаар аялах нь Сибирийн хус мод, бохир гудамж, модон байшинтай жижиг тосгонуудын дундуур өнгөрсөн өмнөх хэдэн хоногоос тэс өөр, гайхалтай сайхан санагдсан. Монголд өргөн уудам бэлчээр, тэмээ зэрэг нь нүд баясгаж, гэр бүхий нүүдлийн суурингуудад дөхөхөд “удахгүй гэрүүд харагдах болно” гэж үе үе мэдээлдэг байв” гэсэн юм.

Ийм дүр зургийн дараа өндөр барилгууд гэнэт тодрон харагдаж, галт тэрэг Улаанбаатарт орж ирэх нь бүр ч гайхалтай санагдана. 1.6 сая гаруй хүн амтай тус улсын үсрэнгүй хөгжиж буй нийслэл хотод Монголын нийт хүн амын талаас илүү хувь нь оршин суудаг бөгөөд Москва-Бээжингийн Транс-Сибирийн төмөр замыг бүхэлд нь ашиглалтад оруулсны дараа аяллаа ганц хоёр хоногоор завсарлан саатахад маш тохиромжтой газар болсон ажээ.

Монголын нийслэлд ирсэн аялагчид 1949 онд ашиглалтад орсон Улаанбаатарын төмөр замын буудлаар орж сонирхвол зүгээр. Хүлээлгийн өрөөний дээрх гоёмсог хийцтэй нүсэр том чидэнгийн бүрхүүлүүд, төмөр замын платформ тавцангийн хажууд үүрдийн зогсоолдоо байрласан хуучны уурын зүтгүүр, нүүрсний вагон бүхий Зөвлөлтийн үеийн хийцтэй Улаанбаатарын намхавтар төмөр замын буудалд очих нь агшин зуур дурсамжууд сэдрээх юм билээ.

 

Транс-Монголын төмөр замаар зорчих нь

 

Өнгөрсөн жилүүдэд Марк Смит шиг олон улсын зорчигчдын дийлэнх нь Транс-Монголын төмөр замыг Москва, Бээжингийн хооронд галт тэргээр аялах гол хэсэг болгон ашиглаж байв. Гэвч энэ чиглэлийг 2020 онд Ковидийн цар тахлын үеэр түр зогсоосон төдийгүй ойрын ирээдүйд ч ихэнх аялагчдын хувьд хаалттай хэвээр байх төлөвтэй. Лондон дахь “Транс-Сибирийн аялал” компанийн захирал Кристиан Стэнли энэ тухай ярихдаа, “Энэ бол үнэхээр шившигтэй. Учир нь энэ чиглэл хуурай газрын гайхалтай аяллуудын нэг байсан юм. Энэ чиглэлийг аялах хүсэлтэй газруудынхаа жагсаалтад оруулсан олон хүн байсаар л байна” гэжээ.

Түүний хэлснээр, Украин дахь дайны улмаас Оросын эсрэг хориг арга хэмжээ авахад оролцоогүй орнуудын аялагчдад Монголоор дамжин Москва-Бээжин чиглэлийн төмөр замаар аялах боломжтой хэвээр байгаа аж. Зүгээр л өөр галт тэргээр, эсвэл өөр тийзээр явах юм байна.

Харин зөвхөн Монгол дотор төмөр замаар зорчвол ямар ч бэрхшээл, хориг арга хэмжээ гэж байхгүй.

Тал хээр, говь цөлөөр өнгөрдөг, замд өдрийн (эсвэл шөнийн) дийлэнхийг зарцуулдаг Улаанбаатар болон Монгол, Хятадын хил дээрх ихэр хот Замын Үүд/Эрээн хооронд тогтмол явдаг галт тэргээр аялаад үзэхэд мөн илүүдэхгүй. Тасалбарыг нь Улаанбаатарын төмөр замын буудлаас авах боломжтой.

Транс-Монголын төмөр зам сүүлийн хэдэн арван жилд шинэчлэлийн үеийг туулж, Зөвлөлтийн үеийн зарим зүтгүүрийг Америкийнхаар сольжээ. Вагонууд нь дөрвөн хүний хатуу суудалтай хоёрдугаар зэрэглэлийн купе болон түлхүүртэй хаалга, жижиг ширээ, цахилгааны залгуур, агааржуулагч/халаалт бүхий хоёр хүний суудалтай нэгдүгээр зэрэглэлийн люкс купетэй аж. Орны даавуу, дэр, хөнжил өгнө. Хатуу суудалтай купений зорчигдын дунд вагон тус бүрт өрнөдийн маягийн нэг жорлон байрлуулсан бол зөөлөн суудалтай купе бүрт тусдаа ванны өрөө бий.

“Laura the Explorer” блогтоо дэлхийг тойрон аялахад нь тохиолдсон элдэв адал явдлуудын талаар бичдэг Шинэ Зеландын Лаура Жопсон, “Би охинтойгоо хамт явах залуухан монгол ээжийн хамт дөрвөн суудалтай купенд орсон юм. Купе тухтай, дулаахан, нам гүмхэн байсан. Үйлчлэгчид орой бүр суудлыг сунган ор болгоно. Ачаа тээшээ доод талын суудлын доогуур хийж хадгалдаг тул аяллын явцад тээшиндээ хүрэх түвэгтэй. Иймд ойр зуурын хэрэгтэй зүйлсээ хийх жижиг цүнхтэй явах нь зүйтэй. Вагон бүр халуун ундаа, бэлэн хоол хийх зориулалттай том ус буцалгагчтай юм билээ” гэж ярьсан юм.

Галт тэрэгнүүд түүнчлэн цэсэндээ орон нутгийн тусгай хоол, цөөн тооны олон улсын хоол бүхий вагон-ресторануудтай.

-Монголын вагон-ресторан хоолны амт чанараараа Оросынхоос (тэр ч бүү хэл Хятадын вагон-ресторанаас) эрс ялгардаг юм. Амттайн дээр орц ихтэй. Ялангуяа хонины махтай будаатай хуурга нь янзтай! ” гэж Монголоор зорчихдоо галт тэрэг дотор хооллож үзсэн Марк Смит ярьсан юм.

Вагон-ресторанд хооллохоос гадна зорчигчид Улаанбаатарт (төмөр замын төв буудалд өдөр тутмын хэрэглээний барааны жижиг дэлгүүр бий) эсвэл зам дагуух зогсоолуудаас хөнгөн зууш, ундаа зэргийг нөөцөлж авах боломжтой.

-Би гоёл чимэглэлд нь татагдан Монголын вагон-ресторанд хооллохоор шийдсэн юм. Вагон-рестораныг гоёмсгоор сийлсэн модоор чимэглэсэн байлаа. Хоол нь амттайн дээр тийм ч үнэтэй биш. Үүнээс гадна би бэлэн хоол (рамен, паста, кофе), шинэ жимс болон өөр янз бүрийн хөнгөн идэх юм базаасан” гэж Лаура Жопсон хэлж байв.

Зорчигчид замаараа хүнсний дэлгүүр, лангуу, ТҮЦ-ээр орохоор шийдсэн бол галт тэрэг тухайн зогсоол дээр хэр удахыг мэдэх хэрэгтэй. Өвлийн улиралд зөвхөн томоохон зогсоолуудад л хоол хүнсээ базаах боломжтой Лаура Жопсон онцолсон юм.

Галт тэрэгний бие засах газруудыг анхнаас нь иж бүрэн тоноглосон ч зорчигчдод өөр өөрсдийн жорлонгийн цаастай орохыг зөвлөх нь зүйтэй.

Лаура Жопсон дурсан ярихдаа, “Жорлон нь ердийн, энгийн бөгөөд ихэнх тохиолдолд цэвэрхэн байсан шүү” гэсэн юм.

Галт тэргэнд суухаасаа өмнө олон улсын валютаа хангалттай хэмжээний монгол төгрөгөөр солиорой. Учир нь вагон-ресторан, зуушны мухлагт зөвхөн бэлэн мөнгөөр үйлчилдэг юм. Улаанбаатарын галт тэрэгний буудлын дотор мөнгө солих цэг, зогсоолын хажууд банкны жижиг салбар бий.

Аялал жуулчлалын багц захиалахыг эрхэмлэдэг хүмүүст зориулж хэд хэдэн адал явдалт аяллын хэд хэдэн тур оператор Монголын төмөр замд гарцтай. Тэдний нэг нь Австралийн “Intrepid Travel” компани бөгөөд саяхан Бээжин, Улаанбаатарын хооронд авто болон төмөр замын аялалыг хослуулсан 11 хоногийн “Транс-Монголын төмөр замын адал явдал” хэмээх аяллыг зарлажээ.

“Intrepid Travel”-ийн даяар бүтээгдэхүүн хариуцсан ерөнхий захирал Эрика Критикидес ярихдаа, “Төмөр замын энэхүү шугамыг бид нэлээд эртнээс сонирхож эхэлсэн юм. Ихэд сонирхолтой аяллын чиглэл нээж болно гэж төсөөлөн бид Транс-Сибирийн төмөр замаар зорчин очиж байв. Тэгснээр бид Транс-Монголын төмөр замын зарим хэсгийг судалж, дэлхий даяар аль болох олон өвөрмөц төмөр замын сүлжээг танилцуулах бидний зорилготой нийцсэн билээ” гэсэн юм. 

“Intrepid Travel” Транс-Монголын төмөр замын анхны аяллаа 2025 оны зургадугаар сард хийхээр төлөвлөжээ. Лаура Критикидесийн хэлснээр, тус аяллыг идэвхтэй захиалж байгаа бөгөөд дараа жилийн аяллын дор хаяж нэг рейс хэдийн бүрэн зарагдсан аж.

 

Аяллын онцлогууд

 

Улаанбаатар бол Монгол руу хийдэг аливаа аяллын оргил цэг гэдэг нь гарцаагүй. Тус хотын дурсгалт газрууд дотор 85 фут өндөр (26 метр) Мэгжид Жанрайсигийн алтан хөшөө, Буддын шашны олон дурсгал бүхий Гандантэгчинлэн хийд, Монголын үлэг гүрвэлийн төв музей, үндэсний янз бүрийн үнэт зүйлс агуулсан Богд хааны ордон музейг онцолдог.

Чингис хаан нийслэлээ Монголын төв хэсэгт Хархорумд байгуулсан ч XIII зууны цэргийн жанжин, эзэн хаан, үндэсний баатар түүний зэвэрдэггүй гангаар хийсэн аварга том морьт хөшөө нийслэлээс баруун зүгт сүндэрлэдгээс гадна Төрийн ордны өмнө хаан ширээн суугаа хөшөө нь мөн бий.

Улаанбаатар, Замын Үүдийн хооронд Транс-Монголын замаар хоёр өдрийн хялбар бөгөөд сонирхолтой аялал хийх боломжтой. Аялагчид түүнчлэн зам дагуух томоохон хотуудад хэд хоногоор саатаж ч болох юм.

Говийн захад орших Чойр нь Монголын анхны, Азийн хоёр дахь сансрын нисгэгч, тус улсын Батлан хамгаалахын сайд асан Ж.Гүррагчаагийн төрсөн нутаг гэдгээрээ алдартай.

1981 оны гуравдугаар сард сансарт гарсан Ж.Гүррагчаа “Салют 6” сансрын станцад долоо хоног ажилласан ажээ. Чойрынхон нутгийн баатраа хүндэтгэн төмөр замын буудлын өмнөх талбайдаа тэнгэр рүү тэмүүлэх сансрын нисгэгчийнхээ хөшөөг босгосон ба зорчигчид тэр хөшөөний өмнө хурдхан шиг селфи хийх боломжтой.

Хэд хэдэн даруухан жижиг зочид буудалд нь Чойрын орчмын аглаг буйдад очиж, Халзан уулын халуун рашааныг зорьж, Их нартын дархан цаазат газар янгир, аргаль харахыг хүссэн хүмүүс хонож үйлчлүүлнэ. шөнийн цагаар үйлчилдэг.

Дахиад хоёр цаг ормын дараа Сайншанд гэх харьцангуй том, зочдод илүү таатай орчинтой, хэд хэдэн зочид буудал, уламжлалт монгол хоолны хоёр гурван ресторан, хөөстэй цай, сүүн коктейль, тусгай кофегоор үйлчлэх “Date Coffee House“ зэрэг үйлчилгээний газатай хот таарна. Тус хотоос урагш 40 минутын зайд орших өндөр суварга бүхий Хамарын хийдийг 19-р зууны эхээр “Говийн догшин хутагт” хэмээгдсэн эрдэмтэн лам байгуулжээ. Ихэнх барилга байгууламжийг нь коммунист дэглэм нураасан ч Монголд буддизм сэргэсний дараа буюу сүүлийн 35 жилд одоогийн ихэнх байгууламжийг босгосон юм байна.

Венецийн Гэгээн Маркийн сүмийн Кампанилийг санагдуулам загвараар хийгдсэн гоёмсог галт тэрэгний буудлын цамхаг бүхий Замын Үүд нь Транс-Монголын өмнөд үзүүр юм. Төмөр замын буудлаас холгүй байрлах өргөн талбайг тойрон зоогийн газар, түргэн хоолны газар, талх нарийн боовны цех, банк, тэр ч байтугай караоке- лоунж байрлах ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 19. ДАВАА ГАРАГ. № 159 (7403)

 

Б.Пүрэвдорж: Өсөн нэмэгдэх АМНАТ 19 хувь боллоо

Б.Пүрэвдорж: Өсөн нэмэгдэх АМНАТ 19 хувь боллоо

7 цаг 58 мин
Энэ сарын 26-нд бүх нийтээр амарна

Энэ сарын 26-нд бүх нийтээр амарна

8 цаг 4 мин
Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа нь үнэн

Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа нь үнэн

8 цаг 6 мин
УИХ:Үндсэн хуулиа дээдлэн залах тогтоолыг баталлаа

УИХ:Үндсэн хуулиа дээдлэн залах тогтоолыг баталлаа

8 цаг 11 мин
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй

"Ачит Ихт" компанийн хувьцаа эзэмшигч Пунцагийн Цагаантай сонгуулийн эргэн тойронд болж өнгөрсөн явдлаар ярилцлаа.

10 цаг 45 мин
Гоо үзэсгэлэнгийн тайзнаа өрсөлдсөн монгол охид

Дэлхийн хамгийн нэр хүндтэй миссийн дөрвөн тэмцээний гурав нь энэ

17 цаг 41 мин
Шинэ төгсөгчдөд ажлын байран дээр ямар бэрхшээл тулгардаг вэ

Энэ хавар нийт 27.555 оюутан сургуулиа төгсөж дээд боловсролын диплом өвөртөлсөн. Тэгвэл өнөөдөр тэд ажилтай байна уу.

17 цаг 41 мин
Бакугийн тэмдэглэл

Азербайжан Улсын нийслэл Баку хот орчин үеийн архитектур, түүхэн дурсгалт газрууд хосолсон олон мянган

17 цаг 41 мин
Хөрөнгийн захын “Жижигхэн тоглогч”

“Амралтын хоёр өдөр цагийн ажил хиймээр байна” хэмээн Бат-Ирээдүй хүү ээждээ хэлжээ.

17 цаг 41 мин
Хуванцар цуглуулах “RePlus” аппликэйшн

Дахивар хог хаягдал цуглуулах дижитал платформ болох “RePlus” аппликэйшн гар утсандаа татаад

17 цаг 41 мин