Долоо дахь Ерөнхийлөгч...

2024-08-16
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.ГАРЬД

 

Зургаа дахь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа талдаа орлоо. Гурван жилийн дараа долоо дахь Ерөнхийлөгчийн сонгууль болно. “...Бүхэл бүтэн гурван жилийн дараах сонгуулийг өнөөдөр юунд ярина вэ” гэж магад. Ярихаас аргагүй. Яагаад гэвэл, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүмүүсийн нэр ус дуулдах боллоо. Зарим нь бэлтгэлээ хангаад эхэлжээ.

МАН, АН, ХҮН, ИЗНН, “Үндэсний эвсэл” гэсэн улс төрийн таван хүчин 2027 онд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно. Хүнээ нэр дэвшүүлнэ.

Тиймээс нам нам дээр л далдахнуур Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан үйл явдлууд өрнөж буй бололтой.

МАН-аас гэхэд “70-аад оныхон” нь өрсөлдөх сонирхолтой байгаа аж. ЕТГ-ын дарга Г.Занданшатар, Хотын дарга асан Д.Сумьяабазар, Гадаад харлицааны сайд Б.Батцэцэг, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын нэр яригдаж байна. Эднийхэн хашир. Ил гарч “...Би” гэж ярихгүй. Тэр тусмаа одоо бол ихээхэн нууцална. Гэсэн ч намынх нь цагаан байр, Төрийн саарал ордон хоёроор яриад эхэлжээ.

АН-аас болохоор үе үеийн улстөрчид энэ сонгуульд хүчээ үзэхээр бэлдээд эхэлсэн байна. Тэдний өрсөлдөөн ил болдгоороо онцлогтой. Санал зөрвөл хэрэлдэнэ, зодолдоно. Тэгж нэг талдаа гарна. Энэ зуны УИХ-ын сонгуулийн 126 суудлын төлөө тултлаа “зодолдсон” тэд 2027 оны ганц мандатын төлөө юу л болох бол доо. Одоол гэхэд АН-аас Тэргүүн шадар сайд Лу.Гантөмөр, УИХ-ын дарга асан З.Энхболд, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Хотын дарга асан Э.Бат-Үүл, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Х.Тэмүүжин гээд олон “сонирхол” яригдаж байна.

ХҮН нам бол товчхон. Цөөхөн горилогчтой. Гэхдээ Шадар сайд Д.Доржханд, Эдийн засагч Д.Жаргалсайхан, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Д.Энхбат гээд эвгүй эвгүй “нэр дэвшигчид” дуулдаж байна.

ИЗНН-аас бүр цөөн. Тус намын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатар, УИХ-ын гишүүн асан С.Оюун хоёрын нэг нь нэр дэвшиж магадгүйгээр яригдаж байна.

Харин “Үндэсний эвсэл”-ээс МАК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир нэр дэвших гэнэ. Б.Нямтайширыг ирэх 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн хамгийн гол өрсөлдөгч гэж хэлж болно. УИХ-д суудалтай бусад намынхан ч үүнийг гадарлаад эхэлсэн. “Хэрвээ нэр дэвшвэл Б.Нямтайширтай ямар арга барилаар өрсөлдөх вэ гэдгийг тооцох хэрэгтэй” гэсэн яриа хүртэл намуудаар гарсан байна.

Мэдээж, яг одоо бол сунгааны цаг. Гэхдээ юухан байх вэ, жил гаруйн дараа нэр дэвшигчид олны өмнө гарч ирэх ёстой болно. Тэгэхээр одооноос бэлтгэл юугаа хангаж эхлэх нь зүйн хэрэг юм.

Ер нь бол “2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг чухал биш. Харин “Үндсэн хууль, бусад хуулиар Ерөнхийлөгчид олгогдоог эрхийг, үүргийг, хариуцлагыг хэн сайн даах вэ” гэдэг илүү анхаарах ёстой асуудал нь юм.

Бид Үндсэн хуульдаа “...Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэж тунхаглаж зааж өгсөн. Тэр утгаараа хамгийн түрүүнд энэ үүргийг нэхээд, хүлээгээд байдаг.

Нөгөөтэйгүүр таван жилийн өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад Ерөнхийлөгчтэй холбоотой хэд хэдэн томоохон өөрчлөлт гарсан.

2019 оны өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 30.2-т “...Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно”, гэсний дагуу 2021 онд сонгогдсон Ерөнхийлөгч 2027 онд буух юм.

Үүнээс гадна 33.4-т “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэж оруулсан.

Ерөнхийлөгчийн хуульчилсан бүрэн эрхэд “...Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх. Энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно”, “...Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, УИХ-тай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах”, “...Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг УИХ-тай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах”, “...Монгол Улсад суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг хүлээн авах”, “...Улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах”, “...Уучлал үзүүлэх”, “...Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх”, “...Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх”, “...Бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах”, “...Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2, З дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болбол УИХ-ын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгүй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, түүнчлэн цэрэг хөдөлгөх захирамж өгөх. Онц байдал, дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг УИХ уул зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хүчингүй болгоно. Хэрэв УИХ шийдвэр гаргаагүй бол уул зарлиг хүчингүй болно”, “...Ерөнхийлөгч Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч байна”, “...Ерөнхийлөгч УИХ-д болон ард түмэндээ хандан илгээлт гаргаж, чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулж болно” зэрэг багтдаг.

Үүнээс гадна, Үндсэн хууль Ерөнхийлөгчийн эрх үүрэгтэй холбоотой “...Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд нийцүүлэн зарлиг гаргана”, “...Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол Ерөнхийлөгч өөрөө буюу УИХ хүчингүй болгоно”, “...Ерөнхийлөгч УИХ-д ажлаа хариуцна”, “...Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг үндэслэн УИХ-аар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна”, “...Ерөнхийлөгчийн бие, өргөө, унаа халдашгүй дархан байна”, “...Ерөнхийлөгчийн нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаална”, “...Ерөнхийлөгчийг түр эзгүйд бүрэн эрхийг нь УИХ-ын дарга хэрэгжүүлнэ”, “...Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгч шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь УИХ-ын дарга хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна”, “...УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх журмыг хуулиар тогтооно” гэсэн зүйл заалтууд бас бий.

Үндсэн хуулийн 2019 оны дээрх өөрчлөлттэй холбоотойгоор 2020 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг баталсан.

Харин Ерөнхийлөгчийн тухай хуулийг өнөөг хүртэл шинэчлэн баталж чадаагүй л байна.

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Үндсэн хуульд нийцсэн бие даасан хуульгүйгээр өнөөдрийг хүртэл явж байгаа юм.

Одоо хэрэгжиж байгаа Ерөнхийлөгчийн тухай хуулийг 1993 оны зургадугаар сарын 5-нд Н.Багабандийг УИХ-ын дарга байх үед баталж байжээ. Энэ хуулийн 6.1-д “...Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн 30.2 дахь хэсэгт зааснаар дөрвөн жил байна” гэсэн байгаагаараа Үндсэн хуулиас хол болчихоод байгаа юм. Дашрамд, Ерөнхийлөгчийн тухай хуульд УИХ-аас 1997 оны нэгдүгээр сарын 9, 2001 оны зургадугаар сарын 21, 2002 оны тавдугаар сарын 16, 2003 оны нэгдүгээр сарын 2, 2007 оны арванхоёрдугаар сарын 13, 2012 оны есдүгээр сарын 7, 2020 оны тавдугаар сарын 13, 2020 оны тавдугаар сарын 14, 2021 оны аравдугаар сарын 29-нд тус тус өөрчлөлт оруулж байжээ. 

ЭХ сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 16. БААСАН ГАРАГ. № 158 (7402)

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

13 цаг 10 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

14 цаг 49 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

19 цаг 9 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

19 цаг 13 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

19 цаг 22 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

19 цаг 27 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

19 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

19 цаг 41 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

20 цаг 2 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

20 цаг 4 мин