Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
Эрүүл мэндийн яамнаас хүүхэд бүрийг харьяа өрх сумын эрүүл мэндийн төвдөө хандан улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдахыг уриалсан. Мөн халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг анхааруулаад байна. Тэгвэл улаанбурхан өвчний тухай мэдээлэл хүргэе.
Зөөвөрлөгдсөн хоёр, дотоодын хоёр тохиолдол илэрчээ
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад халдварт Улаанбурхан өвчнөөр өвчилсөн хоёр тохиолдол, сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдээд байна. Харин дэлхий нийтэд 2024 оны эхний долоон сарын байдлаар 178 улс оронд 210 мянга орчим тохиолдол батлагдсанаас Азербайжан, Киргизстан, Казахстан зэрэг улс орнуудад халдварын тохиолдол өндөр байгаа юм. Улаанбурхан өвчин нь вирусийн гаралтай, цочмог халдварт өвчин бөгөөд агаар дуслын замаар хүнээс хүнд дамжин халдварлалдаг. Тиймээс дархлаажуулалтад хамрагдаагүй, өмнө нь тус өвчнөөр өвдөөгүй бүх насныхан өвдөх эрсдэлтэй. Тиймээс Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Улаанбурхан өвчний тандалтыг эрчимжүүлж, дэгдэлтийн үеийн дархлаажуулалтыг зохион байгуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, хариу арга хэмжээний нөөцийн бэлэн байдлыг хангах, хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан дархлаажуулалтад хамрагдсан хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт хүлээн авах зохицуулалтыг бүрдүүлэх, хилийн нэвтрэх цэгт гадаад улсаас ирж буй зорчигчийн эрүүл мэндийн хяналт, тандалтыг идэвхжүүлэх, бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагууд, орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцолж байсан юм. Харин Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Гамшгаас хамгаалах Эрүүл мэндийн улсын албаны үйл ажиллагааг идэвхижүүлж, тандалт, хариу арга хэмжээг удирдлага зохицуулалтаар хангах, тандалт, дархлаажуулалт, бэлэн байдлыг хангахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх, Улаанбурхан өвчний дэгдэлт үүссэн тохиолдолд татан оролцуулах хүч хэрэгсэл, нөөцийг бүрдүүлэх, Тандалтыг эрчимжүүлж, дэгдэлтийн үеийн дархлаажуулалтыг шуурхай зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайдад даалгасан. Тэгвэл өчигдрийн байдлаар ЭМЯ-наас улаанбурхан өвчний цаг үеийн нөхцөл байдлын тухай тодруулахад “Улаанбурхан өвчний эхний тохиолдол энэ оны долоодугаар сарын 31-ны өдөр батлагдсанаас хойш өнөөдрийн байдлаар зөөвөрлөгдсөн хоёр, дотоодын хоёр тохиолдол бүртгэгдээд байна. Иймд ЭМЯ-наас яаралтай хариу арга хэмжээг бүх шатанд авч хэрэгжүүлж байгаа” гэсэн мэдээллийг өгсөн юм. Мөн Эрүүл мэндийн яамнаас улаанбурхан өвчний нөхцөл байдал, Монгол Улсад тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж буй болон цаашид шаардлагатай хариу арга хэмжээний талаар мэдээлэл өгөх цахим сургалтыг зохион байгуулсан тухайгаа дуулгасан. Сургалтыг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат удирдаж, тус сургалтад нийслэл, орон нутгийн өрх, сумын Эрүүл мэндийн төвийн 800 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан гэв.
Таван хүн тутмын нэг нь хүндрэх эрсдэлтэй
Вирус нь амьсгалын замаар халдварлахаас гадна халдвартай гараар нүдээ нухахад хүртэл халдварладаг. Амьсгалын дээд замаас ярих, ханиах, найтаах үед гадаад орчинд цацагдаж халдварыг тараана. Халдварлалтын индекс хамгийн өндөр. Жилийн улирал хамаарахгүйгээр дэгддэг гэнэ. Мөн ихсээр халдвар орсон бол ургийн гажиг үүсгэх магадлалтай. Манай улсын хэмжээнд улаанбурхан өвчин тархах эрсдэлтэй байгаа учир ЭМЯ-ны зүгээс гадаад улсаас ирж буй зорчигчдод тавих эрүүл мэндийн хяналтыг идэвхжүүлэх, нэвтэрч буй зорчигчийн очих газрын хаяг, утасны дугаар зэрэг эргэн холбоо тогтооход шаардлагатай мэдээлэл цуглуулах нөхцөлийг хангаж, эрүүл мэндийн байгууллагатай мэдээлэл солилцож ажиллах, хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг зэрэг боловсролын байгууллагуудад өвчний дэгдэлт үүсэх эрсдэлийн үнэлгээг нарийвчлан хийж, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байгаа гэв. Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн эхний алхам нь дархлаажуулалтын вакцин ажээ. Хүүхдүүдэд есөн сартайд болон хоёр настайд нь вакцин тарьдаг. Вакцины үр дүн 90 хувь бөгөөд 20 жилийн дархлаа тогтоодог гэж ХСҮТ-ийн эмч нар онцолж байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө заавал товлолт вакцинд хамруулаарай гэж захиж байсан юм. Вакцины дархлаа 20 ба түүнээс дээш жилийн хугацаагаар тогтоно. Улаанбурхан нь нэг тархвал бусад өвчнөөс халдварлах чадвар нь хамгийн өндөр гэж СХД-ийн хүүхдийн эмч Б.Баярсайхан анхааруулж байна. Улаанбурхнаар өвдсөн таван хүн тутмын нэг нь хүндрэх эрсдэлтэй гэнэ.Энэхүү өвчнийг тухайн өвчтөний биеийн дархлаанаас хамаараад хөнгөн, дунд, хүнд хэлбэр гэж ангилдаг ажээ. Хэрэв Хөнгөн хэлбэрээр өвчилбөл тууралт, халуурах шинж илэрч 5-7 хоногт түргэн эдгэрнэ. Хөнгөн хэлбэрийг гэрээр эмчлэх бүрэн боломжтой аж. Дархлааны дутмагшилтай хүнийг ихэвчлэн дунд, хүнд хэлбэрээр өвчлүүлдэг юм байна. Дунд болон хүнд хэлбэрийг зөвхөн ХӨСҮТ-ийн амьсгалын замын халдварын тасагт мэргэжлийн эмчийн хяналтын доор эмчлэх ёстой гэж байв. Насанд хүрсэн хүн тууралт багатай хэрнээ хордлогын шинж давамгайлж хүндээр өвчлөх магадлал өндөр байдаг ажээ. Улаанбурхны вирус дэлүүнд хамгийн их өтгөрөлтэй байх боловч хүнд үед бүх биеэр тархаж бүхий л эрхтэн системийг гэмтээх аюултай. Уг өвчний үүсгэгч вирус нь хүүхдийн дархлааг сулруулдаг тул цаг хугацаанд нь зохистой эмчилгээ хийхгүй бол амархан хүндэрч дараах эмгэгүүд үүсдэг. ДЭМБ-ын хийсэн судалгаагаар нийт өвчлөлийн 1-1.8 хувь нь нас баралтаар төгсдөг ажээ.
ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ
Улаанбурхны толбот гүвдрүүт тууралт нь нүүрнээс эхлэн бүх биеэр дээрээс доош туурна. Амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүснэ. Хамраас нус гоожих, нүд улайж үрэвсэх, ханиалгах, хоолой өвдөх нь нь улаанбурханы эрт үед илэрдэг нийтлэг шинж тэмдэг бөгөөд халуурснаас хойш 1-3 хоногийн дараа эдгээр нь илэрнэ. Улайралтын үед ринит, ларингит, коньюктивит буюу хамар битүүрэх нус гоожих, хоолой үрэвсэх, нуух цувах, нүд улайх, гэрэлд гялбах шинж илэрнэ. Бие ядарч сульдах, шалтгаангүйгээр сульдах шинжээр эхэлнэ. Ихэнхи тохиолдолд хүүхэд тийм ч хүчтэй биш бага зэргийн халуурч, хоолондоо дургүй болно. Хэрвээ таны хүүхэд 40 хэмээс дээш халуурч байвал энэ нь маш аюултай тул эмчид хандах хэрэгтэй.
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ
• Бага насны хүүхдийг эхийн сүүгээр хооллох
• Илчлэг, тэжээллэг хоол өгөх
• Өдөрт 4-5 удаа заавал хооллох
• Хүүхдэд А, С аминдэмээр баялаг хоол хүнс түлхүү өгөх
• А,Д,С аминдэм болон бусад аминдэмийг нэмэлтээр өгөх
• А амин дэм нь уг өвчний хүндрэлээс сэргийлэхэд нэн чухал бөгөөд тухайн эмийг өрхийн эмчийн хяналтад ууна. Харин гэрийн нөхцөлд А амин дэмээр баялаг сүү, бяслаг, лууван, манжин, улаан лооль, ногоон улаан чинжүү, броклиг хоол хүнсэндээ түлхүү хэрэглээрэй
• Хүүхдийг олон нийтийн газар авч явахгүй байх
• Асаргааг сайжруулж, усан чийрэгжүүлэлт хийх
• Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ, 2 цаг тутамд агааржуулалт хийх
• Аль ч насны хүн улаан бурхан өвчнөөс сэргийлэхийн тулд дархлааг дэмжих, биеийн эсэргүүцлийг сайжруулах хоол хүнс хэрэглэх шаардлагатай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 14. ЛХАГВА ГАРАГ. № 156 (7400)