Боловсролын ухааны доктор (Ph.D), Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн багш, “Нэг бүс нэг зам” Хамтын хөгжил судалгааны төвийн хятад судлаач
Т.Чулуун-Эрдэнэ
Хятад улсын эдийн засгийг цогц байдлаар хөгжүүлэх бодлого
Өнөөдөр дэлхийн хэмжээнд цаг уурын өөрчлөлт, хүрээлэн буй орчны доройтол улам нэмэгдэж, улс орнууд ногоон эко салбарын хөгжлийг улсынхаа эдийн засгийг хөгжүүлэх бодлогод заавал багтаан авч үзэх болсон билээ. Өөрөөр хэлбэл эдийн засгийг хөгжүүлэхдээ байгаль экологийн тэнцвэрт байдлыг хэрхэн зөв зохистой хангаж, эрүүл, чанартай хөгжиж байгаагаар тухайн улсын эдийн засгийн үр ашгийг хэмжих чиг хандлагатай болов.
Хятад улсын хувьд эдийн засаг хурдтай хөгжихийн хэрээр түүнийг дагасан байгалийн нөөцийн хомсдлын асуудал үүсч, байгаль орчны бохирдол ихсэж, экологийн тогтолцоо муудах зэрэг асуудал хурцаар хөндөгдөж, ард иргэдийн цэвэр агаар, цэнгэг ус, аюулгүй хүнс хэрэглэх, үзэсгэлэнтэй эко орчинд амьдрах шаардлага улам хүчтэй болоод байгаа. Мөн тогтвортой хөгжилд хүрэхийн тулд өмнөд хөрш улс ногоон хөгжлийн стратегийг дэвшүүлж, ингэхдээ хөгжлийн уламжлалт арга барилыг өөрчлөх замаар эдийн засгийн бүтцийг сайжруулж, хүн байгалийн зохиролт оршихуйг хангах зорилго тавиад буй. Тодорхой хэлбэл Хятад улс ХКН-ын XIX их хурлаас хойш эдийн засгийн хурдацтай хөгжлөөс өндөр чанартай хөгжил рүү шилжих, байгалд ээлтэй хөгжих төрийн бодлого баримтлан, тогтвортой, тэнцвэртэй, чанартай байдлаар хөгжих стратеги боловсруулсан.
Хятадын шинэ эрин үеийн гэж нэрлэгдэх болсон Ши Жиньпин-ээр төвлөсөн Хятадын засгийн газар улсаа цогц байдлаар хөгжүүлнэ, өөрөөр хэлбэл эдийн засгийн бүтээн байгуулалтаас гадна, улс төр, соёл, нийгмийн байгуулалтыг, үүн дээр экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг нэмж, таван чиглэлд зэрэг анхаарна гэж тодорхой заасан билээ. Хэтийн зорилго нь мэдээж дундаж чинээлэг нийгмийг иж бүрэн бүтээн байгуулах төлөвлөгөөгөө хугацаанд нь биелүүлэх явдал.
Хятад улсын ногоон эко салбарыг хөгжүүлэх төрийн бодлого
Хятад улсын ногоон эко салбартаа авч хэрэгжүүлж буй төрийн бодлогыг түүхэн он цагаар жагсаавал:
1. XXI зууны эхээр буюу Ху Жинтао-ын удирдлага доор Хятад улс хүнийг төв болгосон, иж бүрэн, зохицонгуй, тогтвортой шинжлэх ухаанч хөгжлийн үзэл баримтлалыг дэвшүүлэв.
2. ХКН-ын “XVII их хурал”-аар экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт гэгчийг дундаж чинээлэг нийгмийг иж бүрэн байгуулах зорилгын нэгэнд анх удаа оруулав.
3. ХКН-ын “XVIII их хурал”-аар экологийн соёл иргэншлийг Хятадын онцлогтой социализмийн үйл хэргийн “тавыг нэг цогц болгох” ерөнхий төлөвлөлтөд багтаав.
Жич: “Тавыг нэг цогц болгох” ерөнхий төлөвлөлт гэдэг нь эдийн засгийн бүтээн байгуулалт, улс төрийн бүтээн байгуулалт, соёлын бүтээн байгуулалт, нийгмийн бүтээн байгуулалт, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт зэргийг багтаасан Хятадын онцлогтой социализмын үйл хэргийн ерөнхий төлөвлөлт.
4. ХКН-ын 18 дахь удаагийн гуравдугаар бүгд хурлаар экологийн соёл иргэншлийн тогтолцооны шинэчлэлтийг улам гүнзгийрүүлнэ гэдгээ мэдэгдэв.
5. “13 дахь таван жилийн төлөвлөгөө” (2016-2021 он)-нд хөгжлийн шинэ үзэл баримтлалыг дэвшүүлж, ногоон хөгжлийг эдийн засгийн бүтээн байгуулалтын нэг хэсэг гэдгийг баталгаажуулав.
6. “XIX их хурал”-аар Хятадын онцлогтой модернизаци буюу Хятадын онцлогтой шинэчлэлт бол хүн хийгээд байгалийн зохирон орших шинэчлэлт юм гэдгийг онцлов.
7. “14 дэх таван жилийн төлөвлөгөө” (2021-2025 он)-нд Хятадын экологийн соёл иргэншилд хүлэмжийн хийг ялгаруулалтыг бууруулах нь гол стратеги байх, мөн хүлэмжийн хий бууруулах бохирдлыг багасгах гэсэн хоёр бодлогыг хоршуулж, үр ашгийг нэмэгдүүлэх ажлыг шинэ үе шатанд оруулсан гэдгийг илэрхийлэв.
Хятад улсын дэвшүүлсэн голлох үүрэг бүхий бүс нутагт суурилсан бүсчилсэн хөгжлийн бодлогын талаар
Хятад улс газар нутгаа зүүн, төв, баруун гэсэн гурван бүсэд ерөнхийлөн хуваадаг. Гэвч эдийн засгийн өсөлтөд хүн хийгээд байгалийн зохиролт хөгжлийг хангах ёстой гэсэн хөгжлийн бодлогодоо уялдуулан улсынхаа нийт газар нутаг, орон зайг голлох үүргээр нь ангилах шийдвэрт анхлан 2007 онд хүрч, 2010 онд Хятадын намын Төв Хорооноос “Улсын голлох үүрэг бүхий бүс нутгийн төлөвлөгөө”-г албан ёсоор дэвшүүлжээ. Тодруулбал өмнөд хөрш нийт газар нутаг, орон зайг голлох үүргээр нь дөрөв ангилж байна. Багахан дэлгэрүүлбэл:
Үүнд нэгд, нээн хөгжүүлэх давуу талтай бүс. Хоёрт, онц чухал нээн хөгжүүлэх шаардлагатай бүс. Гуравт, нээн хөгжүүлэлтийг хязгаарласан бүс. Эцэст нь нээн хөгжүүлэлтийг хориглосон бүс. Зорилго нь бүс нутгийг (энд яригдаж байгаа бүс нутаг том зураглалаар бүс нутаг гэж байгаа ч муж, хотуудын орон зайд багтах бүс, газар нутгийг ч мөн багтаан ерөнхийлөн хэлж байна) өөрийнх нь онцлог, хөгжлийн шаардлагад тулгуурлан эрэмбэлж, шинжлэх ухаанч хотжилтын хэв маяг, зохист хөдөө аж ахуйн хөгжлийн хэв маяг болон экологийн аюулгүй байдлын шинэ төлөвийг бүрдүүлэх явдал. Дэлгэрэнгүй тайлбарлавал:
1. Нээн хөгжүүлэхэд давуу талтай бүс:
Энэ бүс нутаг нь ерөнхийдөө эдийн засаг сайн хөгжсөн, хүн амын нягтрал өндөр, цаашид хөгжих чадамж өндөр гэдгээрээ онцлог. Харин байгалийн нөөц баялаг, хүрээлэн буй орчны асуудал их. Эдгээр бүс нутагт засгийн газрын зүгээс үйлдвэржүүлэлт, хотжилтийг түргэтгэх бодлого баримталж, гол нь орон зайн ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлэх, экологи хүрээлэн буй орчныг сайжруулж, үйлдвэрлэлийг шат ахиулан, эдийн засгийн бүтцийн зохицуулалтыг хурдасгах бодлого авч хэрэгжүүлнэ.
Жишээ нь Бээжин-Тянжин-Хөбэйн бүс нутаг, Хөх мөрний бэлчирийн бүс нутаг, Сувдан голын бэлчир зэрэг нь бүгд энд хамаарах ба өмнөд хөршийн эдийн засгийг түүчээлэгч бүс нутгууд юм.
2. Онц чухал нээн хөгжүүлэх шаардлагатай бүс:
Энэ бүс нутаг нь эдийн засгийн суурь, шинжлэх ухаан технологи, инновацийн чадамж өндөр, байгалийн нөөц баялаг, байгаль орчны даац харьцангуй сайн, эдийн засгийн шинэ өсөлтийн цэг болох магадлалтай. Төрөөс эдгээр бүс нутгийг аж үйлдвэржүүлэх, хотжилтийг түргэтгэх, эдийн засгийн хөгжлийг хурдасган, орчин үеийн үйлдвэрдэлийн тогтолцоог бий болгож, хөгжлийн чанар үр ашгийг нэмэгдүүлэх бодлогоор дэмждэг.
3. Нээн хөгжүүлэлтийг хязгаарласан бүс:
Хоёр ангилна. Нэгд газар тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүс буюу газар тариалангийн бүтээгдэхүүний тоо хэмжээ, чадамжийг нэмэгдүүлэх шаардлагатай бүс. Нөгөө нь экологийн чухал үүрэг бүхий бүс нутаг буюу экологийн хувьд эмзэг эсвэл экологийн үүрэг нь чухал ба хүчтэй, далайцтай аж үйлдвэржилт, хотжилтийг хязгаарлах шаардлагатай бүс юм.
Жишээ нь Их, Бага Хянганы нурууны ойн бүсийг багтаасан нийт 25 бүсийг нээн хөгжүүлэхийг хязгаарласан бүсэд оруулжээ. Хятадын нийт хуурай газрын 40.2 хувийг эзэлдэг байна [1] .
4. Нээн хөгжүүлэлтийг хориглосон бүс:
Эдгээр бүсэд төрөл бүрийн түвшний байгаль хийгээд соёлын өв баялгийг хамгаалах бүс, онцгой хамгаалалт бүхий экологийн чухал үүрэг бүхий нутгууд хамаарна. Энд байгаль орчныг хуулийн дагуу хатуу чанд хамгаалж, голлох үүргийн тодорхойлолтод нийцээгүй нээн хөгжүүлэх аливаа үйл ажиллагааг хатуу хориглодог байна.
Энд нэг зүйлийг тодруулахад Хятад улсын энэхүү голлох үүргээр нь ангилсан бүсчилэн хөгжүүлэх бодлого нь муж, хотуудад ч үйлчлэх юм. Жишээ нь Бээжин хотын хувьд орон зайгаа улсын нийслэлийн үүрэг бүхий төв бүс, хотын үүргийг өргөжүүлэх бүс, хотын хөгжлийн шинэ бүс, экологи байгаль орчныг тэтгэн хөгжүүлэх бүс, эцэст нь нээн хөгжүүлэхийг хориглосон бүс гэсэн голлох таван үүрэгтэй байхаар төлөвлөсөн байдаг.
Бээжин хотын голлох үүргээр бүсчилэн хөгжүүлэх төлөвлөлт
Эх сурвалж: Spatio-temporal evolutionary analysis of the township enterprises of Beijing suburbs using computational intelligence assisted design framework - Scientific Figure on ResearchGate.
Ийнхүү өмнөд хөрш газар нутаг, орон зайгаа шинжлэх ухаанчаар судлан, аливаа бүс нутаг, муж хотуудын байгалийн нөөц баялаг, байгаль орчны даац, хөгжлийн байдал, хөгжлийн чадамж дээр үндэслэн хүн амын тархалт, эдийн засгийн төлөвлөлт, газар ашиглалт, хотжилтийн байдлыг төлөвлөж, ингэснээр эдийн засгийн хөгжилд байгалийн тэнцвэрт байдлыг зөв хадгалж, хүрээлэн буй орчноо үр дүнтэй хамгаалж чадна гэж үзэж байна.
Манай улсын хувьд 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлах тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж баталсан. Үндсэндээ бүс нутгийг эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр хуваагаад байгаа. Тэгвэл бид Хятадын дээрх бүсчилсэн хөгжлийн туршлагаас судалж, бүс нутгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд тулгуурласан эдийн засгийг хөгжилд анхаарахын зэрэгцээ байгаль экологийн тэнцвэрт байдлыг анхаарах боломжийг ч давхар судлах хэрэгтэй санагдана.
Цаашид хөрш улсын бүсчилсэн хөгжлийн талаар илүү нарийн судалж сайн туршлага байвал авч, алдаа мадаг байсан бол түүнийг нь ч эртнээс мэдэж, бусдын алдааг давтахгүй тойрч гарах арга зам хайх нь зүйтэй болов уу.
Ашигласан эх сурвалж:
[1]国务院关于印发全国主体功能区规划的通知,gov.cn, https://www.gov.cn/zwgk/2011-06/08/content_1879180.htm
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 14. ЛХАГВА ГАРАГ. № 156 (7400)