Нас нь уртсаж намтар нь арвижиж яваа ахмад дайчин Н.Пүрэвжалба

2024-07-08
Нийтэлсэн: Админ
 13 мин унших

Д.ЦЭРЭННАДМИД

 

Цаг хугацааны салхи гэж асар их хүчин бүхнийг хаман танигдашгүй болтол өөрчилж байдаг юм. Тэр дотор цагийн шалгуур тэр хүчтэй салхинаа хазайж хэлтийлгүй хэзээ ч байгаагаараа байдаг нь уул овоо. Тэр мөнхийн настай уул овоо хэдэн зууныг дамжин дүнхийсээр унаган төрхөөрөө оршдог байх юм.

Тэгвэл хүмүүн бидний дунд тэр уул шиг ханхайж туулсан амьдралынхаа түүхийг зүүд гэж андуурмаар өгүүлэн, алт шиг сайхан сургаалаараа бусдыг дагуулан бурхан мэт хүндлэгдэн яваа хүн цөөнгүй бий.

Тэдний нэг нь Намсрайн Пүрэвжалба гэдэг эрхэм. Дундговь аймгийн Дэрэн сумын хүн. Одоо ч тэр нутагтаа хань ижил, үр хүүхэд, ач гучаа тойруулан энх тунх амьдарч байна.

Яагаад энэ хүнийг энх тунх байгаа гэдгийг онцлоод байна вэ гэвэл Н.Пүрэвжалба гуай яг ерөөлтэй 100 насыг зооглоод буй юм. Одоо энэ хүн харааны жаахан бэрхшээлтэйгээс биш өөрөөр тоочоод байх өвчин зовлонгүй нэгэн.

Түүнтэй ярилцаж суухуйд судар номын шарласан хуудас эргүүлж байх мэт сэтгэгдэл төрж байлаа.

Бүр тодруулаад хэлэх юм бол Монголын нийгмийн амьдралын үе үеийн олон сонирхолтой баримт мэдээг энэ хүнээс мэдэхийн нигууртай юм билээ.

1930-1940 оны үед манай малчин түмний амьдрал ямархуу байсан хийгээд энэ хүн өөрөө дарийн утаатай дайны талбарт дайчин цэрэг явсныг энх цагийн бараг насныхаа дийлэнхийг худалдааны байгууллагад алба эрхлэн гүйцэтгэж ирснийг энэ хүний амнаас яг үнэнээр нь сонсох нь тун их завшаан байв.

Н.Пүрэвжалба гуайн идэрхэн насны үе буюу 1940-өөд онд хөдөөгийнхөн дутуу гажуухан  амьдарч байсан гэдэг.  Даангүй дайны үед. Энэ тухай “Амьдралын тойрог” булангийн хүндэт зочин энэ өвгөн мэдэхийн дээдээр мэдэх юм. Биднийг бага байхад хууччуул ярьж байсан л даа. Өргөн хэрэгцээний бараа туйлын ховор. Гурил будаа зэрэг хүнсний зүйл олдохтой үгүйтэй.

Тийм болохоор мөнгөний ханш сул. Нэг цай авъя гэхэд 100 төгрөг, нэг боодол дүнсэн тамхи мөн л тийм үнэд хүрдэг байсан гэдэг сэн.

Яагаад энэ тухай дурсав гэвэл түмэн насан хээ шиг хүнийг хорвоо эхлэлтэйг сануулж зочин-100 настан маань тэр адармаатай цаг үеийг туулаад ирсэн нэгэн гэдгийг тодотгох гэж.

Басхүү тэр цаг үе урсан өнгөрч улс орны амьдралын өнгө төрх өөрчлөгдсөн өчигдөр хийгээд өнөөг хүртэл Н.Пүрэвжалба гуай Монголын худалдааны анхан шатны нэгж агент хэмээх албыг бараг 40-өөд жил хашсан байдаг юм.

-1970-аад он гэхэд баг, бригадад агент байсан бид бараа таваараа баян байлаа шүү дээ. Тэр үеийн барааны үнэ ханш өнөөгийнхөнд гайгүй сонирхолтой байх байлгүй. Даалимба даавуу метр нь хоёр төгрөг, дүнсэн тамхи 10 төгрөг, эрээн даавуу метр нь хоёр төгрөг 50 мөнгө л байлаа шүү дээ. Цааш нь сонирхуулахад нэг кило гурил төгрөг хэдэн мөнгө, лаазтай молоко хоёр төгрөг, шил архи 27 төгрөг гээд тоочиход одоогийн залуучууд худлаа гэхээ шахдаг юм. Тэр үе түүх болжээ дээ гэж өвгөн хэлэв.

Н.Пүрэвжалба гуай ямар нэг сургуульд суралцаагүй ч бие даан бичиг үсэг сайтай,  тоо тооцоонд хэнээ  ч дутахгүй болж. Энэ нь амьдрал гэдэг “их сургууль”-ийг бүрэн дүүргэсний ач гэж хэлж болно.

Тиймдээ агентын ажлыг гартаа оруулж чадсан хүний нэг. Сар жилийн тайлан тооцоогоор таван төгрөг дутааж явсангүй ээ тэр.

Нутгийнхан “агент” Н.Пүрэвжалба гэнэ. Уг албаных нь  нэр тийнхүү овог нь болсон юм санж.

Тэгвэл манай сонины зочин өвгөн маань хүүхэд, залуу насныхаа болон эцэг, эхийнхээ тухайд бас амь хөнөөхийг завдсан суман мөндөр асгарсан дайны талбарт дайсныг дарж явснаа  дараа нь энх цагт хэрхэн хөдөлмөрлөж байснаа тун чөлөөтэй ярьж байна лээ.

 

х   х   х

 

Амьдралын олон талыг таньж мэдсэн хийгээд бүгдийг өөрийн биеэр туулсан хүнтэй ярих тусмаа хүүрнэл юугаа үргэлжлүүлээд баймаар болдог юм.

Ахмад дайчин Н.Пүрэвжалба гуайтай уулзахад бүр тийм байлаа.

Олон жил хадгалагдсан болоод тэр үү зураг нь жаахан сааралтаж үг үсэг нь бүдгэрэмгүй  болсон нэг үнэмлэх өвгөнд хадгалаастай бий. Тэр нь Халхын голын дайнд оролцож дайтаж явсных нь гэрч юм.

Уг үнэмлэхийг үзэхүйд тэр цомхон үгтэй нандин дурсгал нь эзнийхээ өмнөөс ихийг хэлээд байх шиг санагдав.

Н.Пүрэвжалба гуай хорьж болдоггүй хорин насныхаа босгонд ардын цэргийн албанд дөрөөндөө сүүтэй морджээ.

Тэгээд Дорноговь аймгийн Сулинхээрийн хилийн заставт хуваарь авсан байна.

Салааны дарга нь дэслэгч цолтой Н.Шагдар гэдэг гялалзсан залуу офицер байх. Застав гэхээр нэг салаа буюу 30-аад цэрэг байдаг байсан юм билээ.  Н.Шагдар дарга малд нүдтэй малчин хүн мянган малтай ч нэг бүрийг зүслэн таньдаг шиг цэрэг бүртээ хайр халамжтай нэгэн байж.

-Надад бүр илүүтэй сайн ханддаг дарга байсан  даа гэж Н.Пүрэвжалба гуай тэр хүний тухай сайнаар дурссан. Яагаад гэхээр цэргийн албаны он жилүүдээ тэр л хүний удирдлагад явсан юм билээ. За тэгээд шинэхэн цэрэг жил болоогүй байтал Халх голын дайн эхэлж хилээ манаж байгаа цэрэг байтугай монгол хүн бүр амар тайван байхааргүй цаг ирж. Цэрэг эрчүүд “байлдаанд” гэсэн тушаалтай амрах, унтахын завгүй  байх болов.

Тэр дайны цаг үеийн тухай бэсрэгхэн хүүрнэхэд япончууд Монгол Улсын хилийн ойролцоо цэргийн хүчээ хуримтлуулж Хаалган, Жанчхүүгийн даваа зэрэг газарт томоохон бэхлэлт, зам, нисэх онгоцны буудал байгуулсан тухай хилчин цэргүүдэд хамгийн анх мэдээлэгдэж байлаа.

Нэмэрт нь хэлэхэд тэр үеийн туурга нэгт өвөрлөгчдийг Монголын эсрэг хандуулах ухуулга хүчтэй хийж байж тэд.  Тиймээс Монгол Улсын Засгийн газар 1945 оны наймдугаар сарын 10-нд Японы эсрэг дайн зарласан байдаг.

Тэгээд Хувьсгалт цэргийн дивизүүд, Зөвлөлтийн улаан армийн механикжуулсан хүчинтэй хамтран дайсны дайралтыг багахан хугацаанд няцааж улмаар Квантуны армийн үлдсэн хэсгийг нэхэн хөөж тэднийг бүрэн устгахын тулд өөрийн улсын хилээс давж Өвөр монголын нутгийг чөлөөлөхөөр ухралтгүй давшсан юм.

Шенщингийн овоо, Тайпуу худаг цаашдаа Шанаган, Ар цагаан, Тасын овоо зэрэг газрыг чөлөөлөхөд Монголын цэрэг, хилчид онцгой үүрэгтэй оролцсон гэдэг юм билээ.

Халх голын байлдааны үнэн түүх хийгээд цэрэг армийнхан тэр дайнд хэрхэн оролцсоныг чухамхүү өөрийн биеэр дайтаж явсан хүмүүс л сайн мэднэ. Тодорхой баримтууд хэлнэ л дээ. Тэгэхээр энэ тухайд ахмад дайчин Н.Пүрэвжалба гуайн хэлж буй дурсамж яриа хамгийн үнэ цэнтэй юм. Өөр хэн ч төсөөлөөгүйг энэ хүн хэлж байна лээ.

Уг нь цэргийн түүхчид ихийг бичдэг. Тэр бүхэн Н.Пүрэвжалба гуай шиг тэр дайны шуурган гал дунд дайснаа дарж дайтаж явсан ахмад дайчдын үг ярианд түшиглэсэн байдаг юм.

Ер нь бол дайн гэдэг хэзээ ч  хэн ч хүсэх зүйл биш харин нэгэнт дайнд татагдаж орсон бол холдож салах хоёрхон  гарцтай гэдэг.

Түүний нэг нь ялалт, нөгөө нь ялагдал байдаг гэдэг.

Тэгвэл баатарлаг үйлсээр дүүрэн, олон баатар төрүүлсэн Халх голын дайнд Монгол, Зөвлөлтийн армийн хамтарсан хүч ахархан хугацаанд ялалт авчирсан нь түүхийн нандин хэсэг юм.

Их цэрэг дайсныг үлдэн хөөж ялалтын амтыг мэдэрч байх явцад Сулинхээрийн хилчид нэгэн эд эс нь болж явсан байдаг.

Энэ тухайгаа Н.Пүрэвжалба гуай дурсан ярихдаа

-Цэргийн хүмүүс бид нүд цавчих завгүй л явсан даа. Дайсны эсэргүүцэлтэй үе үе тулна. Амь өрссөн үе ч байдаг л байлаа. Цэрэг эрс бид эх орныхоо төлөө амиа өгөхөөс буцахгүй гэсэн тангарагтайгаар дайтаж байлаа. Бид Чуулалт хаалга хүртэл явсан. Нэг удаа Японы цэргийн байрлалыг илрүүлээд цохилт өгөхөд амаргүй буудалцаан болсон юм даг. Энэ үеэр зургаан япон зугтлаа гэсэн мэдээ ирлээ. Тэднийг хөөж устгах үүрэг манай салаанд ирэв. Тэр зургаа бидэнд гүйцэгдэх үедээ сүрхий эсэргүүцсэн ч тав нь алагдаж нэгийг нь шархтай амьдаар барьж ирснээр бид их ялалтад онцгой хувь нэмэр үзүүлсэн юм. Миний хувьд япон цэрэгтэй анх нүүр тулсан нь тэр л дээ. Харин манай салааныхан ямар ч хохирол амсаагүй шүү. Тухайн үед дээд командлалаас манай салааг байлдааны үүргээ сайн биелүүллээ гэж үнэлсэн юм даг” гэлээ.

Өвгөн цааш нь ярихдаа энэ үеийн дараахан 1945 оны наймдугаар сарын 21 гэдэг билүү дээ Чуулалт хаалга орчмыг чөлөөлснөөр Халхын голын байлдааны галыг зогсоолоо гэж мэдээлэгдсэн санагдаж байна даа гэсэн юм..

-Японыг дарсны дараа та бүхэн заставдаа буцаж ирсэн үү гэхэд Н.Пүрэвжалба гуай

-За тиймээ. Дайн дуусаж хил хязгаар нэгэнт амар амгалан болсон болохоор манай салаа дайны талбараас хил дээр биш Улаанбаатарт татагдаж ирсэн дээ.

Тэгээд Монгол улсын их сургуулийн барилга барилцаж байсан, олзны япон цэргүүдийг харж хамгаалах болсон. Тэнд 100 гаруй япон байв.

Манай салаа нөгөө л Н.Шагдар даргатайгаа яг бүрэлдэхүүнээрээ тэр хамгаалалтад ажиллаж байгаад бидний халагдах цаг ч болсон доо гэж ярив.

Н.Пүрэвжалба гуайн бараг таван жил цэргийн алба хаасан түүх товчхондоо ийм. Өнөөдөр Н.Пүрэвжалба гуайн энгэрт Монгол, Зөвлөлтийн цэргийн “Бид ялав” хос медаль бас байлдааны гавьяаны одон, “Алтан гадас” одон бусдаасаа содон, илүү тод харагдаж байна.

За тиймээ. Дайснаа дарж ялалт байгуулж явсан ахмад дайчин юм шүү гэдгийн тодын тод баталгаа тэр л дээ.

-Энэ биеэ Монгол орныхоо төлөө гэсэн тангарагтай дайны үед бол өөрийгөө сэлмэний ир хурдан бууны сум хэмээн сэтгэж явлаа даа гэж Н.Пүрэвжалба гуай дайтаж явсан үеийнхээ тухай хуучилж билээ.

 

х  х  х

 

Н.Пүрэвжалба гуайн эцэг нь Намсрай, ижий нь Долгор гэж гэж байж. Тэднийх зургаан хүүхэдтэй. Дээрээсээ хоёр дахь нь Пүрэвжалба, жаахан дүрсгүйхэн хүү байсан гэдэг. Ах Н.Довчинчулуун нь хааяа түүний “хандыг нь дарж” өгнө Тэр хоёр айлын том нь юм болохоор хурга, ишиг эргүүлэхээс эхлээд эцэг, эхдээ тус дэмтэй ийм л байж.

Зочин өвгөн маань эцэг Намсрайгаа Өлзийт сумаас гаралтай хүн байсан гээд Манайх мал хөрөнгөөр багахан. 200-аад бог, арав гаруй адуутай байсан. Тэмээ бүр тоотой. Тиймээс нүүх суух болохоороо айлаас ачлагын тэмээ гуйдаг ийм л айл байсан. Ер нь тэр үеийн айлууд жигдхэн борог амьдралтай байсан санагддаг юм. Амь зуулгадаа нэмэрлэж тарвага, гөрөөс агнадаг хүн олон байв даа гэж ярив. Идээшиж дассан нутаг нь гэвэл Нарангийн гурван овоот, Хөгцтийгөөс урагшаа Саруул ар өвөр Хонгор гээд бие биеээ хараачилсан намхан ихэр толгодын дунд бүр алсхан харвал Хурын говь, Давстын говь цэлийж тээр зүүнтэй Долоодын хойд буттай хяр тэнгэр эмжин цэнхэртэнэ ээ. Ийм л сайхан тийм л уужимхан нутагтаа Н.Пүрэвжалба аав ээж ах дүү нарынхаа дунд ёстой бужигнаж өсчээ.

Намсрайн хоёр хүүхэд дэрсхэн өсөж эрийн цээнд хүрэх үед ах Довчинчулуун нь хүний эмч болж Н.Пүрэвжалба цэрэгт морджээ. Цэргийн албаны амьдралын дөрвөн жил гаруй хугацааг хэрхэн өнгөрүүлсэн бас эх орноо чөлөөлөх дайнд түүний оролцсон тухай дээр өгүүлсэн дээ.

Цэргээс халагдаж ирээд мал ахуйдаа тус нэмэр болж байгаад ердөө хоёр жилийн дараа хоршооны газар ажилд орж багийн агент болжээ.

Тэр ажил нь эхлээд амаргүй мэт санагдаж байсан ч шантарсангүй. Бараа туруугаа тэмээнд ачаад айл хэсэж худалдаагаа хийнэ. Бас түүхий эд цуглуулах гээд нэхэлтэй албатай байж.

Тэгсээр агентын ажилд мэргэжлийн мэт болж.  Өөр ажил алба амьдралдаа сонирхсонгүй.  Бүр 65 нас хүртлээ тэр ажлаа хийсэн байгаа юм.

-Нэг хүн сонирхоод байхааргүй ажил алба бол агент. Гэтэл би бараг 40-өөд жил уг албанд зүтгэсэн нь цаанаасаа ийм хувь тавилантай байсан юмсан уу гэж Н.Пүрэвжалба гуай хэлнэ лээ.

Тэр үгийг эргэцүүлэн бодвоос агент гэдэг алба түмэнд тус хүргэсэн тун буянтай гэхээр ажил байж дээ хэмээн санагдав.

Цэргээс халагдсан хорин хэдтэй бие хаа нь чийрэгжиж алхаа гишгээ нь шингэрсэн Н.Пүрэвжалба тийм л залуу агентаа хийгээд баг хонхрынхоо айлыг хэсэж явах. Ёстой нь хэний айраг исэж, хэний охин өсөж  вэ? гэж явсан байх. Энэ үедээ яг нутгийнхаа бүсгүй Ш.Халтартай танилцан улмаар ханилан гэр бүл болсон юм билээ.

Одоо өвгөн 100 настай бол эхнэр нь 91 насыг зооглоод байна. Тэр хоёр 73 жил тоонотой гэрт толгой холбон амьдарч байна гэдэг өлзий учрал нь бүрдсэн сайхан хэрэг.

Н.Пүрэвжалба гуай Ш.Халтар гуай нар сайхан хүү, охин хоёртой.

Эхнэр Ш.Халтар нь сумын төвийн дэлгүүрт худалдагчаар мөн л 20 жил ажилласан. Басхүү жирийн нэгэн биш ажил үйлээрээ тэргүүний гэгдэж аймгийн хурлын депутатаар сонгогдож байж. Монголын Үйлдвэрчний эвлэлийн XI их хуралд төлөөлөгчөөр оролцож явсан хүн. Ингээд бодоход хоёр хөгшин алдар гавьяаны эзэд болж таарахаас аргагүй л юм.

Тэд хоёул 100 насны босгонд хүртлээ хийсэн ч бүтээсэн нь их. Хагацал зовлон ч бас тэднийг тойрсонгүй. Эрийн цээнд хүрсэн сайхан хүүгээ алдаад гуньсан үе нь саяхан. Гэвч өвгөн хөгшин хоёр өдий хүртэл бие биеэ түшин амьдарч, үр ачаа харан баясаж хат суусан сэтгэлээр зовлонгоо мартан элгээ дэвтээж нулимсаа чандлан яваагаа ярьцгааж байна лээ.

Н.Пүрэвжалба гуай бас сонин юм ярьсан нь гэвэл

-Бид бас нэг хүүтэй. Жаргалхүү гэдэг эмч бий, бэр маань бас эмч. Тэднийх хоёр хүүхэдтэй. Гэр бүлээрээ Австралид хэдэн жил боллоо. Ирэх жилээс ирнэ гэх юм билээ. Энэ хүүгээ эхнэр Халтарын маань дүүгээс өргөж авсан юм. Өргөж авсан ч гэж дээ. Бид хоёрт урвачихсан нөхөр байгаа юм. Тэгэхээрээ бид чинь одоо өнөр өтгөн ам бүл байгаа биз хэмээн сэтгэл хангалуунаар хүүрнэсэн юм. Н.Пүрэвжалба гуайн охин П.Ганаа нь олон зуун шавьтай багш хүн. Сумандаа сургуулийн захирлаар бас зөндөө жил ажилласан болохоор өнөө үеийнхэн Ганаа багш л гэцгээх. Харин одоо тэр өндөр настай аав, ижийгээ л тойлдог хүн нь.

 

х  х  х

Ялалтын баярын өдрийн хүндлэл.

Хөх өвгөдийн ярианаас буурал түүхийн домог хуучийг зөндөө л сонссон. Бас багагүй уншсан. Харин яг тэр дайн тулаан дунд явж байсан дайчин хүнтэй уулзаад хэлэх үгийг нь сонсоход дайны нүргээн ч сонсогдох шиг, дарийн утаа үнэртэх шиг санагддаг юм  билээ.

Эрэлхэг ахмад дайчдын маань ясаа эмтэлж цусаа юүлэн байж авч үлдсэн Монгол нутгийн газар шороо гэдэг юугаар ч сольшгүй үнэтэй зүйл. Хойч үе маань тиймдээ тэднийхээ ач гавьяагаар бахархахаас яахан билээ. Н.Пүрэвжалба гэдэг эгэл нэгэн цэрэг Халхын голд байлдаж явсан гэдэг бол өнөөдөр энэ хүн 100 нас зооглочхоод  амттайхан түүх, дурсамж яриад сууж байгаа нь дээдийн бахархал билээ. За тиймээ Монгол нутгаа харийн дайснаас хамгаалан тэмцэж явсан тоотойхон гэрчийн нэг энэ хүнээс илүү ихийг авч үлдэх учиртай юм л даа.

Эх орон, Монголын төр гавьяат үйлсийн эзэд дайчин эрсээ мартдаггүй ээ. Хойшид ч мартахгүй.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 133 (7377)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин