Б.АЛТАНГЭРЭЛ
Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин 2024 онд Эрэн сурвалжлах багтай болсон. Энэ дагуу нийтийн эрх ашгийг хөндсөн эрэн сурвалжлах бүтээлийг 14 хоног тутам буюу сард хоёр удаа тасралтгүй хүргэхээр зорьж байгаа билээ. Одоогоор 12 эрэн сурвалжилсан бүтээл гаргаад байна. Өнгөрсөн хугацаанд гаргасан эрэн сурвалжилсан бүтээлүүдийн агуулга, үр дүнгийн талаар тоймлон хүргэж байна. Эрэн сурвалжлах бүтээлүүдийг QR-аар уншуулан унших боломжтой.
Төрийн эмнэлэгт байрлаж, төлбөрөө дансаар нь гүйлгэдэг “Мед портал”-ын мөрөөр...
Энэ оны анхны эрэн сурвалжилсан бүтээл нь Хавдар судлалын эмнэлэгт ноёрхлоо тогтоож, иргэдийн эрүүл мэндээр бизнес хийж, эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэггүй "том" толгойтой "Мед портал" эмнэлгийг мөшгөсөн билээ. Монгол Улсад хорт хавдрын өвчлөл үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдаад удаж байна. Одоо л дорвитой арга хэмжээ авахгүй бол тогтоон барьж чадахгүй гэдгээ салбарынхан ил цагаан хэлдэг. Гэтэл жилдээ хоёр аймгийн хүн амтай тэнцэх хэмжээний буюу 150 гаруй мянган хүн үйлчлүүлдэг улсын төрөлжсөн ганц эмнэлэг Хавдар судлалын үндэсний төв хувийн байгууллагад цэлийсэн том зай талбайгаа найр тавьж өгөөд 5-6 жил болж байна. ХСҮТ-ийн бүтэн жигүүрийг эзэгнэн суудаг “Мед портал” эмнэлэг түрээс, ашгийн урамшуулал төлдөг гэх боловч томограф даатгалаар үйлчилдэггүй учраас ачаалал хуваалцдаггүй. Өвчиндөө шаналсан иргэд бизнесийн байгууллагын аманд багтаж өндөр үнэ төлж ирсэн. Гэтэл иргэд ХСҮТ дотор л байгаа юм чинь төрийнх гэж төөрөлдөж явна. Энд даатгалаар үйлчилдэггүй хувийн эмнэлэг ажиллаж байна гэдгийг ялгасан, харуулсан хаяг байхгүй учраас аргагүй биз. Харин ХСҮТ бол даатгалаар томографи хийнэ. Төрийн эмнэлэг доторх хоёр өөр үнэ буюу хувийн байгууллагын дабль стандарт. Мөн хамгийн ноцтой нь “Мед портал” MRI, CT-гийн даатгалын мөнгөө ХСҮТ-ийн дансаар авдаг. Төрийн эмнэлгийн байранд эзэн суучхаад төлбөрөө дансаар нь гүйлгэдэг хувийн эмнэлэг байх нь хэр зохистой вэ. “Мед портал”-ын ХСҮТ-д төлдөг ашгийн урамшууллыг ажилчид нь огт мэддэггүй. Гэтэл АТГ-аас хандиваар будаа агшаагч зэргийг авахаа боль гэж ХСҮТ-д “хэлээд” байгаа. Энэ мэт олон асуудлыг ил болгосон эрэн сурвалжилга гарсан билээ.
Эгийн голын эхлээгүй төсөлд зарцуулсан 78.2 тэрбум
Булган аймгийн Хутаг-Өндөр сум Эг, Сэлэнгийн бэлчирт Хантай багийн нутагт баригдах учиртай Эгийн голын усан цахилгаан станц өдгөө “33 настай”. Тус станцын тухай анх 1991 оноос л ярьж эхэлсэн. Манай үе үеийн Засгийн газар Эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлнэ хэмээн бодлогын баримт бичигтээ “уйгагүй” тусгасаар өдгөө 78.2 тэрбум төгрөгийг салхинд хийсгэжээ. Эгийн голын эхлээгүй төсөлд зарцуулсан мөнгөний мөрөөр эрэн сурвалжилсан. Цаасан дээр "барьсан" Эгийн голын усан цахилгаан станц өр үйлдвэрлэж, ой тэмдэглэдэг мөрөөдлийн зурагтай газар болох уу. Эгийн голын эхлээгүй төсөлд 78.2 тэрбумын өр үйлдвэрлэж 33 жил болсон. Хөгжлийн банкнаас 17.6 сая ам долларын зээл авч одоо ч 60.1 тэрбумын үлдэгдэлтэй явсаар ирсэн "Цаасан дээр барьсан УЦС"-ын санхүүжилтийн мөрөөр эрэн сурвалжилга бүтээл хийсэн билээ.
Хилээс ходоод хүртэл хяналтгүй “зорчдог” бэлэн гоймон
1990-ээд оны дундуур Монголын зах, хүнсний дэлгүүрүүдийн лангуун дээр “ноёрхох” болсон нэг хүнс бол яахын аргагүй хятад бэлэн гоймон. Тухайн үед хүмүүсийн хамгийн ихээр иддэг байсан “Дахун ван”, “Дотно сэтгэл” гээд нэрлэвэл магадгүй уншигч таны санаанд шууд буух биз ээ. Учир нь Монголд эдгээр бэлэн гоймонг идэж үзээгүй хүн цөөхөн гэхэд хилсдэхгүй. Тэгвэл энэ цагаас хойш 30 гаруй жил өнгөрчээ. Анх дэлгүүрийн лангуун дээр 2, 3-хан төрөл харагддаг байсан өнөөх бэлэн гоймон өдгөө 30-40 дахин олон төрлөөрөө ороод ирчихсэн, бидний өдөр тутмын хэрэглээ, үнэнч найз болсон. Өнөөдөр бид Монгол Улсад цэцэглэн хөгжиж буй хамгийн эрэлттэй бизнесийн чимээгүй хохирогчид.
Бид хамгийн их хэрэглэдэг таван төрлийн бэлэн хоолыг лабораторид шинжлүүлсэн. Давс, хар тугалга гээд ноцтой байж мэдэхээр зүйлүүд илэрсэн ч шинжилгээний хариу уншдаг мэргэжлийн хүн байгаагүй нь харамсалтай. Товчхон дүгнэвэл бэлэн гоймонгууд Хилээс ходоод хүртэл ямар ч хяналтгүй “зорчдог”. Төрийн хяналт, стандарт, шинжилгээ юу ч байхгүй. Тусгай зөвшөөрөл ч шаарддаггүй аж.
"Математикаас хүнд Монгол хэл"
Бид өнгөрсөн 30 жилийн алдаа, завхралын талаар сүүлийн үед хангалттай ярьж, шогширч байна. Тэр дундаа улс төр, хууль, эрх зүйн салбарт гарсан алдааг соргогоор харж, шүүмжлэх атлаа монгол хүний үнэ цэн, улсын тусгаар тогтнолын нэгэн багана болсон эх хэлээ өөрсдөөсөө алсран байгааг байх ёстой зүйл мэтээр хүлээн зөвшөөрч суугаа юм биз. Энэ асуудалд олны анхаарлыг хандуулах нь манай сурвалжилгын зорилго байв. Та хүүхдээсээ "Монгол хэлний хичээлдээ дуртай юу, математикийн хичээлдээ дуртай" гээд асуугаад үзээрэй. Энэ асуултыг манай баг нийслэлийн хоёр, орон нутгийн хоёр сургуулийн 154 сурагчаас асуухад 72.7 хувь нь “Монгол хэлний хичээлдээ дургүй” гэж хариулж байна. Монгол хэлний үнэ цэн агуулга сурагчдын дунд ингэж буурна гэдэг гунигтай биш гэж үү. Бид энэ асуудалд буруутан хайсангүй. За тэгээд багш нар маань сурах бичгийн агуулга хүндэрч өөрчлөгдсөн учраас хүүхдүүд дургүй байна гэнэ. Хэлний бодлогын зөвлөлийнхөн бол шууд л монгол хэлний багш нарын ур чадвар муу байна гэж тийшээ "чихэж" байна лээ. Эрдэмтэн судлаачид нь бүх зүйл горьдролоороо явж байгаа, битгий санаа зов ухааны юм ярина лээ. Тэдний хэнд ч алдаа дутагдал буруу байхгүй. Бид тэгээд л итгээд, хаяад, эх хэлээ эрэмдэглээд, тэндээсээ холдоод яваад байх уу. Энэ нь тэгээд зөв юм уу. Та бүхэн юу гэж бодож байна.
“Өрөм”-өө тэдэнд үлдээж “хусам”-аар нь Баялгийн сан байгуулах уу
Монгол баян орон. Монголчууд ядуу ард түмэн. Энэ бидний тодорхойлолт. Байгалийн баялаг, ашигт малтмалын нөөцийг хүн амын тоо, хуваарилалттай харьцуулахад шүү дээ. Уг нь манай оронд 80 төрлийн ашигт малтмалын 1170 орд найман мянга гаруй илрэл бүртгэгдсэн. Алтны 1619, мөнгөний 227 мянга, зэсийн 36.3 сая, төмрийн хүдрийн 660 сая,хайлуур жоншны 122 сая, цайрын 5.9 сая, нефтийн 250 сая орчим тонн нөөц батлагджээ. Нүүрсний 175 тэрбум тонн таамаг нөөцтэй. Эдүгээ 9.8 тэрбум тонн нөөц баталгаажсан. Гэхдээ энэ тоо жилээс жилд өсөн нэмэгдэнэ. Нөөц ихтэй томоохон ордуудад зэсийн Эрдэнэт, Оюу толгой, Цагаан суварга, алтны Гацуурт, Тавт, мөнгөний Асгат, Мөнгөн өндөр, төмрийн хүдрийн Баянгол, Төмөртэй, Төмөртэйн овоо, Баргилт багтдаг. Харамсалтай нь 1990-ээд оны нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөөс хойш баялгийн тэгш бус хуваарилалт явагдаж, өнөөдөр тэр нь нэгэнт тогтчихсон. Шууд утгаараа, нөөц ихтэй ордуудын дийлэнх нь цөөхөн хэдэн хүн, хэдхэн гэр бүлийн мэдэлд орчихсон талаар эрэн сурвалжилсан юм.
“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана" гэнэ үү
Өнөөгийн эрх баригч гурван нам Монгол Улсыг Баялгийн сантай болгохоор гар барьсан. Хуулийг нь энэ хаврын чуулганаар батлахаар УИХ-ын “Хэлэлцэх асуудлын жагсаалт”-д оруулаад байна. Уг нь Монголын төрийн үе үеийн эрх баригчид Баялгийн сантай болохоор бүтэн 16 жил ярьсан. Харин энэ удаад нам дамжин яригдаж байгаа хувилбарууд төдий олон жил судалж, мэдсэнтэй нь дүйцэхээргүй байгааг бид эрэн сурвалжлах явцдаа олж мэдлээ. Жишвэл “Бушуу туулай борвиндоо баастай” гэдэг шиг хууль төрж мэдэхээр байна. Мөн “Алаагүй баавгайн арьсыг арав хуваана” гэдэгчлэн Баялгийн сангийн зарцуулалтын талаар их ярьж байна. Гэтэл тэр орлого, ашгийг өгөх “баавгай” нь алга. Товчхондоо, батлаад гаргасны дараа хэрэгжихэд хүндхэн задгай хууль хэлэлцэхээр бэлтгэгдэж байгаа юм.
Сэлбэ, Дунд голын 10 км бургасыг нүүлгэж Улаанбаатарыг үерээс хамгаална
Сэлбэ сэтрэхэд бэлэн болсон. Тиймээс Улаанбаатарыг үерээс хамгаалахын тулд Сэлбэ, Дунд голын голдиролд байгаа 10 км зайг хамарсан бургасыг нүүлгэн шилжүүлэх ажил эхлэх гэж байна. 500 орчим бургас байгаа гэсэн тооцооллыг хийжээ. Нийслэлийн 1.7 сая иргэний амь нас, эд хөрөнгө дээсэн дөрөөн дээр байгааг өнгөрсөн жилийн зун хоёрхон өдөр үргэлжилсэн бороо хатуухан сануулсан. Тэгвэл энэ зун өмнөх жилээс хоёр дахин их бороо орно гэсэн прогнозыг мэргэжлийн байгууллага гаргалаа. Харин Улаанбаатар хотын үерийн хамгаалалт усан бороонд, шар усны үерт бэлэн үү гэдгийг ээлжит эрэн сурвалжилгаараа хөндсөн юм. Одоогоор нийслэлийг хамгаалж буй 163 км үерийн далан хаанаа ч хүрэлцэхгүй. Нийт 460 орчим км далан барих шаардлагатай. Нэмж 297 км-ыг барих ёстой гэсэн үг. Нийслэлийн 1.7 сая иргэний амь нас, эд хөрөнгө дээсэн дөрөөн дээр байгааг өнгөрсөн жилийн зун хоёрхон өдөр үргэлжилсэн бороо хатуухан сануулсан. Гэтэл энэ жил өнгөрсөн жилийнхээс хоёр дахин их бороо орно гэсэн урьдчилсан тооцооллыг ЦУОШГ-аас гаргажээ. Тиймээс өнгөрсөн жилийнх шиг усанд урссан гашуун түүхийг мартаж болохгүйн дээр дахиад үерлэхгүй гэх баталгаа алга. Дэлхийн дулаарал уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр хэзээ аадар асгах эсвэл ган болохыг урьдчилсан таамаглах аргагүй болсон. Үер боллоо гэхэд хот халих аюул ойрхон байгааг эрэн сурвалжилсан. Энэхүү нийтлэл нь “Усыг энх тайвны төлөө” уралдаанд тэргүүн байр эзэлсэн билээ.
Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"
Ээлжит эрэн сурвалжилсан бүтээлээрээ үе тэнгийн, тэр дундаа оюутнуудын дундах дээрэлхэлтийн тухай бодит кейс урьж өөрт нь тохиолдсон гадуурхалт дээрэлхэлийн тухай ярилцаж, оюутан залуустаа сэрэмжлүүлэг, сануулга хүргэхийг зорьсон юм. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 64 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. ХЭҮК-оос хийсэн судалгаагаар оюутан залуусын 22.8 хувь нь зарим тохиолдолд, 1,9 хувь нь байнга дарамт шахалтад өртдөг гэж хариулсан байна. Өнөөдөр ирээдүйн мэдлэг боловсролтой боловсон хүчин болж улс орныхоо хөгжлийг түүчээлэх залуус нэгнийгээ дээрэлхэж, хүсэл мөрөөдлийг нь мохоож, шат шатандаа дарангуйлагч болж болохгүй. Мөн оюутнуудын дундах дээрэлхэлт нүднээс далд, чимээгүй хэлбэрээр явагдаж, хууль хяналтын байгууллагад хүрдэггүй, хүрсэн ч эрүүгийн хуульд оюутан гэсэн заалт байдаггүй тул 11.6 гэсэн зүйл ангиар л шийдэгддэг, ХЭҮК-т оюутнууд гомдол гаргах эрхтэй ч мэдээлэл хомс, өөрийн эрхээ хэрхэн хамгаалах талаар мэдлэггүй байдаг тул энэ төрлийн гомдол ирдэггүй ажээ. Харин шүүхийн байгууллага дээр оюутнуудын тухай хэрэг шийдэгдсэн кейс алга. Тэгэхээр үе тэнгийнхний дээрэлхэлт гэдэг чимээгүй үйлдэгдэж, хүүхдүүд бие махбод, сэтгэл санаа, эдийн засгаараа хохирох нь хэвийн үзэгдэл мэт болох нь ээ.
Цагаан зураасаар тусгаарласан ослын зогсоолтой Хөшигийн хөндийн зам
Улаанбаатар хотыг Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудалтай холбосон хурдны замтай болсон нь аялал жуулчлал хөгжихөд чухал гэдгийг хэн хүнгүй л ам уралдан ярьцгаасан. Гэвч Монгол Улс хурдны зам барих стандарт гэж тусгайлан заасан норм, норматив байхгүй аж. Харин “Зам, замын байгууламжийн норм, норматив техникийн баримт бичгийн нэгдсэн тогтолцоо, ерөнхий шаардлага” буюу MNS 6598:2023 гэх стандарт байна. Энэ стандартыг өнгөрсөн оны долоодугаар сард баталж аравдугаар сараас дагаж мөрджээ. Стандартын хамрах хүрээ нь зам байгууламжийг төлөвлөхөөс эхлээд барих, засварлах, арчлахаас гадна бүтээн байгуулалтад шаардлагатай материал төдийгүй бичиг баримтын бүрдэл хэсэг ч хамаардаг юм байна. Цагаан цаасан дээр хараар буулгасан баримт бичигтэй гэсэн үг. Гэхдээ Хөшигийн хөндийн хурдны замд ослын зогсолт хийх хэсэг байхгүй байгаа нь стандартад хэр нийцэх вэ гэдэг асуулт гарна. Замын инженерүүдийн хэлж буйгаар тууш зам дээр амрах цэг байх ёстой аж. Стандартаас гадна хуульд нийцүүлж замын бүтээн байгуулалтыг хийсэн тухай албаны эх сурвалж хэлсэн.
Эрдэнэтийн овоо ба “Эрдэнэтийн овоолго”
Эрдэнэтийн Овоо уул нь Орхон аймагт, Орхон Сэлэнгийн савд орших зэс молибдены хүдрийн баялаг бүхий уул юм. Энд Эрдэнэт хэмээх зэс молибдены том үйлдвэр 1978 онд ашиглалтад оржээ. Хүдрийн бүс нь баруун хойшоо чиглэн 1.5-3 км өргөн, 25 км үргэлжлэн тогтжээ. Эрдэнэтийн Овоо уул нь 1607 метр өндөр байв. Орд газар нь улсын нийслэл Улаанбаатар хотоос баруун хойд зүгт 340 км, Дархан хотоос баруун зүгт 180 км, Булган аймгийн төвөөс хойд зүгт 60 км мөн ОХУ-ын хилээс 140 км-т тус тус байрладаг. Дорнод сибирийн төмөр замын сүлжээтэй Наушк өртөө, Хятадын төмөр замын сүлжээтэй Эрээн хотоор дамжин холбогддог. Өдгөө "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь зэс, молибдены хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог үйлдвэр бөгөөд жилд 39.6 сая тонн хүдэр олборлон, 37.2 сая тонн хүдэр боловсруулж, 600 мянга орчим тонн зэсийн баяжмал, 5000 гаруй тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг.
Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья
Ерөнхий боловсролын сургуульд, тэр дундаа цахим орчинд өрнөдөг гадуурхалтын талаар эрэн сурвалжилж, сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, эцэг эхийн төлөөлөл, харьяа яамны албаны хүмүүсийн байр суурийг хүргэсэн юм. Ахлах болон дунд ангийнхны дунд судалгаа явуулахад үе тэнгийн дээрэлхэлтийн 60 гаруй хувь нь зөвхөн онлайн ертөнцөд өрнөж байсан бол 10.2 хувь нь орон нутгийн сурагчдын дотуур байр, 15.3 хувь нь бие махбодын дээрэлхэлтэд өртсөн гэж хариулжээ.
6, 8, 10-р ангийн 11-16 насны 1.236 сурагчийг судалгаанд хамруулахад 37.9 хувь нь ямар нэг байдлаар дээрэлхүүлж, доромжлуулсан гэсэн бол 40.7 хувь нь бусад хүүхдийг зодуулж дээрэлхүүлж байхыг харсан гэжээ. Бие махбодын хүчирхийлэл хөвгүүдийн дунд, сэтгэл зүйн хүчирхийлэл охидын дунд илүү их тархалттай байна гэсэн дүгнэлт гарсан байна. ЦЕГ-ын мэдээллээр Монгол Улсад жилдээ 500-605 хүн амиа хорлодог гэсэн мэдээлэл байна. Үүний 25 хувь нь 10-25 насны хооронд хүүхэд, залуучууд байсан бөгөөд амиа хорлоход нөлөөлж буй шалтгааныг тодруулахад ихэнх хувийг нь үе тэнгийнхний дээрэлхэлт, дарамт эзэлдэг ажээ.
Бургас нүүлгэх ажил удааширвал Улаанбаатар үерт автана
Өмнө нь эрэн сурвалжилсан “Сэлбэ, Дунд голын 10 км үргэлжлэх бургасыг зөөж Улаанбаатарыг үерээс хамгаална” нэртэй нийтлэлээр үерийн урсцад саад учруулж буй лаг шавар, голын дунд ургасан бургасыг нүүлгэн шилжүүлэх шаардлага байгааг онцолсон. Бид энэ долоо хоногт бургас нүүлгэх ажлын явцыг дахин хөндөж сурвалжиллаа. Нийтлэлийн мөрөөр бургас, лаг, хагш зөөх ажлаа эхлүүлжээ.
Бургас, мод бут зөөх, хяргах, шилжүүлэн суулгах тухай яриа, үйл ажиллагаа иргэдийн эсэргүүцэл бухимдал, шүүмжлэлийн бай болдог. Сонгуулийн ид сурталчилгаа явж буй энэ үед энэ сэдвээс хэн, хүнгүй хол байхыг хичээж байгаа нь илт. Тэгвэл байгаль цаг уурын үзэгдэл биднийг сонгуультай байгаа энэ өдрүүдэд харин ч нэг шалгах шиг боллоо. Үерийн урсцыг хамгийн ихээр сааруулдаг зүйл бол гол дотор ургасан хог, лагад идүүлсэн бургас. Бургасыг зөөхгүйгээр үерийг хохиролгүй даван туулах боломжгүй холбогдох мэргэжилтнүүд ярьж байв. Мөн “Хайдродизайн прожект” компани ч үүнд санал нэг байдаг. Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана хийх “Сэлбэ-Дунд голын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн угсралтын ажил”-ын тендерт шалгарсан "Билгүүн Монгол Констракшн" компани гүйцэтгэж байна. Гүйцэтгэгч компани ерөнхий зургийн дагуу 1.6 км буюу хоёр эргээр тус бүр 800 метр үргэлжлэх үерийн далан барина. Энэ ажил хоёр сарын хугацаанд үргэлжилнэ. Далангийн тухайд нийт 750 метр урт, 4-4.6 метр өндөртэй түшиц хана хийгдэх аж. Энэ ажлыг 20 тэрбум төгрөгт хийгдэх ажээ. Ингэхдээ Натурын гүүрнээс урд талын төмөр замын прейзер хүртэл хийхээр төлөвлөжээ. 2024 онд нийслэлийн үерийн хамгаалалтын шугам сүлжээ, барилга байгууламжийн ажилд 86 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.
Эдгээр хүний эрх, байгаль орчин, эдийн засгийн сэдвээр эрэн сурвалжилсан бүтээлүүдэд уншигчдын дунд санал асуулга авч шилдгүүдээ тодруулахад бэлэн боллоо. Тиймээс уншигч та бүхэн удахгүй манай цахим хаягаар нэвтэрч санал асуулгад идэвхтэй оролцоорой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 27. ПҮРЭВ ГАРАГ. № 127 (7371)