"Цэвэр цус" хэмээхээс үүдсэн шинжлэх ухааны болон буддын гүн ухааны бодрол

2024-06-21
Нийтэлсэн: Админ
 14 мин унших

1. Удам зүйн тухай ерөнхий өгүүлэл

Цусны тухай, тэр тусмаа "цэвэр цус" буюу "цус цэвэр" хэмээн ярих хүн олон болжухуй. Үүгээрээ "хюүмэн женом" буюу "хүмүүний удам зүй"-г хэлж буй бололтой юм. Чингээд хүн ардын сайн, муугийн ялгааг цусан удмаар нь тогтоох гэсэн санаа аж. Гэвч энэ нь шууд гүжир утгаар дайрч, ямар нэгэн шинжлэх ухаан үгүй, басхүү гүн ухааны сэтгэлгээний үүднээс бус угтаа хүн ардыг ялгаварлан гадуурхаж өөрсдийгөө мундаг болгож харагдуулах, үүнийгээ улс төрийн зорилго, хувийн ашиг хонжоо, нэр хүндийг муйхраар өргөх гэсэн өөдгүй арга лугаа чиглэхээс гадна "фашист", "расист", "нацист", "дискриминац" үзэл лүгээ живж, улс үндэстнийг улам гутаан доройтуулах агаад цаашлаад хагалан бутаргаж, үймээн самуун дэгдээхээс өөр үгүй. Энэ нь "үндэсний үзэл", "эх оронч" хэмээх далбаан дор халхлагдаж, нийгэм дор амар хялбараар шимэгчлэн амьдрагчдын үүр болох ажээ.

 

2. Удам зүйн тухай шинжлэх ухаанаас үүдсэн бодрол

Тийн бөгөөс цэвэр, бохир цусны тухай буюу удам зүйн тухай урьдаар шинжлэх ухааны үүднээс өчүүхэн төдий өгүүлвээс хүний удам зүй хэмээх зүйл хромосомын бүтэц дотор молекул хэлбэрээр орших агаад цус бүү хэл хумс, үс, яс, арьс, тархи тэргүүтэн бүхүй бие дор байх ба хаяж буй шүлсэнд чинь хүртэл буй аж. Тэрхүү молекулын түвшинд буй ДНХ-ийн молекулууд нь хүний удам зүйн мэдээллийг хадгалах үүрэгтэй хэмээх бөгөөд үүнд өнгөрсөн үеийн өвөг дээдсийн болон одоо бидний амьдарч ахуйд хуримтлагдсан болон хуримтлагдаж буй мэдээллүүд бөгөөд үр хүүхэд буюу ирээдүй үедээ үлдээж буй ДНХ нь удам зүйн өв хөрөнгө хэмээлтэй.

"Үйлийн үр үсний ширхгээс ч нарийн" хэмээн өгүүлдэг нь үүнтэй утга дүйх. Үйлийн боловсрол хийгээд үр удмын чанар маш нарийн түвшинд буй хэмээсэн санаа аж.

Чингэвэл асуудал маш тодорхой болж харагдах агаад юун хэмээвээс тэрхүү мэдээлэл хэмээх нь чиний юу сурч, юу хийж, юу чадаж, юу мэргэшсэн, ямар зуршилтай, цаашлаад үг ярианы, бодол санааны дадал чинь тэнд хуримтлагдан мэдээлэл хадгалагдаж, чамайг залж явах ба цаашлаад үр хүүхдүүддээ өвлүүлэх аж. "Чи юу тарина, түүнийхээ үрийг хураана" хэмээх үг ийм утга агуулсан ажээ. Хэрэв чи эрдэмд шамддаггүй, худалч, зусарч, залхуу, үргэлж бусдыг гүтгэн дайрдаг, доромжлон гутаадаг, би хэмээх эгодоо бүрэн захирагддаг, балмад, бүдүүлэг, хэрцгий, ичгүүр сонжуургүй, урваж хувирамтгай тэргүүтэй адгийн зуршил, адгийн авьяастай бодгаль бол тэгээд л чиний "цус бохир" буюу "хүмүүний удам" чинь доройтож, адгийн муу ДНХ-гийн мэдээлэл, өгөгдлөөр дүүрч чи өөрийгөө болоод хойч үеэ хорлох аж. "Эх нь булингартай бол адаг нь булингартай" хэмээх үгийн утга ийм ажээ.

Хэрэв чи эрдэм боловсролыг дээдэлж, хүмүүнлэг энэрэнгүй, хичээнгүй, бүтээлч, шударга, сэцэн мэргэн, тууштай, хөдөлмөрч, ёс зүйтэй, өндөр соёлтой, сайн зуршил, сайн авьяастай, сайхан бодол, яруу үг хэлтэй бодгаль бол "цус цэвэр" буюу "хүмүүний удам" ариун оршиж ирээдүй үедээ эл дотоод өв хөрөнгө болох дотоод өгөгдлийг ДНХ-гаар дамжуулж үлдээх аж. "Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг" хэмээх үг ийм утгатай аж.

Монгол хүмүүний удам гэхээр л бүгд сайн "цус цэвэр" байх магадлал үгүй. Дээр дурдсанчлан ямар мэдээллийг хүлээн авч, ямар мэдээлэл хуримтлуулж, ямар мэдээлэл удам зүйдээ үлдээхээс шалтгаалж сайн, муу, цэвэр, бохирын ялгаа гарах ажээ. Бас зарим талаараа удам сайтай ч энэ үедээ түүнийгээ бохирдуулж буй төрөлхийтөн ч байх ба удам угсаа муу боловч оюун санаагаа эзэмдэж, сайн зүйлд дадаж суралцсанаар ДНХ-гийн мэдээлэл болон өгөгдлүүд сайжрах ч бас буй аж. Гагц "хүмүүний удам" зүйн ухаанаар бус "тархи судлал"-ын дэлхийн болон Монголын эрдэмтэд үүний тухай өөр өөрсдийн шинжилгээ судалгаан дээр үндэслэж өгүүлцгээж буй тэдгээр эрдэмтдээс ахиухан суралцах хэрэгтэй хэмээн сэтгэнэм.

 

3.Монгол хүмүүний тухай дор

Ямар хүмүүнийг цэвэр монгол хүн, цэвэр монгол удамтай хэмээн үзэх вэ хэмээвээс үндэсний хэл, бичиг, соёл, уламжлал, түүх тэргүүтэй язгуурын болоод орчин цагийн аливаа соёл боловсролтой, Монголын газар шороогоо, эх орноо чин үнэн сэтгэлээр хайрладаг, манадаг. Цаашлаад тал нутгаасаа дэлхийн дайд сэтгэж чадах оюун ухаант хүмүүнийг хэлнэ. Заримдаа энэ бүгд эрдэм төгс үгүй ч хүмүүн заяаны авах, гээхүйн ухааныг мэддэг, хайрлаж, хүндэлж, биширч, итгэж, зорьж, хийсэн зүйл, хэлсэн үгэндээ эзэн сууж чаддаг, өөрийнхөө хэр хэмжээнд хийж бүтээдэг, адаглаад эрт эдүгээгийн ахуйн соёлтой байж ажаам монгол хүмүүн хэмээн өөрийгөө нэрлэж, хүмүүн заяан дор төрсний хэрэг бүтмүй. Эртний Монголын үгэнд "Сайн хүний үр. Сүүтэй гүүний унага" хэмээдэг нь ийм учиртай аж.

 

4.Хүн зүйн үүднээс удам зүйг өгүүлэхүй дор

Шинжлэх ухааны эдүгээгийн онолоор "хомо сапиенс" бол хүмүүн төрөлхийтний өвөг бөгөөд анх Африк тивд үүсэж тэндээсээ тархан суурьшиж гурван арьстны ялгаа гарсан хэмээх бөгөөд Ази тивийнхэн ихэнх нь "монголоид" төрөлхийтний ангилал агаад манай монголчууд үүн дор багтах аж. Газар зүй, цаг уур тэргүүтэй элдэв шалтгаан нөхцөлөөс олон угсаа гарвал, овог аймаг, үндэстэн, ястан үүссэн хэмээн үздэг аж. Гэхдээ энэ нь туйлын буюу төгс онол бус хэмээдэг.

Ямартаа ч одоохондоо шинжлэх ухаанаар хомо сапиенс нь хүмүүн төрөлхийтний удмын өвөг дээдэс аж. Ингээд бодохоор найман тэрбум гаруй хүн нэг л хүйн удмын хүмүүс. "Цэвэр цус" яригчид нэг бол шинжлэх ухааныг үгүйсгэнэ. Нэг бол өөрсдийн ярьж буй утгаар бол хомо сапиенсчууд бүгд монгол, нэг бол хужаа, нэг бол орос иван. Монголчууд хаанаас ирснийг тэд ер нь гадарлах ч үгүй. Хүмүүн төрөлхийтөн яагаад олон салбар болсныг төсөөлөх ч үгүй атлаа балмад. "Уг гарвалиа мэдэх үгүй бол ойд төөрсөн сармагчин лугаа адил. Үүх түүхээ мэдэхгүй бол өнчин хүүхэд гуйлга гуйсан лугаа адил" хэмээх эртний үг буй.

Хэрэв орчин үеийн амьдралын хэв маягаар үзвээс улс орны хүн бүр, үндэстэн ястан бүхэн гар утас, зурагт, цахим дэлгэц, унаа тэрэг, онгоц тэргүүтэй техникийн хөгжил дэвшлийг ашиглаж, цаашлаад хоол, унд, хувцас хунар тэргүүтэй олон соёл ижилсэж, авч буй мэдээлэл хиймэл оюун ухааны “Chat GPT” тэргүүтэй хөгжлөөр тэргүүлснээр өөр өөрсдийн "амин чанар" алдагдаж даяаршил хэмээх нүсэр том нэрэн дор нэрийдэгдэж хүмүүн төрөлхийтөн "хомо техникус" хэмээх нэг томьёон дор харьяалагдахуй нь бас л нэг талаасаа нэг удам зүйд холбогдох агаад эерэг ба сөрөг нөлөөний үр дагаврын тухай түвэгтэй асуудал ч гарч ирсэн буй.

Улс орон бүгд өөр өөрсдийн үндэс язгуурын хэл бичиг, зан заншил, шашин соёл, соёл урлаг, эв нэгдэл тэргүүтэй үндэстний амин чанар, эрхэм нандин үнэт зүйлсээ хадгалж байж сая амар тайван оршино. Дэлхий дахины улс орон бүхний төр, нийгэм өөр өөрсдөдөө үүнийг хүсдэг. Харин зарим улс гүрэнд дайн дажин, хагарал тэмцэл, гамшиг зовлон яагаад гардаг буй хэмээвээс үндэстний амин чанар, үнэт зүйлсээ алдсанаас болж гарна. Тэдгээрийн гол нэгэн шалтгаан нь "цэвэр цус" ярьж "фашист", "расист", "нацист", "дискриминац" үзэл гаргаснаар бусдын хоол болж доройтол лугаа явдаг. Ийм жишээ ХХ зуунд Германы хэт үндсэрхэг үзэлтнүүд "цэвэр цус"-ны "ари үндэстэн" хэмээн өөрсдийгөө дөвийлгөж бусдыг ялгаварлан гадуурхаж, улмаар аллага хядлага өдөөснөөр дэлхийн II дайны эхлэл болсон хэмээдэг. Гэвч эдүгээгийн Германы эрдэмтэн сэхээтнүүд "цэвэр ари үндэстэн" хэмээх үзэл нь хийсвэр үзэл санаан дээр тогтож байсан утгагүй атлаа маш хор хөнөөлтэй үзэл байсан хэмээн өгүүлдэг.

 

5.Буддын гүн ухааны үүднээс хүмүүний удам зүйн тухай дор

"Хомо сапиенс" буюу оюун ухаант хүмүүний өгүүллээс үүдэж Буддын шинжлэхүй болон гүн ухаанаас сэдэвлэж "цэвэр цус" буюу "хүмүүний удам"-ын тухай өгүүлвээс Будда Шагжамунын айлдвар дор хүмүүний нийгмийг цусаар нь, удмаар нь ангилан гадуурхах үзэл тоосны төдий ч үгүй. Гагц хүмүүн төрөлхийтөн ч бус зургаан зүйлийн хамаг амьтны сэтгэлийн байгалийн язгуур дор "сайваар ажирсны оршихуйн язгуур" хэмээх зүйлээрээ бүгд ижил тэгш болоод тэргүүлш үгүй цагаас эх эцэг, ахан дүү, амраг садан болоогүй нэгээхэн ч үгүй тул "энэрэн нигүүлсэхүй", "асрахуй сэтгэл", "үлэмж сэтгэл", "тэгш агуулах сэтгэл", "бодь сэтгэл"-ийг эрхэм болгодгоороо бусад шашин хийгээд шинжлэх ухааны үзлээс ялгардаг. Ийн онолыг олох, онох аргыг ч эш, онолын үүднээс номлосон. Энэ бол удмын тухай айлдахдаа цус нөж, махан бодоор нь бус дотоод сэтгэлийн мөн чанараас нь голчлон айлдсан учир. Буддын шашныг "дотоод номлолтон" хэмээн нэрийддэг.

Энэ нь дотоод сэтгэлийн уг язгуурыг нь айлдсан агаад хүмүүн төрөлхийтнийг ерөнхий сэтгэлийн язгуураар нь болон оюун санааны савны хэмжээгээр нь гол болгож хэд хэд ангилдаг. "Урдхаа үзэгчид", "бага төрөлхийтөн", "дунд төрөлхийтөн", "их төрөлхийтөн" хэмээн ангилдаг. Энэ нь бас эрх мэдэл, эд баялаг, нийгмийн давхаргаар нь ангилсан бус аливаа юмсын мөн чанарыг таних оюуны чадварын төвшнөөр нь ийн айлддаг. Монголын үгэнд "Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй" хэмээдэг лүгээ адил.

Бас язгуур хэмээхүйг сэтгэлийн удам хэмээн ойлгож болох ба үүнийг "буяны язгууртан" болон "нүглийн" буюу "муу язгуурт" хэмээх тэргүүтнийг айлдсан буй. Энэ нь дээр дурдсан ДНХ-ийн өгөгдөл болон мэдээллийн тогтолцоотой нэлээд төстэй. Ялгаа нь эх эцгийн удмын өгөгдлөөс гадна амьтан бүр өөр өөрсдийн хий сэтгэлийг дагалдан явах урд төрлүүдийн авьяас болон дадал, зуршлууд гол байр суурийг эзэлнэ. Бүхэлдээ бус зарим өгөгдөл нь эх эцгийн удмын махбодынх ч буй хэмээдэг. "Сайн цагийн мянган бурхан бүгд олноо өргөгдсөн хааны удмаас мэндэлнэ" хэмээн Буддын судар нугууд дор айлдсан агаад Будда Шагжамуни ч мөн адил тэрхүү хааны удам дор мэндэлжээ.

Нэгэн нас, нэгэн биеэр бурхны хутаг буюу төгс гэгээрлийг олсон Энэтхэгийн алдарт 84 шидтэний зарим нь хаан угсааны, зарим нь харц болон бүр гуйлгачин язгуурын тэргүүтэй элдэв төрөлхийтөн буй нь тэдний дотоод сэтгэлийн эрдэнэ мэт язгуурын тул ажээ. Тийм учир ёс зүйтэй, өндөр соёлтой, эрдэм билигтэй эсвэл балмад бүдүүлэг, харгис хэрцгий, ичгүүр сонжуургүй эсвэл сайн, муу авьяас хольцсон зэргээс шалтгаалж сайн язгуурын буюу сайн удмын, муу язгуурын буюу муу удмын, сайн муу язгуур хольцсон саармаг удмын хэмээхээр ялгарахаас бус эдүгээ монголчуудыг будангуйруулж, талцуулж буй зөвхөн амаар ярьдаг "цэвэр цус"-ны ойлголтоос тэс өөр хэмээхүйг нарийн чанд мэдэх хэрэгтэй.

 

6.Зава Дамдин Лувсандаяан ламын айлдсан "Хор чойнжүн" буюу Монголын түүхээс үүдэж монгол хүмүүний үүсэл буюу алтан ургийн удам зүйн тухай дор товч

Зава Дамдин Лувсандаяан ламын айлдсан Их Монгол орны түүх "Алтан дэвтэр" дор айлдсанаар монгол хүмүүний язгуур болон ялангуяа, "Алтан ураг"-ын хүмүүний гарал үүсэл нь газар дээр аялж явсан Гуа Бүст хэмээх тэргүүтэй 500 эрс алт хайхаар Алтайн уулан дор одож Тэнгэрийн орноос цөлөгдсөн 500 эмс лүгээ учирснаар төр байгуулж, алтан ураг тогтож монгол хүмүүний үүсэл гарсан тэргүүтэй түүхийг Бурхан Багшийн айлдсан "Хир үгүй Гэрэлт охин тэнгэрийн айлтгасан судар" хэмээхээс эш татаж, урьд өмнө хэн бээр ч тайлж чадаагүй байсан оньсон утгыг тайлбарлаж нээлт хийснээрээ түүхэн гавьяатай агаад мөхөс би бээр үүн дор итгэмжлэн биширдэг. Харин тэрхүү 500 эрс хомо сапиенсийн удам байсан эсэх нь эргэлзээтэй юм. Ямар ч байсан манай монголчуудын эхийн удам бол тэнгэрийн орноос буюу харь гарагаас ирсэн удам юм. Тийм учир ямар ч мунхаг байсан үүнийг сонсуутаа эхийн удмаа харийнх юм байна хэмээн үзэн ядаж, нэг бол бид тэнгэр заяат хэмээн хөөрөмшин омгорхох тэргүүтэй зүй бусыг бүү үйлдээсэй хэмээн эгээрнэм. Судар дор "Усны эхэн цаст уулнаас эхтэй. Хүмүүний эхэн тэнгэрээс эхтэй" хэмээх үг буй.

 

7. Монгол хүмүүний удам зүйгээс үүдэж шашны асуудал дахь будангуйрлыг өчүүхэн төдий тодруулахуй

Шүгдэн сахиусны тухай дэлгэрэнгүй тайлбарууд болон сахиустай холбогдолтой ном гаргаж байсан учир энд дэлгэрүүлэхээ орхиё. "Цэвэр цус" яригчид дургүй болгоноо "хужаа", сүүлдээ "Шүгдэн", цаашлаад "Хятадын Шүгдэн" хэмээн нэрийдэж буй нь хамгийн балмад болоод мунхаг арга лугаа шилжсэн хэмээлтэй. Хүүхдийг хадны мангаа хэмээн айлгадаг лугаа адил нийгмийг "Шүгдэн" хэмээн айлгаж улс орны эв нэгдэл, сайн сайхныг хагалан бусниулах зорилготой аж.

Энэтхэгийн будда, Хятадын будда, Монголын будда, Төвөдийн будда хэмээн ялгадаггүйтэй адил Хятадын Шүгдэн хэмээх үгүй. Будда, Шүгдэн хоёр аливаа хүмүүн төрөлхийтний оюун санааны орчил дор хил хязгаар үгүй оршдог нэг нь төгс гэгээрсэн бурхан, нөгөөх нь бодьсадва номын сахиус ажгуу. Жинхэнэ лам хүмүүн, жинхэнэ шинжлэх ухаанч, сайн язгуурт ард иргэд буг чөтгөр хэмээсэн болгоноос айх үгүй, бас сэжиглэх үгүй. Айх, сэжиглэх, атгаглах үгүй байх шалтгаан үрийг тэд өөр өөрсдийн онол мэдлэг, амьдралын туршлагаасаа мэднэ.

Ер нь гадаад буг чөтгөр ч бас эх болсон зургаан зүйл амьтны нэг. Түүнийг амьтны тооноос хасна, түүнийг ялгаварлан гадуурхана хэмээх нь буддын номд нэгээхэн ч үгүй бөгөөд хаанаас, хэнээс гарсан ёс буй. Хэрэв тийм муу адгийн тангаргийн буг буй аваас тэднийг дайрч доромжлох бус номын хүчээр ухааруулан, соёл гэгээрлээр залах нь гэгээнтэн мэргэдийн ёсон мөн. Угтаа бол жинхэнэ буг чөтгөр, тангаргийн буг хэмээх нь төрөлхийтний сэтгэл зүрхэн дотор таван хорын нисваанисын дүрээр амилан оршиж байдаг хэмээхүйг мэдэх нь маш чухаг зүйл.

Басхүү Шүгдэн сахиус нь урд төрлийн үес дор замбуутивийн хүмүүний удам дор оршин асан байгаад, хожим сахиусны төрөл авахуй дор тэнгэрийн төрөл авсан бөгөөд эцэг инү эдийн тэнгэр Ганиша болон эх инү Дээд орчлонгийн хатан хоёрын хөвгүүн болон мэндэлсэн учир буг чөтгөрийн төрөл лүгээ бүү эндүүрэгтүн.

 

8.Номын удам хэмээх эрхэм нандин зүйлийн тухай

Шударга агч лам хүмүүн дор номын удам хэмээх буй. Хэмжээ төгөлдөр лам багшаас номын ёсыг уламжилж, суралцаж хүртсэнээр багшийн зүрхэн тааллын хөвгүүн болон мэндэлж, номын үндэс уламжлалыг хойч үедээ тээж явах үүрэг хүлээдэг. Энэ нь их мөрөн голын урсгал тасрах үгүй оршдогоороо эцэг эхийн удам залгах лугаа үлгэр нэгэн буй. Жишээлбэл, Богд Зонхаба эцэг хөвгүүд хэмээн нэрийддэг нь багш болон тааллаас төрсөн шавь нарыг хэлж буй юм. Үүний шүтэн барилдлага яг хюүмэн жиномын тогтоц шиг нарийн шүтэн барилдлагаар оршдог буй. Харин язгуур үндэсний багш нараа гутааж, зарлиг сургаал, үндэс уламжлалыг нь ялдар хаяж, улс төрийн болон амин хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөж байгаа бол "номын шунхан удам" буруутаж сэвтжээ хэмээсэн үг.

"Муу шалтгаан нөхөр болно" хэмээхүйн утгаар "Шүгдэн"-ийн асуудал нийгэмд тавигдсанаар зарим хүмүүн урваж шарваж үнэн нүүрээ таниулах, зарим хүмүүн будангуйгаа гайхуулж дэлхий дахинаа инээдмийн орон болох, зарим хүмүүн язгуур, удам угсаагаа үнэн мөнөөр нь таних, зарим хүмүүн улам судалж мэдэх, зарим нь цөөхүүлээ боловч хувирал үгүй болоод няцах үгүй эрдмийг олох тэргүүтэй тийн ялгалууд ану эглийнхэн дор ч алган дээрээ тольдох мэт тов тодорхой болж байгаа нь цаг хугацааны шүүлтүүр, хүн чанарын ялгал, жинхэнэ удам сайт төрөлхийтний орших эс оршихуйн шалгарал хэмээлтэй.

 

9.Эдүгээ цагийн буг чөтгөрийн удмын үүслийн тухай товч

Эдүгээ цаг үе дор монгол удамтай, монгол цустай боловч монголоо хорлодог, газар шороо, уул уурхай, аливаа сайн сайхан эрхэм нандин зүйлсээ бусдад худалддаг, авлигал, хээл, хахуульд идэгдсэн төрийн сайд тэргүүтэн болон хар зүгийн наймаачид, балмад иргэд нь буг чөтгөрийн удмаас ч үлэмж муу муухай болоод төр, нийгэм дотор оройлох мэт оршин байх аж. Буг чөтгөрт хүртэл сайн язгуурын буг чөтгөр байх агаад адгийн муу буг чөтгөр ч эдүгээгийн тэдгээр ёс зүйгүй хүмүүсийн үйлдлийг хийхгүй. Тэд хүртэл жигшин зэвүүцэхээр байнам.

Төрөлхийтөн бүхэн сайн язгуур, сайн удам төгөлдөр болох болтугай.

Зава Дамдины алдрыг баригч Зарлигаар Байгуулсан Соёмбот орон

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 21. БААСАН ГАРАГ. № 123 (7367)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин