Базарбямбын НЯМСҮРЭН
Жил бүрийн тавдугаар сарын 3-нд “Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) олон улсын байгууллагаас Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг шинэчлэн гаргадаг уламжлалтай.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний индексийг тогтоохдоо улс орнуудын улс төрийн байдал, хууль эрх зүйн орчин, эдийн засгийн болоод нийгэм соёл, аюулгүй байдал зэрэг таван үзүүлэлтийн дагуу үнэлдэг.
“Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагын ерөнхий редактор Анне Боканд “Улс орны Засгийн газрууд сэтгүүл зүйг хамгаалж чадахгүй байна” хэмээн 2024 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг дүгнэжээ. Олон улсын хэмжээнд улс төрийн нөхцөл байдал ихээхэн доройтолтой байгаа учир ийм дүгнэлт гаргаснаа хатагтай Анне Боканд онцлон тайлбарласан байна.
“Энэ жил дэлхий даяар нийт хүн амын талаас илүү хувь нь сонгуульд оролцож байна. 2024 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийн сэтгэл түгшим үр дүн буюу индексийн таван шалгуур үзүүлэлтийн нэг болох улс төрийн үзүүлэлт буурсныг анхааралдаа авахыг RSF-ын зүгээс сануулж байна. Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахад улс орнууд, улс төрийн хүчнүүдийн үүрэг оролцоо багассаар байна. Ийнхүү эрх мэдэл алдагдах нь сэтгүүлчдийн үүрэг оролцоог сулруулах, тэдэнд дарамт шахалт үзүүлэх, зохион байгуулалттай хуурамч мэдээлэл тараах арга замаар хэвлэл мэдээллийг эрхшээлдээ оруулдаг хор уршигтай. Харин жинхэнэ сэтгүүл зүй аливаа ардчилсан тогтолцоонд болон улс төрийн эрх чөлөөг эдлэхэд асар том үүрэгтэй” хэмээн тэрээр тайлангийн эхэнд өгүүлжээ.
Тэгвэл хэвлэл мэдээллийн индекс яагаад чухал вэ гэж зарим уншигчид асууж мэднэ. Аливаа улс хэвлэл мэдээллийн эрүүл орчинтой байснаар иргэд нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуульд заасан эрхээ эдлэх боломж нөхцөлөөр хангагддаг. Тийм ч учраас хэвлэл мэдээллийн индекс гэдэг хэдхэн сэтгүүлчдэд хамаатай бус бүх ард иргэдийн Үндсэн хуульд заасан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, үнэнийг мэдэх суурь эрхэд хамааралтай өргөн ойлголт юм. Цаашлаад зөвхөн иргэдийн мэдэх хийгээд үзэл бодлоо илэрхийлэх эрх төдийгүй гадаад орчин дахь Монгол Улсын байр суурь, ардчиллын индекс, нийгэм, эдийн засгийн олон үзүүлэлтэд хэвлэлийн эрх чөлөөний индексийг нэг шалгуур болгон авч үздэг. Энэ утгаараа хэвлэл мэдээлэл хараат бус, эрх чөлөөтэй байснаар ардчилал бүрэн утгаараа оршин тогтнох үндсэн суурь бааз бий болох учир зарим судлаачид дөрөвдэх засаглалыг ардчиллын “амин сүнс” хэмээн нэрлэх нь ч бий.
Эрүүгийн хуулийн өөрчлөлт ухралтын гол шалтгаан
Монгол Улсын Хэвлэлийн эрх чөлөө өнгөрсөн жил 88 дугаар байрт эрэмбэлэгдэж байсан бол ганцхан жилийн дотор 21 байраар ухарч 109 болсон нь ихээхэн анхаарал татаж байна. Хэдхэн жилийн өмнө буюу 2005, 2015 онд хоёр удаа 54 дүгээр байрт бичигдэж байсан нь манай улсын хамгийн сайн үнэлгээ болж байлаа. Эдгээр сайн үнэлгээнд мэдээж тухайн үед батлагдсан хууль эрх зүйн шинэчлэл томоохон үүрэг гүйцэтгэсэн. 2005 онд Олон нийтийн радио телевизийн тухай хууль баталж, Засгийн газрын шууд эрх мэдэлд байсан Үндэсний радио телевизийг олон нийтийн статустай болгож өөрчилсөн ба уг хуульд редакцын хараат бус байдал, сэтгүүлчийн эх сурвалжаа нууцлах эрхийг тусгаж өгсөн зэрэг дэвшилттэй томоохон өөрчлөлтүүдийг хийж байсан юм. Харин 2015 онд өмнөх оныхоос даруй 34 байраар дээшилсэн нь тухайн индексийн хамгийн том өсөлт байв.
Гэвч 10 жилийн давтамжтай үзэгдээд өнгөрсөн эдгээр дэвшилтэт тоонууд аль хэдийнэ алга болж, 109 дүгээр байр руу ухарсан нь манай улсад хэвлэлийн эрх чөлөө хэрхэн хумигдсан нь тодорхой харагдаж байна. 2017 оноос хойш Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр дэлхийн 180 орноос 68-88-ын хооронд хэлбэлзэж, хэвлэл мэдээллийн эрх чөлөө "асуудалтай" гэдэг бүлэгт багтаж байсан бол энэ удаад улаанаар анхааруулах хэмжээнд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөө сүүлийн 20 жилд байгаагүйгээр “онц муу” үзүүлэлттэй гарчээ. Ийн ухрах болсон үндсэн шалтгаан нь Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр заалттай холбоотой. 2022 оны тавдугаар сарын 4-нд УИХ-д өргөн барьсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд "доромжлох" гэмт хэргийг нэмж, “торгох эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж тусгасан. Мөн 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Зөрчлийн тухай хуулиас "гүтгэх" зөрчлийг хасаж, Эрүүгийн хуульд 13.14 дүгээр зүйлд "худал мэдээлэл тараах" гэж нэрлэн, нэмсэн нь манай улсын хэвлэлийн эрх чөлөөг боомилсон голлох үзүүлэлт болсон юм.
Индексийг тэргүүлсэн оронд ч улс төрийн нөхцөл байдлын оноо урууджээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг тэргүүлсэн гурван улсад хүртэл улс төрийн ерөнхий үзүүлэлт буурсан нь олон улсын улс төрийн нөхцөл байдалтай ихээхэн холбоотой. Норвеги улс жагсаалтад тэргүүн байраа хадгалсан хэвээр ч улс төрийн үзүүлэлтийн оноо нь өмнөх жилийнхээс буурчээ. Тус улсын улстөрчид хэвлэл мэдээллийг хууль шүүхээр дарамтлах тохиолдол гарсны улмаас Европын холбооны орнууд дотор тэргүүлэх байр сууриа Дани улсад алдсан. юм. Данийн араас Швед улс гуравдугаарт жагсчээ. Харин индексийн хамгийн сүүлд Афганистан (улс төрийн үзүүлэлт 44 байраар ухарсан, Сири (улс төрийн үзүүлэлт найман байр ухарсан) улсууд багтаж байна. Эдгээр улс орны хувьд хэвлэл мэдээллийг хамгаалах хуульгүйн дээр баривчлагдсан, сураггүй алга болсон, барьцаалагдсан сэтгүүлчдийн тоогоороо тэргүүлж буй. Тухайлбал, Афганистанд гурван сэтгүүлч амиа алдаж, 25 сэтгүүлч саатуулагдан баривчлагдсан нь тус улсын индексийн оноо 26 байраар ухарч 178 болоход гол нөлөө үзүүлжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 7. БААСАН ГАРАГ. № 91 (7335)