Т.САЙХАН
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн Монголын хууль, шүүхийн байгууллагад бий болгосон бүлэглэлийн талаар өнөөдөр /04.12/ хуульч, судлаачид мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд, хуульч П.Баттөр, Б.Оюунбилэг, өмгөөлөгч Х.Оюунцэцэг, улс төр судлаач Л.Хэрлэн нар хүрэлцэн ирлээ.
Улс төр судлаач Б.Хэрлэн: - Өнөөдөр Монголын нийгэмд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарын маргаан өрнөж байна. Энэ давалгаанд өртөж явсан хүмүүсийн хувьд байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж бодлоо. Одоогоос 12 жилийн өмнө Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчилж байлаа. МАХН-ын хувьд МАНАН гэдэг бүлэглэлтэй тууштай тэмцсээр ирсэн. Үүнийг хүмүүс сайн мэдэж байгаа. Энэ бүлэглэл Монголын ардчиллыг гутааж, монгол түмний хүсэл зоригийг мохоож байсан. Энэ бүлэглэл ард иргэдийн чөлөөт сонгуулийг будилаантуулдаг, баялагтаа эзэн байх үндсэн эрхийг нь хаадаг. Шударга шүүхээр шүүлгэх эрхийг хааж, хуулийн байгууллагыг нэг нэгний халаасанд оруулж байсан ийм бүлэглэл юм. Энэ бүлэглэлтэй тухайн үеийн МАХН-ынхан тэмцсээр ирсэн бол өнөөдөр энэ бүлэглэлийн үйл ажиллагаа дахин эргэж сэргэх вий гэсэн болгоомжлол байна. Энэ бүлэглэлийн эсрэг одоогоор МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмцэж байна. Үүнийг бид дэмжиж байна.
Өмгөөлөгч Х.Оюунцэцэг: - Шүүх засаглалын бие даасан, хараат бус байдалд ардчиллын алтан хараацай гэгдэж байсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж шууд халдаж байсан түүхийг бид мартах учиргүй. 2013 онд Ц.Элбэгдоржийн тушаалаар анхан шатны болон хянах шатны бүх шүүгчийг нэг өдөр ажлаас нь халсан гашуун туршлага бий. Ингэснээр шүүх засаглал тодорхой хугацаагаар эзэнгүй болсныг эргэж санах хэрэгтэй. Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах хэлбэрээр Үндсэн хууль зөрчсөн хүн бол тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж юм. Үүнээс болж шүүхийн бие даасан байдал алдагдсан гэдгийг Үндсэн Хуулийн Цэц (ҮХЦ) 2022 онд хүлээн зөвшөөрсөн. Түүнчлэн долдугаар сарын 1-ний гашуун үйл явдлын гол зохион байгуулагч нь Ц.Элбэгдорж гэдгийг тухайн үеийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр хэлж байсныг ард түмэн мартах ёсгүй. МАНАН гэдэг хуулийг ард түмний эсрэг ажиллуулж байсан муухай туршлагатай юм шүү. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ийн томилсон шүүгч нар одоо ч ажил үүргээ гүйцэтгэж, хууль бус шийдвэр гаргаж байгааг эсэргүүцэх хэрэгтэй.
Хуульч П.Баттөр: - Хууль хяналтын байгууллагын бие даасан байдал нь ардчиллын гол хамгаалалт байдаг. МАНАН бүлэглэл буюу Ц.Элбэгдоржийн угсарсан хонгилын хамгийн гол ажлыг нугалсан хүн бол тухайн үеийн ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав. Түүнийг тухайн үед хууль зөрчин томилж байсныг сануулмаар байна. Хүмүүс мартсан байж магадгүй тул сануулах үүднээс сөхөж ярья. Хуульд ерөнхий прокуророор ажиллах хүн 10 жил энэ чиглэлээр ажилласан туршлагатай байхыг шаарддаг. Гэтэл Д.Дорлигжав хуулийн байгууллагад 10 жил бүү хэл 10 сар ч ажиллаагүй хүн. Түүнийг хувийнх нь хуулийн сургуульд багшилсан гэдэг хуурамч тодорхойлолт гаргаж энэ ажилд томилсон. Үүнээс болж улстөрчдийн даалгавраар хууль бус ажиллагаа явуулдаг байдал газар авсан" гэлээ.
Хуульч, өмгөөлөгч Б.Оюунбилэг:- Би хуулийн байгууллагад 30 гаруй жил ажиллаж байна. Шүүхийн байгууллагад улстөрчид нөлөөлөөд эхлэхээр хэлмэгдүүлэлт гэдэг зүйл явах гээд байдаг тал бий. Түүний нэг жишээ бол Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын баривчилгаа байсан. Түүнийг хэлмэгдүүлж ял шийтгэсэн. Одоо хүртэл цагаатгаагүй байна. Яг нэг жилийн өмнө түүний баривчлах хууль бус ажилллагаанд мөн хууль шүүхийн байгууллагынхан оролцож байлаа. Шударга ёсыг тогтооход хууль хяналтын байгууллагын хараат бус байдал чухал байдаг. Гэвч 12 жилийн өмнөөс энэ хараат бус байдал үгүй болсоор одоо ч бүлэглэлийн шүүгчид амь бөхтэй байсаар байна. Тухайлбал, Соёмбо-Эрдэнэ шүүгчийг нэрлэмээр байна. Н.Энхбаяр гэдэг хүнийг хэлмэгдүүлэхэд маш их үүрэгтэй оролцсон шүүгч гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn