Ц.НОРОВЖАМБАЛ
“Polit” хуанли: “Төрсөн өдөр” буландаа хоёрдугаар сарын 28-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Баттөмөрийн Энхбаярыг онцолж байна.
Монголын хуулийн салбарын сайд нар тухайн цаг үедээ өөр өөрийн гэсэн онцгой арга барилтай явж ирсэн. Тэгвэл шинэ цагийн хуулийн салбарыг манлайлагч нь яах аргагүй Б.Энхбаяр. Тэрбээр энэхүү албан тушаалд хүртлээ янз бүрийн хэл аманд өртөж байсан ч салбартаа аль хэдийн хүлээн зөвшөөрөгдсөн, энэ Засгийн газрын ачаанаас үүрэлцэж яваа нэгэн. Мөн өнгөрсөн сонгуулиар Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдож байв. Өнгөрсөн хугацаанд парламентад Хөгжлийн банкны болон Нүүрсний түр хороог ахалж, сонсгол зохион байгуулж, олон нийтийн мэдэх эрхийг хангахад хувь нэмрээ оруулсан. Удахгүй эхлэх хаврын чуулганаар Газар олголтын асуудлаар сонсгол явуулахаар мөн бэлтгэж байгаа билээ.
Б.Энхбаяр 1977 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн. Чойбалсан хотын Ерөнхий боловсролын нэгдүгээр дунд сургуулийг дүүргэж,1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгсжээ. 1998-2004 оны хооронд Улаанбаатар Эрдэм дээд сургуулийн багшаар ажиллаж байсан бөгөөд , улс төрийн карьераа 2000 оноос эхлүүлсэн гэхэд болно. Түүний хувьд төрийн хариуцлагатай албуудыг хашиж байгаад өнгөрсөн оноос хууль зүйн салбарыг тэргүүлэх болсон. Тэрбээр хууль хүн бүрд эрх тэгш үйлчлэх ёстой гэсэн байр сууринд хатуу зогсдог нэгэн билээ. Хууль зүйн салбарын тэргүүлэгч танд төрсөн өдрийн мэнд дэвшүүлье.
Эх сурвалж:www.polit.mn