Театрын онолч В.Э.Мейерхольд

2024-02-09
Нийтэлсэн: Админ
 15 мин унших

“Зууны мэдээ” сонины polit.mn сайт“Polit” хуанли: “Төрсөн өдөр” буландаа хоёрдугаар сарын 9-нд төрсөн өдөр  нь тохиож буй Орос-Зөвлөлтийн тайз, дэлгэцийн урлагийн онолч, сэтгэгч, найруулагч, жүжигчин В.Э.Мейерхольдыг онцолж байна.

Хүн төрөлхтөний нийгмийн амьдралын эгзэгтэй ээдрээтэй, өөрчлөлт шинэчлэлийн цаг үе харин ч нэгэн бодлын ташуур болон үндэс угсаа, цаг хугацаа, орон зай, мэргэжлийн салбарт хашигддаггүй аугаа сэтгэгчдийг төрүүлдэг гэдэг. Тийм хүний нэг бол XIX-XXзууны зааг үест нийгэм, урлагийн чиглэлээр тодорч гарсан Всеволод Эмильевич Мейерхольд байсан. 

“В.Э.Мейерхольдын өгүүлэл, захидал, хэлсэн үг, яриа” ном 2013 онд монгол хэлээр хэвлэгдсэн гарсан. Уг номыг орчуулан гарсан эрхэм бол орчуулагч Н.Пүрэвдагва, С.Туяа нар бөгөөд театр урлагийн соён гэгээрэлд чухал үүрэгтэй энэ номын араас Ежи Гротовскигоор үргэлжилж хамгийн сүүлд Б.Брехтийн номыг орчуулсан билээ. 

Тайз, дэлгэцийн урлагийн онолч, сэтгэгч, найруулагч, жүжигчин гэсэн олон талтай В.Э.Мейерхольдын намтрыг  орчуулагч Н.Пүрэвдагвын 2013 оны номдоо нэгтгэн тоймлож бичсэнээс хүргэж байна...

***​​***​​***

...Карл Казимир Теодор Мейергольд (Всеволод Эмильевич Мейерхольд) Пенза хотод 1874 оны 1 сарын 28 (2 сары 9)-нд, дарс-архины үйлдвэрийн эзэн, лютеран шашинт, оросжсон герман Эмиль Феодорович, Альвина Даниловна Мейергольд нарын гэр бүлд мэндэлжээ. Эднийх 6 хүү, хоёр охинтой өнөр өтгөн айл байжээ...

...Гэр орныхныхоо шахалт шаардлагаар Москвагийн УИС-ийн хуулийн ангид элсэн суралцаж эхэлсэн боловч аав, ээж, ах дүү, төрөл садныхнаа гайхалд оруулсан олон алхам дараалан хийсэн байдаг. Тухайлбал 1895 оны 6 сарын 13-нд үнэн алдартны шашинд орж нэрээ Всеволод, овгоо орос хэлний тухайн үеийн бичгийн дүрмийн дагуу Мейерхольд гэх болжээ. Хэд хоногийн дараа буюу 6 сарын 25-нд пруссийн иргэншлээс татгалзан оросын иргэн болж паспорт авна. Түүний энэ хийсэн алхамыг ном сударт учрыг тайлбарласан нь ховор ажээ. Ийм алхам хийх үед нь аав нь өөд болж, “Мейергольд ба түүний хөвгүүд” хэмээх компанийх нь үйл ажиллагаа доголдож, ээж нь хүүхдүүдээ цуглуулан хэрхэх талаар зөвлөлдөн ярихад манай эр “надад найдах хэрэггүй, би өөр зам мөр хөөнө” хэмээн мэдэгдсэн байх ажээ. Тэр өөр гээд байгаа нь урлаг, уран сайхан байжээ.     

Цаашдын амьдралын зам мөрөө эрс өөрчилсөн түүний алхам үүгээр дуусаагүй юм. Всеволод Эмильевич Мейерхольд болсон тэрээр 1896 оны 1 сарын 29-нд Урлаг, утга зохиолын нийгэмлэгээс эрхэлж Станиславский найруулан тавьсан “Отелло” жүжгийг үзэн бишрэн шагших болно. Хувийн амьдралд нь ч өөрчлөлт гарч, 1896 оны 4 сарын 17-нд эртнээс хайртай байсан Ольга Михайловна Мундт-тай хуримлаж, улмаар анхны охин Мария нь 1897 онд төрнө. 

Мейерхольд хуульчийн мэргэжлээр нэг жил сураад 1896 онд орхин Москвагийн филармонийн нийгэмлэгийн дэргэд Вл.И.Немировича-Данченкогийн хичээлүүлж байсан Театр-хөгжмийн сургуульд шалгалт өгөн тэнцэж, II курсээс сурах болсон. Чухам энэ үеэсМейерхольдын дуртай зүйлээ сурч судлах их авъяас билэг нээгдсэн байдаг юм. Анги алгасан орсон тэрээр сургуулиа 1898 онд төгсөн, Ольга Книппер, Иван Москвин болон бусад жүжигчидтэй хамтран Москвагийн уран сайхны театр (МУСТ) үүсгэн байгуулах ажилд шамдан оржээ. Шинэ сэргэгийн эрэлд мордогчдын тавьсан эхний жүжгүүдэд Мейерхольд голлох дүрүүдэд тоглоно. Тухайлбал “Феодор Иоаннович Хаан” жүжгийн Василий Шуйский, “Иоан Грозныйн үхэл”-ийн Грозный, “Цахлай”-н Треплев, “Эгч дүү гурав”-ын Тузенбах гээд нэрлээд байж болно.

Мейерхольд Москвагийн Уран сайхны театрт сэтгэл зүйн театр гэж юу болохыг амталж цаашид өөрийн явах зам мөр биш гэж үзэж, 1902 оны 2 сарын 12-нд театраас гарахаа мэдэгдэнэ. Энд ажиллаж байх үед олон хүн түүний огцом ширүүн, хажиг зожиг аашийг мэдэрсэн хэмээнэ.    

Энэ цаг үеэс бие даан найруулах болсон гэж хэлж болно. Дан орос жүжигчдийн баг 1902 онд бүрдүүлэн Херсон хотод суурьшин улмаар тоглолтын нээлтээ 1902 оны 9 сарын 22-нд хийж, Чеховын гурван жүжиг, залгаад Гауптман, Ибсен, Горькийн бүтээл үргэлжилсэн... Мейерхольд энэ үед театраа удирдаж, жүжиг найруулж байснаас гадна үзвэрийн нэг жилд 44 дүр бүтээж байсан жүжигчин байжээ. Түүний ахалсан баг 1902-1905 онд 200 шахам жүжиг тавьсанаас үзсэн ч маш их ачаалалтай ажиллаж, байсан нь тодорхой. Ажил ачаалал ихтэй энэ үед хоёр дахь охин Татьяна төрнө. Мейерхольд 1903 онд театрын хамт олонтойгоо аялан тоглолтод гарч Николаев, Севастополь гэхчлэн явна. Дараа жилээс жүжигчдийн баг нэрээ өөрчлөн “Шинэ жүжгийн төлөөх нөхөрлөл” гэх болно. Тоглолт хийх хот (Херсон, Тифлис, Полтава г.м), тоглож буй жүжиг, жүжигчдийн бүрэлдэхүүн өөрчлөгдөн хэдэн жилийг ардаа орхисон ч “нөхөрлөл” хэмээх нэр л хэвээр байсан байдаг. 

Энэ үед Мейерхольдын уран сайхны үзэл хандлага үндсэндээ бүрэлдэж,  символистик (билэгдэлт илэрхийлэл) болсон гэж судлаачид үздэг. Чухам ийм үед нь Станиславский 1905 оны 5 сард шинээр байгуулж байсан Театр-студи дээ ажиллаач хэмээн урина. Мейерхольд Москва руу буцах үедээ уран сайхны арга ажиллагааны хувьд өөрийн гэхээр хэв шинжийг бараг олоод байсан гэж болно. Тэр жилийн 10 сард М.Метерлинкийн “Тентажилийн үхэл” жүжгийн хяналтын дараа Станиславский туршилтаа үргэлжлүүлэхээс татгалзан Театр-студи ээ хааж байгаагаа мэдэгдэнэ. Тэрээр ийм алхам хийх болсон шалтгаанаа хөрөнгө мөнгөний хүрэлцээ, Москва дахь улс төрийн тайван бус нөхцөл байдал, МУСТ-ын найруулагчийн санаж бодсонд жүжигчдийн байр байдал тохирохгүй байна гэх зэргээр тайлбарласан. Энд хэлэгдээгүй, магадгүй хамгийн гол шалтгаан нь Мейерхольд, Станиславский хоёрын урлан бүтээхүйн зарчим таарч тохироогүйтэй холбоотой гэж ч үздэг судлаачид байдаг ажээ. 

...Мейерхольд Комиссаржевскаятай хамтран дахиад Л.Андреев “Хүмүүний амьдрал”, А.Блок “Балаганчик” (“Салбадай”) гэсэн “билэгдэлт илэрхийлэл”-ийн хоёр жүжиг тавина. “Салбадай”-н нээлт 1906 оны 12 сард болсон бөгөөд италийн багт инээдмийн жүжгийг санагдуулахаар, тэр тусмаа Пьеро, Арлекино, Коломбина гэсэн баатруудтай байсан юм. Тайзны засал, чимэглэл “нөхцөлт илэрхийлэл” байдлаар, өөрөөр хэлбэл арын хөшгөн дээр цонхыг наасан цаасаар илэрхийлж, тавилга, хэрэгслийг бенгалийн галаар чимэглэсэн байжээ. Арлекино хөшгөн дээр наасан цаас буюу цонхыг тасласнаар гадаа гүйж эхэлнэ. Тоглолт дуусахад тайзны чимэглэл бүгд дээш татагдан хураагдах бөгөөд тайзан дээр ердөө ганцаараа үлдэх Пьеро-Мейерхольд үзэгчдэд хандан: “Надад гунигтай байна. Та нарт инээдтэй байна уу?...” хэмээн асууна. Үзвэрийн жилийн хаалтаа 1907 оны 3 сарын 4-нд хийсэн шинэ театр Орос оронд билэгдэлт илэрхийлэлийн театр төрөн гарсныг тунхагласан үйл явдал байсан гэж хэлж болно...

...Мейерхольд, Комиссаржевская хоёр цаашид зам нийлэхгүй нь тодорхой байсан юм. Бод л доо ийм жүжигт сайн жүжигчин огт хэрэггүй. Найруулагчийн гарт жүжигчин зүгээр л хүүхэлдэй, нөхцөлт илэрхийлэлийн тайз дэвсгэр дээрх өнгө өнгийн толбо л гэсэн үг... Тийм болохоор ийм театрт Комиссаржевскаяд хийх юм байхгүй болно. Мейерхольдын билэгдэлт илэрхийлэлийн тавилт хөөцөлдөж байсан үе 1914 онд Блокийн “Үл таних бүсгүй” жүжгээр өндөрлөсөн гэж судлаачид үздэг. 

Мейерхольд “Шинэ жүжгийн төлөөх нөхөрлөл”-ийн жүжигчидтэйгээ нийлэн 1908 оны 2-4 сард оросын баруун хийгээд өмнө талын губернүүдээр аялан тоглолт хийсэн байдаг. Харин дараа нь залгаад Хааны театруудад ажиллах болжээ. Александрийн театрт эхний жүжиг болох К.Гамсуны “Хаадын хаалганы дэргэд” 1908 оны 9 сарын 30-нд нээлтээ хийжээ. Мейерхольд энэ жүжгийг найруулсанаас гадна жүжгийн гол дүрд тогложээ. 

...Мейерхольд Эзэн Хааны Петербург дахь Александрийн, Марийны, Михайловын зэрэг театрт 1918 он хүртэл ажиллахдаа Ж.Мольер “Жуан ноёнтон”, А.Островский “Аадар”, Лермонтов “Багт наадам” зэрэг 21 жүжиг, Вагнер “Тристан, Изольда хоёр”, Глюка “Орфей”, А.С.Даргомыжский “Чулуу мэт гийчин”, Р.Штраус “Электра” зэрэг  хөгжимт 10 жүжиг тавьжээ. 

Мейерхольдынх энэ үед гурван том охинтой, Театрын талбайн дэргэд сууж байсан бөгөөд их ажлаасаа болоод гэртээ шөнийн бор хоногтоо л очдог байжээ. Бага охин Ирина нь 1905 онд төржээ.  

Мейерхольд Эзэн Хааны театруудад ерөнхий найруулагчаар ажиллахын зэрэгцээ Парист д’Аннунциогийн “Пизанелла буюу Анхилуун үхэл” жүжиг тавьж Шатль театрт 1913 оны 6 сарын 20-нд нээлтээ хийж байжээ. Фокины дэглэсэн бүжгийн эрч хүч, Бакстын гайхалтай цэмцгэр хувцас найруулагчийн ерөнхий санаанд зангидагдсанаар хурц хүнд атлаа эрхэмсэг хөнгөн гэмээр эмгэнэлийн дүр зураг үзэгчдийн өмнө урган гарч ирсэн юм. 

Петербургт ажиллаж байх үедээ Мейерхольд шинэ залуу уран бүтээлчдийг сурган хүмүүжүүлэх ажилд хөл тавьжээ. Энэ үед Всеволод Эмильевич К.Даннеманы театрын сургууль, Б.Полокийн Хөгжимт-драмын курс зэрэг газар хичээл заах болжээ. Мөн өөрийн гэсэн студи ч 1913 оноос нээн хичээллүүлэх болсон байдаг юм. 

Мөн түүнчлэн Мейерхольд Петербургт ажиллаж байх үедээ дэлгэцийн урлагт хөл тавьж, найруулагчаар ажилласны нээлтээ 1915 оны 10 сарын 31-нд Оскар Уайльдын романаар хийсэн “Дориан Грейн хөрөг” киногоор хийж байжээ. Тухайн үеийн урлаг судлаачид, шүүмжлэгчид оросын кино урлагийн гайхалтай нэгэн бүтээл боллоо хэмээн нэгэн дуугаар магтан сайшааж байжээ. 

Найруулагч Мейерхольд, зураач А.Я.Головин нар таван жил шахам бэлдэж байж тавьсан Лермонтовын “Багт наадам” жүжиг Александрийн театрт 1917 оны 2 сард нээлтээ хийсэн юм. Өнгөрсөн зууны үеийн тайзны урлагийн арга, театрын хэв загварыг ашиглаж, тайзны засал чимэглэл нь гайхалтай өнгөлөг өөдрөг үзэгдэх хэрнээ аадрын үүл мэт нүүгэлтэн буй нийгмийн сүйрлийг хэрхэн мэдэрч буйгаа дэлгэн харуулсан асар их сэтгэлийн хөдөлгөөнтэй жүжиг болжээ. Жүжгийн нээлтээс хойш хэдхэн хонож байхад Орос оронд мөнөөх бидний сайн мэдэх “хоёр сарын” хэмээх алдарт хувьсгал гарч хаант засаглалаа түлхэн унагасныг судлаачид онцлох ажээ. “Багт наадам” жүжиг урт наслах учиртай байж...

Мейерхольд октябрийн хувьсгалын дараа шинэ цаг үе (зөвлөлт)-ийн театр үүсгэн буй болгох үйлсэд хамгийн идэвхтэй зүтгэж эхэлсэн хүмүүсийн нэг. Шинэ төр засгийн зүгээс тайзны урлагийг удирдан зохион байгуулах анхны байгууллага болох Театрын зөвлөлтэй 1918 оноос идэвхтэй хамтран ажиллаж эхэлсэн байдаг бөгөөд Зөвлөлтийн засгийн газар Москва руу шилжихэд Петроградын Театрын нийгэмлэг (ТН)-ийн орлогч даргаар ажиллах болсон байдаг. Мөн түүнчлэн тайзны урлагийн нэр нөлөө бүхий уран бүтээлчдээс хамгийн түрүүнд коммунист намд гишүүнээр элссэн хүмүүсийн нэг бол Мейерхольд. Театр-урлагийн арга зүйч, найруулагч, жүжигчний курсэд ч хичээл заах болсон. Бас шинэ цаг үеийн жүжгийн зохиол бичих хүмүүстэй тухайлбал Третьяков, Маяковский нартай нягт хамтран ажиллаж байжээ.

Мейерхольд Ардын гэгээрлийн хорооны театрын хэлтсийг 1920 оны 9 сараас 1921 оны 2 сар хүртэл хугацаанд удирдаж байжээ. Энэ үедээ тэрээр “хуучин ертөнц, хуучин цаг үеийн соёл нуран уналаа” хэмээн сүртэй мэдэгдэж байсан удаатай...

...Мейерхольдын нэрэмжит театр (МейНТ) 1923 онд нээгдэж, 1926 онд Мейерхольдын нэрэмжит улсын театр (МейНУТ) гэгдэх болж байснаа 1938 онд хаагдсан байдаг. Мөн тэрээр 1922-1924 онд Хувьсгалын театр удирдаж, Ленинградад жүжиг тавьж, Пушкины бүтээлээр 1937 онд цуврал радио жүжиг хийсэн байна... 

...Островскийн “Ой мод” хэмээх жүжгийг тун удалгүй тавьж, 1924 оны 1 сард нээлт хийжээ. Жүжгийн тавилт сонин содон шийдэл, уран санаагаар дүүрэн байжээ. Тэр үед улсын соёл гэгээрлийг удирдаж байсан Луначарскийн “Островскийг л!” гэсэн урианы учир шалтгааны тайлал мэт байсан хэмээн судлаачид дүгнэдэг байна. ...Энэ жүжиг 1328 удаа тоглогдох доо үзэгчдийн суудал дандаа дүүрэн байсан гэх ажээ. Всеволод Эмильевич энэ жүжгийн гол амжилтаа Аксюшад тоглосон Зинаида Райх байсан юм хэмээн дүгнэж байжээ.

Оросын алдарт яруу найрагч Сергей Есенины эхнэр байж, хоёр хүүхэд төрүүлсэн энэ бүсгүй охорхон амьдралдаа асар их зүйл амссан нэгэн байжээ...Бүсгүй 1921 онд Мейерхольдын сургалтанд анх элсэн суралцах болсоноор эд танилцжээ. Мейерхольд Зинаида Райхд ухаан зулаггүй дурлаж, нэр зард гарсан алдарт жүжигчин болгохыг мөрөөдөх болжээ. Санаандаа хүрэхийн тулд найруулагчийн авъяас билэг, ур ухаан, бүхэл бүтэн театрын хамт олны боломж бололцоог хүртэл шавхан дайчлах болсон ажээ. Удалгүй энэ хоёр гэрлэж, гэрлээд зогсохгүй Мейерхольд талийгаач Есенинтэй сууж байх даа Райхын гаргасан хоёр хүүхдийг нэр дээрээ авсан байх ажээ. Ийнхүү түүний хувьд хувийн амьдралын бас нэгэн шинэ гэхээр үе эхэлжээ.

...Мейерхольд 1928 оны намар гадаадад байх үедээ Москва руу “биеийн эрүүл мэнд сайнгүй болсон тул нэг жил эмчлүүлэхээр боллоо; Герман, Францад аялан тоглох гэрээ хийсэн тул МейНУТ-д европын зарим оронд аялан тоглох зөвшөөрөл олгохыг хүсье” гэсэн цахилгаан илгээжээ. Уг нь байнгын их ажил, бусад нөхцлөөс болсон уу Мейерхольдын бие үнэхээр сайнгүй байсан юм билээ. Үүнийг хэлж байгаагийн учир нь энэ цаг үед хардаж сэрдэхийн өвчинд зөвлөлтийн нийгэм нэрвэгдээд байсантай холбоотой. Мейерхольд барууны орнууд руу гарсан зөвлөлтийн олон нэр нөлөө бүхий урлагийн зүтгэлтнүүдтэй дотно харьцаатай, бас ийм цахилгаан илгээж байхдаа уулзаж байсан болохоор шууд л хардаж эхэлжээ. Ингээд түүний талаарх яриа хөөрөө хурцдаж, атаархахаас эхлээд таагүй ханддаг улсын хэл ам ч ширүүсч...Юутай ч увайгүй хардалт, сониныхны шуугианд эгдүүцсэн Мейерхольд 1928 оны 12 сарын 2-нд Москвад ирсэнээр театрыг нь тараах тухай яриа нэг хэсэгтээ хойш тавигдсан байна. 

...Всеволод Эмильевич “Мейерхольд хийгээд мейерхольдчилол” гэсэн үгээ 1937 оны 3 сарын 14-нд Ленинградад хэлсэн байдаг. Хэлсэн үгэндээ Шостаковичийг өмөөрч уран бүтээлч хүний эрх, тэр бүү хэл алдах эрхтэй гэдгийг хөндсөн байдаг. Мөн өөрийнх нь бодож олсон шийдлийг тавьж байгаа жүжгийнхээ агуулгатай холболгүй дуурайн хуулж байгаа найруулагчдыг илчлэн шүүмжилсэн. 

Амаргүй энэ үед Мейерхольд Сейфуллинагийн “Наташа” жүжиг дээр ажиллаж сүүлчийн хяналт хүргэсэн боловч тоглуулах эрх өгөлгүй хаажээ. Найруулагч алдаагаа хүлээн зөвшөөрсөн хэдий ч түүнд мууг хүсэгчид хөөрөн баярлаж байжээ. 

МейНУТ-ынхан Н.Островскийн “Болд хэрхэн хатаагдсан нь”-аас Е.Габрилович сэдэвлэн бичсэн “Нэг амьдрал” жүжигт их найдаж байжээ. Октябрийн хувьсгалын 20 жилийн ойгоор нээлтээ хийнэ гэж санаж байжээ. Мейерхольд ч их махруу ажиллаж байжээ. Гэтэл дахиад л зөвшөөрөл өгөлгүй хаажээ. Найруулагчийг улс орноо, намаа, залуучуудын байгууллагыг гутаан дорожиллоо хэмээн ялласан. Аюул-аадрын үүл түүний толгой дээр бүр ихээр хуралдсан гэсэн үг.

Мейерхольдыг гутаан муулах ажилд хууль ёс үнэнчээр сахин биелүүлэхийн үлгэр жишээ үзүүлж байсан найруулагчид, буруу зөрүү нь хамаагүй төр засгийн бодлогыг биелүүлэхийн төлөө морь, нохой мэт зүтгэгчид идэвхи зүтгэл гаргах болжээ. Урлагийн хорооны 1938 оны 1 сарын 7-нд: МейНУТ-ыг “... оршин тогтох бүх хугацаандаа зөвлөлтийн урлагт харш хөндий зүйлээс хол байж чадаагүй, ямагт хөрөнгөтний хэв маяг хөөх байр суурь баримталсан...” хэмээн яллаад татан буулгасан.  

Шийдвэр гарсан тэр өдөр хүү Александр Дюмагийн “Арцны шилмүүс барьсан хатагтай” жүжгийг 725 дахь удаагаа тоглосон байдаг хэмээн судлаачид онцолдог нь учиртай биз. Бас уянгын энэ жүжиг 1934 онд тавигдсан, гол дүрд тоглосон Зинаида Райх тухайн өдөр урд өмнөхөөсөө илүү сэтгэлийн их хөөрөлтэй, сайн тоглолоо хэмээн их шуугисан гэдгийг нэмж хэлэх хэрэгтэй. Сүүлийн тоглолт дүүрэн үзэгчтэй, театр хаах болсоныг бүгд мэдэж байсан ч “Мей-ер-хольд!” хэмээн уухайлан алга ташиж байсан гэж судлаачид онцолж байжээ. Ямар ч байлаа гэсэн Мейерхольд өөрийн гэх театргүй, ажилгүй болсон гэсэн үг. 

Эгзэгтэй энэ өдрүүдэд Станиславский өөрийн шавь бас өрсөлдөгч дөө туслахаас айлгүй, хамтран ажиллахыг санал болгосон байдаг. Мейерхольд ч хүлээн авч, Станиславскийн удирдаж байсан дуурийн театрт ажиллах болж, Константин Сергеевичийн найруулагчийн төлөвлөгөөний дагуу Вердийн “Риголетто” дуурь дээр ажиллаж эхэлжээ. Харамсалтай явдал болж 1938 оны 8 сарын 7-нд Станиславский өөд болсоноор хараа хяналтанд өртсөн Мейерхольдод өмөг түшиг үлдээгүй гэж болно. Гэхдээ тэрээр “муу юм” болтол Станиславскийн нэрэмжит Дуурийн улсын театрын ерөнхий найруулагчаар томилогдож, эхэлсэн дууриа гүйцээн нээлтээ хийж, Сергей Прокофьевийн “Семён Котко” дуурь дээж ажиллаж эхэлсэн байдаг. Мөн 1939 оны 5-6 сард тамирчдын өдөрт зориулсан Ленинградын оюутнуудын жагсаал, ёслолын ажиллагааг найруулсан нь түүний хамгийн сүүлийн ажил байжээ. 

Бүх холбоотын найруулагчдын анхдугаар зөвлөгөөний төлөөлөгч найруулагчид Мейерхольдыг нижигнэтэл алга ташин угтсан нь олон түмний зүгээс түүнд үзүүлсэн сүүлчийн хүндэтгэл (1939.6.13) байжээ. Мейерхольдын энд хэлсэн үг бас олны өмнө хэлсэн сүүлчийн үг байжээ. 

Всеволод Эмильевич зөвлөгөөний дараа оюутны жагсаал, ёслолын ажиллагаагаа дуусгахаар Ленинград руу яаран буцсан байна. Ингээд 6 сарын 19-өөс 20-нд шилжих шөнө гэрээсээ алдарт Лубянкийн шоронд хүргэгдсэнээр байцаалт, зодуур нүдүүр хослосон хэдэн сар үргэлжилсэн байна...

Харин түүний эхнэр Зинаида Райх 7 сарын 14-нд гэртээ зэрлэг балмадаар алуулжээ. Энэ явдлын учир шалтгаан өнөө хэр бүрхэг хэвээр л байна гэх ажээ...

...Нэгэнт хөдлөсөн улс төрийн хэлмэгдүүлэлтийн машин эргэдэгээрээ эргэн, өртсөн хэн ч байсан татагдсан л бол тээрэмдэгдэж байсны үлгэрээр Дээд Шүүхийн Цэргийн коллеги 1940 оны 2 сарын 1-нд “бүх өмчийг нь хураан авч буудан алах” тогтоол гаргаж дараа өдөр нь ёсчлон гүйцэтгэсэн гэх ажээ. Тиймээ, “гэх ажээ”. Ийн хэлэхийн учир нь “ялыг гүйцэтгэсэн” гэх нотлох баримт байх авч хажуугаар нь үгүйсгэсэн, хуурамч гэж нотлосон судлагаа ч байгаа болохоор би ингэж зүрхлэв.                                      

Театрын найруулагч, жүжигчин, сурган хүмүүжүүлэгч, тайз, дэлгэцийн урлагийг өөрчлөн шинэчлэгч онолчдын нэг Всеволод Эмильевич Мейерхольдыг 1955 онд Зөвлөлтийн төр нэхэн цагаатгажээ...

Эх сурвалж: www.polit.mn

Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

2 цаг 14 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

2 цаг 19 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

2 цаг 27 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

2 цаг 32 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

2 цаг 44 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

2 цаг 46 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

3 цаг 7 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

3 цаг 9 мин
Н.Хангайцэцэг: Дахин ашиглахгүй бол Монгол Улс усны хангамжаа нийлүүлж чадахгүйд хүрнэ

Энэ удаагийн “Start up” буландаа бохир усыг цэвэршүүлэн дахин ашиглах төслийг хэрэгжүүлж буй “Түмэн амгалан ордон” ХХК-ийн Төслийн менежер Н.Хангайцэцэгтэй ярилцлаа.

11 цаг 23 мин
“Трафигура” групп 500 сая доллараа Монгол Улсаас хайж байна

Ийм мэдээллийн гаднын томоохон мэдээллийг агентлагууд, тухайлбал “Ройтерс” цацсан байна.

11 цаг 23 мин