С.УЯНГА
Улс төр, шуурхай мэдээллийн www.polit.mn сайт “Polit” хуанли буланг өдөр бүр хөтлөн явуулж Монголын болон гадаадын онцлог эрхмүүдийн “Төрсөн өдөр”-ийг танилцуулдаг билээ. Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 25-нд төрсөн өдөр нь болж буй хүмүүсээс Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланг онцолж байна.
Л. Энх-Амгалан 1970 оны нэгдүгээр сарын 25-нд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 11 хүүхэдтэй айлын 10 дахь хүүхэд болон мэндэлсэн.Тэрбээр “Манайх олон хүүхэдтэй, аав байнга холын тээвэрт явна. Хүмүүсийн захиас ихтэй. Ээж эмнэлэгт сувилагч. Эмчилгээ хийлгэхээр хөдөө гадаанаас ирсэн хүмүүс манайхаар их ирдэг байлаа. Ер нь хөл хөдөлгөөн ихтэй айл байсан. Аав ээж хоёр маань ажлыг үнэн голоосоо чанартай хийдэг. Зарчимч хүмүүс байсан” гэж дурссан нь бий.
1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар арван жилийн сургуулийг дүүргэж, Зөвлөлт холбоот улсын Ленинград хотын Их сургуулийн Олон улсын сэтгүүлчийн ангид суралцахаар мордлоо. Л. Энх-Амгалан яруу найраг, шүлэг бичиж тухайн үеийн зохиолч, яруу найрагчдаас ирээдүйн сайн яруу найрагч гэсэн үнэлгээ авч байжээ. Түүний “Хөх зул” нэртэй шүлгийн анхны ном 1994 онд хэвлэгдэн гарч байв. Мөн 1992 онд Санкт-Петербургийн Их сургуулийн сэтгүүлчийн ангийг төгсөж ирээд МОНЦАМЭ агентлаг, Ил товчоо сонинуудад ажиллажээ. Дээрх сонинуудын хариуцлагатай нарийн бичгийн даргын ажлыг хийхийн зэрэгцээ эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр нийтлэлүүд бичиж байлаа.
Дараа нь АНУ-ын Дакотагийн Их Сургуулийг төгсөж ирээд Монголын хэвлэлийн анхны компани Интерпрессийг үүсгэн байгууулж 1995-1996 онд "Интерпресс" ХХК-ын ерөнхий захирал, 1996 -2012 онд Юнител групп, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группийн тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллав. Мөн эх орондоо компьютер үйдвэрлэх анхны алхамыг тавьж МОГУЛ брэндийг үүсгэн байгуулжээ.
2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын хөдөөгийн бодлого, дэд бүтэц хариуцсан зөвлөхөөр ажиллаж байхдаа Хөвсгөл аймгийн иргэдийн олонхын саналаар 2012 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж бусад нэр дэвшигчдээс өндөр хувийн саналаар тэргүүлж УИХ-ын гишүүнээр сонгогдов.
Үүнээс хойш өнөөг хүртэл сүүлийн 10 гаруй жилийн турш парламентын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, Их хурлын дэд дарга, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажилласан. Харин 2021 оноос Засгийн газрын гишүүн, Боловсрол,шинжлэх ухааны сайдаар томилогдож ажиллаж байна.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль
1992 онд ОХУ-ын Санкт-Петербургын их сургууль
1996 онд АНУ-ын Дакотогийн их сургууль
2002 онд БНСУ-ын Хангдоны их сургууль тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1992-1995 онд МОНЦАМЭ агентлаг, Ил товчоо сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга
1996 онд Интерпресс ХХК-ийн үүсгэн байгуулагч
1996-2012 онд Юнител групп, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгч
2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын хөдөөгийн бодлого, дэд бүтэц хариуцсан зөвлөх
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга
2017-2020 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020-2021 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
2021 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол,шинжлэх ухааны сайд
ШАГНАЛ
2005 онд Алтангадас одон
2014 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
ГАДААД ХЭЛ
Англи, Орос
Эх сурвалж: www.polit.mn