Доржийн ОЮУНЧИМЭГ
Монголын логистикийн холбооны ерөнхийлөгч, доктор А.Мөнхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Бүсчилсэн хөгжлийн бодлогоо тодорхойлон ирээдүйд хамтдаа хөгжих замыг сонгож байна гэх болсон. Гэхдээ огт байгаагүй зүйл мэтээр ойлгож болохгүй болов уу?
-Зах зээлийн нийгэм рүү шилжихтэй зэрэгцэн худалдаа, тээвэр, логистикийн сүлжээг хувьчилсан. Үүний дараа тухайн үед худалдаа бэлтгэлийн тогтолцоо байхгүй болсноор одоогийн ченжүүд тухайн тогтолцооны орон зайг дүүргэж эхэлсэн гэсэн үг л дээ. Хэдийгээр нийгэмд “ченж” хэмээн адлагдаж байгаа ч эдийн засгийн салбарт бий болсон орон зайг “дүүргэж” байгаа юм шүү дээ.
2001 онд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталж байлаа. 2003 онд Бүсүүдийн хөгжлийн дунд хугацааны стратегийг баталсан боловч 2015 онд Бүсчилсэн хөгжлийн баримт бичгүүдийн хэрэгжилтийн хугацаа дуусгавар болсон. Гэхдээ эргээд харахад гүйцэтгэлийн шатандаа “бүдэрчихсэн” юм болов уу гэж бодож байна. Учир нь төлөвлөлт хийхдээ тээвэр, логистикийг орхигдуулснаас үүдэн 2001-2015 онд баталсан бүсчилсэн хөгжлийн бодлого ажиллаагүй гэж болно. Өөрөөр хэлбэл, хоорондоо эдийн засгийн харилцаагүй аймгуудыг нэг бүсэд оруулсан нь буруудсан. Нөгөөтэйгүүр удирдлага зохион байгуулалтын хувьд бүсийн төвүүдийг зарласан боловч удирддаг механизм, институцийг хийж чадаагүй. Тэгэхээр бүсчлэн хөгжих бодлогыг амжилтгүй хэрэгжсэн гэдгийг хүлээн зөвшөөрч алдаагаа давтахгүй байх ёстой. Тиймээс энэ удаа бүсчлэлээ иргэдэд хүртээмжтэй байдлаар зохион байгуулах учиртай. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгж болоод бүс нутаг цаашилбал улсын эдийн засагт үр өгөөжтэй тогтолцоог бий болгох шаардлагатай.
Үүний тулд эхний ээлжинд тээвэр, логистикийн сүлжээ төлөвлөлтөө маш зөв тооцож, хэрэгжихээр болгох хэрэгтэй. Энэ нь аж ахуй эрхлэгчдийн тээвэр, логистикийн зардлыг бууруулахын зэрэгцээ орон нутгийн иргэдэд хүрч байгаа бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах боломж бүрдэнэ.
-Нэг үеийг бодоход аймгийн төвүүд нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдсон нь өмнөх үетэй харьцуулахад зардлыг бууруулах хөшүүрэг болсон. Гэсэн хэдий ч илүү нарийн төлөвлөлт зардлыг дахиж бууруулах боломжийг бүрдүүлнэ гэдэг шүү дээ?
-Хэрэв бид тээвэр, логистикоос хамаарсан зардлыг бууруулж чадвал орон нутагт бизнесийн эко орчин бүрдэнэ. Энэ нь цаашлаад нийгмийн эко орчин болж тэлэх учиртай. Өөрөөр хэлбэл, орон нутагт ажиллаж, амьдрах хамгийн таатай нөхцлийг бүрдүүлэх хөшүүрэг гэж харж байгаа. Мэдээж энэ бүхэн улс орны хэмжээнд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах нэн тэргүүний алхам. Түүнчлэн хүн амыг амьдрах, суурьших ерөнхий төлөвлөгөөг тодорхойлох суурь нөхцөл болно. Өөрөөр хэлбэл, хүн амын нутагшил, суурьшлын ерөнхий төлөвлөгөөг оновчтой төлөвлөсөнөөр зорчигч хөдөлгөөний сүлжээг нийгмийн хэрэгцээ шаардлагатай уялдуулан ерөнхий төлөвлөгөөний зураглалыг гаргаж болно. Үүнийг дагаад худалдаа, үйлчилгээний логистикийн сүлжээг ч хийж болох юм.
Нэг үеийг бодох аймгууд нийслэлтэй холбогдсон хатуу хучилттай замтай болсон, энэ нь зөвхөн хатуу дэд бүтцийг бид байгуулсан гэсэн үг. Гэхдээ тээврийг нэгдсэн байдлаар зохион байгуулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Учир нь зэрэгцээ болон сөрөг тээврийг багасгах зайлшгүй хэрэгтэй. Энэ нь цаг үеийн шаардлага юм шүү дээ. Жишээлбэл, хоёр талдаа ачаатай явах нь тээврийн зардлыг бууруулна. Гэтэл үүнийг зохицуулдаг механизм алга байна. Тэгэхээр аймгийн төв суурин газарт ачаа хадгалах логистикийн төв, терминалуудыг байгуулах боломжтой. Ингэснээр зэрэгцээ болон сөрөх тээврийн зардлыг бууруулж чадвал үнийн өсөлт, цаашлаад инфляцийг бууруулахын зэрэгцээ банкны хүүг бууруулах хөшүүрэг болох юм.
-Тэгвэл бүсчлэлийн оновчтой схемийг бий болгохын тулд одоо юуг нэн тэргүүнд хийх ёстой вэ. Хамгийн гол нь энэ схем бүхий л талын хоорондын уялдааг сайтар хангасан байх учиртай?
1990 оноос өмнөх 70 жилийн хугацаанд бүсчлэлийг хөгжүүлж чадахгүй байсан шалтгаан бол Монгол Улсын нутаг дэвсгэр оршиж байгаа сум, суурин газрыг жигд хөгжүүлэхээр зорьсон явдал юм. Ингэхдээ 330 сум, 21 аймаг, хот суурин газрууд цахилгаан эрчим хүчээр хангагдсан байх, суурин газруудад нийгмийн үйлчилгээний газруудыг жигд хүртээмжтэй байлгахаар тэмүүлсэн. Эцэстээ энэ бүхэн оновчгүйгээс гадна зах зээлийн зарчмын хувьд боломжгүй гэдгийг харуулсан. Тэгэхээр бусад улсын жишгээс үзэхэд өсөлтийн төвүүдийг бий болгож бизнесийн таатай орчныг бүрдүүлэх нь чухал. Өөрөөр хэлбэл, Ховд аймаг баруун бүсийн тулгуур төв хэмээн зарлахаас илүү тэнд бизнесийнхэн зах зээлийн зарчмаар өрсөлдөх, хөгжих, өргөжих боломжийг нь бүрдүүлэх логистикийн дэд бүтцэд анхаарах ёстой. Хэрэв энэ бүхнийг бүрдүүлж чадвал жинхэнэ утгаараа бүсчилсэн хөгжлийн суурийг бий болгож чадах юм.
Учир нь тухайн аймгийг тойрсон бусад сум, орон нутгийнхан тэднийг зорьж очихын сацуу дагаж хөгжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, тогтвортой урт хугацаанд илүү далайцтай хамтран ажиллах боломж бүрдэх юм. Энэ нь эргээд тухайн бүс нутгийг хөгжүүлэх хөшүүрэг. Тэр ч бүү хэл тухайн бүс нутагт зайлшгүй шаардлагатай зүйлсийг төрийн бодлогоор шийдвэрлэх шаардлагатай. Түүгээр ч зогсохгүй хөгжлийг өсөлтөөр тэтгэхийн тулд төрийн худалдан авалтаар дэмжих замаар тухайн бүс нутгийг хөгжүүлэх боломж бий.
-Өрсөлдөх чадварыг зөв талаас нь тодорхойлж харилцан хамааралтай, уялдаа холбоотой байдлаар хөгжих нь зөв жишиг юм байна. Гэхдээ манай улсад үүнийг хэрэгжүүлэхгүй байна л даа?
-Баруун бүсийн гурван аймаг нийлээд нэг бүс боллоо гэж үзвэл тэнд нэг цементийн үйлдвэр, нэг махны үйлдвэр ажиллах боломжтой. Учир нь баруун бүст таваарын солилцоо явж байж нөөц эдийн засаг эргэлтэд ордог. Үүнээс гадна өнөөгийн байдлаар орон нутагт эдийн засгийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах, гүйцэтгэлтэй нь уялдуулдаг субъект байдаггүй. Энэ нь манай улсын орон нутгийн хөгжихгүй байгаа нийтлэг байгаа дүр зураг.
Нөгөөтэйгүүр бүс бүрийн өөрийн онцлогт тохирсон эдийн засгийн бодлого боловсруулж, баримталж түүнийгээ хөрөнгө оруулалтын болон эдийн засгийн бодлогоор чиглүүлж удирдах аймгийн, бүсийн Эдийн засгийн хөгжлийн корпорацийг орон нутгийн өмчийн оролцоотой байгуулж, тухай бүс нутгийн ААН, хоршоод, малчид, ногоочдын оролцоог хангах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, нутаг орны онцлогт тулгуурласан худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл тэр ч бүү хэл ажлын байрны онцлог ялгаатай байдлыг харгалзсан бодлогоо хувийн хэвшил, иргэдийн оролцоотойгоор доороос дээшээ чиглэсэн төлөвлөлт хийж чадвал бүсчилсэн хөгжлийн бодлогын үр дүн гаргана гэдэгт итгэлтэй байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 23. МЯГМАР ГАРАГ. № 15 (7259)