Протокол: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг иргэдэд олгох төслийг дэмжив

2024-01-17
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр үдээс хойш 14:10 цагт гишүүдийн 52.8 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Өрийн удирдлагын тухай хуулийн төсөл, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив. Үргэлжлүүлэн “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төсөлд 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн хүүхдүүдэд "Эрдэнэс Тавантолгой" компанийн 1072 хувьцаа олгохоор тусгажээ. Мөн өмнө олгосон 1072 хувьцааг сургалтын төлбөрт зарцуулсан иргэд буцаагаад хувьцаагаа худалдан авах эрхийг нээх юм. Өөрөөр хэлбэл, иргэдийн 1072 хувьцааг энгийн хувьцаа руу шилжүүлэх юм. Ингэснээр иргэд 1072 хувьцаагаа өмчлөх, өвлөх, худалдан борлуулах эрхтэй болно. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны протоколыг хүргэе.

 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-УИХ-ын гишүүний хууль санаачлах бүрэн эрхийн хүрээнд иргэдээс худалдаж авсан 1072 хувьцааг буцаан олгуулах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн  бариад нэг жил гаруйн хугацаа өнгөрч байна. Үүнийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцээд 54 хонолоо.  Гэтэл яагаад УИХ-аар хэлэлцүүлж болохгүй байгаа юм бэ. Хэдхэн хоногийн өмнө өргөн барьсан зарим хууль тогтоомж, цахилгаан шатаар явж байна. Харин цөөнхийн бүлэг, түүнтэй ижил үзэл баримтлалтай хууль  тогтоолын төсөл өргөн барихаар УИХ-д гацаад байна. Тиймээс  сая гаруй иргэний 1072  хувьцааг буцаан олгох тухай асуудлыг хэлэлцэх хэрэгтэй. Юу нь болохгүй байгаа юм. Сөрөг хүчний гишүүн өргөн барихаар хэлэлцдэггүй, эрх  баригчдын засгийн газар өргөн барихаар нэн даруй  хэлэлцдэг байж болохгүй.  Хамтын шийдвэр гаргадаг, олонхынхоо гаргасан саналыг хэлэлцэж шийддэг парламентын засаглалын хэлбэрээр бид 30 гаруй жил явсан. Гэтэл юунаас айгаад байгаа юм. Иргэдийнхээ мэдээлэлгүй, хөрөнгө мөнгөний дутагдалтай байдлыг ашиглаж 2012, 2016 оны сонгуулийн өмнө  эрх барьж  байсан  улс төрийн хүчин  иргэдийнхээ хувьцааг сонгуульд өгөх зорилгоор хулгайлж авсан.  Энэ байдлаа засах хэрэгтэй. Ногдол ашгаа суутгаад бүх иргэнээ  өмч хөрөнгөтэй болгохыг хүсэж байна.

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Нийгмийн даатгалын багц хуультай хамтатгаад гурван жилийн турш тэмцэж батлуулсан  долоон жилийг таван жил болгож нөхөн бодох тухай хуулийн төслийг баталсан. Энэ нэгдүгээр сарын 1-нээс  хэрэгжиж эхэлсэн.  Гэвч харамсалтай  нь хэрэгжилт дээр Засгийн газар 163 дугаар тогтоолоор энэ хуулийг гууль болгосон шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл долоодугаар сарын 1-нд тэтгэвэр нэмэхдээ   итгэлцүүрийн хүрээнд нэмсэн. Ахмадуудын тэтгэвэр нэмэгдэж  ямар нэгэн асуудал  гараагүй. Гэтэл  долоон жилийг таван жил болгох хуульд  олон жилийн будилаантай асуудлыг   оруулж шийдвэрлэх маягаар асуудалд хандсан нь  зарим хүмүүсийн тэтгэврийг нэмэгдүүлэх боломжгүй болж буурсан. Яагаад тэтгэврйин хэмжээ буурсанг ойлгохгүй байгаа. Энэ мэтчилэн хэрэгжилт дээр будилуулсан  нөхцөл байдал харагдаж байна. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар Х.Булгантуяа сайдыг  тодорхой мэдээлэл хийх чиглэл  өгсөн. Үүний дагуу өнгөрсөн нэг дэх өдөр мэдээлэл хийсэн ч  энэ асуудлыг буруугаар тайлбарласан мэдэгдэл хийсэн.  Жишээлбэл, 2019 онд тэтгэвэрт гарсан хүнд 2020 оны арван хувь, 2022 оны 15 хувийн нэмэгдэл  огт  нэмэгдээгүй. Зөвхөн 2023 оны долдугаар сарын  нэмэгдэл  нэмэгдсэн.  Ер нь 2024 оны улсын төсвийг хэлэлцэж байх үед Сангийн сайд  “Б.Пүрэвдоржоо  чиний  санаачилсан хуулийн хүрээнд 140 тэрбум төгрөг 2024 оны төсөвт тусгагдах  нь ээ“ гэж  ярьж байсан. Гэвч харамсалтай нь 2024  оны төсөвт 20.6 тэрбум төгрөг болоод  ороод ирсэн. Энэ нь Засгийн газрын хэрэгжилт, тогтоол дээрээ Б.Пүрэвдоржийн хуулиар иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэхгүй байх гол зүйлийг хийжээ  гэж би харж байна. Тийм учраас энэ тал дээр тодорхой  арга хэмжээ авах талаар,  Засгийн газрын тогтоолыг зөв болгох асуудлыг шийдэх хэрэгтэй.  Гэтэл хэрэгжилт дээрээ будилуулж  зохиосон нэг программаар бүх хүний асуудлыг шийдэх боломжгүй. Хүмүүс харилцан адилгүй цалин авч тэтгэврээ тогтоолгож байгаа. Гэтэл нэг программаар  хүмүүсийг хохирооно гэдэг хариуцлагагүй зүйл. Тиймээс программыг зөв болгох тал дээр  ойрын үед дахиж ярилцаж энэ асуудлууд дээр тодорхой зөв шийдлүүдийг гаргана.

 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Жил гаруйн өмнө Уул уурхайн биржийн тухай хууль батлахад би ажлын хэсгийг ахалж Г.Тэмүүлэн, Б.Баттөмөр гишүүд ажлын хэсэгт оролцсон.  Энэ нь  зүгээр нэг хууль батлачихаагүй. Монгол Улсын төсөвт  1.8-2 их наяд  орчим төгрөгийн орлого оруулсан хууль юм. УИХ-ын  баталсан тогтоолд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэдэд ногдох 1072 хувьцааг  эргэлт оруулах, 2012  оноос хойш төрсөн хүүхдүүдэд хувьцааг  олгох, хувьцааг оногдох ногдол ашиг олгох хэрэгтэй гэж заасан. Мөн энэ талаар  Засгийн газар тодорхой бодлого гаргаж УИХ-д  танилцуулах тогтоолын төсөл батлагдсан юм. Үүнээс хойш жил гаруйн хугацаа өнгөрлөө.  Цагаан сараар иргэд энэ тогтоолын хэрэгжилтийн дагуу  ногдол ашиг тараах юм байна гэсэн асуудал яригдсан. Ахиад жил болоод цагаан сар болох гэж  байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаатай холбоотой асуудал гарсан. Үүн дээр  1072 хувьцааг эргэлтэд оруулах асуудал яригдсан ч ногдол ашиг олгох нь орхигджээ. Би Байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн.  УИХ-ын чуулган завсарлах гэж байна. Иргэдэд  ногдол ашиг олгох асуудал мөн яригдаж байгаа. Сая нүүрсний сонсгол болсон. Шат шатандаа хулгай дээрмийн асуудал үүрлэсэн.  Энэ талаар иргэд ч мэдэж байгаа. Тиймээс УИХ-ын чуулган завсарлахаас өмнө тодорхой шийдвэр гаргаж уг тогтоолын хэрэгжилт,  өөрөөр хэлбэл Засгийн газраас  ногдол ашиг олгох  тал дээр шийдвэр хэрэгтэйг УИХ-д даргад уламжилж байна.

Хоёрдугаарт,  Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуультай холбоотой асуудал.  Орон нутгаар ажиллахад иргэд газартай холбоотой асуудал дээр их эмзэг байна. Тэр тусмаа  газар  тариалангийн нутаг  болсон Булган аймгийн тариаланчдын хувьд маш хүндээр хүлээж авч байгаа.

 Бид тариаланчдаа 15 жилээр сунгаж байгаа. Тэгсэн мөртлөө гадаадынханд 60, 40 жил  гэсэн урт хугацаа өгсөн. Өнгөрсөн хавар хүртэл энэ асуудалтай холбоотой буруу ойлголт авч би энэ хуулийн төслийг өргөн барьсан биш  гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуультай  хольж  нэлээд дайралтууд орж ирсэн. Би  адилхан болгох хэрэгтэй гэдгийг хэлж байсан. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг дэмжиж байгаа. Дэмжих ёстой. Монгол Улс ч биш дэлхий нийтээрээ  бие биедээ хөрөнгө оруулж хөгжиж байгаа. Тиймээс хөрөнгө оруулалт гэдэг нь аливаа зүйлийг бүтээн байгуулж, хөгжүүлж, өргөжүүлдэг. Гагцхүү газар дээр тодорхой арга хэмжээ авах тал дээр анхаарах хэрэгтэй юм байна гэдгийг УИХ-ын дарга, гишүүдэд уламжилж байна.

 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Өнгөрсөн  долоо хоногт АН-ын бүлгээс Хөрөнгө оруулалтын тухай хуульд гурван хоногийн завсарлага авсан. Завсарлагын хугацаа өнөөдөр дуусаж байгаа. АН-ын бүлэг хэлэлцээд байр сууриа нэгтгэсэн. Ер нь Монгол Улс хөгжье гэвэл гадаад, дотоодгүй хөрөнгө оруулалт  чухал. Дэлхий нийтийн хөрөнгө оруулалтын түүх ч ийм байдаг. Тэр тусмаа гадаад хөрөнгө оруулалт өрийг нэмэгдүүлэхгүйгээр  Монгол Улсад хөрөнгө оруулалт, валют орж ирэх, иргээд  экспортын бүтээгдэхүүн гаргах олон давуу талтай чухал хууль. Цаг хугацааны хувьд хоцорч  орж ирж байгаа хууль юм.  Гэтэл одоогийн нөхцөл байдал дээр энэ  хуульд  хариуцлагагүй олон зүйл, заалт орж ирж байна. Жишээлбэл,  хөрөнгө оруулалтын 100 мянган ам.долларын босго, гадаадын төрийн өмчит аж, ахуйн нэгж Монгол Улсад хөрөнгө оруулах босгын асуудал байна. Гадаадын төрийн өмчит аж, ахуй нэгжүүдийн оролцооны асуудал дээр хэмжээ, хязгааргүй болж байгаа нь эргэж харах, ярилцах  ёстой зүйл юм. Хөрөнгө оруулалтын чухал асуудал явсаар хоёр хүний хоорондын хэрүүлийн асуудал болж байгаа  нь харамсалтай. Тиймээс  УИХ-ын танхимд энэ асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх хэрэгтэй. Хууль санаачлагч Засгийн газар энэ хуулиа яаралтай горимоор эргүүлэн татаж, иргэдийн  дүргүйцэж байгаа  бодлогын олон зүйлүүдийг засаж залруулан, яаралтай өргөн барьж хэлэлцэн батлах шаардлагатай.

 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Хөрөнгө оруулалтын тухай хууль хоёр хүний хэрүүл болж таарахгүй. О.Цогтгэрэл гишүүний хэлсэн зөв. Х.Баттулга, Ч.Хүрэлбаатар сайд нийгмийг талцуулахаа больсон нь дээр. Хэдэн троллоороо гишүүдийг шантаачилж байгаад хууль батлуулна, зогсооно гэж байхгүй. Нэг талаас цэцэд өгөөд хэлэлцүүллээ гээд байдаг. Нөгөө талаасаа зургаан сар барилаа гэдэг. Бид эрүүл саруулаар хандаж улс орны эрх ашгийг, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж асуудалд хандана гэдгийг хатуу анхааруулъя.

 

УИХ-ын гишүүн Э.Батшугар:

 -Ногдол ашиг тараах нь зөв. Гэхдээ одоо хуримтлагдсан ашгаа ингээд нэг удаа 100 хувь тараачих нь зөв юм уу гэдэг дээр бодох ёстой. Хувьцааны төрлийг өөрчилж, байнгын ногдол ашиг, өгөөж өгдөг хэлбэрт шилжих ёстой юм. Ялангуяа миний яриад байгаа “Алтан хувьцаа” буюу давуу эрхийн хувьцаа руу шилжүүлвэл татварын дараах цэвэр ашгаас 20-30 хувийг байнгын ногдол ашиг өгдөг болно. Ийм зохицуулалт руу орж байж бид өгөөжийг нь хүртэнэ. Байгалийн баялгийг хэн нэгэн бүтээгээгүй, монголчууд өгөөжийг нь тэгш хүртэх хэрэгтэй. Мөн уурхайн нөөц дуусвал дараа нь яах вэ. Баялгийн сангаараа дамжуулаад зөв менежментээр орлогоо үржүүлж өгөөжийг нь ирээдүй хойч үедээ үлдээдэг механизм руу орох хэрэгтэй байна. Оюутолгой, Эрдэнэс Тавантолгой, Асгат гээд томоохон ордуудаа бид өнөөдөр идээд дуусгаж болохгүй шүү дээ. Тиймээс Эрдэнэс Тавантолгойн өгөөжийг байнгын болгохын тулд олон улсад IPO гаргаж, ямар хөрөнгөтэй байгаагаа зөв үнэлүүлэх хэрэгтэй байна. Зөвхөн 1072 гэсэн тоо ярих биш нэгж хувьцааны үнэлгээг яаж өсгөх вэ гэсэн менежмент хэрэгтэй байна.

 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Би хувь хүнийхээ хувьд их өөдрөг гишүүн. Сүүлийн үед сонгууль дөхсөн хэний  луйвар хуйвалдаан орж ирэх гэж  байгаа бол, иргэдийг хэрхэн хулхидах гэж байгаа бол гэж харддаг болсон. Яагаад гэхээр хууль  орж ирэхдээ дэлхий дээр байгаа хамгийн сайхан жишиг, туршлагыг бичиж орж ирж байгаа. Хэрэгжүүлэхдээ хулгай, луйвар, хуйвалдаан болж орж ирж байгаа. УИХ-ын танхимд байгаа хүмүүс иргэддээ хувьцааг өгье гэж бодож байгаа. Гэтэл замаас дахин хуваарилах нэрээр дураараа  зүйлүүд хийж байна.  Уг нь иргэдэд 1072 хувьцааны хууль ёсны эзэн мөн гэдгийг хэлсэн.  Гэтэл иргэдээс асуухгүй утаагүй түлш гээд нэг их наяд,  мухар төмөр зам гээд  хичнээн их наяд  зарцуулж байна. Иргэд төрийн байгууллага, УИХ-ын гишүүдэд итгэхээ больсон. Сая нүүрсний сонсголоор төрийн байгуулагын  бичиг баримтыг хэрхэн устгадыг,  төрийн байгууллагатай хувилдаж байгаад хэдэн их наядаар хулгайлдаг тухай сонссон.

2014 онд АН олон удаа хэлэлцсэний  дараа Гашуунсухайт, Ханги боомтын олон улсын стандартын нарийн царигтай төмөр замаар батлаад өгсөн. Гэтэл 2020 оны сонгуулийн өмнө МАН олонхоор нарийн царигийг унагасан. Тухайн үедээ зөв шийдвэр гаргасан бол их боломжийг алдахгүй байсан.

Бид компани эсвэл төрийн байгууллага уу гэдгийг салгаж ойлгох хэрэгтэй. Компани бол олон улсын жишгээр ажилуулах ёстой юм."Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааг албан ёсоор баталгаажуулж, иргэдэд хянах боломжийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Гэтэл өнгөрсөн хугацаанд хэдэн дарга ТУЗ-ийн гишүүд нь хагартлаа баяжлаа.Тиймээс иргэддээ хувьцаанаас ахиухан олгох хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 11 (7255)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

2024-11-22
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

2024-11-22
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

2024-11-22
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

2024-11-22
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

2024-11-22
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

2024-11-22
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

2024-11-22
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

2024-11-22
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

2024-11-22
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

2024-11-22