2023 он: Дэлхийд болсон онцлох 10 үйл явдал

2023-12-21
Нийтэлсэн: Админ
 16 мин унших

2023 онд Дэлхийд болсон онцлох үйл явдлуудыг хамтран нэрлэж байна.

1. Турк, Сирид газар хөдлөлт болов

Туркийн 10 гаруй хот, Сирийн хойд хэсгийг хамарсан 7,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт хоёрдугаар сарын 6-ны өдөр болсон нь энэ оны томоохон харамсалтай үйл явдлын нэг болсон юм. Гурван удаагийн давтамжтай болсон уг газар хөдлөлтийн улмаас 59 мянган хүн амиа алдаж, 100 мянган хүн гэмтэж бэртсэн. Сүүлийн 60 жилд тохиогоогүй гамшиг дагуулсан энэхүү газар хөдлөлтийн улмаас 1.5 сая хүн орон гэргүй болж үлджээ. НҮБ болон бусад Олон улсын байгууллагууд,  дэлхийн улс орнууд хоол хүнс, аврах хэрэглэл, эм тариа болон мөнгөн тусламжийг Турк, Сирид илгээн, хүн төрөлхтний эв нэгдлийн гал бөхөөгүй болохыг батлан харуулсаар байлаа. Монгол Улсын хувьд  35 хүний бүрэлдэхүүнтэй аврах багаа Турк улсад илгээснээс гадна хүнс, шаардлагатай хэрэгцээт бараа бүтээгдэхүүн ч хандивлаж байсан. Газар хөдлөлтийн дараа БНТУ-ын ард иргэдийн зүгээс барилгын чанар, аюулгүй байдал, стандартад анхаарах талаар хүчтэй шүүмжлэлийг Засгийн газарт хаяглах болсон. Тус улсын хувьд 1999 онд болсон Измитийн газар хөдлөлтийн дараа барилга байгууламжийг газар хөдлөлтөд илүү тэсвэртэй болгохын тулд барилгын шинэ дүрмийг баталжээ. Мөн сөрөг хүчин болон иргэдийн олонх нь аврах ажиллагааг хэтэрхий удаашралтай явуулж, олон хүн аврах боломжийг алдсан хэмээн үзэж байсан. Гамшигт өртсөн бүс нутгийн хувьд цаг агаар хүйтэн, зайрмагтсан байдалтай, бороо цас холилдож орсоор байсан нь аврах ажиллагаа явуулахад хүндрэл учруулж байв. Хамгийн сүүлд буюу газар хөдлөлтөөс ес хоногийн дараа нуранги дотроос гурван эмэгтэй, дөрвөн хүүхдийг амьд мэнд олж чадсан билээ.

 

2. III Чарльз хааны титэм зүүх ёслол боллоо

Их Британийн хаан III Чарльз болон түүний хатан Камилла нарыг ширээнд нь залж, титэм зүүх ёслол тавдугаар сарын 6-ны өдөр болсон нь дэлхий дахины оны онцлох үйл явдлын нэг байв. Өнгөрсөн есдүгээр сард Хатан хаан II Элизабет таалал төгсч, түүний хүү Уэльсийн хунтайж Чарльз Их Британиас гадна, Канад, Австрали, Шинэ Зеланд зэрэг улс орнуудын төрийн тэргүүн болсон юм. Өдгөө 74 настай III Чарльз хамгийн өндөр настайдаа хаан ширээнд заларсан эрхэм дээдэс болжээ. Тэрээр гэгээн Эдвардын титмийг албан ёсоор тэргүүндээ залсан бөгөөд 1661 онд II Чарльз хаанд зориулан бүтээж байсан цэвэр алтаар хийсэн, үнэт чулуун шигтгээтэй дахин давтагдашгүй энэхүү титмийг түүний ээж 1953 онд 25 настайдаа өвлөж байсан түүхтэй. Харин хааны гэргий Камилла хатан Хатан хаан Маригийн титмийг анх удаа тэргүүндээ залж буй эрхэм дээдэс болж түүхэнд үлдэв. Дэлхий нийтээр хоног тоолон хүлээсэн энэхүү хүндтэй ёслол өглөөний 6:00 цагт хаан, хатан хоёр 1661 онд бүтээсэн алтадмал сүйх тэргэнд суун 1.6 км орчим замаар явж ард түмэндээ хүндэтгэл үзүүлснээр эхэлсэн. Их Британийн хааны ордны бүхий л  түүхэн үйл ажиллагааг Вэстминстер сүм (Westminster Abbey)-д ёсолдог уламжлал тэртээ 1100 оноос эхтэй. Энэхүү хүндтэй сүмд III Чарьлз хаанаас гадна Их Британийн 39 хаад, эрхэм дээдэс титэм зүүх ёслолоо хийсэн байдаг.  Хамгийн олон жил төрийн эрх барьсан төрийн тэргүүнээр түүхэнд үлдсэн Хатан хаан II Элизабетийг ширээнд нь залах ёслолд 8000 орчим зочид оролцсон байдаг. Тэгвэл III Чарльзын хаан ширээнд суух ёслол харьцангуй даруухан буюу 2000 орчим зочид албан ёсоор уригдсан. Энэхүү арга хэмжээнд гадаадын 100 орчим удирдагчид, Их Британийн нэр хүндтэй улстөрчид, Хамтын нөхөрлөлийн орнуудын тэргүүнүүд, олон улсын сүм хийд, зэвсэгт хүчний төлөөлөгчид, Нобелийн шагналтнууд, олон нийт, буяны байгууллагын ажилтнууд оролцов. Манай улсаас Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргийн хамт, мөн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар оролцсон юм.  Их Британийн хаан III Чарльзын хаан ширээнд залах ёслолыг 20 сая хүн телевизээр үзсэн нь 2022 оны есдүгээр сард Хатан хаан II Элизабетийн оршуулах ёслолын шууд дамжуулалтаас есөн сая хүнээр бага байжээ. Вестминстерийн сүмд болсон ёслолыг BBC телевизийн сувгаар 15.5 сая хүн, ITV телевизээр 3.6 сая хүн, Sky News сувгаар 800 мянган британичууд үзсэн гэж тэмдэглэжээ.

 

3. БНХАУ-ын дарга Ши Жиньпин  гурав дахь удаагаа сонгогдов

БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага буюу Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын  анхдугаар чуулганы төлөөлөгчид 2023 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Ши Жиньпинийг БНХАУ-ын дарга болон Цэргийн төв зөвлөлийн даргаар санал нэгтэй сонгосон. Ши Жиньпин Бээжин хотын Ардын их танхимд Үндсэн хуульд үнэнч байхаа олон нийтийн өмнө гурав дахь удаагаа ийнхүү тангарагласан.  Мөн 14 дэх удаагийн сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны даргаар Жао Лэжи, БНХАУ-ын дэд даргаар Хань Жэн нар сонгогдсон юм.  Энэ жил 70 нас хүрсэн Ши Жиньпин 2012 оны арваннэгдүгээр сард ХКН-ын төв хороо, Цэргийн зөвлөлийн даргаар ажиллаж, 2013 оны гуравдугаар сард БНХАУ-ын төрийн тэргүүн, Цэргийн төв зөвлөлийн даргын албыг хашиж эхэлсэн түүхтэй.

Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Бүс ба зам” чуулганы 15 жилийн ойгоор, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзсан нь Орос-Украйны зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойшхи анхны уулзалт болсон.  Энэ үеэр талууд  ирэх онд болох Хятад, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн талаар санал солилцсон. Мөн Ши Жиньпин хамтран  дэлхийн хамтын хөгжлийн төлөө хувь нэмрээ оруулахад Хятад улс бэлэн байна гэдэг байр суурийг илэрхийлсэн юм.

Түүнчлэн БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин зургаан жилийн дараа АНУ-д айлчилсан нь өнгөрсөн оны нэгэн онцлох үйл явдал байв.  Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай Сан Францискод уулзаж, дараа нь Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа (АПЕК)-ийн жил тутмын дээд хэмжээний уулзалтад оролцсон.  Түүний Байдентай хийсэн дээд хэмжээний уулзалт нь АНУ, Хятадын удирдагчдын сүүлийн нэг жилийн хугацаанд болж буй анхны нүүр тулсан уулзалт бөгөөд хоёр орны харилцааг сайжруулах боломж байв.

 

4. Финланд улс НАТО-гийн гишүүн болж, Швед хүлээлттэй үлдэв

Финланд улс албан ёсоор Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО-гийн 31 дэх гишүүн орон боллоо. Финландыг НАТО-д элсүүлэх ёслолын ажиллагаа 2023 оны дөрөвдүгээр сарын 4-нд  Брюссель дэх НАТО-гийн төв байранд болсон юм. Тус ажиллагаанд Финландын Ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд нараас гадна АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен оролцсон юм. Владимир Путины Украинд эхлүүлсэн дайн Финланд улсыг НАТО-д элсэх гол шалтгаан болсон гэдгийг Энтони Блинкен энэ үеэр онцолсон байдаг.

Энэ түүхэн үйл явдал Финланд улсыг “Аюулгүй” харин НАТО-г “Хүчирхэг” болгож байна гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгдсэн байдаг.  Мөн Финланд улс Шведийг НАТО-д элсүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргах болно гэдгийг Финландын Ерөнхийлөгч Саули Ниинистё ёслолын ажиллагааны үеэр мэдэгдсэн байдаг.  Шведын гишүүнчлэлгүйгээр Финландын гишүүнчлэл бүрэн бүтэн байж чадахгүй гэдгийг мэдэгдэлдээ дурдлаа. Швед улс мөн төвийг сахисан байр сууриасаа татгалзаж өнгөрсөн оны тавдугаар сард Финланд улстай нэгэн зэрэг НАТО-д элсэх өргөдлөө өгсөн юм. 

Финланд улс  НАТО-гийн албан ёсны гишүүн болсон явдлыг ОХУ хурцаар шүүмжилж байв. НАТО-г тэлсэн нь Оросын аюулгүй байдал, үндэсний ашиг сонирхолд халдаж, нөхцөл байдлыг улам хурцатгаж байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн дарга Дмитрий Песков мэдэгдлээ.  Тэрбээр ОХУ аюулгүй байдлаа хангахын тулд тактикийн болон стратегийн хариу арга хэмжээ авах болно гэдгийг анхааруулсан байна.

Финланд улс НАТО-гийн 31 дэх гишүүнээр элссэн бол Швед улс НАТО-гийн гишүүн болохоор хүлээж байна. Мөн Хорват улсыг Европын холбооны гишүүнээр батламжлав.

 

5. Банкууд дампуурав

2023 он дэлхий дахинд банк санхүүгийн салбарт хэд хэдэн томоохон дампууралтай нүүр тулсан жил байлаа. АНУ-ын хоёр том банк, Silicon Valley банк болон First Republic bank 2023 онд дампуурсан нь тус улсын санхүүгийн түүхэнд томоохон үйл явдал болсон юм. Мөн Швейцарын Credit Suisse банк энэ оны гуравдугаар сард дампуурлаа зарлав.

Silicon Valley банкийг дампуурахад нөлөөлсөн хэд хэдэн хүчин зүйлийг судлаачид дүгнэн гаргасан. Тухайлбал, үйлчлүүлэгчид олноор хадгаламжаа нэгэн зэрэг татсанаас гадна банкны бүтээгдэхүүний хувьд төрөлжүүлэлт дутмаг, сонгодог банкны үйл ажиллагаанд суурилсан байсан, мөн хадгаламж эзэмшигчдийн ихэнх нь гарааны компаниуд байсан нь гол шалтгаан болсон хэмээн дүгнэжээ. Мөн цар тахлын дараах эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл багагүй хувь нэмэр оруулсан байна. Мөн АНУ даяар 2022 онд инфляцитай тэмцэхийн тулд бодлогын хүүгээ өсгөхөд Silicon Valley банкны бондын багц буурч эхэлсэн байна. Хэрэв Silicon Valley банк эдгээр бондыг дуусгавар болох хүртэл нь эзэмшиж байсан бол өөрийн хөрөнгөө эргүүлэн авах боломжтой байсан тухай шинжээчид дүгнэжээ.

Харин дампуурлаа тавдугаар сарын эхний долоо хоногт зарласан The First Republic банкны хувьд оны эхэнд хувьцаа нь 98 хувиар унасан нь дампуурлын гол шатгаан болжээ. АНУ-д нэр хүндтэйд тооцогдох тус банкны нэгж хувьцаа 147 ам.доллар байснаа 3.50 ам.доллар болтлоо буурсан байна.

Найдвартай банкны системтэйгээрээ дэлхийд гайхагддаг Швейцарийн Credit Suisse банк дампуурлаа зарлах болсон нь санхүүгийн салбарын хувьд томоохон цочрол өгсөн мэдээлэл байсан нь гарцаагүй.

Сүүлийн жилүүдэд хэд хэдэн дуулиан дэгдээж байсан Credit Suisse-ийн хувьцааны үнэ гуравдугаар сарын 15-нд Швейцарийн хөрөнгийн бирж дээр унасан. Мөн Саудын Арабын Үндэсний банкны тэргүүн гол хувьцаа эзэмшигчийн хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй гэж мэдэгдсэн нь гал дээр тос нэмж, хувьцаа 30 хувиар унаж, түүхэн доод түвшинд хэмжээндээ хүрсэн байна.


6. Уур амьсгалын асуудлаар Дубайд чууллаа

28 дахь удаагийн уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын бага хурал COP-28  Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Дубай хотноо боллоо. Уур амьсгалын асуудлаарх дэлхийн хамгийн том чуулганд 140 гаруй орны төрийн тэргүүн, удирдагч нар болон улс төр, бизнесийн нөлөө бүхий эрхмүүд уригдсан бөгөөд манай улсаас Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид оролцов. НҮБ-ын бага чуулганыг нээж хэлсэн үгэндээ Ерөнхий Нарийн бичгийн дарга Антонио Гутерриш “Энэ удаагийн чуулган бол ирээдүйг аврах итгэл найдвар байх ёстой” хэмээн онцоллоо. Тэрбээр улс орны тэргүүнүүдэд хандан бидэнд манлайлал, хамтын ажиллагаа, улс төрийн хүсэл зориг хэрэгтэй байна. Мөн цаг уурын нөхцөл байдал биднээс шударга ёсыг шаардаж байгааг та бид харж байна" гэв. 

Энэ удаагийн чуулганд оролцсон улс орны удирдагч нар үр дүнд чухалчилсан, хамгийн гол асуудал болох санхүүгийн бэрхшээлийг шийдэхэд түлхүү анхаарч байлаа.

2015 онд улс орнууд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтыг батлан гаргаж байсны зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой үр дүнд хүрэхээ баталгаажуулсан байдаг. Энэхүү Парисын хэлэлцээрийн дагуу 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг гурав дахин нэмэгдүүлнэ гэсэн амлалт бий. COP-28-д оролцсон зарим орны төрийн тэргүүнүүд чуулганы хоёр дахь өдөр цөмийн эрчим хүчийг дэмжсэн томоохон тунхаглалд гарын үсэг зурлаа. Атомын цахилгаан станцтай Их Британи, Унгар, Канад, Нидерланд, АНЭУ, Польш, АНУ, Украин, Финланд, Франц, Швед, Өмнөд Солонгос, Япон зэрэг 22 улсын удирдагчид дээрх тунхаглалд нэгдсэн.  Улс орны удирдагчид “Triple Nuclear Energy” тунхаглалд гарын үсэг зурснаар 2050 он гэхэд цөмийн эрчим хүчний хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэх зорилтод нэгдэж буй юм. Улс орны удирдлагуудаас гадна газрын тосны салбарын “акул”-ууд энэ чуулганд томоохон үүрэгтэй оролцлоо. Арабын ертөнц, газрын тосны салбарыг салгаж ойлгох боломжгүйг баталж, АНЭУ-д зохион байгуулагдсан COP-28-ын томоохон зорилт болсон дэлхийн дулаарлын эсрэг газрын тосны компаниуд хамтрахаа амлалаа. Саудын Арабын “Aramco” зэрэг газрын тос, байгалийн хийн 50 компани 2050 он гэхэд дэлхийн дулаарлын гол шалтгаан болсон хүлэмжийн хийг нэмж ялгаруулахаа зогсоохоо амлав.

 

7. “Вагнер” дайралтаа зогсоож Е.Пригожин амиа алдав

“Вагнер” хувийн цэргийн байгууллага ОХУ руу эсэргүүцлийн дайралт хийсэн нь энэ оны томоохон үйл явдал байлаа. ОХУ-ын ерөнхийлөгчийн ойрын хүн, “Путины тогооч” хэмээн нэрлэгддэг байсан Евгений Пригожиноор удирдуулсан тус цэргийн бааз зургадугаар сарын 23-нд ОХУ-ын Зэвсэгт хүчний цэргүүд рүү гал нээж, "Шударга ёсны жагсаал" бослогод уриалсан юм. Тэд Дон дахь Ростов хотын төв болон цэргийн байгууллагуудыг хяналтандаа авч нийслэл Москва хот руу хөдлөхөөр төлөвлөөд байсан. Гэвч тухайн өдрийнхөө орой ОХУ-ын ойрын түнш Беларуссын Ерөнхийлөгч А.Лукашенкотой хэлэлцээ хийж дээрх төлөвлөгөөгөө зогсоосноо зарлаж байлаа.

“Вагнер” хувийн цэргийн баазын тэргүүн Евгений Пригожины үүсгэн байгуулж байсан "Конкорд" компани нь ОХУ-ын төрийн өндөр албан тушаалтнуудыг хүнсээр хангах үйл ажиллагаа эрхэлдэг байсан тул хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг "Путины тогооч" хэмээн нэрлэдэг байжээ. Нөхцөл байдал харьцангуй намжмал хэсэг хугацаа өнгөрсөн ч үйл явдлаас хоёрхон сарын дараа буюу наймдугаар сарын 23-ны өдөр Евгений Пригожин онгоцны ослоор амиа алдсан юм. Түүний үхлийг цаг зуурынх байсан уу, эсвэл захиалгат уу гэдэг нь таамаг хэвээр үлдсэн ч Кремлийн зүгээс ямар нэг холбоогүй гэдгээ мэдэгдсэн билээ.

 

8. Израил Хамасын мөргөлдөөн эхэллээ

Олон жил үргэлжилсэн Палестиний Хамас бүлэглэл болон Израилын зөрчил хурцдаж Газын зурваст дайны хар утаа эхэллээ.  Аравдугаар сарын 7 буюу бямба гарагт Хамас бүлэглэл Израилын хойд хэсгээр дайралт хийснээр Газын зурвас дахь гал эхэлсэн. Гал эхэлсэн өдөр ойролцоогоор 3000 орчим  пуужин харваснаас Израилын газар нутаг болон оршин суугаа энгийн иргэдийн бүсэд дайралт нэвтэрсэн. Энэхүү мөргөлдөөний улмаас хохирч, амь насаа алдаж байгаа хүмүүсийн олонх нь гэмгүй иргэд, хүүхэд,  эмэгтэйчүүд голдуу байгаа юм. Зөвхөн аравдугаар сарын 11-ний өдрийн байдлаар 1200 гаруй энгийн иргэд амиа алдаж, 4000 хүн хүнд, хөнгөн байдлаар шархдаж, гэмтсэн, 6000 гаруй пуужингаар бөмбөгдсөн гэсэн тоон статистик байна. Хоёр тал гал зогсоох оролдлогыг хэд хэдэн удаа эхлүүлж, энх тайвны коридороор гэмгүй иргэдийг нэвтрүүлэх тохиролцоо хийж байгаа ч олон жил болсон энэ зөрчил чухам хэзээ эцэс болох нь тодорхойгүй хэвээр байна. “Хамас” бүлэглэл нь 1987 онд байгуулагдсан гэж үздэг бөгөөд Палестины засаг захиргаанаас ялгаатай нь Израиль улсын тусгаар тогтнолыг үгүйсгэсээр ирсэн. Олон улсын судлаачид дэлхий дахинд тодорхойгүй нөхцөл байдал нэмэгдэж, олон улсын харилцаа, геополитикийн орчин ноцтой доройтсоор байгаагийн тод илрэл Израил-Хамасын мөргөлдөөн болж байна хэмээн дүгнэж байна.

 

9. Энэтхэг хамгийн олон хүн амтай улс болов

БНЭУ-ын хүн ам өнгөрсөн дөрөвдүгээр сард нэг тэрбум 425 саяд хүрч, БНХАУ-ыг гүйцсэнээр дэлхийн хамгийн олон хүн амтай улс болов. Пью судалгааны төвийн мэдээлснээр, 1950 оноос НҮБ хүн амын мэдээллийг цуглуулж эхэлснээс хойш Энэтхэгийн хүн ам нэг тэрбум гаруй хүнээр өссөн байна. Өнгөрсөн онд Хятадад хүн амын тоо 1960 оноос хойш анх удаа цөөрсөн учир дэлхийн хамгийн олон хүн амтай улсын хоёрдугаарт бичигдэж эхэлсэн нь энэ. Бээжин 1980-аад онд хүн амын хэт өсөлтөөс болгоомжилж байсан "нэг хүүхдийн бодлого"-оо 2016 онд зогсоож, 2021 оноос хосууд гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрөх болсон. Төрөлтийн түвшин буурч, ажиллах хүч нь хөгширч байгаа энэ үед Хятад улс хүн амын томоохон уналттай нүүр тулж байна.

НҮБ-ын мэдээллээр 2023 оны дунд үе гэхэд дэлхийн хүн ам 8.045 тэрбумд хүрнэ. Мөн сүүлийн жилүүдэд Африкт мөн хүн ам өсөх хандлага ажиглагдаж байна. Дэлхийн хоёр дахь том тивийн хүн ам 2100 он гэхэд 1.4 тэрбумаас 3.9 тэрбум болж өснө гэсэн тооцоо бий. Мөн Японд мөн хүн ам нь хөгшрөлтөөс болж буурч, 2011-2021 оны хооронд гурван сая гаруйгаар цөөрчээ.

Дээрх статистикээс харахад манай гарагийн хүн ам 2090 оны үед 10.4 тэрбумд хүрэх бөгөөд энэ үеэс хүн амын тоо буурах төлөвтэй хэмээн НҮБ-аас таамаглаж байна. НҮБ-ын үзэж байгаагаар хүн амын ирээдүйн өсөлт нь ирээдүйн төрөлтийн магадлалаас ихээхэн хамаардаг. Дэлхийн хүн амын хэтийн төлвийн талаарх 2022 оны судалгаагаар 2021 онд нэг эмэгтэйд 2.3 хүүхэд ногдож байсан бол 2050 онд 2.1 болох аж.

 

10. Хиймэл оюун ухааны анхны томоохон чуулга уулзалт боллоо

Их Британи улс Хиймэл оюун ухааны хөгжил, аюулгүй байдлын талаарх анхны чуулга уулзалтыг зохион байгууллаа. Хиймэл оюун ухаан хурдацтай хөгжихийн хэрээр боломж, эрсдэлүүд нэмэгдсээр байгаад санаа зовниж, хиймэл оюун ухааныг хамгаалах чиглэлээр тэргүүлэгч улс орнууд, технологийн компаниуд, судлаачид, иргэний нийгмийн бүлгүүдийг цугларч анх удаа томоохон чуулганыг зохион байгуулсан юм. Их Британи улс энэхүү чуулганы анхны зохион байгуулагч улс болов.

Дэлхийн хэмжээнд хиймэл оюун ухааныг аюулгүй, хариуцлагатай хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахын тулд зохион байгуулсан дэлхийн анхны хиймэл оюун ухааны аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтад Африк, Ойрхи Дорнод, Ази болон Европын холбооны нийт 28 улс орны төлөөлөгчид оролцлоо. Тэд хиймэл оюун ухааны аюулгүй байдлын тухай Блетчлийн тунхаглалыг баталсан юм. Мөн  дэлхийн хэмжээнд энэ шинэ чиглэлд хамтран ажиллах, учирч болзошгүй эрсдэлийг ойлгож, хамтдаа удирдах зайлшгүй шаардлагатайг хүлээн зөвшөөрсөн байна. Өөрөөр хэлбэл, оюун ухааныг дэлхий нийтийн ашиг тусын тулд аюулгүй, хариуцлагатай байдлаар хөгжүүлж, ашиглахыг баталгаажуулсан юм. Ялангуяа хиймэл оюун ухааны асар хурдацтай хөгжлийн явцад үндэсний аюулгүй байдал, нийгэмд нөлөөлж болохуйц олон туршилт, эрсдлүүдэд анхаарал хандуулах, хамтран ажиллах шаардлагатайг хүлээн зөвшөөрөв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 21. ПҮРЭВ ГАРАГ. № 254 (7239)

 

Н.Хангайцэцэг: Дахин ашиглахгүй бол Монгол Улс усны хангамжаа нийлүүлж чадахгүйд хүрнэ

Энэ удаагийн “Start up” буландаа бохир усыг цэвэршүүлэн дахин ашиглах төслийг хэрэгжүүлж буй “Түмэн амгалан ордон” ХХК-ийн Төслийн менежер Н.Хангайцэцэгтэй ярилцлаа.

2 цаг 43 мин
“Трафигура” групп 500 сая доллараа Монгол Улсаас хайж байна

Ийм мэдээллийн гаднын томоохон мэдээллийг агентлагууд, тухайлбал “Ройтерс” цацсан байна.

2 цаг 43 мин
“Цөмийн энергийн тухай хуулийг парламент ногоон гэрлээр баталж өглөө шүү”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.

2 цаг 43 мин
Хөтөлбөрөө нээж, туршлагаа хуваалцсан “IFPIM”-ын зургаа

“Зууны мэдээ” сонин, NTV телевиз, itoim.mn, ublife.mn, lemonpress.mn, graph.mn...

2 цаг 43 мин
Б.Пүрэвдорж: Өсөн нэмэгдэх АМНАТ 19 хувь боллоо

Б.Пүрэвдорж: Өсөн нэмэгдэх АМНАТ 19 хувь боллоо

17 цаг 0 мин
Энэ сарын 26-нд бүх нийтээр амарна

Энэ сарын 26-нд бүх нийтээр амарна

17 цаг 5 мин
Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа нь үнэн

Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа нь үнэн

17 цаг 7 мин
УИХ:Үндсэн хуулиа дээдлэн залах тогтоолыг баталлаа

УИХ:Үндсэн хуулиа дээдлэн залах тогтоолыг баталлаа

17 цаг 12 мин
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй

"Ачит Ихт" компанийн хувьцаа эзэмшигч Пунцагийн Цагаантай сонгуулийн эргэн тойронд болж өнгөрсөн явдлаар ярилцлаа.

19 цаг 47 мин
Гоо үзэсгэлэнгийн тайзнаа өрсөлдсөн монгол охид

Дэлхийн хамгийн нэр хүндтэй миссийн дөрвөн тэмцээний гурав нь энэ

Өчигдөр 06 цаг 00 мин