МУИС-ийн профессор Л.Мөнх-Эрдэнэ 2021, 2023 онд The Taiji Government and the Rise of the Warrior State, The Nomadic Leviathan: A Critique of the Sinocentric Paradigmгэсэн хоёр монограф хэвлүүлжээ. Уг хоёр номыг Брилл хэвлэлийн газраас хэвлэжээ.
Л.Мөнх-Эрдэнэ нь 2004 онд Япон улсын Хоккайдо Их Сургуульд доктор хамгаалсан, 2004 оноос МУИС-д профессороор ажиллаж байгаа аж.
Мөн 2004-2010 онд Нийгэм-Соёлын Антропологийн тэнхимийн эрхлэгч, 2013-2014 онд МУИС-ийн дэд захирлаар ажиллаж байсан аж. 2008-2009 онд Стэнфордын Их Сургуульд, 2009-2012 Австрийн Шинжлэх Ухааны Академид, 2012-2013 онд АНУ-ын Принстоны Ахисан Түвшний Судалгааны Хүрээлэнд, 2015-2023 oнд ХБНГУ-ын Макс Планкийн Нийгмийн Антропологийн Хүрээлэнд тус тус зочин судлаачаар ажиллажээ.
Төр улсын үүсэл, мөн чанар, төр улс ба эзэнт гүрний байгуулалт, овог аймгийн байгуулал, төрийн бүрэн эрх, шинэ үеийн өмнөх үеийн Евроазийн улс төрийн байгуулал, улс төрийн соёл, үндэстэн, угсаатны асуудал, үндэсний үзэл, хамтын ижилсэл, социализмын дараах шилжилт зэрэг өргөн хүрээтэй сэдвээр судалгаа хийдэг.
Түүний бүтээлийн жагсаалт англи хэлээр хэвлэгдсэн 2 ном, 10 гаруй өгүүлэл, монгол хэл дээрх 5 ном, товхимол, 4 өгүүллээс бүрдэж байна. Мөн англи хэлнээс хоёр ном орчуулжээ.
Хувь судлаачийн бүтээлийн үзүүлэлтийн чансааг тодотговол, Web of Science дээрх бүтээл нь 22, H-index нь 5, Scopus дээрх бүтээл нь 7, H-index нь 5 байна. Хамтран зохиогчгүй. Эдгээр үзүүлэлтийг нь салбарынх нь зарим тэргүүлэх эрдэмтдийнхтэй харьцуулбал Монгол ба Монголын эзэнт гүрэн судлалын нэрт эрдэмтэд болох Пенсильваний Их Сургуулийн профессор Кристофер Атвүүд Web of Science дээр 42 бүтээл, H-index 5, Scopus дээр 18 бүтээл, H-index 6, Израйлийн Хэбрью Их Сургуулийн профессор Михал Биран Web of Science дээр 29 бүтээл, H-index 5, Scopus дээр 10 бүтээл, H-index 6, Чин гүрэн болон Хятадын түүхийн нэрт эрдэмтэд болох Дартмутийн Коллежийн профессор Памела Кросслей Web of Science дээр 40 бүтээл, H-index 4, Scopus дээр 13 бүтээл, H-index 6, Харвардын Их Сургуулийн профессор Марк Эллиот Web of Science дээр 7 бүтээл, H-index 5, Scopus дээр 10 бүтээл, H-index 7-той байна.
-Сэтгүүлийн маань эхний урилгаас Та татгалзсан. Удаах урилгыг мөн хойшлуулсан. Энэ хугацаанд Та цоо шинэ монограф гаргасан нь салбартаа дүн шинжилгээний ярилцах сэдвийг нэмлээ. Шинэ ном, дэвшүүлсэн шинэ санал гэхчлэн энэ удаагийн ярилцлага маш сонирхолтой өрнөх нь ээ?
-Баярлалаа. Урьсанд талархаж байна. Тиймээ, The Nomadic Leviathan гэдэг номоо хэвлүүлсэн. Төр улсын үүсэл, мөн чанар, улс төрийн байгууллын талаарх өнөөгийн суурь онол парадигмийг задлан шинжилж, шүүн тунгааж, няцаахын хамт шинэ онол дэвшүүлсэн ном.
Шинжлэх ухаанд хэвшин тогтсон онол парадигмаар бол газар тариалан эрхэлдэг суурин амьдрагчид анх төр улс байгуулж, соёл иргэншлийг бүтээсэн гэдэг. Уг онолоор төр улс байгуулагдахад эдийн засгийн хүчин зүйл, ялангуяа, илүүдэл бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хуримтлал, хүн амын өсөлт, нягтрал, улмаар нийгмийн ялгарал шийдвэрлэх үүрэгтэй байсан гэдэг.
Тиймээс төр улс, соёл иргэншлийг хот суурины хувьсгал (urban revolution), газар тариалангийн хувьсгал (agricultural revolution) эсвэл шинэ чулуун зэвсгийн хувьсгал (neolithic revolution) гэх зэргээр нэрлэдэг хувьсгал авчсан гэдэг. Иймээс ч Тигр, Евпрат, Нил, Инд, Шар мөрний хөндий, Төв Америк, Перугийн эргийн зурвас зэрэг говь цөл, өндөр уулс, эсвэл далай тэнгис гэх мэт хүн амьдрах боломжгүй эсвэл туулахад бэрх газраар хүрээлэгдсэн газар тариаланд тохиромжтой үржил шимтэй газар нутагт төр улс үүссэн гэж үздэг.
Үндсэндээ үржил шимтэй хөрс нь газар тариалан, суурин амьдрал, улмаар хүн амын үржилд хүргэсэн бол хүрээлэн буй говь цөл, өндөр уулс, далай тэнгис нь хүн амыг хашиж, хорьж, хөдөлгөөнийг хязгаарлаж, хүн амын нягтралыг нэмэгдүүлсэн нь төр улсад хүргэсэн гэдэг. Үүнийг circumscription theory (хязгаарын эсвэл хязгаарлалтын онол) гэдэг.
Жейред Даймонд, Ювал Харари нараас эхлээд нийтээрээ энэ онолыг баримталдаг. Харин энэ онолоор газар тариалан эрхлэх боломжгүй Евроазийн тал нутагт төр улс үүсэх боломжгүй.
Гэтэл дор хаяхад Хүннүгээс эхлээд нүүдэлчдийн гэдэг эзэнт гүрнүүд хүн төрөлхтний түүхийг аж үйлдвэрийн хувьсгал хүртэл ноёлж ирсэн. Үүнийг энэ онол тайлбарлаж чаддаггүй. Тиймээс нүүдэлчдийн төр улс, эзэнт гүрнүүдийг аномали буюу гаж, зүй бус зүйл гээд, жинхэнэ төр улс, жинхэнэ эзэнт гүрэн биш харин овог аймгийн холбоо (tribal confederacy), эсвэл сүүдрийн эзэн гүрэн (shadow empire) гэх мэтээр нэрлэж, томьёолдог.
Миний ном энэ тогтсон онолыг няцааж, оронд нь мал аж ахуй, ан агнуур эрхлэгчид нь тариалан эрхлэгчдийг байлдан дагуулж төр улс байгуулсан.
Энэ утгаараа үр тариа бус мал аж ахуй, амьтан гэршүүлэлт, суурин бус харин нүүдлийн, хөдөлгөөнийг хорьсон бус харин нэмэгдүүлсэн нь, эдийн засаг нийгмийн ялгарал бус харин байлдан дагуулал, улс төрийн нэгдэл төр улсад хүргэсэн.
Товчхондоо хүний үзэл санаа, технологийн хувьсгал, ялангуяа хүнээс ангид мал, завь гэх мэт тээврийн хэрэгсэл бий болсон нь шийдвэрлэх ач холбогдолтой байсан гэж үзсэн.
Хураангуйлбал уламжлалт тогтсон онол газар тариалан, тариачид төр улс байгуулж хүн төрөлхтний түүхийг эхлүүлсэн гэдэг бол The Nomadic Leviathan мал аж ахуй, малчид төр улс байгуулж, хүн төрөлхтний түүхийг эхлүүлсэн гэж үзэж байгаа.
Тиймээс ч номын нэр Нүүдэлчин Төр улс гэсэн утгатай юм.
Үнэндээ бол төр улс, соёл иргэншлийн голомт гээд байгаа дээр дурдсан сав газрууд нүүдэлчдийн байнгын байлдан дагууллын бай болж ирсэн. Сүүлийн үеийн археологийн болон амьтан гэршүүлэлтийн судалгаа газар тариалангийн хувьсгалын онол боломжгүй гэдгийг ч харуулах болсон. Харин ч эсрэгээр Гёбекли Тепегийн цогцолбор зэрэг археологийн нээлтүүд газар тариалан эрхлэгчид биш, харин анчид, мал аж ахуй эрхлэгчид томоохон суурин цогцолборуудыг байгуулж байсныг нотолсон.
Мэдээж оршин буй ноёлох онол, парадигмийг шүүмжилсэн, няцаасан, шинэ онол дэвшүүлж, хүн төрөлхтний түүхийг тэс өөрөөр эргэн харахад хүргэж буй учир ном нэлээд маргаан өрнүүлэх болов уу гэж бодож байна. Одоогоор Эртний Түрэг судлалын сэтгүүл (Journal of Old Turkic Studies) тун нааштай шүүмж хэвлүүлсэн байна билээ.
-The Taiji Government and the Rise of the Warrior State номыг тань Брилл хэвлэлийн газраас хэвлэсэн. Тус ном Монголын тусгаар тогтнол талаасаа их чухал, цоо шинэ өнцгийг харуулсан гэж абстрактаас уншсан. Ойрмогхон хэвлэгдсэн хоёр шинжлэх ухааны бүтээлийн гол агуулгын ялгаа тун сонирхолтой байна?
-The Nomadic Leviathan төр улсын үүсэл, мөн чанарын тухай онолын судалгаа бол Тайжийн Төр нүүдэлчдийн төр улс, эзэнт гүрэн хэрхэн байгуулагдаж байсныг, улс төрийн ямар бүтэц, тогтолцоотой байсныг тодорхой түүхэн жишээн дээр судалсан түүхийн судалгаа.
Тайжийн Төрийг Монгол, Манж, Орос, Хятад сурвалжуудын, түүний дотор урд өмнө нь эргэлтэд ороогүй байсан олон тооны Монгол, Манж сурвалжуудын судалгаанд үндэслэн бичсэн.
Эдгээр сурвалжууд бидний Манж, эсвэл Хятад болон Өрнөдийн судлаачдын Чин улс гэж нэрлэж зуршсан Дайчин улс нь (Их) Монгол улсын суурин дээр, Монголын төр ёс, улстөрийн байгуулал, улс төрийн соёл дээр байгуулагдсан, Хятадыг байлдан дагуулж, эзлэн, “колоничилсон” Манж-Монголын холбооны улс байсан юм байна гэдгийг хөдөлшгүй харуулсан.
Энэ нь зөвхөн шинэ төдийгүй, Дайчин улсыг Манж эрх баригч угсаа залгамжлалтай ч, Хятадын төр ёс, улс төрийн байгуулал, соёл дээр байгуулагдсан Их Чин (da qing) хэмээх Хятадын нэгэн төр улс бөгөөд Монголчуудыг байлдан дагуулж “колоничилсон” гэдэг тогтсон ойлголтыг бүрэн няцаасан хэрэг.
Мөн Дотоод Ази ба Монголын нийгэм, улс төрийн байгууллын талаарх олон тооны тогтсон хэвшсэн ойлголт, үзэл баримтлалуудыг няцааж, шинэ ойлголт, үзэм баримтлалыг дэвшүүлсэн. Ерөнхийдөө Тайжийн Төр Монгол ба Дотоод Азийн улс төрийн байгууллын талаарх оршин буй онол, дэг сургуулийг Дайчин улсын жишээн дээр шүүмжилсэн, няцаасан судалгаа бол The Nomadic Leviathan нь ерөөс төр улсын үүсэл, мөн чанарын талаарх онол, үзэл баримтлалуудыг шүүн, тунгааж, няцааж, шинэ онол дэвшүүлсэн судалгаа.
Монголын тусгаар тогтнолын асуудал уг судалгааны тухайлсан сэдэв биш.
Харин уг судалгаа Монголын тусгаар тогтнолын асуудалд гүнзгий учир холбогдолтой, Монголчуудын итгэл үнэмшил болон хэвшсэн ойлголтыг бүрэн няцаасан судалгаа.
Зөвлөлт-Монголын ч, Хятад-Өрнөдийн ч түүх бичлэгээр Дайчин улс нь үндсэндээ Хятадын улс бөгөөд Монгол ба Дотоод Азийг байлдан дагуулж, колоничилж дарангуйлан мөлжсөн (Зөвлөлт-Монголын хувилбар) эсвэл гэршүүлэн, номхруулан, иргэншүүлсэн (Хятад-Өрнөдийн хувилбар) гэдэг. Улмаар Зөвлөлт-Монголын хувилбар нь Монголын ард түмний үндэсний эрх чөлөөний тэмцлийг эхлээд Хаант, дараа нь Зөвлөлт Орос дэмжин тусалж, Манж-Хятадын колоничлолоос чөлөөлж тусгаар улс болгосон гэдэг.
Энэ бодлогын гол хэрэгсэл нь Манж нарын шинээр бүтээсэн хошуу гэдэг бүтэц. Хошуу нь Монголчуудын өмнөх ижилслийг бүрмөсөн устгаж тэднийг Их Чин улсын хошууны хүн болгон иргэншүүлсэн.
Тиймээс ч Монголчууд Манай Их Чин улс (Our Great Qing) гэж бахархан ижилсдэг болтлоо үнэнч болсон гэдэг. Гэтэл 19-р зууны сүүлээр гэнэт үндэсний үзэл дэлгэрээд Монгол салан тусгаарласан гэдэг.
Энэ хоёр хувилбараар бол Монгол Оросын тусламжаар эсвэл өдөөн хатгалгаар Хятадаас салан тусгаарласан газар нутаг.
Миний ном энэ хоёр хувилбарыг хоёуланг нь худлаа гэдгийг харуулж байгаа.
Улс нь Манж-Хятадынх бус Манж-Монголынх, улсын нэр ч Манж ч биш, Их Чин ч биш харин дайнч, дайчин, баатарлаг гэсэн утгатай Дайчин гэсэн Монгол, Манж үг.
Монголчууд Манжид дагаар орсон бус харин Манж-Монголын холбооны улс байгуулах болсон учир, түүнийг илэрхийлэн Айсин буюу Алтан нэрийг халж Дайчин гэдэг нэрийг өгсөн. Тиймээс ч Боржигин ураг хаан (эрх баригч) ураг хэвээр үлдэж Монголын ноёд Манжийн ноёдтой ижил, зарим талаар бүр давуу зэрэг хэргэм эдэлдэг байсан. Мөн холбооны улс учир, холбооны улсын бүрэлдэхүүнд Монгол хошууд бүгд нийлээд өөрийн хил хязгаар, хууль цааз, засаг захиргаатай автономи эрхтэй байсан учир Гадаад Монгол гэдэг байсан.
Монгол эзлэгдэж, колоничлогдож, номхорч, хүмүүжсэн учир Манай Их Чин улс гэсэн бус харин эзэнт гүрэн нь тэдний байгуулсан улс байсан учир манай Дайчин улс, манай Их Дайчин улс гэдэг байсан.
Сэнгэринчин нар Манж Хятадад үнэнчдээ үхэлдэн тулалдсан бус, Инжиннаши Манж Хятадад үнэнчдээ “манай Дайчин улс” гэсэн бус харин Хятад сударч нартай марган Дайчин улс бол харин умардын, Манж-Монголын улс гэж өмчлөн маргасан хэрэг.
Нөгөө талд Монголын хошуу Элверског, Ока Хироки болон манай түүхчдийн үзэж байгаа шиг Манжийн гуса биш, Манж нар бий болгосон засаг захиргааны нэгж огт бус. Монгол ноёдын эзэмшил, Европийн ванлиг, гүнлиг шиг улс төрийн бүтэц.
Эртний Монгол бүтэц. Доголон гэж нэрлэгддэг Төмөрийн үеийн Цагадайн улсад хошуу аль эрт 14-р зуунд хожим 16-р зууны сүүл, 17-р зууны эхэн үеийн Монгол сурвалжид гарч ирж буй шигээ бүтэц болон тогтчихсон байсан. Хожим Бабурын байгуулсан Их Моголын улсад ч хошуу байсан юм билээ.
Тиймээс хошуу Их Монгол улс задрахаас өмнө бий болсон бүтэц, зохион байгуулалт. Хөдөөгийн Пэрлээ гуайн Хар бухын балгасаас олсон үйсэн дээрх цаазууд бүгд он цагийн хувьд Манжаас өмнөх зүйлс. Эхнийх нь 16-р зууны сүүл үеийнх. Тэнд хошуу аль эрт Монгол ноёдын эзэмшил, ванлиг, гүнлиг болоод тогтчихсон байгаа. Тиймээс хошууг Манж нар зохиосон юм огт биш, хошуу колонийн засаг захиргааны нэгж огт бус.
Харин Манжийн хошуу гэж байсан нь Монголын хошууны Манж хувилбар байсан юм.
Мөн Монголын ард түмний үндэсний эрх чөлөөний тэмцэл, эсвэл үндэсний үзлийн гэнэтийн тархалт гэхээсээ илүү Дайчин улс Өрнөдийн их гүрнүүдийн шахалт дор Шинэ засгийн бодлого гэгчийг явуулсан.
Ингээд Манж Монголын хооронд тогтоосон “угаас тогтоосон хууль” буюу “хуучин хуулийг” орхиж Монголын бие даасан байдал, эзэн эрх, газар нутагт халдаж Монголын уламжлалт засаг захиргаа, хууль цааз, шашин суртлыг халж, Монголын газар нутагт Хятад иргэдийг оруулж, Монголын газар нутгийг колоничлох гэсэн учир Монголын ноёд Дайчин улсыг үндсэндээ анх байгуулсан холбооны гэрээнээсээ ухарлаа, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэнгүй, тиймээс гэрээ цуцлагдсан гээд тусгаар тогтнолоо тунхагласан хэрэг.
Үүнийг сурвалжууд, ялангуяа, 1911 оны 6-р сарын 23-нд Монголын ноёдоос Оросын эзэн хаан болон Гадаад хэргийн яаманд нь өгсөн 21 зүйл бүхий өргөх бичиг маш тод харуулдаг.
Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл Хятад Монголыг эзэлж, колоничилж, дарлаж, мөлжиж байсан бус харин Манж-Монгол холбооны улс байгуулан Хятадыг эзэлж, колоничилж, дарлаж, мөлжиж байсан нь Дайчин улс.
Тиймээс Хятад ба Монголын тусгаар тогтнол ямар нэг учир холбогдолтой бол тэр нь Монгол Манжтай байгуулсан холбоогоо цуцлан холбооны улсаас гарснаар Манжтай хамтран Хятадыг ноёрхож байсан эзэн эрхээ өөрийн дураар цуцласан л гэсэн үг. Гадаад Монгол (энэ нэр томьёо бүх Монголыг хамардаг байсан) ба Дайчин улсын тухайд бол нэгэнт Дайчин улсын эзэн хаан холбооны гэрээгээр угаас тогтсон хуулиа зөрчсөн нь уг гэрээ ба холбоогоо цуцалсан хэрэг болсон.
Тиймээс Гадаад Монгол холбооны гэрээний дагуух бие даасан Гадаад статусаа хамгаалан тусгаар тогтносон л гэсэн үг.
Үр дүнд нь Дайчин улс задарсан, Бээжинд түүний үлдэц, Манжийн тал нь үлдсэн гэсэн хэрэг. Улмаар Хятадад хувьсгал гарч Манжийн эсвэл Дайчин улсын төрийг 1912 онд унагаж Бүгд Найрамдах Хятад улс байгуулагдсан. Энэ улс Дайчин улсаас чөлөөлөгдсөн улс.
Харин энэ улс өөрийгөө Дайчин улсын залгамжлагч мэтээр үзэх болсон нь империалист бодлого байсан. Угтаа бол Хятадын хувьсгалчид, үндэсний үзэлтнүүд Манж, Монголыг хөөн гаргахын төлөө л байсан.
Харин Нээлттэй Хаалганы бодлогоор Дайчин улсыг бүхэлд нь колончилж байсан Өрнөдийн гүрнүүд түүнийг нь болиулсан. Тэд Хятадын хувьсгалчид, үндэсний үзэлтнүүдийн зорилго нь Монгол, Манжуур, Шинжаан, Түвдийг түлхэж Оросын эзэнт гүрний империализмын идэш болгоно. Ингэснээр эдгээр бүс нутгууд тэдний нөлөөнөөс алдагдана гэж үзсэн. Тиймээс өөрсдийн колонийн эрх ашгийн үүднээс Хятадын хувьсгалчдын Манж, Монголыг үлдэн хөөх зорилгыг болиулж, харин Хятад улсыг Дайчин улсын хил хязгаараар байгуулахаар болгосон. Монголын тусгаар тогтнолын тухайд миний ном энэ мэт учир холбогдолтой юм.
-Амазон сайтаас Тайжийн Төрийг сонирхож харсан, 220 ам. доллар байсан. Манайдаа бол маш өндөр үнэ. Монголын түүх, эх сурвалжийг судалдаг манай судлаачид унших асар их хүсэлтэй байгаа. Таны номыг Монголд хаанаас унших боломжтой вэ?
-Тийм. Их үнэтэй. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л. Энх-Амгалан энэ байдлыг харгалзан үзэж, тодорхой тооны ном Бриллээс худалдан авч Монголын эрдэм шинжилгээний номын сангуудад байрлуулах санаачилга гаргасан. МУИС ч энэ санаачилгад нэгдэн, хамтарч нэлээд хэдэн ном авчраад байгаа. Мөд номын нээлт зохион байгуулж, миний бие лекц уншиж, Л. Энх-Амгалан сайд номуудыг холбогдох номын сангуудад хүлээлгэн өгөх болов уу. Мөн Л. Энх-Амгалан сайд Тайжийн Төрийг Монгол хэл рүү орчуулах ажлыг санхүүжүүлж, зохион байгуулна гэж байсан. Тэгвэл олон нийтэд илүү хүртээлтэй болох болов уу.
-Таны бүтээл дээр орших зохиогчийн нэр хувь хүнийг бус Монголыг тодотгоно. Монгол зохиогчтой тус номыг дэлхийн хэдэн номын сан, их сургууль болон хувь судлаач авсан борлуулалтын тоог сонирхож үзсэн үү, та?
-Уран зохиолын ном, эсвэл арилжааны хэвлэлийн газраас хэвлүүлсэн номтой харьцуулбал академик ном, түүний дотор академик хэвлэлийн газраас хэвлэсэн ном цөөн хувьтай, ерөнхийдөө үнэтэй байдаг.
Академик ном дунджаар 500 орчим хувь борлогддог гэж уншиж байсан.
Угаас уншигчид нь хязгаартай. Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний номын сангууд л гол зах зээл нь болов уу. Академик хэвлэлийн газрууд дотроо Бриллийн ном их үнэтэйд тооцогддог. Миний хувьд зохиогчийн шагналыг (honorarium) нэг мөсөн авахаар гэрээ байгуулсан учир хэдэн хувь борлогдсоныг асуух шаардлага, мэдэх боломж байхгүй.
Борлуулагдсан хувь тутмаас нь тодорхой хувь авахаар гэрээ байгуулсан зохиогчид л борлуулалтын тоог мэддэг болов уу.
Ер нь номын борлуулалтын тухайд юуны түрүүнд уг номын сэдэв, агуулга, чанар зэрэг нь түүний уншигчид, худалдан авагчдын хүрээг тодорхойлно.
Мэдээж тухайн судлаачийн хүлээн зөвшөөрөгдсөн байдал, нэр хүнд (reputation) чухал үүрэгтэй. Мөн хэвлэлийн газрын нэр хүнд, үнийн бодлого, маркетинг зэрэг нь борлуулалтад нөлөөлнө.
Номын чанарын тухайд, аливаа номыг судлаачид өргөнөөр унших, хэрэглэх эсэхэд шийдвэрлэх учир холбогдолтой зүйл нь номын шүүмж (book review). Номын шүүмж нь өргөн олон судлаачдад ном болон зохиогчийн тухай хураангуй мэдээлэл өгөх, номын чанарыг үнэлэх, цэгнэх, тодорхойлох, улмаар өргөн олон судлаачдад тухайн номыг унших эсэх талаар зөвлөхөд оршино.
Хэвлэлийн газар болон сэтгүүлүүд зохион байгуулдаг. Салбарын сэтгүүлүүд номын шүүмж хариуцсан эрхлэгчтэй байдаг бөгөөд тэд салбарын эрдэмтдийг шүүмж хийхийг урьдаг. Сэтгүүлийн газраас урьсан нөхцөлд л эрдэмтэд шүүмж бичдэг болов уу. Надад хэд хэдэн удаа урилга ирж байсан. Ажил ихтэй байсан учир татгалзсан.
Номын шүүмж бичих мэдлэг шалгасан, цаг шаардсан том ажил.
Шүүмж эерэг бол номын борлуулалтад эерэгээр сөрөг бол сөргөөр нөлөөлдөг болов уу.
Мэдээж салбарын нэр хүндтэй эрдэмтдийн шүүмж ихээхэн жинтэй. Мөн салбарын гол сэтгүүлүүдийн шүүмж жинтэй. Нэр хүндтэй эрдэмтэд номын шүүмж бичих нь цөөн, тэр тусмаа залуу судлаачдын бүтээлд шүүмж өгөх нь ховор харагддаг. Тайжийн Төр номын тухайд одоогоор Памела Кросслей, Марк Эллиот нарын Дайчин улсын түүх судлалын тэргүүлэх эрдэмтэд Хятад болон Ази судлалын гол сэтгүүлүүдэд нухацтай шүүмж бичиж нааштай үнэлэлт, дүгнэлт өгөөд байгаа. Ялангуяа Профессор Кросслей 4000 шахам үгтэй ихээхэн том, нухацтай, эерэг шүүмж өгсөн байсан. Мөн Тайжийн Төр номыг зарим шилдэг их сургуулийн багш нар Хятадын эзэнт гүрний түүхийн магистр, докторын хичээлийн хөтөлбөртөө унших түлхүүр судалгаа гэж оруулсан харагдсан.
Судалгаагаараа нэгэнт танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтдийн ном, бүтээлийг судлаачид үзэх, судлах сонирхолтой байх төдийгүй заавал судлах ёстой болдог.
Өрнөдөд аливаа эрдэм шинжилгээний бүтээл хөндлөнгийн нууц шүүмжээр (double-blind peer-review) дэмжигдэж байж хэвлэгддэг.
Нууц шүүмж хийж буй эрдэмтэд бүтээлийн хураангуйг уншаад дараа нь хардаг зүйл бол ашигласан бүтээл, сурвалжийн жагсаалт. Салбарын нэр хүндтэй эрдэмтний бүтээл уг жагсаалтад байхгүй бол тухайн ажил дутуу, түүхийд тооцогдоно.
-Сүүлд гарсан The Nomadic Leviathan номыг нь мөн адил Брилл хэвлэсэн. Худалдаанд гарсан уу.Ном болж гарах хүртэл маш их судалгаа, цаг хугацаа ордог. Зохиогч хэвлэлийн газартай ямар зарчмаар хамтарч ажилладаг вэ?
-Хоёр ном хоёулаа Бриллийн Inner Asia Book Series гэдэг номын цувралд хэвлэгдсэн.
The Nomadic Leviathan-ийг Брилл 187 еврогоор борлуулж байгаа юм билээ.
Судалгаа хийх, ном бичих, хэвлүүлэх тус бүр өөр хэрэг. Төр улсын үүсэл хөгжил, мөн чанар, түүний дотор Монголын эзэнт гүрнээс эхлээд Евроазийн эзэнт гүрнүүд, Дотоод Азийн улс төрийн байгууллын талаар Хоккайдод докторын ажил хийж байх үеээсээ л сонирхож судлаж эхэлсэн.
Докторын ажил дээрээ тулгуурлан 2006 оноос хойш хэдэн өгүүлэл хэвлүүлсэн. Асуудлыг ул суурьтай ухах хэрэгтэй юм байна гэдгийг эртнээс ойлгосон. Харин энэ хоёр номыг бичиж хэвлүүлэх үйл явц 7 он дамнасан. 2019 оны сүүл гэхэд 600 гаруй мянган үгтэй эхний ноорог бий болсон.
Харин ихэнх академик хэвлэлийн газрууд номын хэмжээг 120 мянган үгээр хязгаарлах болоод удаж байгаа. Тиймээс нооргоо хоёр хуваасан. Уг нь Кембрижийн Их Сургуулийн хэвлэл сонирхож байсан. Гэхдээ дээд тал нь 150 мянган үг гэсэн. Харьцангуй том хэмжээний ном хэвлэдэг томоохон академик хэвлэлийн газар Брилл. Тэгээд л Бриллд хандсан.
Юуны түрүүнд номын төсөл (book proposal) бичиж хэвлэлийн газар мэдүүлнэ.
Хэвлэлийн газраас тухайн салбар, эсвэл бүс нутгийг хариуцсан эрхлэгч номыг хариуцах болно. Уг эрхлэгч мэдүүлсэн номын төслийг тухайн салбарын цуврал хариуцсан эрхлэгч эрдэмтдэд явуулж хэвлэх боломжтой эсэх талаар санал авна.
Цувралын эрхлэгчид хэвлэх боломжтой гэж үзсэн нөхцөлд номыг хариуцсан эрхлэгч зохиогчтой гэрээ байгуулж, зохиогч хэвлэлийн газартай гэрээт харилцаанд ордог. Зохиогч гэрээнд заасан хугацааны дотор эрхлэгчдээ гар бичмэлээ өгөх ёстой. Эрхлэгч гар бичмэлийг аваад хөндлөнгийн шүүмж хийлгэхээр мэргэжлийн эрдэмтдэд явуулна.
Ихэвчлэн хоёр шүүмж авдаг. Хөндлөнгийн шүүмж дор хаяж 6 сар ба түүнээс урт хугацаа шаардана. Хөндлөнгийн шүүмжийг цувралын эрхлэгч нарт явуулж тэдний саналыг авна. Хөндлөнгийн шүүмж дэмжсэн нөхцөлд цувралын эрхлэгчид ч, хэвлэлийн газрын эрхлэгчид ч номыг хэвлэхийг дэмжинэ.
Мөн номын эрхлэгч хөндлөнгийн шүүмжийг, цувралын эрхлэгч нарын саналтай хамт зохиогчид ирүүлнэ. Зохиогч өгсөн шүүмж, санал, зөвлөгөөнд зүйл бүрээр нь хариу тайлбар бичнэ. Засвар хийсэн бол хэрхэн зассанаа, хүлээж аваагүй бол аваагүйн учраа тайлбарлах ёстой. Эцэст нь хөндлөнгийн шүүмжлэгчид засварыг хангалттай гэж үзсэн нөхцөлд ном агуулгын хувьд бэлэн болж улмаар хэвлэлийн техник ажлын шатанд орно.
Гар бичмэлд хянан магадлал (copy editing) хийж үг, үсэг, хэл найруулгын алдааг арилгана. Тэгээд хэвлэлийн эх, өрөлт (typeset) хийгдэнэ. Улмаар нягтлах (proofreading) үйл ажиллагаа хийгдэнэ. Өөр өөр баг эдгээр шатны ажлыг гүйцэтгэнэ.
Хэвлэлийн эх бэлтгэсний дараа индекс мөн хийгдэнэ. Ингээд эцэст нь хэвлэлтэд ордог. Номын төслийг хэвлэлийн газар мэдүүлэх үед гар бичмэл бэлэн байгаад, дээр өгүүлсэн бүх шат цаг хугацаандаа амжилттай явагдсан нөхцөлд номын төсөл мэдүүлснээс ном хэвлэгдэх хүртэл дор хаяхад 2 жил шаардагдана.
Энэ бүх хугацаанд зохиогч гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлэх ёстой. Биелүүлэхгүй бол хэвлэлийн газар гэрээг хэзээ ч цуцлах эрхтэй.
-Үнэхээр том үйл явц, маш их даваа, шалгуурыг даван давсаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүтээл нь гарчээ. Судалж, уншиж, туурвих бүрд олон салаа ойлголтууд гарч ирдэг. Энэ бүхнийг нэгтгэж, шинэ санаа дэвшүүлсэн дүгнэлт нь бараг л нээлт болж байна. Таны бүтээл хэрхэн бүтдэг вэ?
-Судалж буй сэдвээрээ гарсан суурь сайн судалгаануудыг шавхан үзэх хэрэгтэй. Улмаар холбогдох суурь онолын зохиол, бүтээлүүдийг сайтар уншиж онол, парадигм, арга зүйг нь эзэмших хэрэгтэй.
Ингэхдээ эдгээрийг үнэн гэж хүлээж авах, итгэх бус харин үргэлж шүүмжлэлтэй хандаж тодорхой цаг үед, тодорхой онол, арга зүйгээр, тодорхой сурвалжийн хүрээнд, тодорхой судлаачийн бүтээсэн мэдлэг л гэж харах хэрэгтэй. Ингэж байж өөрийн судалгааны салбарын бий болсон мэдлэг, тэдгээрийн хязгаар, хандлага, тулгарч буй түлхүүр, зангилаа асуудлыг мэдэж, түүний учир холбогдлыг илүү ухаарах төдийгүй, өөрийн судалгааны асуудлаа томьёолж, түүнийг хэрхэн судлах, тайлах хандлага, арга зүйгээ боловсруулах боломжтой болно. Ингэж байж судалгаандаа орно.
Сурвалжаа цуглуулна, уншина, задлан шүүнэ, шинжилнэ. Сурвалж бүрийг том, жижиг гэлтгүй ижил хандаж, аль болох шинээр уншихыг, ойлгохыг хичээх хэрэгтэй. Сурвалжаа өөрийн ойлголтоор унших бус өөрийг нь яриулахыг хичээх хэрэгтэй. Олон арга зүй байдаг.
Сурвалжаа унших шинжлэх явцдаа өмнөх судалгаа болон тэдгээрийн суурь онол, арга хандлагуудыг байнга дахин эргэн харж тэдний хооронд байнгын диалог өрнүүлнэ. Шүүмжлэлтэй хандах, унших судлах бүр шинэ ухаарал, ойлголт, санаа төрнө.
Тэр бүрийг дор бүр нь тэмдэглэж авна. Тэдгээрийгээ бүтээгдсэн мэдлэг, онол, арга зүйтэй уялдуулан эргэцүүлнэ, шүүнэ, тунгаана. Шаардлагатай бол дахин дахин уншина. Шинээр орж ирсэн санаа, ойлголт няцаагдах нь ч бий, үлдэх нь ч бий.
Нэгэнт бүтээгдсэн мэдлэг, онол, арга зүй хандлага, түүний хязгаар, тулгарч буй асуудлуудыг мэдэж, эзэмшсэн бол тэр нь шинээр олсон мэдээ баримт, санааг утга учиртай болгоно. Энэ бүхний үр дүнд асуудал тодорч, ерөнхий дүр зураг гарч ирэх ёстой. Эргэж сайтар нягталж, эргэцүүлж, тунгаагаад итгэлтэй байвал одоо бичиж эхлэнэ.
Бичих явцад дахин унших, эргэцүүлэх, дахин дахин засах, шинээр бичих нь хэвийн зүйл.
Судалгаа бүр шинэ мэдлэг бүтээхийн тулд хийгдэх учир судалгаа болгон л мэдээж шинэ нээлт. Харин ямар асуудал хөндснөөсөө хамаараад тэдгээрийн учир холбогдол харилцан адилгүй. Оршин буй онол, парадигмийн хүрээнд судалгаа хийх, орхигдсон орон зайг бөглөх, эсвэл шинэ жишээ судлах нэг хэрэг. Оршин буй онол, парадигмийг авч үзэх, шүүмжлэх, шинэ онол, парадигм боловсруулах өөр хэрэг, өөр түвшин.
-Та олон улсад зочин эрдэмтнээр олон удаа уригдаж. Монгол эрдэмтний чанар, чансааг дэлхийд таниулах нь судлаачдын бас нэг бахархал, үнэлэмж. Дэлхийн улс орнуудад хүлээн зөвшөөрөгдөх нь мэдээж олон боломж нээгдэх ч нарийн шалгууртай. Та өөрт олдсон туршлагаасаа хуваалцана уу?
-Эрдэм шинжилгээний хурал, лекц унших зэрэгт уригддаг. Харин зочин судлаачийн тухайд байнга нээлттэй шалгаруулалтаар шийдэгдсэн. Судалгааны төсөл бичнэ, мэдүүлнэ. Шалгаруулалт явагдаж, шалгарвал ажиллах санал, урилга ирнэ. Өндөр өрсөлдөөнтэй. Тухайн цаг үед чухал байгаа сэдвээр сайн төсөл бичих хэрэгтэй. Төсөлтэйгөө холбоотой сэдвээр хэвлүүлсэн бүтээлтэй байх хэрэгтэй.
Залуу судлаач нарын хувьд хоёроос гурван эрдэмтдээс дэмжсэн захидалтай (recommendation letter) байх хэрэгтэй болдог.
Төсөл сайн байсан ч тухайн цаг үед судлаачид сонирхож буй чухал сэдэв биш бол амжилт олох нь хомс. Тиймээс амжилт гаргая гэвэл судалгааны чиглэл хандлага хаашаа явж байна, ямар сэдэв чухал холбогдолтой байгаа, уг сэдвийн тулгамдсан асуудал юу вэ гэдгийг мэдэж тэдгээрийг авч үзсэн, тэр талаар боломжит таамаг, шийдэл санал болгосон төсөл бичих хэрэгтэй.
Ер нь шинэ мэдлэг бүтээх үйл ажиллагаа асар хурдацтай өрнөж байгаа орчин үед эрдэм шинжилгээний хүрээлэн, нэгжүүд ч судалгааны сэдэв, чиглэлээ байнга эргэн харж, шаардлагатай өөрчлөлт, шинэчлэлийг тогтмол хийж байж л өрсөлдөх чадвараа хадгалах боломжтой.
Залуу судлаач нарын хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүлд бүтээлээ хэвлүүлсэн, улмаар уг бүтээл нь боловсруулсан төсөлтэй нь холбоотой байвал шалгарах боломж нэмэгдэнэ.
Гурав хүртэл тооны эрдэмтнээс дэмжсэн захидал авч байгаа нь тухайн судлаач хэр чадвартай судлаач вэ, уг төслийг хэрэгжүүлж чадах уу гэх мэт олон асуудлыг магадалж байгаа хэрэг. Ахлах судлаач нарын хувьд ийм шаардлага байдаггүй. Тэдний хувьд бүтээлийн жагсаалт, судалгааных нь нөлөө зэрэг чухал.
Нэгэнт олон улсын түвшинд ажиллаж байгаа судлаач бүхэн ОRCID хаягтай бөгөөд олон улсын сэтгүүлүүдэд хэвлүүлсэн бүтээлүүд нь Web of Science, Scopus зэрэг дээр бүртгэлтэй учир бүтээл, эшлэлийн тоо, H-index зэргийг хардаг болов уу.
-Мэдээж гадаадад ажилладаг эрдэмтэд эх орондоо төдийлөн яардаггүй гол шалтгаан нь оюуны үнэлэмж. Тэднийхээ оюуны потенциалыг эх орондоо татмаар байдаг. Та ч санал нэг байх?
-Харамсалтай нь таны хэлж байгаа үнэн. Монголын шилдэг тархинууд гадагшаа урсаж байна. Монгол улс эрдэс баялгийн хувьд ч, авьяас билгийн хувьд ч, ажиллах хүчний хувьд ч, ер нь бүх талаараа л гаднын хавсарга болсон мэт.
Нийгэм нь ч өнгөтэй өөдтэйгөө шахаж, гадагш нийлүүлэх бүтэц болж хувирсан мэт.
Ер нь ч ОУВС зэрэг байгууллагуудын Монголд хэрэгжүүлсэн бүтцийн өөрчлөлт буюу шок терапи ч тийм зорилготой байсан гэж хэлж болно. Шинжлэх ухаан, дээд боловсролын хувьд санхүүжилт ширгэсэн, бодлого алдагдсан, байгууллагууд нурсан. Хөгжих, хөрвөх чадвартай шилдэг, голдуу залуус нь гадагшаа болон бизнесийн салбар луу явсан.
Ахмад голдуу эрдэмтэд нь “ухааны зовлонд” нэрвэгдэж бор дарсанд живсэн. Шок терапи социалист шинжлэх ухаан, боловсролыг амжилттай бут ниргэсэн.
Харамсалтай нь тэр нь бас Монголын шинжлэх ухаан, боловсрол байсан.
Эрдэмтэд, судлаачдыг нь дэлхийн зах зээл ялгаад өөдтэйг нь сорчихсон бол их, дээд сургуулиуд нь оюутны төлбөрөөр гол зогоох болсон тул шилэлт, шигшилт үгүй болж ус болсон.
МУИС мэт нь мөн гадагшаа явуулдаг шат, дамжлага болсон тал ч бий. Ерөнхий боловсролыг нь ч зах зээл мөн л ялгах. Хувийн ерөнхий боловсролын сургуулиуд нь шилдэг багш, сурагчдыг нь түүгээд, цөмөөд, тоноод сор болсон хүүхдүүдийг нь бизнесээ тэтгэх сурталчилгаа болгоод гадагш явуулчихдаг болсон.
Тиймээс Монголын үндэсний боловсрол, шинжлэх ухааны орон зай нь ерөнхий боловсролоосоо, дээд боловсролоо хүртэл хүртэл үндсэндээ тунаж үлдэгсдийн амь зуух орчин болж хувирсан мэт. Багш, эрдэмтэд судлаачдаа нийгмийн эмзэг бүлэг гэж элэглэдэг болсон юм биш үү.
Тунаж үлдсэн нь их сургууль, эрдэм шинжилгээний орон зайд өөрсдийн дүрэм, журам, арга барилыг тогтоосон мэт. Угаас цалин, хангамж, ажиллах орчин муу учир өндөр хөгжилтэй оронд сурсан, зэрэг хамгаалсан, эсвэл ажиллаж байгаа хүмүүс ирэх аргагүй. Ирсэн ч мөн босго давуулахгүй талдаа. Давсан хэд нь тунасан олонд дарагдаж, тэдний арга барилд дасан зохицож амь зуух ёстой ч мэт. Дассан, ууссан, тэссэн нь байх ч, гарах, буцах нь олон мэт.
МУИС-ийг ажиглахад дасан зохицсон нь ихэвчлэн зэргээ хамгаалаад л ирсэн нь, эсвэл явахаасаа өмнө МУИС-д байр сууриа олчихсон байсан нь мэт. Гарсан, буцсан нь ихэвчлэн зэрэг хамгаалсны дараа өндөр хөгжилтэй орнуудад докторын дараах түвшинд ажиллаж байсан мэт.
Намайг 2013-2014 онд МУИС-д ирэхэд МУИС-ийн эдийн засагт Д. Лхагвасүрэн, Б. Эрдэнэбат, Б. Алтанцэцэг, Б. Соёлмаа гээд өрнөдөд доктор хамгаалсан, мөн багшилж, судалгаа хийж байгаад ирсэн тун сайн эрдэмтэд ирсэн байсан. Бүгд МУИС-ийг орхисон байна.
Лхагвасүрэн нь бүр буцаад явсан байна. Сураг сонсох нь Б. Эрдэнэбат тэнхимийн эрхлэгч байхдаа мэргэжлийн бус хүнийг тэнхимдээ багшлуулахгүй гэсэн нь хүний эрх, зарга, шүүх болж буруудсан мэт. Б. Алтанцэцэг, Б. Соёлмаа нарыг профессор дээр ажиллаж байсныг нь дэд профессор болгож буулгасан бололтой. Байх ёсгүй, хаана ч байхгүй зүйл. МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн зохиосон дүрэм, журам л ийм ёсгүй зүйлийг бий болгосон хэрэг.
“МУИС-д тогтоосон дүрэм журам нь гаднаас хүн оруулахгүй, өөрсдийн цус холилдсон систем, эрх ашгийг хамгаалсан юм болсон учир энд авьяасыг дэмжих, мерит систем хэрэгжүүлэх тухай бодоход их хэцүү. Өнгөрсөн хавар дүрэмд өөрчлөлт оруулах гэсэн санааг хүн бүр эсэргүүцсэн. Эцэст нь organized anarchy (зохион байгуулалтай анархи) болжээ гэж байж хагас дутуу өөрчлөлт хийсэн” гэж байна билээ.
Цалин, хангамж тун муутайн дээр, МУИС мерит үл харгалзан бүгдийг тэгшитгэдэг цалингийн коммунист тогтолцоотой. Цалин нь зэрэглэл, цол, ажилласан жилээр л шатлалтай, нэмэгдэлтэй. Шинжлэх ухааны салбар, хамгаалсан сургууль, эрдэм шинжилгээний ажлын чанар, хүлээн зөвшөөрөгдсөн байдал хамаагүй. Түүх ч, физик ч, математик ч, социологи ч, улс төр судлал ч, Монгол хэл ч адилхан. Доктор хаана хамгаалсан нь хамаагүй. Пенсильвани, Кэмбриж, Иель, Япон, эсвэл Монгол, Буриад, Өвөр Монгол ижилхэн. Бүтээлээ олон улсын нэр хүндтэй сэтгүүл, хэвлэлийн газарт хэвлүүлдэг байсан ч, Монголд хэвлүүлдэг байсан ч ялгаагүй. Тиймээс Корнеллд магистр, Пенсильванид доктор хамгаалсан экологич Б. Болдгив Монголд магистр, доктор хамгаалсан Монгол хэлний багш хоёр зэрэглэл, цол, ажилласан жил ижил бол цалин ижил. Дэлхийн шилдэг их сургуулиудад сурах мэдлэг чадвар ч, сурсан мэдлэг боловсрол ч, судалсан бүтээсэн бүтээл ч эцсийн эцэст мерит үгүй, утга учиргүй гэсэн үг. Тийм залууст Монгол руу, МУИС руу яарах нь бүү хэл зүглэх утга учир огт үгүй. Гэтэл Монгол улс чухам тэр сургуулиудад залуусаа сургах бодлого явуулаад, хөрөнгө зараад байдаг. Ядаж тэр хүмүүс сургалтын зээлээ яаж төлөх вэ? Сая зээлээ төлөөгүй гээд их олон хүмүүсийг хэвлэл мэдээллээр гутаагаад байсан. Энэ тогтолцоо, хандлага чинь илүү тархитай, илүү зүтгэлтэй, илүү боловсролтойгоо шийтгэх, яллах хэрэг болчхоод байна бус уу.
Дээрээс нь МУИС-д хаана ч байхгүй албан тушаал, цол гэсэн хоёр системтэй. Мөн хаана ч байхгүй цол өгөх байгууллагатай. МУИС-д профессор, дэд профессор гэдэг албан тушаал байдаг ба түүнээс ангид профессор, дэд профессор гэж цол байдаг. Цолыг нь Эрдмийн зөвлөл гэдэг 50-иад хүний бүрэлдхүүнтэй, тодорхой квотоор бүрэлдэхүүн сургууль бүрийн докторын зэрэгтэй багш нарын хурлаас нууц санал хураалтаар сонгосон байгууллагаас нууц санал хураалтаар өгдөг. Өөрөөр хэлбэл Эрдмийн зөвлөл гэдэг нь докторын зэрэгтэй төрөл бүрийн ухааны хүмүүсийн улстөрийн байгууллага, бөгөөд ийм улстөрийн байгууллагын улстөрийн шийдвэрээр профессор, дэд профессор цол өгдөг гэсэн үг. Тиймээс профессор, дэд профессор гэгч нь хэрэг дээрээ улстөрийн цол хэргэм.
Мөн энэ цол хэргэм нь үзэмжийнх. Учир нь физикийн профессорыг улс төр судлаач, Монгол хэлний багш, социологич, эдийн засагч нар өгөх. Мөн эргээд Монгол хэлний профессорыг физикч шийддэг. Мөн тавьдаг шалгуур нь ижил, тэгш. Ухаан ухааны онцлогийг огт харгалзахгүй. Одоогийн шалгуурыг нь хими, биологийн хүмүүс хийсэн мэт.
Цалингийн коммунист тогтолцоо, цолны улстөрийн үзэмжийн механизм хоёр нь мэдээж дотоодын бүтээгдэхүүнд ээлтэй.
Гэвч МУИС-д өндөр боловсролтой эрдэмтэд хэрэгтэй.
Тиймээс ч 2000-аад оны МУИС-ийн удирдлага профессор, дэд профессорын албан тушаал дээр өндөр хөгжилтэй оронд доктор хамгаалсан хүмүүсийг ажиллуулах болсон. Гэтэл хожим тодорхой квот тогтоосон төдийгүй, квот хэтэрсэн нөхцөлд заримынх нь албан тушаалыг нь бууруулдаг болгож.
Эхэндээ цолтой, цолгүйд ижил байснаа, дараа нь цолтойг нь дархалж цолгүйг нь бууруулдаг болж. Ингэснээр цолтой нь жинхэнэ профессор төдийгүй цолны нэмэгдэлтэй, цолгүй нь нэмэгдэлгүй төдийгүй, хуурамч болж хувирч. Энэ журмаар дээрх хоёр багшийг албан тушаал бууруулсан хэрэг.
Доромжилж, гутааж буйгаа ойлгодог эсэхийг бүү мэд. Нөгөө хоёр нь энэ байдалтай эвлэрч чадахгүй гарсан бололтой. Энэ бүхнийг өөрчлөхгүй бол өндөр хөгжилтэй оронд сурч, ажиллаж байгаа залуус, эрдэмтэд ирэхгүй л болов уу.
-Зүй нь ямар байх ёстой вэ?
-Зүй нь профессор цол, албан тушаал гэж тусдаа байх ёсгүй. Профессорын зэрэглэл дээр ажиллаж байгаа л бол профессор. Томилолт эрдмийн, “мэргэжлийн”, меритийн зарчмаар шийдэгддэг зүйл. Холбогдох тэнхимийн эрхлэгч, эсвэл декан тухайн ухааны тэнхим болон гадны эрдэмтдээс бүрдсэн үнэлгээний хороо байгуулдаг. Үнэлгээний хороо тухайн ухааны болон ижил төстэй ухааны ашиг сонирхлын зөрчилгүй эрдэмтдээс бүрдэх ёстой. Үнэлгээний хороо нууц байх ёстой.
Сургуулийн боловсон хүчний алба үнэлэгдэж байгаа багшаас товч намтар, бүтээлийн жагсаалт гэх мэт холбогдох материалыг авсан байна. Зэрэг болгонд тодорхой шалгуур байх бөгөөд хороо түүний дагуу үнэлнэ.
Эрдэмтдээс болон оюутнуудаас санал ч авна. Хамгийн гол нь нэгэнт их сургуулиуд шилдэг эрдэмтдийн төлөө өрсөлддөг учир үнэлгээний хороо тухайн багшийн үзүүлэлтийг үнэлэхдээ ижил эсвэл өндөр зэрэглэл дээр ажиллаж байгаа тухайн ухааны хэд хэдэн (ихэвчлэн 4-6) шилдэг эрдэмтдийнхтэй харьцуулдаг.
Үнэлгээний хороо саналаа деканд өгнө. Декан үнэлгээний хороо даалгаврыг зааврын дагуу зүй ёсоор гүйцэтгэсэн эсэхийг магадлаад захиралдаа уламжилна.
Захирал декан үйл ажиллагааг дүрэм, журмын дагуу зохион байгуулсан эсэхийг нягтална. Улмаар удирдах зөвлөлдөө уламжилж батламжлуулдаг зүйл.
Цалингийн тухайд ерөнхий суурь шатлал байх ч профессор, багш болгонтой тус тусад нь тохиролцож гэрээ байгуулах ёстой. Цалин хангамжийн хэмжээ сургууль, судлаач эсвэл зөвхөн багшлагч, салбар ухаан, судалгааны чиглэл, судлаачийн бүтээл, хүлээн зөвшөөрөгдсөн байдал, нэр хүнд зэргээс хамаараад харилцан адилгүй.
Судлаач (research), багшлагч (teaching) ангилал цалин, хангамж, эрх мэдэл, нэр хүнд, хичээлийн ачааллын хувьд эрс ялгаатай. Салбар ухаанаар өөр өөр. Нийгэм, хүмүүнлэгийн ухаан дотор түүх хамгийн өндөр Англи хэл утга зохиол хамгийн бага. Нэг нь дор хаяж сурвалжийн олон хэл шаардана нөгөө нь өөрийнхөө хэл, утга зохиолыг оролдох.
Судалгааны чиглэл чухал. Шинэ ирээдүйтэй чиглэл, салбарын тэргүүн эгнээний судалгаа уламжлалт, хуучирсан салбар, чиглэл хоёр эрс өөр. Сургууль бүхэн л эхнийхийг нь эрхэмлэнэ. Доктор хамгаалсан сургууль, хөтөлбөр, удирдсан профессор зэрэг нь цалин хөлсний хэмжээнд төдийгүй ажил олдох эсэхэд шийдвэрлэх учир холбогдолтой.
Алдартай, нэр хүндтэй, “од” болсон эрдэмтэд тэс өөр цалин, хангамж, эрх мэдэлтэй.
Судалгааны их сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд шилдэг эрдэмтдийн төлөө ширүүн өрсөлддөг. Тиймээс цалин хангамж, ажиллах нөхцөл тэр өрсөлдөөнөөр тогтоогддог. Тэргүүлэх судалгааны их сургуулиуд үндсэн цалин, хангамжаа бие биетэйгээ өрсөлдөн тогтооно. Тэд глобаль хэмжээнд шилдэг тархинуудыг “агнадаг”. Глобаль хэмжээнд шилдэг тархинуудын төлөө ширүүн өрсөлдөөн явагдаж байна.
Монгол Улс энэ өрсөлдөөнд огт оролцдоггүй. Зүгээр л тонуулаад, мөн зарим талаар соруудаа өөрөө өргөн бариад л явж байдаг.
Улс орнууд энэ өрсөлдөөнд дасан зохицож, бодлого боловсруулж, төрөл бүрийн аргаар өрсөлдөж байна. Зарим нь их сургуулиудаа ангилаад цөөн шилдэг хэдийг нь сонгож Америкийн их сургуулиудын загварт оруулж, их хэмжээний хөрөнгө оруулалт, шинэчлэлт, бүтээн байгуулалт, өөрчлөлт хийж байна.
Хятад улс энэ талаар тун цартай бодлого боловсруулж, маш олон хөтөлбөр, шат дараатай тууштай хэрэгжүүлж байгаа бөгөөд одоогоор 140 их сургуулиа дэлхийн нэгдүгээр ангиллын сургууль болгох хөтөлбөр хэрэгжүүлж байгаа.
Зарим нь Америк маягийн сургууль шинээр байгуулж, Америк болон өрнөдийн эрдэмтдээр бүрдүүлж байна. Казахстаны Назарбаевийн их сургууль түүний жишээ. Удирдлага, менежмент, бүтэц зохион байгуулалт, бүрэлдэхүүн, хөтөлбөр, цалин, хангамж Америкийн судалгааны их сургуулиудтай ижил.
Манай улс энэ өрсөлдөөнд оролцох бүрэн дүүрэн боломжтой, оршин тогтноё л гэж байгаа бол заавал оролцох ёстой. Мянгаар биш юм гэхэд зуу зуугаар тоологдох Монгол залуус өндөр хөгжилтэй орнуудад сурч, ажиллаж байна.
Ядахдаа тэднийгээ авчрахын төлөө өрсөлдөх хэрэгтэй.
Улс үндэсний хэмжээнд бодлого үгүйлэгдэж байхад их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нь глобаль өрсөлдөөнөөс өөрсдийгөө тасалсан, хаалттай орчин болсон мэт.
Мэдлэг, чадвар, туршлага ноёлж, мерит засаглаж, меритээр удирдаж байх ёстой газар урваж улс төр ноёлж, улстөр засаглаж, улстөрөөр удирддаг болсон мэт.
-Манайд ч сүүлийн үед “brain drain”, “brain gain” гэж ярьдаг болсон шүү дээ. Үүнийг та хэрхэн хардаг вэ?
-Тийм. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л. Энх-Амгалан ч энэ асуудлыг нилээд хөндөж, олон нийтийн анхаарлын төвд оруулж байх шиг. Өнгөрсөн зуны Монголч эрдэмтдийн их хурлын нээлт дээр “цаашид монголч эрдэмтдийг гадагш алдах урсгал буюу “brain drain”-ыг сааруулж, “brain gain” болгон хувиргах, гадаадад буй эрдэмтэдтэй хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг буй болгох болно” гэж байсан.
Гэтэл яам нь, сайд нь ийм бодлого дэвшүүлж байхад, ОУМСХ-ны бүрэлдэхүүнд өндөр хөгжилтэй орнуудад судалгаа хийж байгаа Б. Мандухай, Ч. Уранчимэг, М. Орхон, над мэт нь бүү хэл, өндөр хөгжилтэй орнуудад эрдмийн зэрэг хамгаалсан нэг ч Монгол судлаачийг оруулдаггүй.
Түүгээр ч барахгүй ёс бус үйлдэл, байдлыг нь хэлж, засаж залруулаасай гэж сэтгэл тавьсан Кристофер Этвүүдийг хүртэл шийтгэж байх.
Дэлхийн шилдэг Монголч эрдэмтнийг үл ойшоож, тавьсан асуудлыг нь ч огт авч хэлэлцээгүй. Гэтэл Этвүүдийг мэдэгдэл гаргасны маргааш нь л ОУМСХ-ны Ерөнхийлөгч асан Унгарын эрдэмтэн би сонгуульт албаа өгнө гэж мэдэгдэж байх.
Монгол судлал өнгөрсөн 30-аад жил асар хүчтэй хөгжсөн. Олон сайн судалгаанууд гарсан. Түүний дотор Этвүүд, Дэвид Снийт нарын эрдэмтэд эргэлтийн шинжтэй онол, судалгаанууд бүтээсэн. Дэлхийн өнцөг булан бүрд эрдэмтэд, оюутнууд тэдний бүтээлийг судлаж, ашиглаж байна. Гэтэл тэдний бүтээлүүдийн нэгийг ч Монгол хэл рүү орчуулсан зүйл алга.
Монгол улс, Монголын төр засгаас Монгол судлалд онцгой ач холбогдол өгч тусгай сан хүртэл байгуулж чадах ядахаар дэмжихийг оролдож байгаа.
Зүй нь Л. Энх-Амгалан сайдын хэлж байгаа шигээр Монгол судлаач эрдэмтдийг аль болох татаж, манай залуус тэдгээр эрдэмтдийг даган сурч боловсорч, Монгол судлалаар гарсан бүтээл бүхэн Монгол хэлэнд орчуулагдаж манай оюутан залуус төдийгүй олон нийт уншиж судалж, хэлэлцэж байх ёстой бус уу.
Ер нь Монгол Улс хөгжил, хүчирхэгжил, сайн сайхан, эрх чөлөөт амьдралыг зорьж л байгаа бол дан ганц Монголч эрдэмтдийг бус бүх Монгол эрдэмтдийг, түүний дотор ялангуяа STEM буюу байгалийн шинжлэл, технологи, инженер, математикийн чиглэлд онцгой анхаарал тавьж, тэргүүлэх чиглэл болгож, тусгай бодлого боловсруулж энэ чиглэлийн эрдэмтэд, судлаачдыг аль болох эх орондоо эргэн ирж ажиллах, бүтээх нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Жишээлбэл, Хятад улс 2008 оноос эхлээд хилийн чанадаас голдуу Хятад болон Хятад гаралтай шилдэг эрдэмтдийг татах зорилгоор Мянган авьяастан гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа.
Уг хөтөлбөр гадаадын эрдэмтдийг ч хамардаг. 2018 онд Nature сэтгүүлд дурдсанаар нийт 7,000 гаруй, түүний дотор 1,500 гаруй гадаадын эрдэмтдийг татаад байгаа гэсэн байсан. Хөтөлбөр байнгын болон богино хугацааны гэсэн хоёр замтай, мөн залуу болон ахмад гэсэн ангилалтай.
Богино хугацааны гэдэг нь ч олон жилээр үргэлжилсэн хамтын ажиллагаа бөгөөд тухайн эрдэмтэн өрнөдөд үндсэн ажлаа хийнгээ жилд богино хугацаагаар Хятадад ирж ажиллана гэсэн үг.
Байнгынх нь нэг удаагийн 1 сая юаны шагнал, орон байр худалдан авах мөнгө, хоолны мөнгө, нүүдэл суудлын зардал, гэр орондоо буцаж очих зардал, эрүүл мэндийн болон гэнэтийн ослын даатгал, нийгмийн болон тэтгэврийн даатгал, хүүхдүүдэд нь боловсролын зардал зэргээс бүрдсэн багц санал болгодог. Хэрвээ гэр бүлийн хүн нь дагаж ирвэл ажлаар хангадаг. Хөтөлбөрт хамрагдсан эрдэмтэд тусгай цол хэргэм, олон улсын төвшинд өрсөлдөхүйц цалин авахын дээр хамгийн шилдэг сургууль, хүрээлэнгүүдэд ихэвчлэн удирдах, тэргүүлэх албан тушаалд томилогддог.
Мөн хөтөлбөрөөс 3 хүртэл сая юаны судалгааны санхүүжилт санал өгдөг бөгөөд хүлээн авч байгаа сургууль, орон нутаг нь мөн түүнтэй дүйцэхүйц мөнгийг нэмдэг гэсэн. Манай улс иймэрхүү тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй. Олон улсын түвшинд танигдсан, судалгааны тэргүүлэх чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэд эрдэм шинжилгээний орчныг ч эрс өөрчилдөг.
Тэдний судалгааны чиглэл тухайн эрдэм шинжилгээний байгууллагын судалгааны чиглэл болно, тэднийг дагаж шилдэг залуу судлаачид ч, санхүүжилт ч ирнэ. Өөрөөр хэлбэл судалгааны байгууллага нь тэргүүлэх судлаачаа дагаад олон улсын түвшний судалгааны хэсэг болж хувирна.
Дээрээс нь өөрийн их, дээд сургуулийн багш нар, судлаачдаа тэргүүлэх чиглэлүүдээр өндөр хөгжилтэй орны шилдэг сургуулиудад, тэргүүлэх профессор, судалгааны группүүэд урт, богино хугацаагаар явуулж сургах, ажиллуулах хэрэгтэй.
Хятад улс 1980-аад оноос эхлээд АНУ-д оюутан явуулах болсон.
Гэтэл оюутнууд нь мэргэших, ахисан төвшний мэдлэг олж авах, өөрөөр хэлбэл, мэргэжил, мэргэшлээ дээшлүүлэх зорилготой 35-аас 45 насны ид насны шилдэг судлаачид байсан бөгөөд 15 хүрэхгүй хувь нь л эрдмийн зэргийн хөтөлбөрт хамрагдаж байсан гэдэг. Нэгэнт эх орондоо амьдрал ахуйгаа төвхнүүлсэн хүмүүс тэр бүр АНУ-д үлдэхгүй.
Мөн АНУ-ын их сургуулиудаас эрдмийн зэрэг цол аваагүй бол тэнд ажил төрөл олоход ч төвөгтэй гэдгийг тооцсон хэрэг.
Гэтэл Монгол улс сор болсон өсвөр тархинуудаа төсвийнхөө мөнгөөр санхүүжүүлээд тавиад туучихдаг. Харин Хятад улс дэлхийн иргэн бэлдэх бус харин өөрөө хөгжих зорилготой, өөрийн их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдээ хөгжүүлэх, чадваржуулах, хүчирхэгжүүлэх, өөрөө дэлхийн тэргүүлэх гүрэн болох зорилготой байсан гэсэн үг.
Манай улс хөгжихийг хүсэж л байгаа бол глобаль өрсөлдөөнд оролцож, их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдээ өөд татаж, ядахдаа гадаадад байгаа Монгол эрдэмтдээ аль болох татах хэрэгтэй, мөн эрдэм шинжилгээний шилдэг ажилтнуудаа бодлоготой, зорилготой, төлөвлөгөөтэй явуулж мэргэжил, мэдлэгийг нь дээшлүүлдэг байх хэрэгтэй.
-Таныг Монголын эрдэмтэдтэйгээ хил, хязгаархамаарахгүй хамтран ажиллаж багш ментор нь байдаг гэх юм. Учир нь Монголынхоо нэлээд судлаачдыг “урвуулж” дэлхийн төвшинд ажиллах, сурч боловсрох оюуны хөрөнгө оруулалт хийдэг хэмээн олон эрдэмтэд талархдагтай таарч байлаа?
-Миний хувьд голдуу МУИС-ийн антропологи, түүх, улстөр, социологи, боловсрол судлал, хууль гэх мэт нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарын залууст Англи, АНУ, Япон, Герман, Австри, Швейцарь зэрэг улсуудад сурах, ажиллах боломж бүрдүүлж байсан зүйл бий.
Анх Японд докторантурт сурч байхдаа удирдагчдаа хэлж МУИС-аас жил бүр тодорхой тооны багш, оюутан Кокушикан их сургуульд тэдний бүрэн тэтгэлгээр сургах, мэргэжил дээшлүүлэх гэрээ байгуулуулсан юм. ШУТҮЗ-ийн нарийн бичгийн дарга, улстөр судлалын С. Мөнхбат тэр гэрээгээр Кокушиканд очсон анхны хүн.
Японд ирсэн даруйдаа над руу утсаар ярьж талархал илэрхийлж байсан. 2004-2008 онд тэнхимийн эрхлэгч байхдаа тэнхимээ Соросын сангийн Эрдмийн Тэтгэлэгийн Хөтөлбөрийн түнш тэнхим болгож С. Бум-Очир нарын долоо найман багшийг тэдний тэтгэлэгт хөтөлбөрт хамруулсан.
Хамрагдсан багш нар 6 хүртэл жилээр тогтмол мөнгөн тэтгэлгээс гадна жил бүр хоёроос доошгүй удаа Зүүн Европ болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнуудад болдог байсан бүс нутгийн сургалтад хамрагддаг, нэг удаа өрнөдийн номын санд судалгаа хийх, мөн нэг удаа өрнөдийн эрдэм шинжилгээний хуралд оролцох боломжтой байсан.
Мөн Веннер-Грений сангаас 5 жилийн хугацаатай 125 мянган долларын грант авч 5 залуу багшаа Кембрижийн их сургуультай хамтран докторт сургасан. Тэд бүгд тус бүр хоёр удаа, удаа болгондоо семестерийн хугацаагаар Кембрижийн их сургуульд сурсан. Одоогоор гурав нь доктороо хамгаалаад тэнхимдээ багшилж байна.
Нэг нь Кембрижид докторт сурч байна. Хамгаалсан гурвийн нэгийг Австрийн ШУА-д 3 жил, нэгийг нь Биелефелдийн их сургууль болон Дэвис дэх Калифорнийн их сургуульд тус бүр нэг семестрээр, нэгийг нь Цюрихийн их сургуульд жилийн хугацаагаар судалгаа хийх боломж бүрдүүлж байсан.
Мөн Японы Шига мужийн их сургуультай 2006 онд өөрийн салбараас жил бүр 3 оюутан жилийн хугацаатай сургах гэрээ байгуулсан нь одоо болтол үргэлжилдэг юм билээ. Японы талаас Иппэй Шимамура багш гол ажлыг бүтээсэн.
Шимамура багш бас нэг залуу багшийг маань дэргэдээ авч, удирдаж доктор хамгаалуулсан. Түүхээс П. Дэлгэржаргалыг Индиана руу Кристофер Этвүүдын дэргэд хэдэн он дамнасан хөтөлбөрт, С. Чулууныг Кембрижид Булагийн дэргэд 3 сарын хөтөлбөр гэх мэтэд хамруулж байсан. МУИС-ийн хуулийн нэг залууд Макс Планкийн Нийгмийн Антропологийн хүрээлэнд докторт суралцах боломж олгосон, одоо сурч байгаа.
МУИС-ийн дэд захирал байхдаа Боловсрол, шинжлэх ухааны яамны өмнөөс Монголын их сургуулиудыг Харвард, Массачусетсийн Технологийн Институт, Стэнфорд зэрэгтэй холбох ажлыг зохион байгуулж байсан.
-Таны ажиллаж байсан улс орнуудад мэдлэгийн шударга өрсөлдөөн, эрдэмтний үнэ цэн, ёс зүйг чухалчилдаг болов уу. МУИС-ийн удирдлагын бүрэлдэхүүнд байсан албан тушаалтны зүгээс энэ тухай заавал асуумаар байна?
-Өндөр хөгжилтэй орон гэж өндөр мэдлэг, өндөр технологитой орон л гэсэн үг. Мэдлэг, технологи өөрөө хүч, хөгжил бөгөөд хүчирхэгжил, цэцэглэлт, ноёрхлын түлхүүр.
Дэлхийн хамгийн хөгжилтэй, хүчирхэг, тэргүүлэх эдийн засаг АНУ гэвэл тэр нь АНУ дэлхий дээрх хамгийн их шинэ мэдлэг, шинэ технологи бүтээдэг орон л гэсэн үг. Удаах нь Хятад гэвэл мөн шинэ мэдлэг, шинэ технологи бүтээлтээр удаа нь байна л гэсэн хэрэг. Мөн эдгээр орнууд шинэ мэдлэг, шинэ технологийн төлөө хамгийн хүчтэй өрсөлдөгчид л гэсэн үг.
Харин шинэ мэдлэг, технологи нь шилдэг тархинуудын, шилдэг судлаачдын, шилдэг эрдэмтдийн л бүтээл. Мэдлэгийн, технологийн өрсөлдөөн, эрдэмтний үнэ цэнэ гэдэг ийм л учиртай юм. Өөрөөр хэлбэл шинэ мэдлэг, шинэ технологи, шилдэг тархины өрсөлдөөн гэдэг нь хөгжил, хүчирхэгжлийн төлөөх өрсөлдөөн л гэсэн үг.
Харин тэр өрсөлдөөн нь шилдэг тархинуудыг үнэ цэнтэй болгож байгаа бөгөөд энэ өрсөлдөөн нь нэг талаас оюуны өмч, зохиогчийн эрхийг хамгаалалт, нөгөө талд нь мэдлэг, технологийн тагнуул, хулгай гэх мэт зүйлс гарч байгаа юм.
Мэдээж хаана шинэ мэдлэг, шинэ технологийн өрсөлдөөн өндөр байна тэнд бүтээгчид нь өндөр үнэтэй байх болно, тэнд оюуны өмч, зохиогчийн эрх хамгийн сайнаар хамгаалагдсан байна.
Бүтээснээ эзэмших, үр шимийг нь шударгаар хүртэх боломжгүй бол хэн зүтгэх билээ. Тиймээс ч өндөр хөгжилтэй орнуудад мэдлэгийн өрсөлдөөн, эрдэмтний үнэ цэнэ, эрдмийн ажлын ёс зүй онцгой чухал, ноцтой асуудал бөгөөд эрдмийн ёс зүйг мөрдөөгүй үйлдэл нь тогтоогдвол хэн ч, хичнээн сайн эрдэмтэн байсан ч, хичнээн нэр хүндтэй, эрх мэдэлтэй байсан ч, мөн тэр үйлдэл нь олон жилийн өмнө болсон байсан ч шинжлэх ухааны орчноос хөөгддөг. Улмаар хууль зөрчсөн нь тогтоогдвол зохих шийтгэлийг хүлээлгэдэг.
Манайд сүүлийн үед оюуны хулгайн (plagiarism) асуудал их хурц тавигдаж байх шиг.
Боловсрол, шинжлэх ухааны сайд ч энэ асуудалд ихээхэн анхаарал хандуулж байх шиг. Нэг хэсэг нь хуулах, будаа идэх гэх мэтээр шалгалт, шүүлэг өгөх үед зарим оюутны гаргадаг үйлдлээр тайлбарлаж байх шиг. Харин асуудал нь оюуны хулгайн асуудал бөгөөд шинэ мэдлэгийн түвшинд учир холбогдол нь хурц илэрдэг, судалгааны ёс зүйн хамгийн бүдүүлэг зөрчил.
Түүнээс гадна судалгааны мэдээ баримт, өгөгдөхүүн, явц, арга барил, үр дүнг орхигдуулах, гуйвуулах, засах (falsification), мөн хуурамчаар бүрдүүлэх (fabrication), мөн тэдгээр үйлдлийг мэдээд нуух, далдлах (cover up) зэрэг үйлдэл нь үл тэвчих ноцтой зөрчлүүд. Ийм асуудлууд босож ирвэл хөндлөнгийн бие даасан шинжээчдийн багийг томилж шалгаж, тогтоодог.
Жишээ нь өнгөрсөн 7-р сард Марк Тессиер-Лавин (Marc Tessier-Lavigne) гэдэг хүн Стэнфордын их сургуулийн захирлаас огцруулагдсан. Тэр хүний Женентек (Genentech) гэдэг биотекийн компанид эрдэм шинжилгээ хариуцсан Дэд ерөнхийлөгч байхдаа удирдсан Алзхаймэрийн талаарх 2009 оны эрдэм шинжилгээний ажил нь судалгааны материалыг гуйвуулсан гэсэн асуудал босч ирсэн.
Асуудлыг Стэнфордын их сургуулийн сэтгүүлийн ангийн 18 настай Тео Бэйкер (Theo Baker) гэдэг оюутан The Stanford Daily гэдэг сургуулийнхаа сонинд 2022 оны 11 сард гаргаж тавьсан. Стэнфордын Удирдах зөвлөл тэр даруй 11 сард Тусгай хороо байгуулж, уг хороо Нобелийн шагналтан зэрэг нэр хүндтэй 5 эрдэмтнээс бүрдсэн хөндлөнгийн шинжээчдийн баг байгуулсан. Шинжээчдийн баг Тессиер-Лавины 20 гаран жилийн хугацаанд хэвлүүлсэн 12 өгүүллийг нягтлаад судалгааны материалыг Тессиер-Лавин өөрөө санаатай гуйвуулсан гэж үзээгүй. Харин түүний удирдлагад ажиллаж байсан олон өөр хүмүүс, урт хугацааны туршид тийм зүйл хийж байсан гэж үзсэн. Тэгээд түүний 1999 онд Cell сэтгүүлд хэвлүүлсэн 1, 2001 онд Science сэтгүүлд хэвлүүлсэн 2 өгүүллээ буцааж татах, 2009 онд Nature сэтгүүлд хэвлүүлсэн 2 өгүүллээ засах ёстой гэсэн дүгнэлт гаргасан. Мэдээж, Тессиер-Лавины скандал гутамшигтай төдийгүй Стэнфордын мөн чанар, сургуулийн үзэл санаанд харш байсан. Стэнфорд бол судалгааны их сургуулийн үлгэр загвар болсон газар.
Гэтэл манайд 18 настай оюутан бүү хэл, их дээд сургуулийн олон багш нар ийм асуудлыг босгож тавиад, телевиз, сонин хэвлэл болон нийгмийн сүлжээний хэрэгсэлүүдээр шүүмжлээд, олон нийт дургүйцлээ илэрхийлээд, сайд нь, яам нь бодлого болгож, бараг кампанит ажил өрнүүлээд ч, дээрээс нь нэр хүндтэй, дэлхийн шилдэг Монголч эрдэмтэн оролцоод ч асуудал огт шийдэгдэхгүй байгааг юу гэж ойлгох вэ. Монголын эрдэм шинжилгээний орчин ийм л болчхоод байна. Кристофер Этвүүд “Tанай залуу эрдэмтэд, олон нийт миний хөндсөн асуудлыг их нааштай хүлээн авч дэмжиж байна. Харин маш гайхалтай нь танай дунд болон ахмад үеийн эрдэмтэд, түүний дотор миний найз нар ч энэ асуудлыг огт дэмжсэнгүй. Нэг нь ч миний фэйсбүүк пост дээр лайк дарсангүй. Энэ яагаад ийм байна вэ” гэж байна билээ.
-Монголд харин системийн тогтолцоо тууштай бус ялангуяа ур чадварын өрсөлдөөн, санхүүжилт, дэд бүтэц дутмагаас манай шинжлэх ухаан нэг их урагшилдаггүй юм болов уу. Та ямар өөрчлөлт нэн тэргүүнд хийгээсэй гэж хүсдэг вэ?
-Шинжлэх ухааны утга учир шинэ мэдлэг, шинэ технологи бүтээх явдал. Шинэ мэдлэг бүтээх бүү хэл оршин буй мэдлэгийг эзэмших ч тархи болгоны чаддаг зүйл биш.
Тиймээс ч боловсрол, шинжлэх ухаан шалгалт, шүүлэг, шат, дамжаа, зэрэг, дэвтэй байж шат өгсөх тусмаа шигшдэг тогтолцоо.
Шигшилтийн шалгуур нь мэдлэг, түүний түвшин өөр юу ч биш. Тиймээс юуны түрүүнд ингэж шигшдэг тогтолцоог төлөвшүүлэх хэрэгтэй. Үүний тулд шинжлэх ухаан, дээд боловсролын хамгийн шилдэг туршлагыг Монголдоо нутагшуулах, төлөвшүүлэх шаардлагатай. Мэдээж өнөөгийн ертөнцийн хамгийн шилдэг туршлага, тогтолцоо нь Өрнөдийн, түүний дотор АНУ-ын шинжлэх ухааны ч, дээд боловсролын ч тогтолцоо тун онцгой.
Түүнийг Монголдоо нутагшуулах ёстой.
Мөн шилдэг тархинуудыг татах, сорох, дайчлах, хөгжүүлэх, ажиллуулах, хадгалах орчныг бий болгох ёстой.
Энэ нь өөрийн шилдэг тархинуудаа гадагшаа ч тэр, бизнес рүү ч тэр алдахгүй, дээд боловсрол, шинжлэх ухааны орчиндоо байлгахуйц орчин, нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай гэсэн үг.
Мэдээж өндөр хөгжилтэй орнууд, түүний дотор АНУ дэлхий даяар шилдэг тархинуудыг татаж, түүний дотор манай шилдэг судлаачдыг ч татаж байгаа учир тэдний эрдэм шинжилгээний орчинтой өрсөлдөхүйц, түүнээс илүү гарахуйц орчин, нөхцөлийг бүрдүүлэх ёстой гэсэн үг. Энэ нь мөн дэлхийн шилдэг судлаачдыг татахуйц орчин бүрдүүлэх ёстой гэсэн үг.
Улмаар шилдэг тархи гэдэг өгөгдөл боловч түүнийг олж, илрүүлж, тэтгэж, дайчилж, боловсруулж, хөгжүүлэхгүй бол түүний чадавх боломжийг бүрэн дүүрэн нээх боломжгүй. Тиймээс хүүхэд бүрд хүрч, тэдний авьяас билгийг нээхүйц, хөгжүүлэхүйц боловсролын тогтолцоотой байх ёстой. Нийгмийн, эдийн засгийн, орон нутгийн, гэр бүлийн гэх мэт нөхцөл байдлаас үл хамааран хүүхэд бүр чанартай боловсрол авах боломжтой байх ёстой гэсэн үг. Дээрээс нь манай улс хүн ам цөөтэй. Тиймээс авьяас билигтэй нэг ч хүүхэд гээгдэх, орхигдох ёсгүй.
-Та Монголдоо сая ирсэн нь нэг мөр ажиллахаар ирэв үү, аль эсвэл?
-Суурин байх санаатай байна. Мөшгөмөөр, мухарламаар судалгааны сэдвүүд байсан, харин ажиллах орчин нь өрнөдөд л байсан. Мөн нэгэнт номын мөр хөөснийх жинхэнэ эрдэм номын орчинд нь ажиллах хэрэгтэй гэж үзсэн.
Өнгөрсөн хугацаанд зорьсон судалгааныхаа ихэнхийг нугалсан, хүссэн эрдэм шинжилгээний орчиндоо ч хангалттай ажилласан. Ихээхэн ч цаг хугацаа зарцуулсан байна.