С.САРУУЛ
PISA Олон улсын байгууллагаас Сурлагын амжилтын олон улсын үнэлгээний үр дүнг дэлхий нийтэд 12-р сарын 5-ний өдөр нэгэн зэрэг танилцуулна. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Монгол Улсын PISA-гийн анхны үнэлгээ маргааш Улаанбаатарын цагаар 17:00 цагт дэлхийн даяар зарлагдана. Олимп, дэлхийн аваргаас медаль горьдож, нүдээ хөхөртөл ширтдэг ард түмэнд 15 настай Монгол хүүхдүүдийн дэлхийн үе тэнгийнхэнтэйгээ чадвараа хэмжүүлсэн анхны дүн гарах учраас маш их ач холбогдолтой” гэжээ.
PISA-гийн талаар товч танилцуулга:
Хүүхдүүд суурь боловсрол эзэмшээд дараагийн шатны боловсролын түвшинд шилждэг учраас 15 настай суралцагчдыг хамруулдаг. Энэ үнэлгээгээр, суралцагчдын мэдлэг, чадварыг Математик, Байгалийн ухаан, Унших, Бүтээлч сэтгэлгээний агуулгаар үнэлдэг. Мөн Сурлагын амжилтад нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох зорилгоор сургуулийн захирал болон суралцагчдаас асуулга судалгаа авдаг. PISA үнэлгээг 3 жил тутамд зохион байгуулдаг нь тухайн улсын боловсролын тогтолцоонд гарч буй өөрчлөлтийг тодорхойлоход тохиромжтой хугацаа гэж үздэгтэй холбоотой. PISA нь Компьютерт болон цаасанд суурилсан хэлбэрээр явагддаг. Манай улсын тухайд компьютерт суурилсан хэлбэрээр анхны үнэлгээнд хамрагдсан. Судалгаанд хамрагдах сургууль, сурагчдыг түүврийн аргаар сонгосон. Сонгогдсон суралцагчид математик, байгалийн ухаан, унших, бүтээлч сэтгэлгээний даалгаврыг 2 цаг, сурлагын амжилтад нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох асуулгыг 40 минутын хугацаанд хийж гүйцэтгэсэн юм.
Шалгалт 2022.04.11-05.14-ний өдрүүдэд болж, манай улсын 196 сургуулийн 7276 сурагч хамрагдсан юм.
“PISA – 2022” үнэлгээнд Монгол Улс оролцсоноор:
15 настай суралцагчдын эзэмшсэн мэдлэг, чадвараа амьдрал практикт хэрхэн хэрэглэж буйг бодитой тодорхойлж, үндэсний хэмжээний мэдээллийн сан бүрдэнэ. Өөрийн орны боловсролын чанарыг дэлхийн бусад оронтой харьцуулж, харилцан туршлага судална. Үнэлгээний үр дүнд тулгуурлан боловсролын бодлого, шинэчлэлийн чиглэл, төлөвлөлтийг тодорхойлно. Мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Хүн ам зүй, нийгэм эдийн засаг, боловсролын салбарын өөрчлөлт, шинэчлэлт нь суралцагчийн сурлагын амжилтад хэрхэн нөлөөлж буйг илрүүлэх зэрэг олон давуу талтай.
Эх сурвалж: www.polit.mn