Мосаб Хассан Юсеф: Хамас улс төрийн эрх мэдлийн төлөө хүүхдүүдийн цусаар мөрий тавьж байна

2023-11-28
Нийтэлсэн: Админ
 16 мин унших

Өнгөрсөн даваа гаригт Хамас бүлэглэлийг үүсгэн байгуулагчдын нэг Хассан Юсефийн хүү Мосаб Хассан Юсеф НҮБ-д хандан үг хэллээ. 45 настай залуу Юсеф хэдийгээр түүний аав Хамас бүлэглэлийг байгуулсан ч 1990-ээд оны үед тус бүлгээс гарч, Хамас бүлэглэлийн хэд хэдэн террорист халдлагыг илрүүлэх болон аливаа халдлагаас урьдчилан сэргийлэхийн тулд Израилын аюулгүй байдлын албатай нууцаар хамтран ажиллаж байжээ.

Газын зурваст үүсээд байгаа Хамас-Израилын дайны уршгаар олон мянган хүүхэд, гэм зэмгүй иргэд амь насаа алдаж, гэмтэж бэртсээр байгаа юм.

Дашрамд дурдахад, хоёр тал түр эвлэрлийн дөрвөн хоногийг эхлүүлж, галаа зогсоож, барьцаанд байгаа хүүхэд эмэгтэйчүүдийг суллах тохиролцоонд хүрсэн нь өнөөдөр дуусах юм. Энэ эвлэрлийн хүрээнд Газын зурваст барьцаалагдаад байсан 17 иргэнийг сулласны 13 нь Израилын иргэд, дөрөв нь тайланд хүмүүс аж. Мөн Израилын шоронгоос 39 палестин хоригдлыг суллаад байна.

Цаашид эвлэрлийн хугацааг сунгах эсэх нь хараахан шийдэгдээгүй байгаа ч Хамасын зүгээс эвлэрлийн хугацааг сунгах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. 

Мосаб Хассан Юсеф нь нэгэн цагт Хамас байгууллагад багтаж байсны хувьд энэ байгууллагын гол зорилго хийгээд хүн төрөлхтөнд учруулж байгаа аюул заналын учир шалтгааныг илэрхийлэн НҮБ-д хандан хэлсэн үгийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.

Сайн байцгаана уу. Энэ өдрийн мэнд хүргэе. Энэ индэр дээр зогсож үзэл бодлоо илэрхийлэх боломж олгосон Элчин сайд танд баярлалаа. Цаг үе хүнд нөхцөлд байна. Асар их хуваагдал, төөрөгдөл, үзэн ядалт, буруу ташаа мэдээлэл. Бүгд л гэм зэмгүй хүүхэд багачуудын өмнөөс үг дуугарч байна. Гэхдээ тэдний жинхэнэ зорилго юу вэ гэдгийг мэдэхгүй. Харин би өнөөдөр тэр соёл дунд өсөж торнисон палестин иргэний хувиар үзэл бодлоо илэрхийлэх болно. Палестин хүүхдүүдийн эсрэг Хамас бүлэглэлийн эхний гэмт хэрэг нь тэднийг зэвсэглэж, эсвэл аминд ч хүрч болзошгүй тэсрэх бөмбөгийг биедээ авч явах урам зориг өгөхдөө гол нь биш. Миний үзэж туулсан зүйл бол шашин шүтлэг, үзэл суртал, ятган үнэмшүүлэх шинжтэй байсан. Израил улсыг устгах нь Хамас бүлэглэлийн нэн тэргүүний зорилго. Үүнд эргэлзэх хэрэггүй. Би бол Хамас бүлэглэл болон тэдний зорилгыг мэддэг бодит гэрч. Миний эцэг Хамас бүлэглэлийг үүсгэн байгуулагчдын нэг. Хамас бүлэглэл төрөх үед би тэнд байсан. Хамас бүлэглэл төрөхөөс өмнө нь ч би байсан. Түрүүн хэлсэнчлэн, Хамас бүлэглэл мөхсөний дараа ч би байх болно.

...Би энэ суртал ухуулгад оролцоогүй. Би хэний ч дор ажилладаггүй. Би зөвхөн өөрийгөө болон эрх мэдэлтнүүдийг төлөөлж байгаа. Тиймээс битгий эргэлз. Миний үгийг анхааралтай сонс. Хамас бүлэглэл өнөө үе төдийгүй ирээдүйн үр хойчийнхоо эсрэг гэмт хэрэг үйлдэж байна. Израил улсыг буруутгах нь асуудлыг шийдэх гарц биш. Намайг 10 настай байхад Хамас бүлэглэлийг эсэргүүцсэний минь төлөө Хамас-ын ахлах удирдагч намайг шонд хүлж, ташуурдаж байсан. Ахлах удирдагч нь шүү. Би нэрийг нь дурсмааргүй байна. Дурсахаар ч хүн биш. Тэр хүн цахилгааны утсаар ороолгох бүрт амьсгалахад бэрх болж, эцэст нь ухаан балартсан. Тухайн үед миний эцэг шоронд хоригдож байсан. Тэр удирдагч өөрийгөө миний чиглүүлэгч гэж бодож байсан. Энэ бол Хамас бүлэглэлийн дэглэм. Тэд намайг өөрсөд шигээ хэрцгий, догшин болгохыг хүссэн. Оюун ухаан нь боловсорч гүйцээгүй бяцхан хүүхэд байсан ч ингэх нь зөв зүйл яавч биш гэж би мэддэг байсан. Гэхдээ би эцэг эхийнхээ таалалд нийцэхийн тулд Хамас-т нэгдэж, тэр мангасуудын үгийг дуулгавартай дагахаас өөр сонголт байгаагүй. Би хувийн асуудлаа ярихаас ч, тэднийг өмгөөлөхөөс ч дургүй хүрч байна. Тэр ч гэсэн өмгөөлүүлэх дургүй. 10 сарын 7-ны өдөр Хамас бүлэглэл Израиль улсад яг энийг л хийсэн. Тэд биднийг бүгдийг нь өмгөөлсөн. Гэхдээ энэ нь бид дайнд ялна гэсэн үг биш. Палестины хүн амын дийлэнх нь Израилийг буруутгадаг нийгэмд би өссөн. Хүүхэд байхдаа би гол асуудал нь Израиль гэх үзлийг яг л Коран мэт ариун судар шиг боддог байсан. Өсөж томрох тусам би жинхэнэ дайснуудаа ойлгож эхэлсэн. Шүтлэгтэй эрх мэдэлтнүүд, авилгад автсан удирдагчид. Тэдэнд хүүхэд багачууд, Палестинчууд гээд өөрсдөөс нь өөр хэн ч хамаагүй. Тэднийг хохирогчдын эсрэг гэмт хэрэг үйлдэхэд нь дэлхий харин ч дэмжсээр ирсэн. Үүнийг эцэслэх хэрэгтэй. Миний хүүхэд насыг түр хойш тавья. Хүүхэд юугаа ч ойлгохгүй байсан байж болно шүү дээ. Магадгүй би багадаа маш муу хүүхэд байсан байх. Зохисгүй авир гаргаж, үр дүнд нь Хамас-ын удирдагчдын мөнхийн зодуур болдог байсан. Зарим хүн энэ асуудал надад хамаатай юм уу гэдэг. Мэдээж хамаатай. Надад Хамастай холбоотой асуудал байгаа нь танд ч бас нөлөөлөх үү гэж үү? Энэ бүхэн хүн бүрд хамаатай. Хамас бүлэглэл мөхөхийг үзэх хүртэл би үхэхгүй. Энэ бол миний амьдралын зорилго. Хамас бүлэглэлийг буруушаахын оронд хууль ёсны эрх мэдэл өгдөг олон удирдагчид энд сууж байгаа. Хэрэв дэлхий тэр даяараа Хамас-ын эсрэг зогсож, өөрөөр яривал, тэр дунд нэг гэрч хэзээд байх болно. Тэр гэрчийг яаж ч мэхлэх гээд бүтэхгүй. Том болоод би Хамас буюу Исламийн оюутнуудын хөдөлгөөний ерөнхийлөгч болсон. Би энэ хөдөлгөөнд оролцсон. Ердөө л эцгийгээ, гэр бүлээ гэх сэтгэлээс болсон. Надад өөр сонголт байгаагүй. Эцэст нь би 18 настайдаа гянданд хоригдсон. 18 насны төрсөн өдрөөс хэдхэн долоо хоногийн дараа буюу 1996 оны 5 сарын 28-ны өдөр. Намайг баривчилсан Израильчуудад гол асуудал байгаагүй. Асуудал нь өнөө л Хамас бүлэглэл. Гэвч энэ удаагийнх илүү их харгислал, миний мэдэрснээс ч илүү их зовлон шаналал дагуулсан. Хамас бүлэглэл Палестины зуу гаруй хоригдлыг тамлаж, хөнөөсөн. Учир нь Хамас бүлэглэл тэднийг Израильчуудтай хамтарч байна гэж сэрдсэн юм. Эхний баривчилгаанд би 16 сарыг Хамасын удирдагчидтай хамт шоронд өнгөрүүлсэн. Мэдэхгүй хүмүүст хэлэхэд, Хамасын энэ бүлгийг Аль-Маж буюу Хамасын аюулгүй байдлын салбар гэж нэрлэдэг байсан. Энэ аюулгүй байдлынхан хүмүүсийг харгис хэрцгийгээр тамлаж, хумсны завсар нь зүү хатгаж, бие дээр нь хуванцар шатааж, арьсанд нь тамхиа унтрааж, үүний уршгаар зуу зуун хоригдлуудын хашхирах чимээ сонсогддог байсан. Энэ явдлыг мартаж огт болохгүй. Бид ямар гээч аймшгийн мангасуудтай зохицож амьдарч байсныг та нар ч бас мэдрээсэй гэж би хүсэхгүй байна. Миний эцэг ийм бүлэглэлийг бүтээхэд гар бие оролцсонд харамсаж байна. Би эцгийгээ үл хүндэлж байгаа юм биш. Би эцэгтээ хайртай, үргэлж хайрласаар байх болно. Би ард түмнээ ч үл хүндэтгээгүй. Би тэдэндээ хайртай. Гэхдээ Хамас бүлэглэл энэ галзууралдаа автаж, өдийг хүртэл явсанд, бид үүнийг нь зогсоож чадахгүй байгаад итгэж чадахгүй байна. Шоронгоос суллагдсаны дараа би маш хүнд сонголттой нүүр тулсан. Надад хугацаа байгаагүй. Гэхдээ надад Хамас бүлэглэлтэй тэмцэх олон сэдэл байсан. Одоо ч байгаа. Хэн ч үүнд саад болж чадахгүй, НҮБ хүртэл. Би хэний ч тархинд багтахааргүй сонголт хийсэн. Би Израилийн тагнуултай 10 жил хамтарч ажилласан. Бид тэсрэх бөмбөгийн дайралтыг зогсоохын төлөөх нэгэн зорилго дэр нэгдсэн. Энэ явдлыг мэдэхгүй эсвэл мартчихсан хүмүүст хэлэхэд, 1990-ээд он болон 2000 оны эхээр Хамас бүлэглэл маш олон тэсрэх бөмбөгийн дайралт хийсэн. Тоолж баршгүй олон бөмбөг тэсэрч, хүүхэд, хөгшид гэж ялгалгүй бүгдийг хөнөөсөн. Зөвхөн Израильчууд биш, Америк, Европ болон Израил, Араб, Муслим гээд бусад үндэстнүүд ч мөн амиа алдсан. Хамас бүлэглэл хүн ялгаварладаггүй. Зочид буудлын зогсоол дээр жишээ авъя. Еврейчүүдийн хамгийн ихээр дээдэлдэг баярынх нь өдөр тэсрэх бөмбөгийн дайралт ирж 30 гаруй хүн амиа алдсан. Холокостоос амьд үлдэгсэд хүртэл тэр бөмбөгдөлтөнд өртөж нас барсан. Далайн эрэг дээр хөгжилдөж байсан залуу өсвөр настнууд дайралтанд өртөж, 18 гаруй хүүхэд нас барж, тэрнээс ч олон хүүхэд шархадсан. Бөмбөгдөлт үүгээр дуусаагүй. Хамас бүлэглэл Хэбрив их сургууль руу халдаж, зургаан америк оюутан нас барсан. Тэд Израилийн хариу үйлдлийг мэдсэн хэрнээ Еврейчүүдийн сүмээс эхлээд хаа сайгүй халдсан. Тэд хүчирхийлэлд дуртай учраас ийм хүчирхийллийг хийсэн.

Эмх замбараагүй байдал үүсгэхгүй бол Хамас бүлэглэл оршин тогтнож чадахгүй. Энэ бол тэдний амьдрах орчин. Ийм л орчинд тэд өсөж бойждог. Хэрэв Хамас-ын үүсэл түүх болон тэдний хөгжил, хувьсал юу байдаг юм тэрийг нь сөхөж харвал, Хамас бүлэглэл тэсрэх бөмбөгдөлтөөр энх тайвны хөдөлгөөнийг саатуулж байгаа. Тэдэнд алсын хараа байхгүй нь л гол асуудал. Учир нь тэд дайн эхлүүлж байгаа энэ таашаалдаа хэзээ ч ханаж цадахгүй. Үүнд Ирландын бүгд найрамдах арми болон бусад улс төрийн шинжтэй алан хядлагын байгууллагууд хамаагүй. Тэднийг шахаж дарамталж, эрхэндээ оруулж, хүн шиг ярьж хэлэлцэж болно. Үүнд улс төрийн хил хязгаарт автдаггүй, бүхэл бүтэн угсаа үндэстнийг устгаж, Ислам улсыг бүтээх хүсэлтэй шашны бүлэглэл хамаатай. Энэ бүлэглэлийн талаар өөр хэлэх үг ч олдохгүй байна. Хүн бүр яагаад ойлгохгүй байгааг ч мэдэх юм алга. НҮБ үүнийг зогсоож чадаагүй. Хүчирхийлэгчид, тэд амьтнаас ч дор сэтгэхүйтэй. Би Палестины газар нутагт өссөн өөрийн хүүхэд насныхаа өмнөөс яриагүй, харин Израилын тагнуултай 10 жил хамтарч, энэ алан хядлагыг нүдээр үзсэн хүний хувиар ярьж байна. Хамасын гишүүдийн нэг болох Ибрахим Хамэд-ийг барих гэж бид найман жилийг зарцуулсан. Энэ алан хядагч 20 мянган хүн амтай Рамала-гийн жижиг хотхонд найман жилийн турш нуугдаж байсан. Бид түүнийг барих гэж тийм олон жилийг зарцуулах хугацаанд тэр өдөр бүр тэсрэх бөмбөг илгээж байсан. Тэрнийг барих нь хар дарсан зүүд шиг л байсан. Бид тэрнийг Газад барьцаалсан байгаа. Хамас бүлэглэл хүнээ эргүүлж авахыг хүсэж байна. Тэр суллагдах магадлалтай хүмүүсийн тэргүүнд явж байгаа. Ибрахим Хамэд. Нэрийг нь сайн цээжлээд ав. Нэрээр нь хайгаад үз. Тэд алан хядагчийг суллаж явуулахыг хүсэж байна. Түрүүн та бүхний харсан винтов буу, хүүхэд тэвэрсэн залуу израилийн хоригдол солилцоонд хамрагдаж, саяхан суллагдсан. Израиль өөрийн ганцхан байлдагчаа ээжтэй нь эсэн мэнд уулзуулахын төлөө Хамасын зуун гишүүнийг суллах хэрэгтэй болсон. Хамас үүнд нь амташсан. Тэгээд 200 болон түүнээс дээш барьцааны хүмүүсээ эргүүлж авахаар болсон. Ингэж байж тэд Ойрхи Дорнодын цорын ганц жинхэнэ ардчиллыг өмнөө өвдөг сөхрүүлж чадна. Тийм ч учраас тагнуулын нийгэмлэгийн гишүүдийн хувьд энэ маш харгис дайн болж байна. Тэд дайны хор уршгийг маш сайн мэднэ. Израильчууд Хамасын алан хядагчдыг олноор нь суллаж болохгүй гэдгээ ч ойлгож байгаа. Түрүүний харсан тэр залуу бол 10 сарын 7-ны өдөр болсон халдлагын ард нуугдаж байсан удирдагч нь. Тийм байхад Израильчууд ч тэр, та нар ч тэр алан хядагчдыг олноор нь суллаж, гудманд гаргавал тэд бүхэл бүтэн нийгэм рүү халдаж, мянга мянган хүнээр бамбай хийхгүй гэж яаж батлах юм бэ? Асуудлыг шийдэх гарц нь энэ мөн үү? Бидэнд оновчтой алсын хараа хэрэгтэй. Юун түрүүнд бид энэ зовлон шаналлын эх үүсвэрийг олох хэрэгтэй. Хаанаас үүсэлтэй, хаанаас гаралтай вэ? Халдварыг тодорхойлох нь чухал. Дараа нь бид эмчилгээг нь олж чадна. Бид халдварыг тодорхойлоогүй байна. Гол асуудлыг нь мэддэг олон хүн байгаа ч тэдний дундаас зоригтой гарч ирээд, Хамастай холбоотой асуудлыг ярьж зүрхэлдэг хүн байхгүй. Гэхдээ ихэнх нь дотроо тооцоолсон байгаа. Хятад, Орос болон бусад эрх мэдэлтнүүд Хамас бүлэглэлийг халхалдаг. Хамас аравдугаар сарын 7-ны өдөр Путиний төрсөн өдрийн бэлэг болгож халдлага үйлдсэн. Холбоо тогтоож чадахгүй байгаа хүмүүст хэлэхэд, би үүнээс цааш явахыг хүсэхгүй байна. Ойрхи Дорнодод Хамас бүлэглэлийг ашиглан шашны дайныг өдөөж байгаа Украйнчууд үүнд хамаагүй. Тэд та нарын анхаарлыг л сарниулах зорилготой. Дэлхий нийтэд ил гарсан, гараагүй нь хамаагүй, тэд бүгд зэрлэгүүд. Тэд бүгд хүүхэд багачуудын болон хүн төрөлхтний дайснууд.

НҮБ болон бусад Олон Улсын Нийгэмлэгүүд Палестины зовлон шаналлыг ашиглаж хүчирхэгжсэн. Ердөө баян чинээлэг, эрх мэдэлтэй болохын төлөө. Тэдэнд Палестины ард иргэд огтхон ч хамаагүй. Газа хотын хүүхдүүд өлсгөлөнд нэрвэгдэж байна. Гэтэл Хамас бүлэглэлийн гишүүд, тэдний ар гэр Доха Катар дахь тансаг зэрэглэлийн зочид буудалд амарч байна. Бид энэ чигээрээ нүдэн балай, чихэн дүлий явж болно. Гагцхүү ингэснээр хариуцлагаасаа л зугтаж байгаа хэрэг. Би олон цаг ярьж чадахгүй. Эсвэл 45,6 жил өнгөрүүлсэн амьдралаа ярих ёстой юу? Надад хангалттай цаг байхгүй. Энэ удаад бид энэ дайныг болон Хамас бүлэглэлийг таслан зогсоож чадахгүй бол дараагийн Газа хотод болох дайн илүү өргөн хүрээг хамарсан үхлийн дайн болох болно. Хэрэв бид одоо л тэдгээр 10 мянган хохирогчдын өмнөөс үг дуугарахгүй бол, гэхдээ тоог нь сайн хэлж мэдэхгүй байна, энэ бол Хамас-ын гаргасан тоон судалгаа. Би тэдний үг, үйлдэл алинд ч итгэхгүй. Хэрэв үнэн бол ийм цөөхөн хохирогчид байгаад бид харин ч баярлах хэрэгтэй. Дараагийн дайнд мянга мянган хохирогч яригдах болно. Энэ бол Хамас-тай холбоотой дөрөв дэх, Газа хотод болох гэж байгаа тав дахь дайн. Исламын Жихад дайн бол өөр зүйл. Энэ удаад бид Хамас болон бусад алан хядлагын бүлэглэлүүдийг таслан зогсоож, Газа хотын иргэдийг нутагт нь буцааж чадахгүй бол бид тэдэнд хууль ёсны эрх мэдлийг өгч, өөрсдийгөө аймхай гэдгээ харуулна. Маргааш нь тэд атаа хорсол тээж эргэн ирнэ. Хамас бүлэглэлийн энэ удаагийн дайн өнгөрсөн дайнуудаас хавь илүү хүчирхэгжсэн. Учир нь Олон улсын байгууллагын дарамт шахалтаас болж бид тэдэнтэй хэлэлцэхээс өөр сонголтгүй болно. Тэгээд хууль ёсны эрх мэдлийг өгнө. Ингээд л тэд илүү эрх мэдэлтэй, илүү хүчирхэг болно. Катар улс НҮБ-ын нэг гишүүн орон. Тэд намайг мэхэлж дөнгөх л байсан. Хамас бүлэглэлийг хүлээн авч байгаа улс чинь Катар шүү дээ. Хамас бүлэглэлийг санхүүжүүлж байгаа нь тэд. Хамас-ын тэргүүлэх удирдагч Муса Абу Марзүүк саяхан буюу долоо хоногийн өмнө Москва хотод явж байсан. Юу болоод байгаа юм бэ? Ардчилал гэдэг чинь иймэрхүү зэрлэгүүдийн эсрэг хамтдаа эвлэлдэн нэгдэхэд оршдоггүй юм уу? Хамас бүлэглэл та нарын хэлдгээр барьцааны хүмүүс гэж ярьдаггүй. Хамас-ын хэлдэг жинхэнэ нэршлийг харгислал гэдэг юм. Тэд барьцааны хүмүүс биш, дайны хоригдлууд биш. Хамас бүлэглэлийн зэрлэгүүд өсвөр насны охиныг хүзүүнээс нь угзраад үл таних этгээд рүү түлхэхийг эрх чөлөө гэнэ. Тэр өсвөр насны охин бол таны эрх чөлөө. Бидний хэн нь ч тэр охины ээж хүүхдээ аймшигтай нөхцөлд орсныг хараад ямар мэдрэмж төрсөн тухай бодоогүй. Тэр зэрлэгүүд бол дэлхийг ноёрхохыг санаархсан, эмэгтэйчүүдийг өмч хөрөнгө мэт үздэг. Тэрэн шигээ газар нутгийг ч бас дамнаж өмчлөх хүсэлтэй. Тэдний бэлгийн хүсэл тачаал, эрх мэдлийн тачаал, газар нутгийн тачаал ханашгүй их. Би энэ сэтгэлгээг давж гарахын тулд олон удаа үхэх ёстой болсон. Израилиас өөр яригдах том асуудал өчнөөн бий. Гэвч нэг аюул бий. Энийг яриад илтгэлээ дуусгая. Израиль Газа дахь дайнд ялагдлаа гэж бодъё. Энэ бол маш хэрцгий дайн. Хэрвээ нээлттэй дайн байсан бол Израил хормын төдийд Хамас бүлэглэлийг таслан зогсоож чадах байсан. Хэдхэн цаг, магадгүй хэдхэн өдрийн дотор Хамас бүлэглэл мөхнө. Гэвч хүнээр бамбай хийж байгаа нь Хамас бүлэглэлийн гол стратеги. Энэ гэмт хэрэг уучлагдашгүй. Бидний хэн ч энэ гэмт хэргийг өршөөх ёсгүй. Улс төрийн эрх мэдлийн төлөө хүүхдүүдийн цусаар мөрий тавьж байна. Үүнээс дор юм гэж байх уу? Израиль улс цусанд будагдсан. Хамас бүлэглэл эхэлсэн өдрөөсөө л үүнийг хүсэж байсан. Тэд зуу зуун хүүхэд багачуудыг золиосолж байж, Израиль улс бурууг өөртөө үүрнэ. Эмнэлэг, сургуулийн доор хонгил ухаж, бөмбөг дэлбэлж байна. Хамасын халдлага эмнэлгийн олон өвчтөнийг хоморголон устгах үед тэд Израилыг л буруутгаж, дэлхий тэднийг л сонсох болно. Тэдний суртал ухуулгад л автана. Юу үнэн, юу худал болохыг хэн ч шалгаж тунгаахгүй. Бидний улс төрийн болон богино хугацааны ашиг сонирхолд нийцсэн юу ч байсан бид түүний төлөө зүтгэнэ. Бид хувьслын эсрэг, ухамсарт хүн төрөлхтний нэгдлийн эсрэг, гэм зэмгүй, өмгөөлж хамгаалах хүнгүй бяцхан хүүхдүүдийн эсрэг явж байгаагаа ойлгохгүй. Тэд юмсыг ялгаж салгах насанд хүрээгүй. Тэд үхэж байна. Гэвч энэ бүх үхлийн эх үүсвэр нь хэн бэ? Буруутгана гэдэг хулчгаруудын асуудлаа шийддэг хямдхан арга. Зөвхөн эр зоригтой нь л хариуцлагаа үүрдэг юм. Тэд бурууг бусдад тохдоггүй. Газа дахь дайнд Хамас бүлэглэл мөхөхгүй бол бид дэлхий дээрх маш олон радикал үзэлтэй бүлэглэлүүдэд эрх чөлөөг нь олгож байгаагаас ялгаагүй хэрэг болно. Ялангуяа Европ. Учир нь Исламын шашинтнуудын ихэнх нь энгийн иргэдийн халхавч дор Европ руу дүрвэсэн. Европ-д цагаачийн болон Исламийн шашинтнуудын асуудал хөндөгдөж байгаа. Энэ бол ердөө сануулга. Дэлхий дахины аюулгүй байдлын төлөө сэтгэлээ зориулаасай гэж хүсэж байна. Би алан хядлагын эсрэг байр сууринд хатуу зогсдог хүний хувиар ярьж байна. Хамас бүлэглэл Газа дахь дайнд бууж өгөхгүй бол энэ нь дэлхий дахины маш олон бүлэглэлд сэдэл өгөх болно. Хэдэн зэрлэгүүд олон улсын эрх мэдэлтэй нийгэмлэгүүдийг айлган сүрдүүлж, ардчиллыг өвдөг сөхрүүлж болдог юм байна гэж тэд ойлгоно. Тэдэн шиг олон хүн үүнийг үзэж байгаа. Олон ч хүн дэлхий үүнд ямар хариу үйлдэл үзүүлж байгаад сэтгэл нь баясаж байгаа. Олон ч хүн энэ төөрөгдөл, айдас, түгшүүр дунд бах таваа хангаж байгаа. Одоо л эвлэлдэн нэгдэх цаг болсон. Хэрэв Израиль Газа дахь дайнд ялагдвал бид бүгд дараагийн бай нь болно. Илтгэлийг минь сонссонд баярлалаа. Энэ боломжийг надад олгосонд баярлалаа. Бурхан биднийг ивээж, зөвхөн Израиль бус палестинчуучуудын үр хүүхдүүдийг ч мөн хамгаалж, барьцааны хүмүүсийг эргэн гэр бүлд нь буцааж, энэ хуваагдсан ертөнцөд энх тайвныг тогтоох болтугай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 237 (7222)

 

Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

7 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

9 мин
Н.Хангайцэцэг: Дахин ашиглахгүй бол Монгол Улс усны хангамжаа нийлүүлж чадахгүйд хүрнэ

Энэ удаагийн “Start up” буландаа бохир усыг цэвэршүүлэн дахин ашиглах төслийг хэрэгжүүлж буй “Түмэн амгалан ордон” ХХК-ийн Төслийн менежер Н.Хангайцэцэгтэй ярилцлаа.

8 цаг 22 мин
“Трафигура” групп 500 сая доллараа Монгол Улсаас хайж байна

Ийм мэдээллийн гаднын томоохон мэдээллийг агентлагууд, тухайлбал “Ройтерс” цацсан байна.

8 цаг 22 мин
“Цөмийн энергийн тухай хуулийг парламент ногоон гэрлээр баталж өглөө шүү”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.

8 цаг 22 мин
Хөтөлбөрөө нээж, туршлагаа хуваалцсан “IFPIM”-ын зургаа

“Зууны мэдээ” сонин, NTV телевиз, itoim.mn, ublife.mn, lemonpress.mn, graph.mn...

8 цаг 22 мин
Б.Пүрэвдорж: Өсөн нэмэгдэх АМНАТ 19 хувь боллоо

Б.Пүрэвдорж: Өсөн нэмэгдэх АМНАТ 19 хувь боллоо

22 цаг 40 мин
Энэ сарын 26-нд бүх нийтээр амарна

Энэ сарын 26-нд бүх нийтээр амарна

22 цаг 45 мин
Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа нь үнэн

Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа нь үнэн

22 цаг 47 мин
УИХ:Үндсэн хуулиа дээдлэн залах тогтоолыг баталлаа

УИХ:Үндсэн хуулиа дээдлэн залах тогтоолыг баталлаа

22 цаг 52 мин