Р.ОЮУН
Жил бүрийн Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан УИХ-ын даргын ивээл дор шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг. Энэ жилийнх гурван шаттайгаар зохион байгуулах болсон талаар УИХ-ын Тамгын газар, Монголын шатрын холбооноос мэдээлэл хийлээ. Тэмцээн гурван үе шаттай зохион байгуулагдах бөгөөд шатрын спортын цолгүй, насанд хүрсэн тамирчид оролцдогоороо онцлогтой. Сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний эхний шат энэ сарын 25, 26-нд сум, дүүргийн аваргуудыг шалгаруулж, сум бүрээс шалгарсан хоёр эрэгтэй, нэг эмэгтэй шатарчин аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй. Хоёр дахь шат буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг ирэх сарын 16, 17-нд нэгэн зэрэг зохион байгуулна. Аймгаас зургаан эрэгтэй, гурван эмэгтэй шатарчин улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй. Харин нийслэлийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2024 оны нэгдүгээр сарын 6, 7-нд шатар орон даяар зохион байгуулах юм байна. Шатар сонирхогчдын улсын аваргыг шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахтай холбоотойгоор дүрэм, удирдамжаа гаргаж нийслэл, аймгуудад хүргүүлсэн. Тэмцээн энэ сарын 25-наас орон даяар албан ёсоор эхэлнэ.
Эх сурвалж www.polit.mn