С.САРУУЛ
БХБЯ-наас энэ онд Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж буй нөлөө бүхий дараах арван төсөл, хөтөлбөрүүдэд үзлэг шалгалтыг хийсэн байна. Нийт 10 төслийн хэмжээнд 85 аж ахуйн нэгж байгууллагын 105 объект үзлэг шалгалтад хамрагдсан байна. Үүнд 66 байгууламж, 370 тоног төхөөрөмжид үнэлгээ дүгнэлт хийхэд дараах асуудлууд илэрчээ.
Барилга угсралтын чиглэлээр голлон гарч байгаа асуудал нь батлагдсан зураг төсөлгүй үйл ажиллагаа явуулж байна.
Барилга эхлэх зөвшөөрөл авалгүйгээр угсралтын үйл ажиллагаа явуулсан.
Барилга угсралтын ажлын явцад тухайн ажлыг баталгаажуулах, хууль норм дүрмийн дагуу нийцүүлэх бичиг баримтын бүрдэл хангалтгүй байна.
Үндсэн ажлын бүтээцийг өөрчлөх, технологийн алдаа гаргах, бетон цутгалтын дараа буюу угсралтын ажлын үеийн дараах арчилгааны ажил хангалттай хийгдэхгүй байна.
Барилга угсралтын хэмжээнд ашиглагдаж байгаа бараа материалын чанар аюулгүйн байдал хадгалалт, тээвэрлэлт чанарын шаардлага хангахгүй байна.
Инженерийн шугам сүлжээ цахилгаан, дулаан, ариутгах татуурга, цэвэр ус, холбоо дохиолол зэрэг барилга дотор байгаа инженерийн шугам сүлжээний угсралтын ажлыг зураг төсөлгүй гүйцэтгэж байна.
Суурилагдаж байгаа тоног төхөөрөмж, бараа материалын туршилт тохируулгыг хийхгүй, шаардлага хангахгүй материал ашиглах, хэрэглэгдэж байгаа кабел, шугам сүлжээг туршилт тохируулгад оруулахгүй байх зэрэг асуудлууд нийтлэг илэрсэн байна.
Зөвшөөрөл, зураг төслийн асуудалтай 22 барилгын үйл ажиллагааг зогсоожээ
Газрын асуудлын хувьд 25% нь газар эзэмших газрын хэмжээг өөрчилсөн, 87% нь газрын төлөв байдалд чанарын улсын баталгаа хийлгээгүй, дүгнэлт хэрэгжүүлээгүй гэсэн зөрчлүүд гарчээ. Ерөнхийдөө улсын хэмжээнд байгаа барилгуудад газар авсан зөвшөөрлийн хэмжээг нэмэгдүүлдэг, дур мэдэн өргөтгөл шинэтгэл хийдэг, мэдээллийн санд оруулдаггүй асуудал байна иймд БХБЯ-наас газартай холбоотой цогц арга хэмжээ авах шаардлагатай байна гэж үзэж байгаа аж.
Түүнчлэн үндсэн барилгын налуу тэгш хэм, тэнхлэг зэрэгт чухал асуудал болох геодезийн хэв гажилтын хэмжилтийг хэрхэн хэрэгжүүлсэн нь улсын хэмжээнд хангалтгүй дүнтэй гарсан байна. Мэргэжлийн геодезийн ажлыг хийх эрхзүйн байгууллагаар геодезийн хэмжилт хийлгэдэггүй, 64% нь хэмжилтийн баталгаажуулсан багаж ашигладаггүй, хэмжилтийн хүнээр хэмжилт хийлгэдэггүй зэрэг ноцтой асуудал төсөл хөтөлбөрүүд дээр гарчээ.
Өргөх байгууламжуудын хувьд техникийн бүрэн бус байдалтай, мэргэжлийн хүн ажиллуулдаггүй, аюулгүй ажиллагаа хангагдаагүй техникийн хэрэгслийг талбай дээр ажиллуулсан асуудал түлхүү гарч 20-оод краны техникийн байдлыг хангуулах, дөрвөн краны үйл ажиллагааг зогсоож торгууль оногдуулжээ.
Зураг төсөлгүй барилгын ажил хийсэн, барилга эхлэх зөвшөөрөлгүйгээр угсралтын үйл ажиллагааг явуулсан асуудлын хүрээнд Эрдэнэс тавантолгойн баяжуулах үйлдвэрийн 18 объект, Бортээгийн уурхайн нүүр боловсруулах үйлдвэрийн таван барилгын үйл ажиллагааг газар дээр нь зогсоосон байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төслийн барилгуудад нийтдээ 48 сая төгрөгийн торгууль оногдуулжээ.
Эх сурвалж: www.polit.mn