С.САРУУЛ
Улсын хэмжээнд орон гэргүй байгаа 1000 гаруй иргэний нөхцөл байдлын талаар Нийгмийн хамгааллын тусгай төв болон бусад холбогдох салбарынхан өнөөдөр МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Орон гэргүй зорилтот үйлчлүүлэгч иргэдийн 90 хувь нь архины хамааралтай байдаг. Нийт үйлчлүүлэгчийн 80 хувь нь эрчүүд 20 хувь нь эмэгтэйчүүд эзэлж байна. Энэ талаар Нийгмийн хамгааллын тусгай төвийн төсөл хөтөлбөр хариуцсан ажилтан, нийгмийн шинжлэх ухааны магистр Э.Пүрэвсүрэн "Нийгмийн хамгааллын тусгай төв 20 жилийн хугацаанд орон гэргүй иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Нөгөө талдаа орон гэргүй иргэдийн тоо жил бүр нэмэгдсээр буй. Тиймээс ч шинээр нэмэгдэж байгаа иргэдийг яах вэ? гэх асуултад хариулт эрэлхийлж, урьдчилан сэргийлэх ажил руу онцгой анхаарах шаардлагатай байна.
Орон гэргүй иргэдийн талаарх бодитой, нарийн статистик мэдээлэл ховор бий. Манай төвийн дотоод программд 1000 гаруй орон гэргүй иргэн бүртгэлтэй байна. Жилд 150 орчим иргэн гэр оронгүй болж, Нийгмийн хамгааллын тусгай төвийн программ дээр бүртгэгддэг. Иймд орон гэргүй болсон хүмүүст хүргэх үйлчилгээг илүү сайжруулах хэрэгцээ байна. Хоёрдугаарт хүнд нөхцөлд орохоос нь өмнө нь урьдчилан сэргийлэх ажлуудыг эрчимтэй зохион байгуулах хэрэгтэй байгаа юм.
Манай төв жилдээ 500-600 иргэнийг байрлуулж, үйлчилгээ үзүүлдэг. НЗДТГ, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Хөдөлмөр халамжийн газар, Цагдаагийн удирдах газартай хамтарч ажилладаг. Цагдаагийн байгууллагаар дамжуулан хүргэгдэж ирдэг хүмүүс олон. Гэхдээ цөөн хэсэг нь өөрсдөө сайн дураар манай төвийг зорьж ирдэг. Харамсалтай нь ид хийж бүтээх, хөдөлмөрийн насныхан олон байдаг. Ойролцоогоор 35-50 насныхан ихэнх хувийг эзэлдэг гэсэн үг. Тэдэнд тулгамдаж буй гол асуудал нь амьдралын суурь шалтгаануудтай холбоотой” гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn