С.САРУУЛ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Энэ үеэр үдийн хоол хөтөлбөрийн хүрээнд хүүхэд багачуудыг эрүүл ахуй, чанар, стандартын шаардлагад нийцсэн баталгаат хүнсээр хангах, хүнсний аюулгүй байдалд хийж байгаа хяналт шалгалтын талаар холбогдох албаныхан танилцуулав.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин "Сургалтын байгууллагын гадна болон дотор орчинд хяналт шалгалт хийсэн. Гурван байгууллага хамтран сургууль, цэцэрлэгийн хүнсний аюулгүй байдалд шалгалт хийж байна. Цэцэрлэгүүдийн хүнсний хангамжийг дөрвөн компани хариуцаж байгаа".
НЭМГ-ын дарга П.Эрхэмбулган "81 байгууллагын уснаас 105 дээж авсан. Мөн сургууль, цэцэрлэгийн эдэлбэр газрын хөрснөөс 27 дээж авлаа. Эдгээр дээжийг лабораторид хүргүүлж, 56 дүгнэлт гарсан. Шалгалтад хамрагдсан сургуулиас 49 нь хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ явуулж байгаа. Үүнээс түрээсийн гал тогоотой 18, зориулалтын гал тогоогүй 31 сургууль бий. Сургуулиудад боловсон хүчин болон тоног төхөөрөмж дутагдалтай дүгнэлт гарсан. Энэ онд 6,381 хүүхдийн хүчин чадалтай 19 сургууль, цэцэрлэг, сургалтын төв ашиглалтад ороод байна" хэмээлээ.
Эх сурвалж: www.polit.mn