С.САРУУЛ
Сургууль, цэцэрлэгийн бэлтгэлтэй холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх үед хийх зохицуулалтын талаар мэдээлэл хийж байна. Наймдугаар сарын 26-наас автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахаар болсныг мэдээлсэн.
Тодруулбал:
Сондгой тоо буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашиныг 2023 оны наймдугаар сарын 27, 29, 31, Есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14-ний өдрүүдэд
Тэгш тоо буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг наймдугаар сарын 26, 28, 30, Есдүгээр сарын 1, 3, 5, 7, 9, 11, 13-ны өдрүүдэд, 08:00-20:00 цагийн хооронд тус тус замын хөдөлгөөнд оролцуулахаар тусгажээ.
Дугаарын хязгаарын бүс нь:
Хойд хязгаар нь 32-ын тойрог
Урд хязгаар нь 120-ийн уулзвар
Зүүн хязгаар нь Чулуун овооны аюулгүйн тойрог
Баруун хязгаар Саппорогийн тойргийн хүрээнд тэгш сондгойгоор хөдөлгөөнд зорчуулах аж. Энэ жилийн улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 20 хоног үргэлжилнэ гэдгийг НЗД-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар хэллээ.
"Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын захирал С.Адъяасүрэн "Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Улаанбаатар хотод орон нутгаас 177,540 тээврийн хэрэгсэл орж ирсэн байна. Сүүлийн өдрүүдийн замын хөдөлгөөний нөхцөл байдлыг ажиглахад зах, худалдааны төв рүү чиглэсэн зорчих хөдөлгөөн нэмэгдсэн. Ноднин жил авто машиныг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах арга хэмжээ авч байсан. Тухайн үед замын хөдөлгөөн 7-9 километр цагийн хурдтай байсан бол тэгш, сондгой хөдөлгөөнд зорчуулах арга хэмжээ авснаар 15-20 километр цагийн хурдтай зорчиж байсан. Ингэснээр 38 орчим хувиар замын хөдөлгөөний түгжрэл, саатал буурсан үзүүлэлттэй гарсан учраас энэ арга хэмжээг дахин авч байна" гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn