С.Зулпхар: Мэдлэг чадвар, итгэлд суурилсан хамтын манлайллаар ажил урагшилдаг

2023-06-29
Нийтэлсэн: Админ
 26 мин унших

Сүрнээгийн УЯНГА

 

“Зууны мэдээ” сонин төрд хичээл зүтгэл, хөдөлмөрөө зориулж яваа эрхмүүдийг “Төрийн хүн” буландаа урьж ажил, амьдралынх нь карьер хөгжлийн талаар дэлгэрэнгүй ярилцдаг билээ. Энэ удаагийнхаа зочноор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайд С.Зулпхарыг урилаа.

-Дэд сайд болсноос хойш, түүнээс өмнө ч хэвлэлд дэлгэрэнгүй яриагүй юм билээ. Юуны өмнө бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа.Таны боловсролын түүхийг харвал нэлээн хэдэн улс дамжин суралцсан. Ингэхдээ дандаа хөгжлийн бодлого, манлайллын чиглэлээр мэргэшсэн нь сонирхол татлаа?

-Миний үндсэн мэргэжил социологич. Туркийн Истанбул хотод Мимар Синаны их сургуульд зургаан жил суралцсан.Тухайн үед социологийн мэргэжил Монгол Улсад шинэ тутам байлаа. Нийгэм, улс төрийн дэглэм, төрийн байгуулалтын өөрчлөлт цаашлаад нийгмийн харилцаанд шинэ соёл бий болж, эдийн засгийн харилцаа бүхэлдээ өөрчлөгдөж байсан үе л дээ. Гэхдээ дэлхий нийтэд бол социологийн шинжлэх ухаан танигдаад даруй 150 гаруй жил болсон байсан.

Би социологич мэргэжлийг сонгосон гэхээс илүү надад боломж олдсон гэж хэлж болно. Энэ мэргэжлийн онцлог бол бусад нийгмийн шинжлэх ухаан, салбар судлагдахуун руу хөрвөх боломжтой. Тухайлбал, эрх, эдийн засаг, улс төр, гэр бүл, социологи гэх мэтээр аль ч чиглэлд хөрвөж болно. Нийгмийн бүтцийн талаар онол, арга зүйн мэдлэгтэй болдог тул аливаа нийгмийн үзэгдэл, үйл явцыг үнэлж дүгнэх, дүн шинжилгээ хийх арга зүйн суурьтай болдог л доо. Тэгээд 1998 онд сургуулиа төгсөж ирээд багшилсан. Тухайн үеийн Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институт буюу одоогийн Удирдлагын академид багшаар ажлын гараагаа эхэлсэн. Нэгэнтээ багш болсон учраас миний ажлын онцлог бол судалгаа хийх байдаг. Судалгаа хийж байж сургалтын хөтөлбөр, хичээлийн агуулгаа баяжуулж чанаржуулдаг. Нөгөөтэйгүүр удирдлагын академи төрийн албан хаагчдад чиглэсэн сургалт явуулдгаараа онцлогтой.Тиймээс өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх шаардлага тавигддаг. Их, дээд сургуулиас ялгарах онцлог нь дээд боловсролтой, ажлын туршлагатай, аливаа ажил асуудлыг зохих түвшинд хариуцаж шийдвэр гаргаж, хэрэгжүүлдэг албан хаагчдад хичээл заах  учраас түүнийгээ дагаад тодорхой чиглэлээр мэргэших, тасралтгүй суралцаж байх ёстой. 

Удирдлагын академид социологи, судалгааны арга зүй, нийгмийн бодлого, нийгмийн хөгжлийн онол, хүн амын хөгжлийн асуудлаар хичээл заадаг байсны зэрэгцээ сонирхлынхоо дагуу улс төр, түүн дотроо төрийн байгуулалтын чиглэлээр судалгаа хийж ирсэн. Төрийн байгуулалт, улс төрийн нам болон дээр дурдсан чиглэлээр олон жил судалгаа хийж бүтээл туурвисан. Одоогийн байдлаар судалгааны тайлан, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, гарын авлага, сургалтын модуль, сурах бичиг, ном оролцуулсан 100 гаруй бүтээл гаргасан байна. Нэг сэдэвт бүтээлүүд ч бий. Докторын зэргээ төрийн захиргааны чиглэлээр,“Пост-коммунист орнуудын төрийн тогтолцооны харьцуулалт” сэдвээр хамгаалсан байна. Тэр дотроо Унгар, Казахстан, Монгол гурван улсын төрийн байгуулалтын онцлог, нийтлэг шинжийг харьцуулсан. Өөрөөр хэлбэл, нэг талдаа нийгмийн бодлого, нөгөө талд улс төр тэр дундаа төрийн байгуулалт гээд судалгааны чиглэлээ нэлээн өргөн хүрээнд авч үзэхийг хичээж ирлээ.  

 

ГАДААД ОРНУУДЫН ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫГ ХАМГИЙН ИХ СОНИРХОЖ СУДАЛСАН

 

-Одоогоос бараг 30-аад жилийн өмнө социологич мэргэжлийг сонирхож судлахад юу нөлөөлөв. Манай улсад энэ мэргэжлийн онцлогийг  нэлээн сүүлд ойлгож, “нэвтэрсэн” шүү дээ?

-1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа л даа. Тухайн үед конкурс өгөөд их сургуульд элсчихсэн байсан. Гэтэл гадаадад суралцах боломж гарсан. Миний хүссэн мэргэжил хуульч эсвэл олон улсын харилцаа байсан ч социологичийн хуваарь оногдсон. Тухайн үед мэргэжлийнхээ онцлогийг ойлгоогүй ч суралцах явцдаа өргөн хүрээнд ажиллах боломжтойг мэдэж авсан, мэргэжилдээ ч дур сонирхолтой болсон. Улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын аль ч салбарт, аль ч хүрээнд ажиллах боломжтой давуу талтай мэргэжил шүү дээ. Тэр ч үүднээс төгсөж ирсний дараа Удирдлагын академийн тухайн үеийн удирдлага, тэнхимийн эрхлэгч нар шийдвэр гаргаж багшаар авсан байх аа.

-Докторын судалгааны сэдэв сонирхол татлаа. Таны судалгааны 100 гаруй бүтээлээс илүү их шимтсэн, онцолж дурдмаар сэдэв гэвэл алиныг нь нэрлэх вэ?

-Ямар нэг байдлаар сонирхож байж судалгаа хийдэг л дээ. Нэгэнт эхлүүлчихвэл  судалгааны асуудал нь аяндаа хөтлөөд явчихдаг тохиолдол байдаг бол, тухайлан зорилго тавьж ямар нэг асуудлыг судлах нь ч бий. Судалгаа хийхэд шинэ зүйлийг мэдэж авахаас гадна мэдсэнээ бусад баримт мэдээлэлтэй харьцуулах, дүн шинжилгээ хийх боломж гарч байдаг.

Миний хамгийн их сонирхож судалсан чиглэл бол гадаад орнуудын төрийн байгуулалт. Хамгийн анх Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын төрийн байгуулалтын тогтолцоог сонирхож судалж ном гаргасан. Мөн Франц, Казахстан сүүлд нэлээн өргөжүүлж Ч.Энхбаатар  профессортой хамтраад Япон, Герман, Франц, БНХАУ, ОХУ зэрэг долоон улсын төрийн байгуулалтын тогтолцоог харьцуулсан бүтээл гаргасан. Улс орнуудын засаглалын асуудлыг харьцуулах боломж гарч ирдэг учраас энэ чиглэлийн судалгаа үнэхээр сонирхолтой байдаг. Нэг талаар судалгаа нөгөө талаар хичээлийн агуулга болохоос гадна дараа дараагийн судалгаанд эх сурвалж болж өгдөг дөө.

2009 онд МАН-ын хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Намыг институцийн хувьд чадавхжуулахын тулд яах ёстой вэ гэдэг анхны судалгааг хийсэн нь энэ. Үр дүнд нь МАН-ын “Agenda-6” баримт бичиг гаргасан л даа. Намын үзэл баримтлал, үнэт зүйлийн хувьд яаж шинэчлэх, нийгмийн өөрчлөлт, шинэчлэлтэй уялдан намын бүх шатны зохион байгуулалт, хүний нөөцийн бодлого, олон нийттэй харилцах технологийг хэрхэн өөрчлөх зэрэг өргөн хүрээний судалгаа хийгдэж, намын хөгжлийн стратегийн баримт бичигтэй болсон. Мөн нийгмийн бодлогын чиглэлээр нэлээдгүй судалгаа хийж олон улсын төслүүд дээр ажиллах, НҮБ-ын харьяа байгууллагууд, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны төслүүдэд үндэсний зөвлөхөөр ажиллах өргөн боломж бүрдэж байсан нь Удирдлагын академид ажиллахын давуу тал байсан. Харин сүүлийн жилүүдэд хүн ам зүй, нийгмийн хамгааллын бодлого, дундаж давхаргын чиглэлээр судалгаа хийлээ.  

-Кембрижийн их сургуульд гурван удаа зочин судлаачаар ажилласан. Тэгэхээр судалгааны ажилд нэлээн эртнээс шамдаж иржээ. Ер нь судалгаа хийх чадвар, арга барил эзэмшинэ, мэргэшинэ гэдэг өөр ойлголт юм шиг санагддаг?

Миний хувьд Кембрижийн их сургуульд 2002, 2005, 2009 онд хичээлийн бүтэн жилээр зочин судлаачаар уригдах завшаан тохиосон. Кембрижийн их сургуульд улс төр судлал, төрийн байгуулалт, нийгмийн бодлогын чиглэлийн судалгаа хийж  байлаа. Тухайн үед мөн л Удирдлагын академид багшилж байлаа. Академид ажиллаж байхад олон улсын сургалт, судалгааны хөтөлбөрт хамрагдах боломжтойгоос гадна тийм үүрэгтэй байдаг.

Шинжлэх ухааны түвшний судалгаа тогтсон арга зүйтэй. Байгалийн шинжлэх ухаанаар жишээлэх юм бол тодорхой ажиглалт, туршилт хийх зэргээр тогтсон арга зүйтэй. Үүнтэй адил улс төр судлал, төрийн захиргаа, хүн ам зүй, эдийн засаг, социологи, сэтгэл зүй гэх мэт нийгмийн шинжлэх ухаан ч тогтсон арга зүйтэй. Судлаач хүн шинжлэх ухааны тогтсон арга зүйд зохих түвшинд суралцсан, түүнийгээ зөв ашиглаж мэдээлэл цуглуулж, боловсруулж, дүн шинжилгээ хийж, дүгнэлт, санал зөвлөмж гаргаж чаддаг хүн байх ёстой. Сайн эсвэл муу судлаач байх гэдэг ойлголт бол чадавхын тухай асуудал юм. Өөрөөр хэлбэл, судалгааны арга зүйг бүрэн эзэмшээд зохих түвшинд судалгаа хийж, бодитой үнэлэлт дүгнэлт гаргаж, эрдмийн ажлын ёс зүйг баримталж чаддаг, судалгааны үр дүн нь ямар нэг байдлаар дараагийн судалгаа, цаашлаад бодлого тодорхойлоход эх сурвалж болж чадаж байгаа бол боломжийн судлаач гэж ойлгож болно. Гэхдээ хүн өөрийгөө судлаач гэж нэрлэх үү үгүй юу гэдэг тухайн хүний л асуудал.

Академик ертөнцөд хэн ямар түвшний судлаач вэ гэдгийг бүтээлийн ямар түвшинд эх сурвалж болгож байгаагаар, эрдмийн зэрэг, цолоор нь, тухайн шинжлэх ухааны салбарт хэр хүлээн зөвшөөрөгдсөн байдлаар нь тогтоочихдог. Магистр зэрэгтэй бол судалгааны тодорхой арга зүйд суралцсан гэсэн үг. Докторын зэрэг хамгаалсан бол тухайн чиглэлээрээ нэлээн гүнзгий судалгаа хийсэн учраас аливаа асуудалд дүн шинжилгээгээ хийх, санал дүгнэлт гаргаж, зөвлөх чадавхад суралцжээ гэж үздэг. Харин дэд профессор, профессор цолтой болсон бол судалгаа нь олон нийтийн хүртээл болж салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байх зэргээр үнэлдэг л дээ.

 

ХАМТЫН МАНЛАЙЛАЛ БОЛ ХҮН БҮР ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХ, ТЭР БОЛОМЖИЙГ УДИРДЛАГЫН ЗҮГЭЭС ОЛГОХ АРГА БАРИЛ ЮМ

 

-Сүүлд Удирдлагын академид багагүй хугацаанд ажиллалаа. Ялангуяа, улс оронд мэргэшсэн боловсон хүчин бэлтгэн гаргах хариуцлагатай байгууллагыг удирдахдаа ямар арга барил, зарчим баримталж байв. Ер нь энэ академи улс орны хөгжил бодлого шийдвэрт хэр оролцоотой байдаг вэ?

- Үндсэндээ 1998 оноос 22 жил тасралтгүй  багш, ахлах багш, тэнхимийн эрхлэгч, хөтөлбөрийн удирдагч, захирлын албан тушаалыг хашсан. Удирдах ажил хийхэд тодорхой арга барил шаардана. Нөгөө талаар хүн бүхэн өөр арга барилтай ч гэж  ярьдаг. Хуулиар олгосон эрх үүрэг нь ажлын арга барилыг нь аяндаа тодорхойлдог тал ч бий. Миний хувьд нэг зүйл дээр бүрэн итгэлтэй байдаг. Аливаа ажил шинжлэх ухааны мэдлэг чадвар, итгэл сэтгэл, хүн бүрийн хүчин чармайлтад  суурилсан хамтын манлайллаар ажил урагшилдаг гэж боддог. Өнгөрсөн хугацаанд хашсан ажил үүрэгтээ бүх түвшинд  хамтын манлайллыг чухалчилж ирсэн. Хамтын манлайлал бол хүн бүр хүлээсэн үүргээ бүрэн ойлгож биелүүлэх, тэр боломжийг нь удирдлагын зүгээс дэмжиж, олгож байх арга барил юм. Тэр итгэл үнэмшлийг төрүүлэх ёстой. Энэ арга барил үр дүнгээ өгч Удирдлагын академид тэнхимийн эрхлэгч, захирлын албан тушаал хашиж байх хугацаандаа зорьсон өөрчлөлт, шинэчлэлээ хамтын манлайллын хүчинд бүрэн дүүрэн хийх боломжтой байсан гэж боддог. Одоо эрхэлж байгаа албан тушаал, ажлын хувьд ч адил зарчим, арга барилаар хамт олонтойгоо ойлголцоод ажиллаж байна.

Удирдлагын академи улс орны хөгжилд ямар үр нөлөөтэй явж ирэв гэдэг асуулт их чухал л даа. Үүнийг хоёр өөр цаг үед ярих учиртай. 1924 онд анхдугаар Үндсэн хууль батлагдсаны дараах үеийн Монгол Улсад  төрийн албан хаагчдыг бэлтгэх тогтолцоо өнөөгийнхөөс ялгаатай төрийн хүний нөөцийн бодлогыг нам хариуцдаг байсан үе. Намын шинэ хүчний сургууль, Намын түр сургууль, Намын дээд сургууль зэргээр нэр нь өөрчлөгдөж байсан ч зорилго нэг буюу улс орны өнцөг булан бүрд хариуцлагатай албан үүрэг гүйцэтгэх хүний нөөцийг бэлтгэх үүргийг хүлээж байсан. Энэ үүднээс авч үзвэл Монголын төр захиргаа, нийгэм эдийн засгийн хөгжилд Удирдлагын академи онцгой хувь нэмэр оруулсан цаг үе байсан. Үүнээс хойшхи буюу улс төр, нийгэм, эдийн засгийн шилжилтийн үе, ардчилсан засаглалтай болсон 30 жилд академийн үүрэг роль буураагүй. Буурах ч ёсгүй. Төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх гол байгууллагын албан хаагчдыг сургаж хөгжүүлэх хариуцлагатай үүргийг цаашид ч хүлээхээр байна. Төрийн албаны хүний нөөцийн шинэчлэл, хөгжил яригдаж байгаа үед төрийн алба хаагчдыг сургаж хөгжүүлэх чиг үүрэгтэй институцчилагдсан сургалт, эрдэм шинжилгээний байгууллага зайлшгүй байх учиртай. Ямартай ч санай улсад төрийн алба хаагчдаа тусгайлан сургаж хөгжүүлдэг академи байдаг нь бусад улс оронтой харьцуулахад давуу тал юм. Тэр хэрээр үүрэг оролцоо, хүлээлт ч өндөр байдаг. Өнөөдөр 225000 төрийн албан хаагч, түүн дотор 21000 төрийн захиргааны албан хаагчдын сургалт хөгжлийн асуудлаар хязгаарлагдахгүй  төрийн чадавх, улс орны нийгэм, эдийн засаг, соёлын хөгжлийн шалгуур асуудал давхар яригдах учраас Удирдлагын академийн үүрэг оролцоо, ач холбогдол өндөр байхаас аргагүй. Ирэх жил үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой нь тохиож байна.

Төрийн албаны хүний нөөцийн бодлого, хөгжил тасралтгүй байх ёстой. Энэ залгамж халаа Удирдлагын академи дээр хэрэгждэг. Төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс тухайн албан тушаал, чиг үүрэгтээ тохирсон мэдлэг, чадвартай байх шаардлага тавигддаг. Тухайлбал, төрийн захиргааны тэргүүн түшмэлийн сургалт гэж бий. Тэргүүн түшмэл гэдэг бол яамны ТНБД, агентлагийн дарга юм. Төрийн нарийн бичгийн дарга дан ганц төрийн захиргааны тогтолцоо, хууль эрх зүйн зэрэгцээ бодлогын шинжилгээ, стратегийн удирдлага, геополитикийн талаар мэдлэгтэй байх шаардлагатай. Ийм байдлаар тухайн салбартай холбоотой шийдвэр гаргах, хэрэгжилтийг удирдах чадварыг эзэмшсэн байх учиртай юм. Эрхэлсэн түшмэл буюу газрын дарга нар гарсан бодлого шийдвэрийг маш шуурхай хэрэгжүүлэх, удирдан зохион байгуулах, манлайлах үүрэгтэй. Ийм маягаар хариуцсан ажил албанаас шалтгаалж ялгаатай мэдлэг, чадварыг олгох богино хугацааны давтан сургалт зохион байгуулдаг. 

-Өнөө үед мэдлэг чадвараас илүү хандлагыг ажилд ав гэдэг байдал тренд боллоо. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Хандлагыг ажилд аваад бусдыг нь аяндаа болгоно гэдэг хүний нөөцийн удирдлагад байж болох нэг л хувилбар. Гэхдээ ихэнх тохиолдолд нэн ялангуяа төрийн албанд мэдлэг, чадвар нь урьдчилан үнэлэгдэж байж, түүнд тулгуурлаж сонгон шалгаруулж гэмээнэ ажил хариуцуулдаг нийтлэг жишиг үйлчилсээр ирсэн. Нэн ялангуяа төрийн захиргааны алба өөрөө сонгон шалгаруулалт, шатлан дэвших зарчимтай учраас мэдлэг чадваргүй хүнээр ажил хийлгэнэ гэдэг хэт өрөөсгөл юм. Цаашлаад төрийн албанд орох сонгон шалгаруулалтаар тухайн хүний хандлагыг бүрэн тодорхойлох боломжгүй  учраас харьцангуй ойлголт. Гэхдээ ажилд орсны дараа гүйцэтгэлийн үнэлгээгээр, удирдах албан тушаалтан болон хамт олны үнэлгээгээр хандлагыг үнэлж болох талтай. Хандлагаас шалтгаалж ямар ажил хариуцуулах, цаашид шатлан дэвшүүлэх эсэх зэрэг тохирсон шийдвэрийг гаргаж болно л доо. Ямартай ч төрийн албанд мэдлэг чадвар зайлшгүй чухал, мэдээж хандлага ач холбогдолтой болж байна.

-Таныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын дэд сайдаар томилогдоход “гаднаас” орж ирлээ гэж харах хэсэг ч байсан. Ямартаа ч энэ албыг хүлээж аваад багагүй хугацаа өнгөрлөө. Яам өргөн хүрээний ажил, асуудлыг хамардаг. Холбогдохгүй салбар, хамаарахгүй нийгмийн давхарга гэж үгүй. Яг л иргэдийн амьдрал руу өнгийдөг, мэдрэгддэг онцлогтой. Өнгөрсөн хугацааны гажуудлаа олж харсан байх. Одоо харин гарц шийдлээ хэрхэн тодорхойлж байна вэ?

-МАН-ын 2009 оноос хойш хийсэн гурван удаагийн хөгжлийн хөтөлбөрийн хоёрынх нь боловсруулах багийг ахалж байлаа. Өөрөөр хэлбэл, улс төрийн намын хөгжлийн бодлогын тодорхойлох түвшинд оролцож иржээ. 2012 оноос хойших нийслэлийн намын мөрийн хөтөлбөрүүд дээр нарийн бичгээр ажилласан, сүүлд баг ахалж байлаа. МАН-ын УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрүүд дээр сүүлийн арав гаруй жил ажлын хэсгийн гишүүнээр тасралтгүй ажиллалаа. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичиг “Алсын хараа-2050”-ыг боловсруулахад засаглалын хөгжлийн дэд ажлын хэсгийг ахлах завшаан тохиож байлаа. Энэ үүднээс харвал өнгөрсөн хугацаанд төрийн бодлоготой ямар нэг байдлаар холбогдож ирсэн гэж хэлж болно. Удирдлагын академийг удирдахдаа бодлогын хэмжээний томоохон судалгаанууд дээр ажилласан нь чамлахааргүй туршлага болсон л доо.

Дэд сайдын албан тушаал бол ажил хариуцуулж байгаа л хэлбэр болохоос өөр онцгой зүйлгүй. Үнэнийг хэлэхэд төрийн албаны аль ч ажил амаргүй. Ачаалал даах чадвар, өндөр хариуцлага, хичээл зүтгэл шаарддаг. Миний хувьд урьд нь Нийгмийн хамгааллын яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яам байх үед нь ч олон төсөл хөтөлбөрийн шугамаар холбогдож зөвлөхөөр ажиллаж ирсэн. Тиймээс салбар цоо шинэ биш гэж хэлж болох байх.  Гэлээ гэхдээ практик түвшинд ажиллана гэдэг ялгаатай. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар хүн амын бүлгүүдийн нийгмийн хамгаалал,  хөдөлмөрийн хүрээнд хамрахгүй зүйл үгүй. Нийгмийн бүх бүлэг, халамж, хүүхэд хөгжил хамгаалал, даатгал, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал гээд өргөн хүрээнд ажиллах шаардлагатай. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгаалал, хөгжлийн асуудлыг хариуцдаг маш өргөн хүрээтэй салбар. Зарим оронд хоёроос гурав хүртэлх яамны чиг үүргээр асуудлыг хариуцах тохиолдол ч бий.

 Салбарын ажлыг харьяа байгууллага, баг хамт олноороо авч явж байгаа учраас харьцангуй бэрхшээл бага байна. Гэхдээ шинэчлэл хийх хариуцлагатай цаг үе таарлаа гэж харж байгаа. Үүний төлөө идэвх санаачилгатай байж, оногдсон үүрэг даалгаврыг хариуцлагатай хэрэгжүүлэхээр хичээж байна даа. Шинэчлэл нийгмийн бодит хэрэгцээнд тулгуурлаж хийгдэх ёстой. Дээр нь улс төрийн хүсэл зориг, цаашлаад шинэчлэлийг хэрэгжүүлэх институцийн чадавх байх ёстой. Энэ үе нь таарч байгаа юм болов уу.

 

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦООГ ИЛҮҮ БОЛОВСРОНГУЙ, ҮР АШИГТАЙ, ЭРСДЭЛГҮЙ БОЛГОХ ШИНЭЧЛЭЛ ХИЙГДЭНЭ 

 

-Үүний нэг нь удаан хүлээлгэсэн нийгмийн даатгалын эрх зүйн шинэчлэл болж, эдгээр өдрүүдэд парламентаар хэлэлцэж байна. Шинэчлэлийн гол хүлээлт, үр дүн юу байх вэ?

-Тогтолцоог боловсронгуй болгох шинэчлэл хийгдэнэ гэдэг ерөнхий бөгөөд нэг хариулт өгч болно. Монгол Улсын хүн амын насны бүтцэд өөрчлөлт орж, хүн амын насжилт нэмэгдэж 2025 оноос хүн ам зүйн цонх үе хаагдаж, дундаж наслалт нэмэгдсэнээр нийт хүнд амд эзлэх тэтгэвэр авагчдын тоо өснө. 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тооны харьцаа 2022 оны хувьд гурав байгаа бол 2030 онд гэхэд долоо, цаашид есөн тэтгэвэр авагч болохоор байгаа нь нийгмийн даатгалын сангийн болон улсын төсвийн ачааллыг нэмэгдүүлэх тул нийгмийн даатгалын сангуудын санхүүгийн тогтвортой, бие даасан байдлыг хангасан сангийн менежментийг хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. 

Нийгмийн даатгалын тогтолцоо, нийгмийн даатгалын сан өөрийн гэсэн зарчимтай байдаг.Нийгмийн даатгалын санд төвлөрсөн мөнгөн хөрөнгийг үр ашигтай удирдаж тэтгэвэр, тэтгэмж болгож хуваарилдаг тогтолцоотой. Гэтэл нийгмийн даатгалын салбарын стратегид ямар зорилт тавьсан бэ гэхээр зарчмын хувьд тогтолцоогоо шинэчилнэ гэж байгаа. Өөрөөр хэлбэл, сангийн мөнгөн хөрөнгийг дан ганц бүрдүүлж, хуваарилах бус даатгуулагчийн нэрийн дансанд зохих түвшинд хуримтлуулах тогтолцоонд шилжих буюу хагас хуримтлалын тогтолцоо руу аажмаар шилжихэд чиглэгдэж байна. Өнөөдөр даатгуулагчийн нэрийн дансанд хоосон бичилт байгаа болохоос бодит мөнгөн хуримтлал байхгүй. Иймд хагас хуримтлалын тогтолцоонд шилжих буюу нэрийн дансыг мөнгөжүүлэх юм. Ийнхүү шимтгэл нь хуримтлагдсаар энэ данснаас тэтгэвэр олгох тогтолцоо руу шилжинэ. Тэр хүртэлх хугацаанд хуваарилалтын тогтолцооны хэв шинжийг хадгалж үлдэж байгаа хэлбэр. Хоёрдугаарт, төлсөн шимтгэлийн хэмжээ, хугацаанаас шалтгаалж тэтгэврийг шударга тогтоолгох зарчим руу бүрэн шилжинэ. Цаашид тухайн хүн хэр их шимтгэл, хэр их хугацаанд төлнө тэр хэмжээгээр тэтгэвэр тогтоолгох боломжийг нээж өгч байгаа.

Түүнчлэн сангийн засаглалыг мэргэшсэн, хараат бус болгосноор тэтгэврийг инфляц, амьжиргааны түвшний өөрчлөлтэй уялдуулсан байдлаар зохистой түвшинд нэмээд явах боломжийг бий болгож байгаа. Тогтолцооны бас нэг онцлог нь олон давхаргад буюу гурван давхаргатай тэтгэврийн тогтолцоонд шилжих явдал юм. Суурь тэтгэврээс гадна төлсөн шимтгэлээсээ хамаарч тэтгэврээ тогтоолгож авах хоёр шатлал байгаа бол гурав дахь нь өндөр цалин авч байгаа хүмүүс хүсвэл хувийн тэтгэврийн нэмэлт санд шимтгэл төлөөд дараа  нь тэтгэвэр нэмж авах боломж олгож байгаа. Гурав дахь шатлал нь нийгмийн даатгалын  тогтолцоонд нэвтрүүлж байгаа сонголт юм. Үүнийг дагаад засаглал, менежментийн шинэчлэлүүд явагдана.

Олон нийт тэтгэвэр өвлөгдөх боломжийг нээж өгөхийг хүсдэг. Энэ тухайд гэр бүлийн хоёр хүний нэг нь тэтгэвэр авч байгаад нас барах юм бол тэтгэврийнх нь 20 хувийг гэр бүлийн нөгөө гишүүнд нь үргэлжлүүлэн олгох шинэчлэл хийгдэж байна.

-Халамжаас хөдөлмөрт шилжинэ гэж ярьдаг. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг зохистой удирдах чиглэлд ямар зохицуулалт хийж байна вэ. Оновчтой, үр дүнтэй арга хэмжээ авч чадаж байна уу?

-Халамжаас хөдөлмөрт шилжинэ гэдэг бол уриа. Хэрэв та халамжлуулах бүлэг биш бол хөдөлмөрлө гэсэн үг. Харин зорилтот бүлэгт халамжийг хүртээмжтэй хүргэх ёстой.Түүнчлэн нийгмийн эрсдэлт бүлгийн хөдөлмөр эрхлэх боломжийг өргөжүүлэх замаар амьжиргааг нь дэмжих, улмаар өөрөө өөрийнхөө амьдралыг аваад явж чадах түвшинд хүргэх явдал юм. Стратегийн зорилт ч ийм. Өнөөдөр халамжийн 72 төрлийн үйлчилгээнд 668 мянган хүн хамрагдаж байгаа. Хүн амын 27.8 хувь буюу 907 мянган хүн амьжиргааны түвшнээс доогуур орлоготой байна. Үүнээс үзвэл халамж айхтар хавтгайраагүй гэсэн дүгнэлт хийж болно. Гэхдээ халамжийн бодлогыг шинэчилнэ. Жишээлбэл, ахмад настны гавьяа шагналтай холбоотой олгодог тэтгэмж, протез ортопедийн мөнгөн дэмжлэг халамж биш шүү дээ. Нэг нь гавяьяа шагналтай холбоотой бол нөгөөх нь эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой харилцаа юм. Энэ мэтээр  халамжийн зарим үйлчилгээг эргэн харж холбогдох чиглэлд нь шилжүүлэх, зарим үйлчилгээг нэгтгэх зохицуулалт хийгдэх учиртай. Мөн халамжийн зарим төрлийг мөнгөн биш үйлчилгээ хэлбэрээр хүргэх юм. Шинэчлэлийн хамгийн эхэнд чанар, хүртээмж яригдана. Мэдээллийн нэгдсэн санд тулгуурлаж өрхүүд рүү чиглэсэн халамж, хөдөлмөр эрхлэлтийн тодорхой ажлууд хийнэ.

Монгол Улсад хөдөлмөрийн насны 2.1 сая иргэн байгаагийн 1.2 сая нь ажиллах хүч. Ажиллах хүчнээс гадуур хүн ам 916.5 мянга бий. Өөрөөр хэлбэл, оюутан, гэртээ хүүхдээ асрах чөлөөтэй байгаа хүн ам шүү дээ. Эндээс харвал хөдөлмөрийн зах зээл дээр боломж байна. Манай улсын хүн ам зүйн цонх 2025 онд хаагдаж байгаа ч тодорхой хугацаанд ажиллах хүчний түвшин харьцангуй өндөр байх боломжтой. Тиймээс энэ хугацаанд ажиллах хүчийг бүрэн дайчлах шаардлагатай.Өнгөрсөн хугацаанд үүссэн хамгийн том асуудлын нэг бол хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн мэдээллийн сан бүрэн байсангүй. Энэ ажлыг яам өнгөрсөн гурван жилд хийж эхний үр дүн гарч байна. Тухайлбал, E-job платформ хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг цахим болгож, мэдээллийн нэгдсэн сан үүсгэж буй хэлбэр. Хаана хэчнээн ажлын байр байгаа, хэдэн хүн ажил хайж байна вэ гэдгийг маш тодорхой харуулж, ашиглах боломжтой болоод байна. E-job платформыг ашиглаж эхлээд дөрвөн сар болж байна. Тухайлбал, E-job платформ дээр зургаан сарын эхний долоо хоногийн байдлаар 25138 ажлын байр зарлагдсан бол нөгөө талд ажил хайгч иргэн 38716 байх жишээтэй. Харин ажилд зуучлуулсан тоо 7167 байна. Энэ платформ руу аж ахуйн нэгж байгууллага, ажил хайгч иргэн өөрийн регистрийг бүртгүүлж нэвтэрдэг учраас худлаа тоо гарахгүй. Өөрөөр хэлбэл, ажлын байрны зар мэдээлэл, ажилд зуучлагчийн үйлчилгээг нэг цэг дээр аваад ирлээ. Үр дүн гарч эхэлснээс гадна давхар хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээтэй холбоотой судалгаа хийгдэж байна. Судалгааны үр дүнд дүгнэлт хийж байгаад дээд шатны бүх хэлбэрийн боловсролын байгууллагатай ажиллана гэсэн үг.

Хөдөлмөрийн зах зээлийн удирдлагыг оновчтой болгох үүднээс системийн динамик загвар гэсэн модель боловсруулсан.Туршаад явж байна. Богино, дунд, урт хугацаанд хөдөлмөрийн зах зээл дээр гарч болох тооцооллыг урьдчилж хийнэ. Мөн уул уурхай, эрчим хүч зэргээр бусад салбарт гарч байгаа  ажлын байрны тооцоолол давхар явах учраас ямар хугацаанд хэчнээн боловсон хүчин бэлтгэх вэ гэдгээ урьдчилж харж чадах юм. Нэг ёсондоо хөдөлмөрийн зах зээлийг удирдаж байна гэсэн үг. Нэг жишээ авъя л даа, хөдөлмөрийн зах зээл эрх зүйч мэргэжлээр бэлтгэгдсэн 37 мянган хүн байна. Гэтэл яг хуульч, эрх зүйчийн ажлын байрны эрэлт хэрэгцээ долоон мянга байна. Хэрэв хөдөлмөрийн зах зээлийг оновчтой удирдаж чадахгүй бол энэ мэт зөрүү гарна. Ойрын ирээдүйг харвал бүтээн байгуулалт дагаад хүнд машин механизмын оператор 10 мянгаараа хэрэгтэй. Яг одоогийн нөөцөөр таван жилийн дотор хангаж чадахгүй. Тиймээс зөвхөн төр сургаж бэлтгэх биш ажил олгогч, мэргэжлийн сургалтын байгууллагууд хамтран богино хугацаанд бэлтгэх боломжийг өргөжүүлж байна. Ер нь хүнээ бэлтгэж авна гэдэг дан ганц төрийн үүрэг биш. Ажил олгогчийн, иргэний өөрийнх нь үүрэг, хариуцлага юм.

Харин хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүд бол ажил хайгаад олж чадахгүй, ажилгүй болсон эсвэл ажлын байр шинээр бий болгож байгаа бүлгүүд рүү чиглэдэг. Өнгөрсөн жил 46.8 тэрбум төгрөгийг ажлын байрыг дэмжих хөтөлбөрүүдэд зарцуулахдаа 85300 хүн хамруулсан. Үр дүнд нь 42.8 мянган ажлын байр бий болгож хадгалсан бол 7.8 мянга нь байнгын, 27.3 мянган нь түр, 7.6 мянган цагийн ажил байна. Ер нь хөдөлмөрийн зах зээл дээрх харилцаа их өөр болж байна. Цаг хугацаа, орон зайнаас хамаарч ажлын ялгаатай харилцаанууд үүсэж байна. Энэ бүгдийг Хөдөлмөрийн хууль зохицуулж байгаа.

2023 онд ажлын байр бий болгож, ажилгүй хүнийг байнгын ажлын байраар хангасан ажил олгогчийг дэмжих арга хэмжээг шинээр хэрэгжүүлэх бэлтгэл үндсэндээ хангагдаад байна. Энэ арга хэмжээнд 5000 хүнийг хамруулна. Ажилгүй, ажил хайж байгаа иргэнийг ажлын байраар хангаж, сургаж дадлагажуулан, тогтвортой ажиллуулсан ажил олгогчид тухайн ажилтан, ажилчны зургаан сар хүртэлх цалингийн тодорхой хувиар дэмжлэг үзүүлэх юм. Энэ арга хэмжээ ажил олгогч болон ажил хайж байгаа хүн талаа маш үр дүнтэй арга хэмжээ болно гэдэгт эргэлзэхгүй байна. 

 

 ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН 26-50 ХУВИАР НЭМЭГДЭЖ БАЙГАА

 

-Ажиллах хүч тэр аяараа гадагшаа явж байна гэсэн эмзэглэл олон нийтэд төрдөг. Шалтгаан нь цалин хөлс, хөдөлмөрийн үнэлэмжтэй холбоотой. Гэтэл манай улс 40 гаруй мянган ажиллах хүчний дутагдалтай байдаг. Үүнд яам ямар дүгнэлт хийж бодлого боловсруулж байгаа вэ?

-Орлогоо нэмэгдүүлэхийн тулд илүү цалин хөлс, нийгмийн баталгаа өгч байгаа ажил руу тэмүүлэх нь зүйн хэрэг. Иймд ажиллах хүчнээ дотооддоо үлдээх хүний нөөцийн зохистой бодлого барих шаардлага гарч байна. Ямартай ч төрийн албан хаагчдын цалин хөлсний бодлогоор дамжуулж тогтвортой, үр бүтээлтэй ажиллуулах боломжоор хангах алхам хийгдлээ. Тиймдээ ч төрийн албан хаагчдын цалин хөлсний тогтолцоонд томоохон шинэчлэл хийлээ. Цалин хөлсний шатлал, зэрэглэлээс хамаарсан маш олон төрөл байсныг нэгтгэж хумьсан.

Төрийн албан хаагчдын цалинг 2019-2020 онд хоёр удаа нэмсэн. Үүнээс хойш өөрчлөгдөөгүй байж байгаад энэ оны эхний улиралд зарим салбарын албан хаагчдынх нэмэгдсэн. Харин энэ удаад үндсэн цалингийн дээд, доод хэмжээг тогтоож өгөхөөс гадна гүйцэтгэлээр нь урамшуулал олгох тогтолцооны шинэчлэл хийлээ. Төрийн захиргааны албан хаагчдын доод цалин сая, нийтлэг үйлчилгээний алба хаагчдын доод цалин 750 мянган төгрөг болж байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй харьцуулахад үндсэн цалин нэлээн боломжийн хэмжээнд очлоо. Үндсэндээ төрийн албан хаагчдын цалин 26-50 хувиар нэмэгдэж байгаа. Энэ бол нэг арга хэрэгсэл. Нөгөө талдаа салбарын хэлэлцээрүүд хийгдэж ажилтны эрхийг хамгаалах, цалин хөлсний доод хэмжээг тухайлан тогтоох чиглэлээр хөдөлмөрийн харилцааны түвшинд зохицуулалт ажиллагсадын цалин хөлсний бодлого, зохицуулалтыг оновчлох, хүний нөөцийн гадагшаа чиглэсэн шилжих хөдөлгөөнийг хязгаарлах чиглэл барьж байна.

-Нийгмийн бас нэг чухал хэсэг бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд. Эдгээр иргэдийн нийгмийн оролцоо, хөгжлийг хангахад тулгамдаж байгаа сорилтуудыг хэрхэн даван туулах вэ?

-Бидний хамгийн их анхаарал хандуулж, асуудлыг нь олж харахыг хичээж байгаа нэг ажил бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгаалал, хөгжил, хөдөлмөр эрхлэлт. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн тусгайлсан хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ жил 11.2 тэрбум төгрөг төсөвлөсөн. Нэгдүгээрт, нийгмийн харилцаанд хүлээн зөвшөөрч хөдөлмөр эрхлэх хүртээмжтэй орчныг бий болгоход хамтарч ажиллах ёстой. Ажил олгогч тэргэнцэртэй хүнийг ажиллуулах боломжийг нийгмийн хариуцлагын хүрээнд хийх ёстой. Мөн ажлын цагийн хуваарийг уян хатан гаргах зэргээр анхаарах асуудал бий.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд боловсролын, эрүүл мэндийн, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг харилцан уялдаатай үзүүлэх хүрээнд БСШУЯ, ЭМЯ, ХНХЯ хамтран ажиллаж, иргэдтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсож, шийдлийг хамтдаа тодорхойлж, маш тодорхой ажил хэрэг болгох ажлын арга барил, зохион байгуулалтад шилжээд даруй зургаан сар болж байна. Зохих үр дүн гарч байна, цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэл, зохион байгуулалтын хэлбэр ч тодорхой болж байна. Нийгэм бүхэлдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байх үзэл санаанд нэгдэж дэд бүтцээс, барилга байгууламж, үйлчилгээний бүхий л төрөлд хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй орчин бүрдүүлэхэд анхаарч хамтын хүчин чармайлт гаргах учиртай юм. Ингэж гэмээнэ бодит үр дүн гарна. 

-Цахим үндэстэн бодлого танай яаман дээр нэлээн сайн хэрэгжсэн гэдгийг  жишээ болгон ярьж байна лээ. Дэвшилттэй сайн талын хажуугаар сул тал ч бий байх. Хамгийн гол нь иргэдэд өгөөж нь хэр хүрч байна вэ?

-Манай салбарт, манай хамт олны бахархаж ярих ажил бол цахим засаглал буюу яах аргагүй цахим шилжилт. Нийгмийн даатгалын 34 үйлчилгээний 24-ийг цахимжуулаад байна. 2022 оны арван хоёрдугаар сард и-монголиа цахим систем-д хамгийн их буюу гурван сая хандалтыг манай нийгмийн даатгалын үйлчилгээ авсан байна. Бидний тооцоолсноор зөвхөн нийгмийн даатгалын цахим шилжилтээр 16 тэрбум төгрөг хэмнэсэн. Үндэсний хэмжээний үйлчилгээ л дээ. Зөвхөн мөнгө хэмнэхээс гадна албан хаагч, үйлчилгээ авч байгаа иргэний цаг хугацааг хэмнэх, чирэгдлийг багасгах, цаашлаад үйлчилгээ авах зорилгоор авто машинаар зорчиж хотын авто замын бөглөрөлд нөлөөлөхгүй байх гэх мэт эерэг үр дүн, үр нөлөөг тэмдэглэж болно. Халамжийн 72 үйлчилгээний 68-г цахим болгосон. Нэг талдаа үйлчилгээг хялбаршуулж ойртуулж байгаа боловч уламжлалт үйлчилгээ халагдахгүй. Иргэдийн өмнө сонголт бий болгож байгаа юм. Хөдөлмөр эрхлэлтийн бүхий л үйлчилгээг еjob.mn дээр буюу нэг платформд төвлөрүүлчихлээ. Иймэрхүү болж бүтэж, ажих дэвшиж, бодитой үр дүн гарч байгаа зүйлс багагүй байна.

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 29. ПҮРЭВ ГАРАГ. № 128, 129 (7113, 7114)

 

ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин
Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Уржигдар 10 цаг 41 мин
“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

Уржигдар 09 цаг 54 мин