Н.Жаргалмаа
Дэлхийн 70 гаруй орны 600 гаруй төлөөлөгч оролцож буй “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт” өчигдөр албан ёсоорнээлтээ хийлээ.Эхний өдрийн хэлэлцүүлгээр далайд гарцгүй улс орнуудын хөгжлийн талаар хэлэлцсэн чуулга уулзалтыг өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэлэв. “Эдийн засгийг төрөлжүүлэх, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, хүртээмжтэй, тогтвортой, дархлаатай нийгэм, эдийн засгийн хөгжлийг бий болгох, улс орнуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд залуучууд, эмэгтэйчүүд, гарааны болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, олон улсын хамтын нийгэмлэг, санхүүгийн байгууллагуудын үүрэг, оролцоо урьд өмнөхөөс илүү чухал болж байна”хэмээн төрийн тэргүүн хэлсэн үгэндээ онцоллоо.
Нээлтийн дараа оролцогчид “Ногоон худалдаа”, “Органик”, “Дижитал”, “Тогтвортой” дэд сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлсэн. Уул уурхайгаас хамаарсан эдийн засагт суурилах бус бус технологийн салбарыг хөгжүүлж, эдийн засгаа солонгоруулах нөөц бололцоо бүрэн байгааг хэлэлцүүлгийн үеэр үндсэн илтгэгчид танилцуулж байлаа.
Засгийн газар гадаад харилцааг өргөжүүлснээр олон талт худалдаа эрхлэх, экспортлоход бодит дэмжлэг үзүүлж чадах боломжтойг бизнес эрхлэгчдийн төлөөлөл сануулав.
Геополитикийн хувьд хоёр том гүрний дунд байрладаг далайд гарцгүй манай орны хувьд жижиг, дунд бизнес эрхлэгчид, гарааны бизнесүүд залуучуудыг дэмжих бодитой бодлого зохицуулалт зайлшгүй хэрэгтэй. Дэлхийн эдийн засгийн нэг хувийг эзэлж байгаа далайд гарцгүй орнуудын тээвэр ложистыг шийдэхэд дэмжлэг үзүүлсэнээр цар тахлын дараа дэлхийн эдийн засагт учраад буй хүндрэлийг шийдэх нэг гарц гэж тэд үзэж байна. Мөн хэлэлцүүлгийн хоёрдугаар хэсэгт “Ногоон бизнесийн шийдэл”, “Байгаль орчны нөхөн сэргээх санаачлага” гэсэнхоёр төрлөөр нийт 63 орноос сонгогдсон залуу бизнес эрхлэгчдийн дунд тэмцээн зохион байгуулагдаж төслүүдийг танилцууллаа.
Ийнхүү хоёр дахь өдрийн хэлэлцүүлэг гадаад худалдаа, эдийн засгийг чадавхижуулах чиглэлд илүүтэй анхаарал хандуулсан бол өнөөдөр болох хэлэлцүүлгийн гол сэдэв эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжихэд чиглэжээ.
ОУВС-ийн судалгаанаас үзэхэд дэлхийн нийт ажиллах хүчний 40 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлдэг ба эмэгтэй ажиллах хүчний оролцоо эрэгтэйчүүдээс 25 хувиар доогуур үзүүлэлттэй байна. Манай орны хувьд эмэгтэйчүүд нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт ажиллаж байгаагаас жижиг,дунд бичил бизнесийн салбарт зонхилон ажилладаг. Нийт бизнес эрхлэгчдийн 70 гаруй хувийг эмэгтэй бизнес эрхлэгчид эзэлдэг байна.
20 дахь удаагаа зохион байгуулж буй дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтын үр дүнг нэгтгэн “Үндэсний экспортын стратеги”-д тусгах юм байна.