Б.НЯМСҮРЭН
БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-д айлчилсан нь олон улсын хувьд томоохон үйл явдлын нэг юм. Энэ талаар БНХАУ, Зүүн хойд Ази чиглэлээр мэргэшсэн судлаач Ч.Сумъяагийн байр суурийг хүргэж байна.
-БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-д айлчлаад буцлаа. Судлаачийн хувьд энэ айлчлалын олон улс, геополитикт үзүүлэх үр нөлөөг хэрхэн харж байна?
-2013 онд Ши Жиньпин анх БНХАУ даргаар сонгогдоод гуравдугаар сард анхны айлчлалаа Москва эхэлж байв. 2017 онд хоёр дахь удаа БНХАУ даргаар сонгогдоод долдугаар сард Москвад айлчлахад Путин Ши Жиньпинд баяр хүргэж "Гэгээн Андрея" төрийн дээд одонгоо хүртээж байжээ. Путин уламжлал ёсоор 2023 онд Москвад ирсэн Ши Жиньпинд БНХАУ даргаар гурав дахиа сонгогдсонд баяр хүргэв. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Ши Жиньпин, В.Путин хоёр 40 гаруй удаа албан ёсны уулзалт хэлэлцээ хийсэн байгаа нь хоёр улс төрийн тэргүүний түвшинд яриа хэлэлцээний давтамж өндөртэй, НҮБ аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл өндөр түвшинд байгааг харуулж байна.
-Ерөнхийдөө ямар ач холбогдол, үр дүнтэй айлчлал болов. Ялангуяа БНХАУ-аас гаргасан энх тайвны төлөвлөгөө хэр үр дүнтэй байх бол. Орос Украин сөргөлдөөнийг зохицуулах төлөвлөгөө хэрэгжих үр дүнд хүрч чадах болов уу?
-БНХАУ Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах энхтайвны төлөвлөгөө саналаа Гадаад хэргийн яамныхаа цахим хуудсанд Украины хямралын нэг жилийн ой дээр нийтэлсэн. Санал нийтлэгдээд сар хүрэхгүй хугацаанд сөргөлдөгч талуудтай яриа хэлэлцээ өрнүүлж Хятадын тал идэвхтэй ажиллаж Ши Жиньпин дарга Москвад айлчилж байна.
Гуравдугаар сарын 21-нд хоёр орны удирдагчид гаргасан шинэ эринд Орос, Хятадын иж бүрэн түншлэлийн харилцаа, стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдэгдлийн 9-р зүйлд заахдаа, “НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмыг баримталж, олон улсын хуулийг хүндэтгэх ёстой гэж хоёр тал үзэж байна. Украины асуудлаарх Хятад улс бодитой, шударга байр суурьтай байгааг Оросын тал нааштай үнэлэв. Хоёр тал цэрэг, улс төрийн болон бусад ашиг сонирхолд нийцүүлэн бусад улс орны аюулгүй байдлын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулах аливаа улс орон, бүлэг улс орныг эсэргүүцэж байна. Оросын тал энхийн хэлэлцээг аль болох хурдан сэргээх амлалтаа дахин нотолсон бөгөөд үүнийг Хятад улс сайшааж байна. Украины хямралыг улс төр, дипломат арга замаар зохицуулахад Хятад улс идэвхтэй оролцох хүсэлтэй байгааг Оросын тал сайшааж, "Украины хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэх Хятадын байр суурь" баримт бичигт тусгагдсан бүтээлч саналуудыг сайшааж байна. Украины хямралыг зохицуулахын тулд бүх улс орны аюулгүй байдлын хууль ёсны санаа зовоосон асуудлыг хүндэтгэж, өөр хооронд талцаж сөргөлдөөн үүсэх “гал дээр тос нэмэхээс” зайлсхийх хэрэгтэй гэж талууд онцлон тэмдэглэж байна. Хариуцлагатай яриа хэлэлцээ нь асуудлыг тууштай шийдвэрлэх хамгийн сайн арга зам гэдгийг хоёр тал онцоллоо. Үүний тулд олон улсын хамтын нийгэмлэг холбогдох бүтээлч хүчин чармайлтыг дэмжих ёстой. Хоёр тал хямралыг улам хурцатгах, бүр хяналтаас гарахаас сэргийлэхийн тулд хурцадмал байдлыг өдөөж, дайныг хойшлуулах бүх үйлдлээ зогсоохыг талуудад уриалж байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн зөвшөөрөөгүй ганц талын хориг арга хэмжээг хоёр тал эсэргүүцэж байна” гэжээ.
Үүнээс харвал, Хятадын тал цаашид ч сөргөлдөгч талуудтай яриа хэлэлцээ өрнүүлж асуудлыг энхийн замаар шийдвэрлэхэд идэвхтэй хамтран ажиллах төлөвтэй байна.
-Манай улсад ямар байдлаар үр дүн нь харагдах бол. Хийн хоолойн асуудлыг шийдэлгүй хэвээр үлдлээ гэсэн мэдээлэл бий. Энэ талаар?
-Энэ сарын 21-нд Хятад, Орос хоёр орны удирдагчид гаргасан шинэ эринд Орос, Хятадын иж бүрэн түншлэлийн харилцаа, стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдэгдлийн гуравдугаар зүйлд, “2015 оны "Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хамтын ажиллагааг дунд хугацаанд хөгжүүлэх замын зураглал" болон 2016 оны “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд хоёр тал ихээхэн ач холбогдол өгч байна. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт багц хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхийн тулд бид энэхүү ирээдүйтэй механизмыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Евразийн эдийн засгийн холбоо зэрэг бүс нутгийн байгууллага, механизмтай цаашид холбох ажлыг идэвхтэй дэмжинэ. Хоёр тал Хятад -Монгол - Оросын байгалийн хийн хоолойн шинэ төслийн судалгаа, зөвлөлгөөний ажлыг ахиулахад хамтран ажиллах болно” гэсэн байна. Үүнээс харвал, Гурван улсын хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр Орос, Хятадын тал зарчмын тохиролцоонд хүрч байгааг харж болно.
-Ши Жиньпин даргын Москвад хийж буй айлчлалтай зэрэгцэн Японы Ерөнхий сайд Украинд айлчилсан нь тохиолдол биш гэж хэвлэлүүд бичиж байна. Та үүнийг хэрхэн дүгнэх вэ?
-Японы Ерөнхий сайд Фумио Кишида мягмар гарагт буюу энэ сарын 21-ны өдөр Киевт хүрэлцэн ирж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хэлэлцээ хийсэн нь БНХАУ-ын дарга Ши Жиньпин Москвад хийх айлчлалтай давхцаж байгаа бөгөөд Украины хямрал Евразийн геополитикийн нөхцөл байдалд хүчтэй нөлөө үзүүлж байна гэж харж байна. Хятадын дарга Москвад айлчилдаг өдөр Японы Ерөнхий сайд Украинд айлчилсан нь зүгээр нэг тохиолдлын хэрэг байж болох ч нөгөө талаар энэ нь олон улсын хуваагдал хагарал улам бүр нэмэгдэж буйн дохио ч гэж үзэж болохоор байна.
Япон улс дэлхийн хоёрдугаар дайнаас үүдэлтэй Хятад, Орос улсуудтай газар нутгийн маргаантай байдаг. Тиймээс Москва, Бээжингийн харилцаа олон салбарт улам бүр ойртож, сүүлийн үед хоёр улс Японы усан хил орчимд хамтарсан цэргийн сургуулилт хийх давтамж нэмэгдсэн нь Токиог айдастай, туйлын түгшүүртэй болгож байгаа болов уу.
Хэвлэлийн мэдээллээр, 2023 онд "G 7"-ын ээлжит даргаар ажиллаж буй Япон улс, Ерөнхий сайд Фумио Кишида нь долоон орны дундаас Киевт хараахан очиж амжаагүй цорын ганц удирдагч байсан бөгөөд Японы дотоодод өргөн хүрээний олон нийтийн дарамт шахалтаас болж айлчилж байна гэж харж байна. Үүнтэй ижил шалтгаанаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн сард Орос-Украины дайн эхэлсний нэг жилийн ойн өмнөхөн Киевт айлчилсан.
Япон улс үндэсний хэмжээнд энхтайвныг эрхэмлэгч байр суурьтай байгаа тул Украинд үзүүлэх дэмжлэг нь зөвхөн үхлийн бус тоног төхөөрөмж, хүмүүнлэгийн хангамжаар хязгаарлагдаж байгаа. Украинд долоон тэрбум гаруй ам.доллар хандивлаж, өөрсдийн цагаачлалын хатуу бодлогыг үл харгалзан дүрвэсэн 2000 гаруй украинчуудыг хүлээн авсан байдалтай байгаа.
Судлаачийн зүгээс харахал, "10, 20 жилийн өмнө Азийн гол хоёр том эдийн засаг болох Япон, Хятад улс геополитикийн тоглоомоос ангид байх хүсэлтэй байсан бол одоо тэд энэ тоглоомд тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлэхийг хүсч байна. Учир нь алдах онох үнэ цэн хэтэрхий өндөр байхаар байна гэж харж байна. Цаашид ч мөн олон асуудалд хоёр орон өөр өөрийн байр сууринаас өрсөлдөх, сөргөлдөх төлөвтэй байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 23. ПҮРЭВ ГАРАГ. № 59 (7044)