Б.ДОЛЖИНЖАВ
Малайз-Хятад гаралтай жүжигчин Мишель Иео "Everything Everywhere All at Once" кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг эмэгтэй жүжигчин болж, Оскар хүртсэн билээ. Гол дүрийн шилдэг жүжигчний шагнал хүртсэн анхны Ази уран бүтээлч болсон түүнийг энэ удаа бид “Амжилтын түүх” буландаа онцоллоо.
Тулаант киногоор нэр алдарт хүрсэн нь
Мишель Иео бол Малайзын жүжигчин. Тэрбээр 1962 оны наймдугаар сарын 6-нд төрсөн. Өдгөө 60 настай. Иео анх Хонгконгийн адал явдалтай, тулаантай кинонууд болох “Yes, Madam” (1985), “Magnificent Warriors” (1987), “Police Story 3: Supercop” (1992), “The Heroic Trio” (1993), and “Holy Weapon” (1993) зэрэг хэд хэдэн кинонд тоглосноор 1990-ээд оноос олны анхаарлын төвд гарч ирсэн байдаг.
Харин АНУ-д очиж амьдрах болсныхоо дараагаар “Tomorrow Never Dies” (1997) хэмээх тагнуулчдын тухай өгүүлэх кинонд тоглож, тулааны урлагийн тухай Crouching Tiger, Hidden Dragon (2000) кинонд дүр бүтээснээр дэлхий нийтэд үнэлэгдэж эхэлсэн. Ийн тэрбээр “BAFTA Award”-ийн гол дүрийн хамгийн шилдэг жүжигчин болсон билээ. Харин саяхан болсон Оскарын наадмаас “Everything Everywhere All at Once” (2022) киногоороо гол дүрийн шилдэг дүрийн шагнал хүртэж, энэ шагналыг хүртсэн анхны Ази хүн болж түүх бүтээсэн юм.
Мишель Иео бол олон дүрээрээ танигдсан сайн жүжигчин. Тухайлбал, тэрбээр Мьянмарын “төмөр хатагтай” гэгддэг Аун Сан Су Чи-гийн дүрийг бүтээхийн сацуу include “Гейшагийн дурсамж” /Memoirs of a Geisha/ (2005), “Мандах нар” /Sunshine/ (2007), “The Mummy:Tomb of the Dragon Emperor” (2008), “Reign of Assassins” (2010), Кунфу панда-2 /Kung Fu Panda 2/ (2011), “Бүсгүй” /The Lady/ (2011) гэсэн алдартай кинонуудад тоглосон билээ.
Мөн “Галзуу баян азиуд” /Crazy Rich Asians/ (2018), “Өнгөрсөн Зул сар” /Last Christmas/ (2019), Шан-Чи ба 10 бөгжний домог /Shang-Chi and the Legend of the Ten Rings/ (2021) гэсэн кинонуудад туслах дүр бүтээсэн байдаг.
Дэлгэцийн хамгийн үзэсгэлэнтэй жүжигчний нэг
Киноны талаар шүүмж бичиж, шилдэг кинонуудыг шалгаруулдаг “Rotten Tomatoes”-ийн цахим хуудаст Мишель Иео-г бүх цаг үеийн хамгийн шилдэг “action” жүжигчин гэж бичжээ. Америкийн “Хүмүүс” буюу “People” сэтгүүл Иеог дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 50 хүний нэгээр 1997 онд, “Дэлгэцийн хамгийн үзэсгэлэнтэй 35” хүний нэгээр 2009 онд шалгаруулж байлаа. Мөн өнгөрсөн онд “Time” сэтгүүл түүнийг дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр шалгаруулаад байна.
Дөрвөн настайгаасаа балетаар хичээллэж эхэлжээ
Малайз-Хятад гаралтай гэр бүлд төрсөн Иео Англи, Малайз хэлийг багаасаа сурсан агаад Хятадаар сайн ярьж, уншиж чаддаггүй байжээ. Энэ нь түүний харамсаж явдаг зүйл хэмээн өнгөрсөн онд хэвлэлд яриа өгөхдөө дурсжээ. Тэрбээр 1980 оноос хятадаар ярьж сурсан байна.
Иео багаасаа бүжгийн урлагт чин зүрхнээсээ хайртай байсан учир дөрвөн настайгаасаа балетаар хичээллэж эхэлсэн байна. Ийн Малайзын “Main Convent Ipoh” хэмээх охидын сургуульд элсжээ. Гэр бүл нь Их Британи руу шилжсэн учир 15 настайгаасаа Британийн охидын сургуульд суралцаж эхэлсэн байна. Ийн Лондон хотын Хатан хааны нэрэмжит бүжгийн академид балетчнаар суралцжээ. Мэргэжлийн балетчин болохоор зорьсон ч нурууны гэмтлээс сэргийлэх үүднээс хөнгөн хөдөлгөөнт бүжиг болон өөр төрлийн урлагийг сонирхож эхэлсэн байна. Тийн Иео “Crewe & Alsager” коллежид бүтээлч урлагийн чиглэлээр бакалаврын зэргээ 1982 онд хамгаалжээ.
Эх сурвалж:www.polit.mn