Г.Ган-Орхон: Биллиард гурван цохилтын цаадахыг харж, тооцоолдог спорт

2023-03-14
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Дамдинрагчаагийн ДАРАМБАЗАР 

 

Чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх олон төрлийн спорт тоглоом бий. Тэдгээрээс хэн илүү цаг заваа зориулж чадсан нь мэргэжлийн түвшний тамирчин болгодог онцлогтой төрөл бол биллиардын спорт юм. Тиймдээ ч манай улсад энэ төрөл илүү хурдан хөгжиж, тамирчид гадны том тэмцээнүүдэд амжилттай оролцож байна. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор хэйбол биллиардын улсын хоёр удаагийн аварга,ОУХМ Г.Ган-Орхонг урилаа.   

 

-Гурав дахь удаагаа зохиогдсон хэйбол биллиардын УАШТ-д түрүүлсэнд баяр хүргэе. Өрсөлдөгчид бэлтгэл ямар түвшинд байв? 
-Хэйбол биллиардын УАШТ-д амжилттай оролцож, өмнөх амжилтаа бататгаж хошой аварга болсондоо баяртай байна. Сүүлийн жилүүдэд манай улсад биллиардын спортоор хичээллэх хүүхэд, залуусын тоо эрс нэмэгдсэн. Тиймээс УАШТ-д оролцож байгаа тамирчдын чансаа жил бүр ахиж байна. Мөн тамирчдын бэлтгэл сургуулилт нэмэгдэж, илүү туршлагажсан гэдгийг энэ удаагийн УАШТ-ээс илүү их мэдэрлээ.  


-УАШТ-д дараалан түрүүлж, гадны томоохон тэмцээнүүдэд дээгүүр амжилтыг үзүүлэхэд хэдэн жилийг зарцуулсан бэ?  
-Би анх биллиардыг тоглож чаддаггүй байсан. Харин 2016 оноос нөхрийгөө даган энэ спортоор хичээллэх болсон. Миний хань энэ спортоор 20 гаруй жил хичээллэсэн. Тиймээс үргэлж алдаа дутагдлыг минь хэлж, засаж өгдөг. Бид бие биенээ дэмжиж, урамшуулж, зааварласаар өдийг хүрлээ. 


-Таны хань ч ялгаагүй гадны томоохон тэмцээнүүдэд оролцдог туршлагатай тамирчин байх аа?
-Намайг хичээллэж эхлэх үед нөхөр маань гадны тэмцээн уралдаанд тогтмол оролцдог байсан. Харин одоо биллиардын спортын мэргэжилтэн болох тал дээр түлхүү анхаарч байгаа. Мөн намайг тэмцээний үед бэлддэг. Миний хувьд 2019 оныг хүртэл гадны тэмцээнүүдэд байнга оролцсон. Энэ үед миний хань тэмцээний өмнө юун дээр анхаарах, өмнөх алдаа юу байсан гэдгийг хэлж өгдөг. Ханиасаа зөвлөгөөг нь сонсоод гарахаар бага алдах юм шүү гэсэн бодол өөрийн эрхгүй төрж, урам авдаг. Энэ спорт алдаа бага гаргавал хожих магадлал өндөр.  


 -Та 2019 оны ДАШТ-д харамсалтай ялагдал хүлээсэн. Түүнээс хойш цар тахал гээд өөр тэмцээнд оролцоогүй байх аа?
-2019 онд болсон ДАШТ-д өрсөлдөгч тамирчиндаа нэг секундын хугацаагаар ялагдсан. Түүний дараа өөр тэмцээн товлогдсон ч “COVID 19” гарч хил хаагдсан. Ингээд өнөөдрийг хүртэл олон улсын тэмцээнд оролцоогүй байна.  Харин бэлтгэл сургуулилтаа базааж, Монголдоо болж буй тэмцээнүүдэд ур чадвараа сорьж байна. Гэхдээ хэдхэн сарын дараа ДАШТ дахиад болох гэж байгаад баяртай байгаа. Учир нь өмнөх алдаагаа засаж амжилтаа ахиулах боломжтой.


-Дэлхийн дэвжээ бол том сорилт. Манай тамирчид дэлхийн хэмжээнд ямар амжилт үзүүлж байсан бэ?
-Дэлхийн дэвжээ бол чанга бас сүрдмээр. Олон улсын тэмцээнд оролцож үзсэн хүн сэтгэлзүйгээс эхлээд өөр түвшинд тоглодог. Нөгөө талаар туршлага хуримтлуулах, судлахаас эхлээд олон  өөрчлөлтийг өөртөө хийж чаддаг. Урьд нь манай эрэгтэй тамирчид ДАШТ-ний шилдэг 16-д үлдэж байсан. Мөн Б.Нарантуяагийн амжилтууд үүнд хамаарч байгаа. Гэхдээ бид энэхүү амжилтаа дахиад урагшлуулах бүрэн боломжтой. 


-Тоглолтын өмнө зарим тамирчид сэтгэл зүйн хувьд ялагдал хүлээдэг. Энэ жилийн УАШТ-ээр тийм зүйл ажиглагдав уу? 
-Тоглолтын дундуур мэдрэгддэг. Гэхдээ энэ жилийн тэмцээнээр бүх тамирчин сэтгэл зүй өндөртэй, өмнө нь гадны тэмцээнд оролцсон мэт хүчирхэг сэтгэл зүйтэй байсан. Бүгд л нэгнийхээ алдааг хүлээж, боломж олдвол түүнийг нь ашиглаж, хожих аргыг хайж байсан нь тамирчдын чансаа хэр болсныг илтгэж байна.  


-Биллиардын спортоор хичээллэснээр хувь хүн ямар ур чадварыг эзэмших бол. Энэ спортын давуу тал нь юу вэ? 
-Биллиард нь тооцооллын спорт. Шатартай л адилхан гэсэн үг. Хэрхэн нүүх тухайгаа боддогтой адил толгойгоо сайн ажиллуулах хэрэгтэй. Гурван нүүдлийн цаадахыг харж тоглоно гэдэг шиг гурван цохилтын цаадахыг харж байж л ялна. Нэг л алдвал хожих боломж эрс буурдаг. Тиймээс сэтгэл санааны хувьд тайван байж, цохилтоо хийхийг шаарддаг онцлогтой. Биллиард тоглох үедээ өөрийн мэдэлгүй нааш, цаашаа хөдлөхдөө таваас долоон километр зайд алхчихсан байдаг. Харин сандарч, айж, балмагдах үед зүрхэнд хэт их ачаалал өгдөг учраас төвлөрч чадахгүй. Тиймээс сэтгэл санаагаа сайн бэлдэх хэрэгтэй. Биллиард тоглох нь хүний зан араншинг төлөвшүүлж, тэвчээртэй, тооцоололтой амьдрах чадварыг бий болгодог.


-Цахим орчинд  олон бөмбөгийг ганц цохилтоор  нэг нүхэнд дараалан цохиж оруулах, хүн давуулж цохиж байгааг харуулсан бичлэг олон байдаг. Манай тамирчид тийм үзүүлбэр хийдэг үү?
-Тийм үзүүлбэрийг тусдаа хүмүүс л хийдэг. Бид тоглогч учраас хэрэглэдэг цохиур өөр. Тухайлбал, намайг сайн тоглодог учраас тэр бүх үзүүлбэрийг хийж чадна гэж хүмүүс ойлгоод байдаг. Гэтэл тэдний хийдэг үзүүлбэрийн ганц хоёрыг нь бид хийж чадна. Тамирчид тоглолтоос өөр трик, шот, үзүүлбэр хийхэд хэцүүгээс гадна шоу талдаа болчихдог талтай. 


-Спортууд ихэвчлэн хүний биед тустай, эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг. Харин биллиардаар хичээллэснээр бид ямар дадал, сайн талыг олж авах вэ?
-Хүн алхах болохоороо залхуураад нийтийн унаанд сууж болно. Харин биллиард тоглоход хэдэн км алхсантай тэнцэх хэмжээний бие бялдар хөгжих боломжтой. Босч, сууж цохих нь байнгын дасгал болдог давуу талтай. 


-Тэгвэл анх хичээллэж байгаа хүн юун дээр анхаарвал илүү сайн тамирчин болох боломжтой вэ?
-Бэлтгэл сургуулилтаа л сайн хийх хэрэгтэй. Манай залуучууд чөлөөт цагаараа тоглох нь элбэг ч хичээллээд байх нь ховор. Хичээллэж байхдаа дундаас нь алга болчихдог талтай. Амжилтын гол нууц нь тасралтгүй хичээллэхэд л оршдог. Тиймээс өдөр бүр биш гэхэд долоо хоногийн бэлтгэлээ алдахгүй, таслахгүй байгаарай гэж хэлье.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 14. МЯГМАР ГАРАГ. № 52 (7037)

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин