Б.ДОЛЖИНЖАВ
БНХАУ-д жил бүр болдог Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурал өчигдөр өглөө /2023.03.05/ эхэллээ. Энэ үеэр тус улсын Засгийн газар ажлын тайлангаа танилцууллаа. Энэ онд эдийн засгаа таван хувиар өсгөнө гэсэн даруухан зорилтыг Ерөнхий сайд Ли Көчян танилцуулсан нь онцлох үг байв.
Хятадын эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгаа хэрхэн өсөн нэмэгдүүлэх чухал тайланг зарцуулдаг хурлын үеэр таван хувиар эдийн засгаа өсгөнө гэж мэдэгдсэн нь сүүлийн жилүүдийн хугацаан дахь хамгийн бага хэмжээний амлалт юм.
Гурван жил орчим үргэлжилсэн COVID-19 цар тахлын хөл хорио, хязгаарлалт, үл хөдлөх салбарын их хямрал, экспорт буурсан зэрэг олон асуудлаас үүдэн Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн өнгөрсөн жил ердөө гурван хувиар өсчээ.
Энэ талаар Ерөнхий сайд Ли Көчян “Инфляцын түвшин дэлхий нийтээрээ өндөр, дэлхийн эдийн засаг болон худалдааны өсөлт аажим аажмаар буурахаас гадна гадны орнуудын эрх баригчдын үйлдлээс шалтгаалан Хятадын эдийн засгийн байдал хүнд хэвээр байна. Хувийн салбарын хөрөнгө оруулагчид болон бизнесийн компаниудын үйл ажиллагаа тогтвортой биш байгаа нь эдийн засгийг тогтвортой хөгжүүлэхэд хүндрэл учруулж байна” гэж ярилаа. Тиймээс таван хувийн өсөлтийг зарласан нь Хятад улс эдийн засгийн тогтвортой хөгжилд анхаарахаар зорьж байна хэмээн ажиглагчид үзэж байна.
Тус улс “urban jobs” буюу судалгаа шинжилгээ, худалдаа, үйлчилгээний чиглэлээр болон хот төлөвлөлт, барилгын бүтээн байгуулалт, харилцаа холбооны салбарт 12 сая ажлын байр бий болгох томоохон зорилтыг дэвшүүлжээ.
Хуралд оролцохоор 3000 орчим төлөөлөгч цугларчээ. Энэ нь иргэдийн эсэргүүцлийн жагсаалаас үүдэн Хятадын Засгийн газар тэг-ковид бодлогоо арванхоёрдугаар сард цуцалснаас хойших Ардын Төлөөлөгчдийн анхны их хурал юм.
Хятад, АНУ хоёрын харилцаа муудсантай холбоотойгоор сүүлийн үеийн дэвшилтэт технологиудийг ашиглах эрхийг нь хаагаад байгаа билээ. Мөн Орос, Украинд үүссэн хурцадмал асуудалтай холбоотой Хятадын худалдааны чухал түнш гэгддэг баруун Европын орнуудтай ч харилцаа хурцдаад байгаа юм.
Яг ийм үед батлан хамгаадах салбарт зарцуулах төсвөө 7.1 хувиар өсгөнө гэдгээ Ли Көчян зарласан нь анхаарал татаж байна. Тэрбээр 224 тэрбум ам.доллартай тэнцэх тус төсвийг цэргийн бэлтгэл сургуулилтийг сайжруулах, Зэвсэгт хүчний чадавхиа нэмэгдүүлэхээр зарцуулна гэдгээ мөн мэдэгдэв.
Тайван улстай энх тайван харилцахаа эрхэмлэх ч тус улс тусгаар тогтнохыг зөвшөөрөхгүй гэдгээ Көчян индэр дээрээс зарлажээ.
3000 орчим гишүүн ирэх таван жилд шинэ Ерөнхий сайдаар удирдуулах төрийн дээд албан тушаалтнуудын шинэ бүрэлдэхүүнийг нэмж сонгож, батална. Тиймээс энэ удаагийн хурлаар шийдвэрлэх нэг чухал асуудал нь Ши Жиньпинийн удаан хугацааны туслах, Шанхай намын дарга Ли Цианыг ерөнхий сайдаар томилогдож магадгүй гэх таамаглал юм. Мөн Коммунист намын бүтцийн өөрчлөлттэй холбоотой асуудлуудыг хэлэлцэх юм.
Эх сурвалж:Aljazeera