Баярмэндийн ДОЛЖИНЖАВ
Ажлын өдрийг дөрөв болгох “The 4 Day Week” кампанит ажлын туршилт дэлхийн олон оронд амжилттай хэрэгжиж байна. Их Британи улс энэ туршилтыг зургаан сар явуулсны дараа үр дүн өндөр байгааг онцоллоо. Тодруулбал, Их Британийн 61 компанийн 3000 орчим ажилчин хагас жилийн турш долоо хоногт дөрвөн өдөр ажилласан бөгөөд энэ хугацаанд цалин нь хэвээрээ байсан юм. Хэдий ажлын өдрийг багасгасан ч бүтээмж өндөр байсан тул дээрх компаниудаас 56 нь дөрвөн өдөр ажиллах туршилтыг үргэлжлүүлж, 18 компани байнга дөрвөн өдөр ажиллах зохицуулалтыг хийсэн гэж “The Guardian” агентлаг мэдээлэв.
Энэхүү туршилт нь долоо хоногт таван өдөр 40 цаг ажилладаг байсан тогтсон дүрмийг 32 цаг болгон бууруулах зорилготой юм. Их Британийн Засгийн газрын зүгээс ажлын өдрийг дөрөв болгохыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн ч төрийн бус байгууллага, хувийн компаниуд дээрх туршилтыг хэрэгжүүлэн үр шимийг нь хүртсээр байна. Ажлын өдрийг багасгасан нь ажилчдын эрч хүч, урам зоригийг нэмэгдүүлж, илүү бүтээлч болгоход эерэг нөлөөтэй гэсэн үр дүн гарчээ.
Энэ талаар “The 4 Day Week” кампанит ажлыг санаачлагч Жой Райл “Бидний явуулсан туршилт дэлхий ертөнц ажлын дөрвөн өдөртэй болоход бэлэн гэдгийг батлан харууллаа. Бүхэл бүтэн 100 жил ажлын таван өдөртэй байсныг өөрчлөх цаг нь болсон. Дөрвөн өдөр ажиллах нь илүү аз жаргалыг мэдэрч, амьдралдаа сэтгэл хангалуун байх боломж, цаг хугацааг бидэнд олгоно. Туршилт цааш үргэлжилж энэ жилийн эцэс гэхэд илүү өндөр үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна” гэж ярилаа.
Өнөөдрийн таван ажлын өдөртэй долоо хоногийн горимыг хэрэгжүүлэх хөдөлгөөн XIX зууны сүүлээр үйлдвэрчний эвлэлүүдийн санаачилгаар эхэлж байсан юм. Тухайн үед ихэнх бизнесийн байгууллагууд долоо хоногийн зургаан өдөр ажилладаг байсан билээ. Тэгвэл цаг үеийн шаардлагаар ажлын өдрийг дөрөв болгох хэрэгтэй болсон гэж кампанит ажлыг санаачлагчид үзэж байгаа юм.
Харин АНУ-ын ерөнхийлөгчийн 2016 оны сонгуульд нэр дэвшиж байсан сенатор Бэрни Сандерс “Технологийн дэвшлийн үр шимийг зөвхөн корпорациудын захирал, удирдлагууд биш, нийт ажилтан хүртэх ёстой” гэв. Тэрбээр ажилчид өмнө нь таван өдөр хийдэг байсан ажлаа технологийн өндөр дэвшлийн тусламжтайгаар дөрвөн өдөрт багтаан амжуулах учир бага цагт ихийг бүтээх боломжтой гэж үзэж байгаа юм.
Их Британийн хоёр дахь том супермаркетын сүлжээ Sainsbury’s ажилтнуудынхаа заримыг дөрвөн өдөр ажиллуулж туршихаар болсноо зарлалаа. Энэ хугацаанд ажилтнуудын цалин буурахгүй ч таван өдөрт хийдэг байсан ажлаа дөрвөн өдөрт амжуулах шаардлагатай юм.
АЖИЛ, АМЬДРАЛЫН ТЭНЦВЭРТ ЭЕРЭГЭЭР НӨЛӨӨЛЖЭЭ
Олон жилийн туршлагатай ажилчдын хувьд ажлын өдрийг бууруулсан нь стресс, бухимдлыг багасгаж, ажлаа сайн хийх, гэр бүлийн асуудлаа зохицуулж, үр хүүхэддээ анхаарал тавих болон бусад сургалт, үйл ажиллагаанд хамрагдах ёстой гэсэн олон зүйлийг зохицуулахаас үүдэлтэй санаа зовнилыг багасгасан гэсэн үр дүнг мэдэрчээ. Мөн туршилтын хугацаанд өвчний улмаас чөлөө авах болон бусад шалтгаанаар ажил цалгардуулах тохиолдол багассан нь байгууллагын бүтээмж нэмэгдэхэд сайнаар нөлөөлсөн байна. Тус туршилтад хамрагдсан 3000 орчим хүний 500 нь бизнесийн байгууллагын удирдлагууд байв. Ажлын дөрвөн өдрийн талаар судалгаа хийсэн “Henley” бизнесийн сургуулийн судлаачдын баг 2019 онд одоогийн туршилттай ижил үр дүнгүүд гарсан талаар тайландаа дурдаж байсан билээ.
“The 4 Day Week” кампанит ажлын санаачлагчид туршилтын үр дүнг бүтээмжээр хэмжихдээ үйлчилгээний хурд, худалдааны орлого, төсөл хэрэгжих хугацаа, үйлчлүүлэгч болон ажилчдын сэтгэл ханамжийн судалгаа гэсэн олон зүйлийг харгалзан үзжээ. Цалин хэвээрээ ч ажлын цагийг бууруулсан нь сэтгэл ханамж, бүтээмжийг нэмэгдүүлж, ажилчид тогтвор суурьшилтай ажиллах нэг үндэс болж байгууллагын хүний нөөцийн бодлогод эерэг нөлөө үзүүлжээ. Тиймээс үйлдвэрчний эвлэлүүд дөрвөн өдөр ажиллахыг хуульчлахыг Засгийн газартаа уриалж байна.
Тэгвэл туршилтын сул талын талаар зарим ажилчин байр сууриа илэрхийлжээ.Тэдний хувьд ажлын хамгийн сүүлийн өдөр нь нэмэлт орлого олох боломжтой өдөр байсан юм байна. Тиймээс баасан гарагт цахимаар гэрээсээ ажиллах боломжийг бүрдүүлэх нь чухал гэдгийг бүтэн цагийн ажилтнууд онцолжээ. Учир нь цар тахлын хөл хорионы үеэр ихэнх байгууллага зайнаас ажилласан учир гэрээсээ ажиллах нь хүмүүсийн амьдралын нэг тогтсон хэмнэл болсон байна. Тиймээс баасан гарагийг цахимаар ажиллах боломжтой хэвээр үлдээх саналыг зарим ажилтан гаргажээ.
БЕЛЬГИ УЛС ДӨРВӨН АЖЛЫН ӨДРИЙГ ХУУЛЬЧИЛНА
Их Британиас гадна хэд хэдэн орон энэ туршилтыг хэрэгжүүлж байна. Тухайлбал, Бельги улсын албан хаагчид өнгөрсөн оны хоёрдугаар сараас долоо хоногт дөрвөн өдөр ажиллаж эхэлсэн. Ийнхүү энэ горимыг хуульчлах хуулийн төслийг арваннэгдүгээр сарын 21-нээс хэлэлцэж эхлэх юм.
Энэ талаар Бельгийн Ерөнхий сайд Александр де Кру “Хэрэв долоо хоногт дөрвөн өдөр ажиллах хууль батлагдвал хүмүүс ажил болон гэр бүлийн асуудлаа тэнцүү зохицуулахад хялбар болж, хөдөлмөрийн зах зээл илүү уян хатан болно. Учир нь энэ хууль нь компаниуд болон ажилчдад ажлын цагаа зохицуулах эрх чөлөөг олгох юм” гэж ярьжээ.
Испанийн тухайд энэ туршилтыг мөн Засгийн газар нь дэмжиж байна. Дөрвөн өдөр ажиллах компаниуд Засгийн газраасаа 10 сая еврогийн санхүүжилт авах боломжтой. Гол шаардлага нь энэ санхүүжилтийг ажилчдынхаа бүтээмжийг нэмэгдүүлэх, нөхөн олговор олгоход зарцуулах бөгөөд хоёр жилийн турш энэ туршилтыг хэрэгжүүлэх ёстой юм.
Исланд улс 2015-2019 онд долоо хоногт 35-36 цаг ажиллах өргөн хэмжээний туршилтыг явуулж, үр дүнд нь өнөөдрийн байдлаар ажиллах хүчний 90 орчим хувь нь ажлын цагаа бууруулан ажиллаж байна.
Швед улс ажлын найман цагийг зургаан цаг болгох туршилтыг 2015 онд хийсэн. Энэ хугацаанд цалин хэвээрээ байсан юм. Туршилт эрүүл мэндийн салбарын ажилтнууд болон машин үйлдвэрлэгч зарим компанид эерэг нөлөө үзүүлсэн ч их хэмжээний санхүүжилт шаардсан гэдгээс эхлээд олон шүүмжлэлд өртсөн байдаг.
Япон улсын Засгийн газар ажил амьдралын тэнцвэрийг сайжруулах үндэсний томоохон хөтөлбөр хэрэгжүүлэхээ 2021 онд зарласан. Учир нь илүү цагаар ажилладаг ажилтнууд эрүүл мэндийн асуудалтай болж амиа хорлоход хүрч байгааг тэд судалгаагаар тогтоожээ. Тиймээс компаниуд ажлын багаа бууруулах туршилтыг явуулж эерэг үр дүнг хүртсээр байгаа аж.
Шинэ Зеланд улсын том компани “Unilever” дөрвөн ажлын өдрийг бүтэн жилийн турш 80 гаруй ажилтандаа турших гэж байна. Энэ талаар тус компанийн захирал Ник Бангс “Бид энэ туршилтаар ажлын цагийг биш бүтээмжийг хэмжих гэж байна.Таван өдөр ажиллах хуучин хэв маяг нь үеэ өнгөрөөсөн, орчин үеийн нийгэмд тохирохгүй гэж бид үзсэн” гэж ярьжээ.
АНУ-д явуулсан энэ туршилтаар ажилчдын бүтээмжээс гадна сэтгэл зүйн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлсэн гэсэн чухал үр дүн гарсан байна. Туршилтад хамрагдсан дөрвөн хүн тутмын гурав нь дөрвөн өдөр ажиллахдаа өмнөхтэйгээ ижил үүргээ чанартай гүйцэтгэж чадсан байна. Канад мөн энэ туршилтыг дэмжиж тун удахгүй хэрэгжүүлэхээ илэрхийлэв.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 3. БААСАН ГАРАГ. № 46 (7031)