“Би киноны гол баатрын нэг адил өсч өндийн эрийн цээнд хүрсэн”

2020-01-24

-Шинэ “Гардемаринууд”, ая дуу болон моодны трендын талаар Дмитрий Харатьян ийнхүү өгүүлэв-

Дмитрий Харатьян
© Артем Коротаев/ТАСС

Д.ЭНХЭЭ

Телевизийн хөтлөгч, ОХУ-ын ардын жүжигчин Дмитрий Харатьян нэгдүгээр сарын 21-нд 60 нас хүрэв. Харатьян Владимир Меньшовын “Розыгрыш” кинонд анх тоглож, харин Светлана Дружининагийн “Гардемаринууд аа, урагшаа!” кинонд тоглосноор бүх холбоот улс даяар олноо танигдсан. Гэхдээ Дмитрий зөвхөн кинонд тоглож өөрийгөө хязгаарлаагүй. Жүжигчний карьерын  олон жилийн хугацаанд тэрээр театр болон телевизийн хөтлөгчийн үүрэгт ажилд өөрийгөө сорьж, концерт тоглож, тэр ч бүү хэл Гардемаринуудын сургууль хүртэл нээж амжсан. “Гардемаринууд” киноны Алексей Корсакын дүрд дахин тоглоход түүнд ямар байсан, үзэх дуртай орос кинонууд, ремейк буюу уран бүтээлийг шинээр өөрчилж хувиргахад хэрхэн ханддаг, мөн нийгмийн сүлжээнд тэр яагаад оролцдоггүй болон продюсерийн ажил дахиж хэзээ ч эрхлэхгүй болсон талаар түүнтэй ТАСС агентлагийн сурвалжлагч Тамара Ходова ярилцсаныг орчуулан хүргэж байна.

 

-Тантай ярилцах цаг олоход тун бэрх байлаа. Амралтын өдрүүдээр ч та шөнө орой болсон хойно л завтай болох юм. Насны ой болох гээд үү, аль эсвэл байнгын ийм их ачаалалтай байдаг уу?

-Ачаалал мэдээж улам их болсон. Ердийнхөөсөө их болсон, гэхдээ энэ бол сайн хэрэг.

-Өөрөө хэлбэл ийм хэмнэл танд таалагддаг гэсэн хэрэг үү?

-Ерөнхийдөө тийм. Зүв зүгээр амарч, хувь тавилан юуг санал болгохыг хүлээлгүй өдөр бүхэн ямар нэг зүйл хийж оролдох нь надад таатай байдаг юм.

-Таны карьерээс энэ бүхэн харагдаж байна. Та кино, телевиз, театр, хөгжмөөр хичээллэж байсан. Одоо танд хамгийн ойр дөхөм нь юу вэ?

-Одоогоор би 14-16 насандаа хийж эхэлсэн зүйлээрээ оролдож байна. Концертын үйл ажиллагаа эрхэлж байна гэх үү, тэр үед харин жинхэнэ ёсоор концерт болж чадаагүй л дээ. Гэхдээ одоо миний амьдралд кино, телевиз, театраас илүү концертын үйл ажиллагаа л чухамхүү давамгайлж байна.

Урьд нь би өөрөө концерт тоглож, уран бүтээлийн уулзалт зохион байгуулж байсан бөгөөд энэ бол анх тоглосон “Розыгрыш”-оос эхлээд өнөөг хүртэл тоглосон киноноос оруулж найруулсан холимог хөтөлбөр байсан. Одоо харин би хөгжимчдийг цуглуулж байгаа бөгөөд энэ бол тэс өөр төвшин, жинхэнэ амьд тоглолт. Тэр тусмаа энэ жил миний насны ойн жил, миний тоглолтыг үзэхээр захиалга өгсөн газар, хот, түүгээр ч барахгүй улс орон олон байна. Тухайлбал, би насныхаа ойг Санк-Петербургт концертоор тэмдэглэх бол хоёрдугаар сарын 12-нд Кремльд тоглоно. Энэ бол маш нэр хүндтэй том тайз, бас тэгээд Лещенко, Антонов, Меладзе, Боярский, Митяев, Гверцители, Долина, Розенбаум … гээд агуу  том зочид миний тоглолтод ирж оролцоно.

-Та ч тэгвэл аргагүй л нүсэр тэмдэглэх тэмдэглэх юм байна даа.

-Тийм шүү. Одоо миний сэтгэл санаа маш гоё, санаа зовох юмтай, цаг завгүй байна, гэхдээ бүгд л уран бүтээл шүү дээ. Цаашлаад би Балти орчмын улс орнууд, Белорусь, Швед, Герман, Израильд очиж тоглоно. Тоглосон бүх киноны болон найз нөхдийнхөө ая дуугаар хөтөлбөрөө хийсэн. Высоцкий, Окуджава нарын дуунууд ч бас бий. Энэ бүгдийг дүрс бичлэг болон өөрийнхөө тухай хүүрнэл яриагаар мөн баяжуулсан.

-Та Гардемаринуудын сургууль нээсэн. Одоо тэр сургууль ажиллаж байгаа юу?

-Тийм ээ, байгуулаад аль хэдийн зургаан жил болчихож. Харин хоёр дахь чиглэл маань дөрвөн жил дараалан Евпаториид зохион байгуулж байгаа хүүхдийн болон гэр бүлийн киноны “Нарлаг арал” наадам юм. Энэ наадамд маш цөөхөн тоогоор хувилсан кинонууд ирдэг бөгөөд эдгээр киног үзэж харах боломжийг уг наадам олгодог юм. Ирэх жил миний найз Анатолий Воропаев бид хоёр кино сургуулийн долоо хоног зохион байгуулахыг хүсч байгаа. Хүмүүс киноны мэргэжлийн үндсэн чадвар дадалд суралцаж, богино хэмжээний кино зураг авдаг “Киноежик” хэмээх наадмыг 21 жилийн турш тэр маань зохион байгуулж байна. Дараа нь эдгээр кино өөр хоорондоо уралдаанд оролцоно. Энэ туршлагыг бид Крымд шилжүүлж, энэ наадмыг зохион байгуулахыг хүсч байгаа юм. Хүүхдүүд ч үүнд оролцоосой гэж хүсч байгаа бөгөөд тэдэнд зориулсан уралдааныг тусгайлан зохион байгуулах болно.

-Бас “Гардемаринууд”-ын шинэ зураг авалтын хэсэг саяхан дууссан байх аа. Олон жилийн дараа өөрийнхөө тоглосон дүрд дахин буцаж ирэхэд ямар байна?

-Маш гоё, сонирхолтой. Киноны гол дүрийн нэг адил би ч бас өөрөө өсч өндийн эрийн цээнд хүрч өөрчлөгдсөн, гэхдээ мөн чанар бол хэвээр үлдсэн. Усан цэрэг төрөлх эх орондоо үнэнч чигээрээ л үлдсэн. Гэхдээ энэ бол ахмадуудын гэхээсээ илүү хүүхэд, залуучуудын тухай өгүүлж, үзүүлж харуулсан кино.

-Зураг авалтын үеэр залуу насаа хэр их дурсав?

-Тэгсэн, бас үгүй.

-Санагалзах дургүй гэж үү?

-Нэр томьёоных нь хувьд учрыг олох хэрэгтэй байх. Болж өнгөрсөн үйл явдлыг би сэтгэл хангалуун, талархалтайгаар догдлон байж дурсдаг. Магадгүй, үүнийг харин жинхэнэ ностальгия буюу дурсан санагалзах гэж нэрлэж болох байх. Гэхдээ дурсан санагалзана гэдэг бол эргэж ирэхгүй улирч одсоныг үгүйлж гансран уйтгарлана гэсэн үг. Одоо энд бол би харин эргэж ирэхгүйгээр улирч одсон гэж хэлж чадахгүй.

-Шинэ кинонд та дуулах уу?

-Үгүй ээ, өмнөх киноны дуу бичлэгийг энд ашиглаж байгаа, харин “Ногоон фургон” (1983 оны ижил нэртэй киноны сэдвээр бүтээсэн олон ангит кино-ТАСС-ын тайлбар)-д би дуулна. Хүүхэд насны тухай хуучны болон шинэ нэг нэг дуу уг кинонд орно.

-“Гардемаринууд”-ын зураг авалтад таны хүүг оролцсон гэдэг үнэн үү?

-Зургийн багийн гишүүн байсан. Одоо тэр ВГИК-ийн гуравдугаар курст сурч байгаа, дадлага хийсэн гэж үзэж болно. Тэр өөрөө л ажлаа олсон, эхлээд туслах ажилчнаар, дараа нь найруулагчаар, найруулан тавих цехийнхэнд тусалсан. Өөрөөр хэлбэл, маш хэрэгтэй, мэргэжлийн сууриас нь эхэлсэн. Практик туршлага, чадвар олж авсан.

-Хүү чинь найруулагчийн ангид сурч байгаа. Ер нь найруулагч болох хүсэл сонирхолд нь та хэрхэн ханддаг вэ?

-Мэдээж, энэ бол түүний эрх, сонголт, ер нь бүтээлчээр хандаж яваа нь надад таалагддаг. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл. Цаашдаа яаж хөгжихийг нь харах хэрэгтэй, наана нь ямар нэг зүйл тааж хэлэх амаргүй. Гол нь үүнийг хийх өөрт нь сонирхолтой байх явдал чухал.

-Зай завсаргүй ажлын ийм цагийн хуваарьтай ажиллахад бие бялдрын бэлтгэл сайн байх шаардлагатай болов уу. Энэ бүгдийг амжуулахын тулд та биеэ хэрхэн бэлтгэдэг вэ?

-Ер нь би ачаалалтай ажиллахад бэлэн, эрүүл мэнддээ ихээхэн анхаардаг. Биеэ эвгүй болохыг мэдэж эхэлмэгц нэлээд эртнээс гайгүй сайн ухаарсан. Хүүхэд ахуйдаа би спортын янз бүрийн секц, дугуйланд хичээллэж байснаас гадна цэрэгт нэг жил хагас алба хаахдаа хангалттай ачаалалтай байсан. Энэ бүгдийн дараа би үндсэндээ шууд л “Гардемаринууд” руу орж явчихсан.

Би өдөр бүр дасгал хийдэг. Александр Сергеевич Зацепин бол миний шүтээн. 93 настай ч гэсэн тэр өдөр бүр хагас цагаар дасгал хийдэг. Үүнээс гадна би бас талбайн теннис тоглож, тэмцээнд хүртэл ордог. Энэ бол миний амьдралын чухал хэсэг. Нэг их цаг хугацаа эзэлдэггүй ч гэсэн сэргэлэн цовоо урам зоригтой болгож, эрч хүч оруулдаг болохоор амьдралын чанар ч дээшилдэг юм.

Ер нь манай оросын нийгэмд шинэ чиг хандлага бий болж байгаа нь надад таалагддаг юм. Архидалт ид хүчтэй байсан үед би өсч өндийсөн хүн шүү дээ, бараг өдөр алгасахгүй уух гэдэг хэвийн юм шиг л үе байсан. Энэ бол зүгээр нэг хэм хэмжээ ч биш, арай л дэндүү байсан билээ. Харин одоо эрүүл мэнддээ санаа тавина гэдэг моод болсон юм шиг надад санагддаг.

-Тийм шүү, олон хүн үүнд анхаарч байна.

-Маш зөв. Хэргийн учир нь хэд наслах гэдэгтээ ч биш харин яаж амьдрах гэдэгт оршдог. Хэр зэрэг урт наслах нь биднээс шалтгаалахгүй, амьдралын зурсан зургийг урьдаас тааж хэлэх аргагүй, харин энэ насны амьдралыг яаж туулах гэдэг бол чамаас өөрөөс чинь олон талаар шалтгаална. Бүх зүйл эзэн хүний гарт л байна гэсэн үг.

-Эрүүл хооллох гэх мэт моод болж байгаа янз бүрийн трендүүд таны сонирхлыг татдаг уу? Энэ талаар та хэр анхаардаг вэ?

-Үгүй шүү, огт сонирхдоггүй. Ер нь би өөрийн гэсэн чиг баримжаатай.

-Таны эхнэр жүжигчин Марина Майко нийгмийн сүлжээнд идэвхтэй оролцдогийг би ажигласан, та харин огт байдаггүй. Яагаад?

-Надад энэ сонирхолгүй байдаг. Өөрийнхөө тухай би тун бага хэмжээгээр бусадтай хуваалцдаг, харин нийгмийн сүлжээнд бол байнга байх хэрэгтэй болж, лайк тавих хэрэг гарна. Юу болж байгаа би хардаг, гэхдээ өөрийнхөө амьдралыг ил задгай гаргаж тавих дургүй. Миний хийх ёстой ажлын нэг хэсэг гэж би үздэггүй. Олны танил хүмүүс өөрийгөө мартуулахгүй, бас үүнийг орлогын эх үүсвэрээ болгож, өөрийнхөө амьдралыг бусадтай хуваалцах хэрэгтэй гэж зарим хүн үздэг. Гэхдээ Шекспирын хэлсэнчлэн:-“хайрлаж дурладаг, гэхдээ энэ тухайгаа бараг ярьдаггүй, чин сэтгэлээсээ хайрлаж дурладаг, гэхдээ олон нүдний өмнө биш”-гэсэнтэй адил гэх үү дээ. Ер нь тэр бүхэн чинь надад сэтгэл зүрхээ наймаалж арилжиж байгаа юм шиг санагддаг… Би үүнд бэлэн биш. Бага ч гэсэн хяналттай, хэмжээ хязгаартай бол бас яах вэ гэхсэн. Гэтэл тэнд тэр олон сэтгэгдэл, тайлбар… Энэ бүхэн ямар хэрэгтэй гэдгийг би ойлгодоггүй юм. Олон хүний хувьд энэ бол амьдралынх нь нэг хэсэг, тэр бүү хэл, утга учир нь ч болдог байх, гэхдээ би, мэдээж, үүнийг буруутгаж байгаа юм биш. Харин миний хувьд тийм биш.

-Гэхдээ хувийн нарийн нандин зүйлээ заавал хуваалцах албагүй шүү дээ. Жишээлбэл, YouTube дээр блог хөтөлж болно биз дээ.

-Тийм шүү, энэ бол харин надад сонирхолтой, надад аль хэдийн санал болгосон. Би удахгүй үүнийг хийх байх. Гэхдээ энэ талаар дэлгэрэнгүй ярих боломж одоо надад алга.

“Гардемаринууд энэ бол таны мэддэг намтар түүхийн үргэлжлэл. Киног шинэ жүжигчидтэйгээр дахин зураг авч бүтээхийг буюу ремейкэд та хэрхэн ханддаг вэ?

-Ямар ремейк гэдгийг авч үзэх хэрэгтэй байх. Нэг усанд хоёр удаа орохгүй байх гэж бодож байна. Яагаад ремейк хийдгийг би ойлгож байна, гэхдээ сайн болдог нь тун ховор. Үүнийг хийж байгаа хүмүүс өмнөх түүхийн гялалзсан хурц тод амжилтыг давтдаггүй юм гэхэд багахан хэсгийг нь ч гэсэн хүртэхийг хүсдэг байх. Гэхдээ анхны оригинал эхийг давж гарахад амаргүй, харин киноны нэр нь хүний сонирхол татдаг байх. Магадгүй, энэ талаасаа өнөөгийн үзэгчдийн хувьд, урьд нь гарсан тэдгээр киног огт үзэж хараагүй залуучуудын хувьд чухал байж болох юм. Нас ахисан биднийг бодвол залуучуудын хувьд илүү сонирхолтой, хурц тод сонсогдох байх.

-Сүүлийн үед гарсан оросын ямар кинонууд танд таалагдсан бэ?

-Сүүлийн үед гарсан спортын бүх драм надад таалагдсан. “Лев Яшин. Вратарь моей мечты” киног би хараахан үзэж амжаагүй, бусдыг нь бараг бүгдийг үзсэн. “Легенда №17”, “Движение вверх”, “Лед”-бүгдээрээ сайн кино. Дашрамд хэлэхэд, спортын драм одоогоор маш сноирхол татсан төрөл. Бондарчукийн “Притяжение” кино надад маш их таалагдсан.

-Саяхан хоёр дахь хэсэг нь гарсан.

-Тийм ээ. Ер нь манайхны маш олон сайн кино гарсан. Саяхан гарсан “Текст” байна. Маш хатуу чанга, тэхдээ тун сайн кино.

-Таны нэр дурдсан бүх кино арилжааны хувьд амжилттай яваа, блокбастерууд гэж хэлж болно. Эдгээр кино олон улсын төвшинд гарч, дотоодын зах зээл дээр гадаадын кинотой өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд оросын кино бүтээгчдэд тус дэм болж чадах болов уу, та юу гэж бодож байна?

-Олон улсын төвшин гэдэг бол тусдаа зорилт, манайд ер нь бүх юм ном ёсоороо болж байгаа болохоор өөр янз бүрийн илүү дутуу зүйл бодож гаргах хэрэггүй гэж би үздэг.

Бид олон улсын бүх наадамд оролцдог. Гэхдээ олон улсын төвшинд бид хэнд ч хэрэггүй, цаашдаа ч хэрэггүй чигээрээ удах байх, яагаад гэвэл тэнд киноны чиг баримжаа тэс өөр, Голливуд бол олон улсын, түүний дотор оросын зах зээл дээр цорын ганц монопол эрх эдлэгч. Тийм учраас манай зах зээлийн төлөө, кино үзэхээр кинотеатрт очдог үзэгчдийн төлөө оросын киночид хийгээд Соёлын яам тэмцэж байна. Кинотеатрууд улсын биш хувийн байдаг болохоор энэ бол цэвэр бизнес гэдэгт асуудал оршиж байна. Орлого сайн оруулах кино гаргахыг л тэд хүсэх нь мэдээж.

Тэднийг ч бас ойлгож болно. Тийм учраас үзэгчдийг татахын тулд манай эх орны киноны чанарыг сайжруулах хэрэгтэй байна. Сүүлийн хоёр гурван жилийн байдлаар хандлага сайжирч, үзэгчид манай киног үзэхээр буцаж ирж байна. Энэ бол Соёлын яам, Киноны сан, киночдын маань хийсэн асар том ажил.

-Зардлын нөхөн төлөлтийг яах хэрэгтэй вэ? Зөвхөн том төсөвтэй төслүүд л нөхөн төлөгдөж, жижиг хэмжээний кинонууд хасах үзүүлэлттэй гарч, анхаарлын гадна үлдэж байна.

-Киноны зураг авна гэдэг хангалттай бус, түүнийгээ зарлаж сурталчлах хэрэгтэй, эс тэгвээс чиний киног хэн ч худалдаж авахгүй. “Форт Росс: в поисках приключений” киноны продюсерээр ажилласан болохоор би өөрөө үүнийг сайн мэдэж байна. Соёлын яам одоо Холливудын болон манайхны киноны танилцуулгыг гаргаж байгаа болохоор үүнд өрсөлдөөн байхгүй. Биднийг кино хийж байх үед харин өөр байсан. Мэдээж, кинотеатрууд манай киног авсан, гэхдээ өглөө ес, орой 23.00 цагт л гаргана, гэтэл киноны чансаа (рейтинг) 6+, өдөрт ердөө хоёрхон удаа гарна. Киног маань үндсэндээ юүлээд асгачихсан, бидэнд ямар ч боломж байхгүй болсон. Гэтэл киног бүтээхэд улсын болоод хувийн маш их хөрөнгө мөнгө зарцуулсан, киноны зургийг гурван жил авсан. Бидний найдлага манай киног үл сонирхсон кинотеатрууд дээр очоод баларч, талаар болсон, яагаад гэвэл энэ кинонд хэн ч итгээгүй.

-Өөрөөр хэлбэл, танилцуулгыг өргөтгөх Соёлын яамны бодлого оросын кинонуудад тус болж байна гэж та үзэж байна уу?

-Үзэгчдийн анхаарлыг татах кинонд бол энэ бодлого тус нэмэр болж байгаа, харин үзэгчдэд таалагдахгүй кинонд бол үгүй. Үзэгчид тухайн киног үзэх эсэхээ рублээр л саналаа өгдөг.

-Эх орны киноны нэр хүндийг дээлүүлэхийн тулд таны бодлоор өөр ямар арга хэмжээ авбал зохилтой вэ?

-Надад энэ асуудал огт сонирхолгүй болсон. Би продюсерийн үйл ажиллагаагаа дуусгавар болгож, амьдралын хуудсаа эргүүлсэн. Продюсер хийхийн тулд ялангуяа манай оронд 24 цагаар ажиллах хэрэгтэй болдог. Өөрийнхөө киноны зургийг авдаг мейджорууд бий л дээ, тэр лүү ямар нэг хувийн амбиц санаатай хүн зүглэх нь огт утгагүй. Хөрөнгө мөнгө, цаг зав, итгэл найдвараа шал дэмий үрэн таран хийнээ л гэсэн үг. Надад янз янзын туршлага байсан, гэхдээ төслүүд харин минийх байгаагүй, би тэдэнд туслаж, тэр ч байтугай хөрөнгө мөнгөө ч алдсан. Гэхдээ энэ явдал надад үүнийг нэг бол хонууд өнжүүдээр нэгмөсөн бүрэн дүүрэн хийх, эсвэл огт хийхгүй байх нь зүйтэй юм байна гэдгийг ойлгуулж ухааруулсан. Гурав дахь хувилбар гэж байхгүй.

-Тийм ээ, үүгээр амьдрах хэрэгтэй байх, зарим нь кино хийхийн тулд орон байраа ч зардаг юм шиг…

-Тийм ээ, би ч ялгаагүй, орон байрны дайны мөнгөө алдсан. Хөрөнгө мөнгөгүй болоод зураг авалтыг үргэлжлүүлэхийн тулд би байраа зарж, мөнгөө оруулсан, миний мөнгөөр үргэлжлүүлсэн. Алдаа нь минийх биш ч гэсэн, яагаад ч юм төлбөрийг нь би төлсөн. Ингээд бүх юм дууссан. Жүжигчний, гүйцэтгэгчийн, өөрийнхөө мэргэжлээр л ажиллах хэрэгтэй. Гагцхүү энэ мэргэжил л баяр баясгалан, сэтгэл ханамж авчирна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ