Т.Аюурсайхан: УИХ хуулиа мөрдөхгүй байхад ард түмэн яах вэ?

2020-01-23

Ч.ОЛДОХ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай холбоотой  асуудал УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороон дээр гацаад байна.  Уг нь прокуророос  оруулж ирсэн саналын дагуу гишүүний бүрэн эрхийг  түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэхээр товлосон.  Гэтэл тус дэд хороо хуралдалгүй байсаар өнөөдөртэй золгож буй юм.  Хуулийн дагуу 48 цагийн дотор УИХ хэлэлцэх ёстой. Гэтэл  энэ асуудал хэчнээн хоногоор сунжирч байгаад УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан шүүмжлэлтэй хандаж УИХ-ын чуулганы хуралдаанд горимын санал гаргасан юм.

Т.Аюурсайхан гишүүн хэлэхдээ “ УИХ хуулиа мөрдөхгүй болохоор ард түмэн яаж мөрдөх вэ. Ц.Нямдорж сайд хуулийн байгууллагад насаараа ажилласан, бас энэ салбарын  сайдыг  хийсэн  хүн. Прокурор ямар хугацаанд санал  оруулж ирж, түүнийг нь УИХ, Халдашгүй байдлын дэд хороо хэрхэн хэлэлцэж шийдвэрлэдэг  вэ. Ер нь бол гурвуулаа ч хэлэлцээд явах боломжтой. Үүнийг  мэдэж байгаа хүн бол Ц.Нямдорж сайд шүү дээ. Гэтэл иргэдийг төөрөгдүүлж, хуулийг гуйвуулж байгаагийн цаана гадны нөлөөтэйгээр  шийдвэрээ гаргахгүй байна гэж би харж байна” гэв.

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог  УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ахалдаг. Тэрээр гадаадад томилолттой тул эзгүй байгаа юм. Гишүүдийн бүрэн эрхийн асуудлаар өмнөх парламентад өрнөж ирсэн туршлагаас харахад прокурор асуудал оруулдаг ч тухайн гишүүнийг ямар нэгэн аргаар хамгаалан авч үлдэж ирсэн. Хариуцлага хүлээлгэж байсан удаа үгүй. Хамгийн сүүлд л гэхэд  Т.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцээд аваад үлдэж байсан. Энэ удаа Н.Номтойбаяр гишүүний асуудал хүний амьтай холбоотой ноцтой асуудал яригдаж, хэлэлцэж шийдвэрлэх явц  удаашралтай  байгаа нь шүүмжлэл дагуулаад байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ