Ахмадуудын шаардлагыг хүлээж авахгүй бол жагсана гэв

2020-01-23

Б.ОЮУНЗУЛ

“Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр Зээлгүй ахмадуудын түр хорооноос ахмадуудын эрх ашгийг хамгаалахыг шаардаж, хэвлэлийн бага хурал хийсэн юм.   Тус холбооны ерөнхий зохицуулагч Ц.Эрдэнэбаатар “Монгол Улсын төр ахмадуудыг ялгаварлан гадуурхаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан тэтгэвэрийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэр нүдээ олоогүй учраас бид уг шийдвэрийг  эсэргүүцэн түр хороо байгуулан 10 гаруй хоног ажиллаж байна. Энэ хугацаанд төрийн гурван өндөрлөгт  удаа дараа санал хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй байна. Тиймээс зээлтэй болон зээлгүй ахмадуудыг хоёр талцуулж байснаас эх орны хишгийг бүх ахмад настанд ижил тэнцүү хувиарлах хэрэгтэй” гэв. Мөн тус холбооны гишүүн ахмадууд сар шинийн баяраас өмнө бүх ахмад настанд гурван сая төгрөгийг тэгш хувиарлахыг  шаардаж байгаагаа хэлэв. УИХ-ын гишүүд зээлтэй иргэдийн зургаа хүртлэх сая төгрөгийн зээлийг тэглэж, зээлгүй ахмадуудад 2021 оны тавдугаар сард нэг сая төгрөгийн үнэт цаас олгох хуулийн төслийг баталсан. Зээлгүй ахмадуудын түр хорооноос дээрх шийдвэрийг эсэргүүцэн ҮАБЗ-д шаардлага хүргүүлж байгаагаа дуулгав. Хуралд оролцсон ахмадуудын төлөөлөл “Монгол Улсын Ерөнхийлөгч шинэ оны босгон дээр ахмадуудын өрийг тэглэх баяртай мэдээ дуулгасан. Бид энэ шийдвэрийг бүгд баяртай хүлээж авсан. Гэтэл өнөөдөр олон хүн сэтгэл гонсгор байна. Байгалийн баялгийг тэгш бус хуваарилж байгаад олон хүн гомдолтой байна. Өнөөдөр Монголын ахмадууд бүгд улс эх орноо  хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулсан. Тиймээс ахмадуудаас ирсэн өргөдөл гомдлыг Өргөдлийн байнгын хороон дарга Н. Оюунчимэгээр дамжуулан холбогдох хүмүүст хүргүүлнэ. Бидний шаардлагыг хүлээн авч, хуулийн  төслөө эргэж харахыг хүсч байна. Хэрэв бидний шаардлагыг хүлээж авахгүй бол ахмад настнууд сар шинийн баяраас өмнө Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна” гэдгээ мэдэгдэв.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Тамын тогоо.Зээл авах эрх нь бүх ахмадуудад нээлттэй байсан.Баттулга Eрөнхийлөгч болохын өмнө Ахмадуудын зээлийг тэглэнэ гэж амлаж байсны мартаа юу.Үл ойшоогчид зээл аваагүй шүү.Бид зээлийн хүүг нь төлөөд зээл авсан. Зүгээр зээл аваагүй барьцаанд нь хамтран зээлдэгч хөлсөлж авах зэргээр  Шатсан.Зээл аваагүй нь шагнал нэхэж байна боль.

Холбоотой мэдээ