Д.Ариунболд: Монголын урлаг уламжлалдаа суурилснаар хөгжинө

2020-01-13

Ч.ҮЛ-ОЛДОХ

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаарт СУИС-ийн ХУС-ийн уран сайхны удирдагч, “Хөсөгтөн” хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч Д.Ариунболдыг  урьж ярилцлаа.

 

“Hu” хамтлаг, “Хөмөргөн гурвалжин” хоёр Монголыг дэлхийд тунхаглалаа

 

-Өнгөрсөн он Мон­го­лын хөгжмийн урла­гийн түүхэнд том тэс­рэл­түүдийг хийлээ. Цаа­шид дэлхийн урлагийн түү­хэнд ярих шинэ хууд­сыг нээлээ. Үүний нэг нь “The Hu”  хамтлаг юм. Тэд дэлхийн рокийн ер­төн­цөд цахиур хагалсан. Энэ нь жаахан уналттай байсан рокийн ертөнцийг буцаад үзэгчидтэй болгож чадсан. Үүний дараа дэл­хийн оюуны өв соёлын цөм болсон Францын нийс­лэл Парис хотноо байр­ладаг ЮНЕСКО-гийн тайзан дээр  “Хөм­өргөн гурвалжин” хэ­мээх  Монголын этно балет анх удаа  бүрэн бүрэл­дэ­хүүнээрээ очиж тоглолоо.

Энэ бол Монголын урлагийн түүх, дэлхийн оюун санаанд ямар хүчтэй хаалгыг нээж байна вэ гэдгийн илрэл юм.  Хөгж­мийн зохиолчийн хувьд 2019 он нэлээд хэ­дэн том хэмжээний бү­тээл гаргасан арвин ургац­тай жил байлаа. Мон­го­лын морин хуурын өвөг икэл гэж хуур бий. Түүнд зориулсан концертыг шинээр бүтээж тоглуулсан. Японд болон Европод тоглосон. Үүний дараа Өмнөговь аймгийн театрынхантай хамтарч Батмөнх даян хааны тухай “Алтан ургийн хүү” дуулалт жүжгийг амжилттай тоглуулсан. Шинэ оны босгон дээр “Хөмөргөн гурвалжин” этно балетыг  тоглуулсан. Энэ бол  МЭӨ X-V зууны үйл явдлыг хадны бичээс, сүг зургаас сэдэвлэж хийсэн уран бүтээл юм. Ийм хэмжээний бүтээл хийхэд судалгаа маш чухал. Анх Ардын багш, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Дулам багш  2015 онд хадны бичээсийг тайлан уншиж, орчин цагийнханд нээж өгсөн. Үүний нэг нь Дундговь аймгийн нутаг дахь  Ханан хадны бичээс юм.  Үүнд СУИС, тэр дундаа ардын урлаг, бүжгийн урлагийн сургууль том төсөл эхлүүлсэн. Эртний  хүмүүсийн аж амьдрал, ёс заншил, тэнгэр үзэл буюу бөөгийн уламжлал, зан үйлийг судлах судалгааны том багт  миний бие хөгжмийн зохиолчоор ажиллах боломж олдсон. Үр дүн нь “Хөмөргөн гуравалжин” этно балет болж энэ төслийг бид ам­жилттай хэрэгжүүлж дуус­сан. Дэлхийн оюун сан ЮНЕСКО-д монголчууд уртын дуу, хөөмий, зан үйлийн зүйлүүд, хадны бичээсээ бүртгүүлсэн.  Монгол дахь суурин төлөө­лөгчийн газар тэдгээрийг сурталчлах, таниулах үүрэг хүлээдэг. Энэ хүрээнд ч бидний ажил давхар үүрэг гүй­цэтгэлээ.

 

Бид  урагшлавч уламжлалаа орхиж болохгүй 

Блиц

Боловсрол:

-2006 онд СУИС-ийг  их хуурч,  2010 онд хөгжмийн зохиолч мэргэжлээр төгссөн.

Ажлын туршлага:

-1993-2013 онд УАДБЧ-д хөгжимчин / ҮУИТеатр/

-2013 оноос  СУИС-ийн ХУС-ийн уран сайхны удирдагч, багшаар ажиллаж байна.

-Хөсөгтөн хамтлагийг үүсгэн байгуулагч, хамтлагийн ахлагч

-Хөгжмийн зохиолч

 

-“Хөмөргөн гурвал­жин” этно балетын хөгж­мийн онцлогийг тусад нь  авч үзэж, ярих ёстой сэдэв гэж боддог. Монголчууд эртний хөгжмийн өв соёлд том хувь нэмэр оруулсан ард түмэн. Үүний нэг илрэл нь XIII зуун буюу 1250-аад онд Мөнх хааны үеийн олдворууд юм.  Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч, доктор Соронзонболдоор ахлуулсан СУИС-ийн баг хоёр том хөгжмийн зэмсгийг гаргаж ирсний нэг нь Мөнх хааны үеийн олдвор буюу төрийн их ятга, нөгөө нь хурган чих гэж хөгжмийн зэмсэг юм. Үүн дээр бид бүхний мэддэг икэл хуур, цуур, нуман хуур, бөөгийн хэнгэрэг, шашны хөгжимд хэрэглэдэг хоёр талдаа ширээр татсан хэнгэрэг нь эртний монголчуудын хэрэглэж байсан хөгж­мийн зэмсгүүдийг ний­лүүлж “Хөмөргөн гур­вал­жин” бүжгэн жүжигт ашигласан. Энэ бол ма­най орчин цагийн бид­ний мэдэх ҮУИТ-ын най­рал хөгжимчид эсвэл “Морин хуур”-ын чуулгын дуугаралтаас  огт өөр. Тэгэхээр хуучны уламжлалт хөгжмийн дуугаралт болов уу гэсэн итгэл төрж байгаа. Ер нь Монголын урлагийн бүхий л салбар ХХ зууны дунд үеэс маш үрсэнгүй хөгжил рүү орсон. Яагаад гэвэл Оросын соёл нэвтэрсэн, манайх тэнд боловсон хүчнээ бэлтгэсэн, мөн орос мэргэжилнтүүд манайд ирж ажилласан. Иймээс үсрэнгүй хөгжөөд зогсохгүй дэлхийтэй хөл нийлүүлэх хэмжээнд  хүрч очсон гэж болно. Ингэхдээ бид нэг зүйлийг мартагнасан юм шиг санагддаг. Энэ юу вэ гэвэл хөгжмийн хувьд  эртний уламжлалт дуугаралт, уламжлалт  хэв маягаа алдчихсан юм биш биз. Ийм бодол төрсний үндсэнд би дээр нэрлэсэн бүтээлүүд дээрээ энэ дуугарлтыг шинээр гаргаж ирсэн. Үүнд түрүүнд нэрлэсэн бүх хөгжмийн зэмсэг багтдаг. Мөн хөөмий, уртын дуу­ны элементүүдийг оруулс­наар нэлээн сонирхолтой бүтээл болсон. Сая “Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжгийг ЮНЕСКО-гийн тайзанд тоглоход дэлхий нэлээд цочирдож хүлээж авсан. Яагаад гэвэл, тэнд тавигддаг бүтээлүүдээс маш онцгой, сонин содон, учир битүүлэг бөгөөд тэдний мэдэхгүй зүйлүүд тэнд тавигдсан учраас тийм байдалд орсон болов уу. Өнөөдөр дэлхийн чиг хандлага ерөнхийдөө сонгодог урлаг, рок, попын урлагаар төсөөллийг бий болгодог байсан. Тэгвэл Монголын урлаг дэлхийд цахиур хагалах цаг ирлээ. Үүнийг “The Hu” хамтлаг, “Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжгийн хөгжмийн дуугаралт, тайзны тавилт дэлхийд тунхаглалаа. Дэлхий нийт даяаршил, дангааршил гээд хүчтэй ярьдаг. Зарим нь “Дэлхий хавтгай боллоо” ч гэдэг. Үүн дээр бид юугаараа Монгол гэдгээ авч үлдэх вэ гэдгээ маш нарийн ярьж, дор бүрдээ бодох  ёстой. Мэдээж дэлхий даяарших нь сайн хэрэг. Монголчуудын оюуны хөгжлөө өдий зэрэгтэй авч ирсний хүчин зүйл нь хөгжил. Харин хэт хөгжил уламжлалыг баллуурддаг. Эх түүхээ мэдэхгүй бол бид хэн болох вэ. Монголчууд үүнийг “Ойд төөрсөн сармагчин лугаа” гэж ярьдаг шүү дээ. Тиймээс бид хөгжлийг ч шүтэх ёстой, уламжлалаа ч авч үлдэх ёстой. Үүнийг бид бүтээлүүдээрээ харуулж, ойлгуулахыг хүсдэг. Авахаа авч, хадгалахаа хадгалж, бэхжүүлэхээ бэхжүүлж, түүний үндсэнд уламжлал, шинэчлэлийг хослуулан хөгжүүлэх нь зүйтэй. Тэртэй тэргүй рок хэмээх гацаанд орсон ертөнцийг Монголын хөөмий, тогшуур, морин хуурыг авчирч наагаад цоо шинэ “Хүннү” гэдэг урсгал гаргаж ирээд дэлхийг байлдан дагуулж тэсрэлт хийж байна шүү дээ. Энэ бол биднийг  өвөг дээдсийнхээ байгуулсан, бүтээсэн өв соёл ямар хүчтэй болохын  илрэл юм.

 

Соёлын  хил хязгаарыг тогтоосон төрийн бодлого чухал

 

-“Хөсөгтөн” хамтла­гийг  үүсгэн байгуулсан, хамтлагийн ахлагч, хөгж­мийн зохиолчийн хувьд би  уран бүтээлийнх нь  санд их анхаардаг. Энэ жил хамтлагийнхантайгаа хамтран хоёр дахь уран бүтээлээ хийж дуусгалаа. Дөрөвдүгээр сард шинэ цомгоо гаргана. Энэ цомог үндсэндээ 10 жилийн дараа гарч байгаа юм. Францын компанитай хамтарсан уран бүтээлийн том төсөл явж байгаа. Бичлэгээ Мон­голдоо хийлгэсэн. Яг цомог болж гарах нь Францад байх  юм. Ирэх хавар бид Еврпоор тоглолтоо хийнэ. Харин шинэ оны анхны аялан тоглолтоо Японд эхлүүлээд эх орондоо дөнгөж  ирж  байна. Хамтлагийн бие даасан тоглолтыг сонирхууллаа.  Мөн Японд ажиллаж, амьдардаг Монголын нэртэй уран бүтээлчдийн “Их татлага” хамтлагтай хамтарч тоглолт хийлээ. Энэ онд “Хөсөгтөн” хамтлагийн аялан тоглолтын зам урт байх болно. Түүний зэрэгцээ Монголынхоо ард түмэнд тоглолтоо үзүүлэхсэн гэсэн бодол бий. Бид Африкт л очоогүй, дэлхийн бусад бүх оронд очсон. Дэлхий дүүрэн “Монгол” гэж хашгирах тийм мэдрэмжийг уран бүтээлээрээ гаргахыг зорьдог. Улаанбаатарт байгаа монгол хүн өнөөдөр уртын дуугаа сонсоод уйлах нь юу л бол. Харин дэлхийд тархан суурьшсан монголчууд уртын дуугаа сонсоод Монголынхоо өв соёлын үнэ цэнийг мэдэрдэг. Нэг ёсондоо дэлхийгээр тархан суурьшсан монголчуудад үнэ цэнийг нь мэдрүүлж байгаа нь бидний аз жаргал. Нөгөөтэйгүүр, мон­гол­чуудын дунд аман би­лэг болтол тарсан “Яаж ч доройтож ядарсан Монгол гэж хэлэх зоригтой байх ёстой. Язартлаа баяж­сан ч монгол гэж хэлэх ухаантай байх ёстой” гэдэг сургааль бидний өв соёлоор дамжаад явж байгаа. Үүнийг бидний авч яваа, хүргэж, тарааж байгаа өв соёл, уламжлалт урлаг маань улам баталгаажуулж эх орондоо хайртай байх тал дээр олныг бодогдуулдаг гэж бодож байна.

 

АРДЫН ХӨГЖМИЙН АНХНЫ ДУУГАРАЛТЫГ “ХӨСӨГТӨН” ХАМТЛАГ АНХ ГАРГАСАН

 

“Хөсөгтөн” хамт­ла­гийн хувьд анх  байгуулагдсан цагаас эхлэн бүрэлдэхүүнд өөрчлөлт ороогүй. Зорилго, чиглэл, уран бүтээлийн хэв маягаа хадгалан дэлхийн тайзнаа тоглолт хийгээд явж байна. Ер нь ардын урлагийн шинэ дуугаралтыг анх гаргаж ирсэн нь “Хөсөгтөн” хамтлаг гэж хэлж болно. Энэ бол этник, баллад /уламжлалт туульсын/ төрлийн чиглэл, ингэхдээ орчин цагийн хэв маягийг агуулсан бүтээлээр гарч ирсэн нь содон байсан байх. Хоёрдугаарт, “Хөсөг­төн” хамтлаг хөөмийн ертөнцөд маш ховор урсгалыг оруулж ирсэн. Энэ чиглэлээрээ уран бүтээлээ туурвидаг. Үүнийг  монголчууд сонир­хоод зогсохгүй дэлхий маш их сонирхдог. Хөөмий өөрөө маш онцлогтой урлаг. Нэг хүний биеэс хоёр авиа зэрэг гардаг, үүгээрээ онцгой бөгөөд гайхамшигтай. Нэг ёсон­доо дөрвөн хүн зэрэг хөө­мий­лөхөд найман авиа зэрэг гардаг гэсэн үг. Үүн дээр дуурьсал, гармон хөгжмийг нэмээд ирэхээр маш баялаг дуугаралтыг бий болгодог.Монголчуудаас өөр энэ соёлыг бүтээсэн ард түмэн байхгүй. Иймд бид энэ их өвөө дэлхийн урлагтай хослуулж хөгжүүлэхийн төлөө уран бүтээлээ туурвиж байна. Нөгөө талаас бид дэлхийтэй хөл нийлүүлсэн нь сайн ч бодох юм бий. Манай морин хуур гэхэд хийц загварын хувьд, тоглоочийн хувьд шилдэг бэст  хэлбэр  рүү орсон. Тэгэхдээ энэ нь хийл хөгжимтэй дуугаралт нь ойртоод байна уу, үгүй юу гэсэн бодол төрүүлээд байдаг. Улс үндэстний оюуны, соёлын дархлаа, хил хязгаар гэж бий. Өөрийн уламжлалыг хадгалах, өөрийн өнгө төрхөөр байх гэдэг маш том асуудал. Миний хувьд энэ тал дээр жаахан хэтэрчихэв үү гэж хардаг. Зарим мэдэхгүй хүмүүс, гадныхан орчин цагийн морин хуур тоглоочдын бичлэгийг сонсоод хийл ч юм уу гэж бодогдохоор, ийм андуурмаар зүйлүүд  байгаа. Гэтэл бид  өөрсдийн өнгө, уламжлалт дуугаралтаа хадгалах орон зайг гаргаж ирэх ёстой. Би ийм санааг л  дэвшүүлж байгаа юм. Уламжлалт дуугаралт байхгүй бол суурьгүй барилга шиг юм болно шүү дээ.

Тэгэхээр манай хөгж­мийн урлагийнхан ч, яам, тамгын газрынхан ч уламжлалт эртний гэдэг зүйл рүүгээ бодлогоо хандуулах нь зүйтэй. Үүний бас нэг том илрэл бол кино урлаг. Жишээ нь, өнөөдөр  Хятад, Солонгос, Турк кино Монголын телевизүүдээр цацагдаж залуусыг байлдан дагуулж байна. Энэ оюуны дархлаа, оюуны хил хязгаартай холбоотой зүйл. Тэдний буруу биш шүү дээ. Хийж байгаа хүмүүс буруугүй. Харин бид турк хөгжим ийм байдаг юм байна, хятад ийм хөгжимтэй юм байна гэдгийг харах ёстой, мэдрэх хэрэгтэй. Тэд уламж­лалт дуугаралтаа аваад үлдсэн байна уу харах ёстой. Гэтэл манай кино яаж байна вэ.  Холли­вудын дуугаралт, эсвэл компьютерийн дуу­га­рал­тыг авч үлдэж байна. Энэ нь гадны үзэгч, сон­согч хараад эргэлзээ төрүү­лэхээр зүйлүүд болоод байгаа юм. Тэгэхээр би юуг онцолж хэлэх вэ гэвэл эртний уламжлалт хөгжмийн дуугаралтаа  бид хайх ёстой, кино урлагтаа шингээж үлдээх ёстой юм. XV-XVI зуунаас эхлэлтэй сонгодог урлаг байхгүй байхад XIII зуунд монголчууд төрийн их найрал гэж 500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оркестртой байсан. Ийм ард түмэн гадны юмыг шүтэхээс илүү өөрийн өв соёлыг ярих эрхийг бидэнд олгосон байна шүү дээ. Энэ бидний маш том боломж, бас давуу тал.

Тэгэхээр бид англи хэлтэй хүнтэй англи юм шиг ярих уу эсвэл Монголоо гэж ярих нь зөв үү гэдэг чухал юм. Энэ нь өөрөө бидний ярьдаг оюуны хил хязгаар, оюуны дархлааны асуудал. Дээр нь соён гэгээрлийн асуудал чухлаар тавигдаж байна. Манайхан өөрийнхөө юмыг цэгнэж чадахгүй байж өрөөлийн аливаа зүйлд татагдах хандлага ихэсч байна. Бод л доо, 1000 хүүхэдтэй сургуулийн урлагийн үзлэгийг шүүхэд  ганцхан хүүхэд монгол ардын дуу дуулж, бусад нь гадаад дуу дуулж байна. Нэг талаар гадны соёлыг дагаж хэлийг нь судлаад сайхан л байгаа байх. Нөгөө талаас өөрийнхөө өв соёлыг мэдэхгүй байгаа нь харамсалтай. Энэ эмзэглэх ёстой асуудал шүү.

Үүний төлөө та бид үзгээ, зэвсгээ, зэмсгээ бүгдийг нь нэг чиг рүү хандуулах учиртай. Бодлого тодорхойлдог хүмүүс нь бодлогоо тодор­хойлж, соён гэгээрэл гэдэг зүйл рүү орох зайлшгүй шаардлага байна. Соён гэгээрэл хаана хүчтэй байна тэнд урлаг соёл нь үнэ цэнэтэй байдаг. Үүнийг дагаад хувь хүний хөгжил, ухам­сар, боловсрол өн­дөр байдаг. Өнөөдөр Мон­голын нийгэм ийм байж чадаж байна уу, үгүй юу. Үүний тулд бид яах ёстой вэ. Уран бүтээлчид нь ямар байх ёстой вэ. Бид өнөөдөр дээлтэй эмгэнийг шоолж инээгээд байх уу эсвэл дээл өмссөн тэр эмгэний дотоод ертөнц, тэр хүний авчирсан өв соёлыг уудалж гаргаж ирэх ёстой юу гэдгээ бодох цаг болжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.1.13  ДАВАА  № 7 (6232)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ