Б.Батдэлгэр: 133 дугаар сургуулийн барилгыг хууль бус шийдвэрээр “Монгол тэмүүлэл”-д өгсөн

2019-12-23

Б.ТУУЛ

Улсын хэмжээнд 4 ээлжээр хичээллэж байгаа цор ганцхан сургууль болох Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн Эцэг, эхийн зөвлөлийн дарга Б.Батдэлгэр болон эцэг, эхчүүдийн төлөөлөл өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн бага хурал хийсэн юм. Эцэг, эхийн зөвлөлийн дарга Б.Батдэлгэр ”БЗД-ийн 26 дугаар хороонд байрлах 133 дугаар сургууль нь өөрийн гэсэн хичээлийн байргүй, ганц баригдсан сургуулийг нь БСШУС-ын сайд нь хууль зөрчин “Монгол тэмүүлэл”  сургуульд эзэмшүүлсэн. Миний хүү тус сургуулийн нэгдүгээр ангид суралцдаг. Өнгөрсөн хавраас хойш энэ сургуулийн нөхцөл байдалтай танилцаж үзэхэд, улсын хэмжээнд 4 ээлжээр хичээллэж байгаа цор ганцхан сургууль. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд сургуулийн насны 5600 хүүхэд байхад үүнээс зөвхөн 1600 хүүхэд нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан  сурах эрхээ үнэ төлбөргүй эзэмших эрхээ эдэлж байхад эдэлж, үлдсэн хүүхдүүдийнх нь эрх ашиг зөрчигдөж байна. Тиймээс манай хороонд баригдсан ганц сургуулийн барилгыг хууль бусаар “Монгол тэмүүлэл” сургуульд олгосныг эрс эсэргүүцэж байна.

“Монгол тэмүүлэл” сургуулийн хүүхдүүд өдөрт 8-10 цаг ганц ээлжээр хичээллэж байхад 133 дугаар сургуулийн хүүхдүүд өдөрт 4 ээлжээр хичээллэхдээ 2-3 цаг хичээллээд тарж байна. 2017 оны 06 сарын 28-ны Нийслэлийн Засаг даргын захирамжинд “2014-2017 онд БЗД-ийн 26 дугаар хороонд баригдсан хичээлийн байрыг нийслэлийн өмчид бүртгэж авахыг  даалгасан байдаг. Гэтэл БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар ердөө гурван  сарын дараа  2017 оны 09.20-ны өдөр 196 дугаар тушаал гарган манай хорооны хүүхдүүдэд зориулан баригдсан барилгыг хууль бусаар “Монгол тэмүүлэл”-д олгосон байдаг. 2017.08.30-ны өдөр тус барилгад улсын комисс ажилласан байдаг. Энд улсын комисс ажиллахдаа 133 дугаар сургуулийн байр гэсэн нэрээр энэ барилгыг хүлээж авсан байдаг. Гэтэл үүний дараа Боловсролын сайд дээрх тушаалыг гаргахдаа дахиж улсын комисс хуралдсан мэтээр хоёрхон хүний гарын үсэг зураад, энэ сургуулийн барилгыг “Монгол тэмүүлэл” сургуулийн барилгаар хүлээж авахаар шийдвэрлэчихсэн байдаг. Энэ асуудлаар одоо Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байгаа. Тиймээс Боловсролын сайд, Нийслэлийн Засаг даргын зүгээс судлаад, үнэхээр улсын хэмжээнд 4 ээлжээр хичээллэж байгаа эдгээр хүүхдийн эрх ашиг зөрчигдөж байгаа учраас 2019.11.18-ны өдөр Нийслэлийн Засаг дарга, Боловсролын сайдын хамтарсан тушаал гарган “Монгол тэмүүлэл” сургуулийг Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн нэгдүгээр давхар луу нүүлгэхээр шийдвэрлэсэн.  Гэвч “Монгол тэмүүлэл” сургуулийн эцэг, эхчүүд үүнийг эсэргүүцэн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байна. Тиймээс тус сургуулийн эцэг, эхчүүд энэ нэхэмжлэлээсээ татгалзаач. Та бүхний энэ асуудлаас болоод, БЗД-ийн 1600 хүүхдийн эрх ашиг, цаашлаад 5600 хүүхдийн сурах эрх зөрчигдөөд байна. Та бүхэн энэ олон хүүхдийн сурах эрх ашгийн төлөө энэ хууль бус үйлдлээ зогсоогооч” гэж хэлмээр байна” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • 2 сар

    Зарим эцэг, эхчүүд их аминчхан байдаг. Хуулиар нэг анги дүүргэлт 25 сурагчтай байх ёстой байтал 12 хүүхдээ нэг ангид байлгана гэж эсэргүүцсэн байдаг. 

Холбоотой мэдээ