Сонгуулийн хууль улс төрийн өс хонзон авах заалт оруулсныг эсэргүүцэв

2019-12-19

Ч.ЗОТОЛ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа   Сонгуулийн тухай хууль нь  Үндсэн хууль,  Хүний эрхийн конвенцийг   зөрчиж  байгаатай  холбогдуулж улс төрийн намууд мэдэгдэл хийлээ. Хэдийгээр энэхүү хууль нь нэг хүний, тодруулбал МАХН-ын дарга Н.Энхбаярт зориулагдсан мэт боловч  нийтийн сонгох, сонгогдох эрхийг зөрчиж байна. Бид өнөөдөр дуугүй өнгөрвөл энэ шахалт, дарамт маргааш бидэнд тулгарна хэмээн улс төрийн 22 нам үзэж эсэргүүцэл илэрхийллээ.  Тэдний байр суурийг хүргэе.

Ц.Оюунбаатар /МАХН-ын дэд дарга/: УИХ-ын гишүүд алдаагаа засах ёстой

-Сонгуулийн тухай хууль дахь авлига, албан тушаалын гэмт хэрэгт буруутай бол нэр дэвшүүлэхгүй гэсэн заалт нь хүний эрхийг бүх насаар нь хязгаарлаж байгаагаараа Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулж байна. Иймээс энэ зүйл заалт нь  Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-т заасан төрийн байгууллагад сонгогдох эрхтэй, 21.3-т заасан УИХ-ын гишүүнээр Монгол Улсын 25 нас хүрсэн сонгуулийн эрх бүхий этгээдийг сонгоно гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц 2008 онд гаргасан. Цэцийн шийдвэр бол УИХ дараа, дараагийн хуульд дагаж мөрдөх  зүйл заалт юм. Өөрөөр хэлбэл,  порпорциональ систем хэрэглэхгүй гэж 2016 онд Цэц шийдвэр гаргасан бол өнөөдөр үүнийг хэрэглэх боломжгүй, түүнтэй адил юм. Тиймээс нэг хүний сонгогдох эрхийг улс төрийн зорилгоор, улс төрийн өс хонзон авахын тулд, улс төрийн айдсаасаа болж, Монголын ард түмэн дэмжсээр байгааг мэдсээр байж  хаалт хийх эрх байхгүй. Энэ асуудлаар бид УИХ-ын гишүүдэд хандсан. Өчигдөр 24 гишүүн мэдээлэлгүйгээс, зарим нь мэдлэггүйгээс болж энэ заалтыг  дэмжсэн байх. Бид Цэцийн 2008 оны дүгнэлтийг гишүүдийн гар дээр хүргэсэн. Одоо Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Үдээс хойш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар залруулах байх. Түүнчлэн эвсэл болж орж байгаа бүрэлдэхүүнийг аль болох задлах, хэврэг болгох сонирхол байгааг бид няцааж байна. Өөрөөр хэлбэл, эвслийн 51-ээс доошгүй хувь нь байгаа цагт хууль ёсны үйл ажиллагаа явуулна гэсэн заалтыг өчигдөр хассан. Үүнийг сэргээх ёстой. УИХ-ын гишүүдийг дотор нь хагалж, хөрөнгө мөнгө амлах, албан тушаалаар худалдаж авах явдал өнгөрсөн хугацаанд явж ирсэн. Улс төрийн ийм хуйвалдаанаа давтах гэсэн сонирхол байна гэж улс төрийн намууд харж байна. Хар машинаар хуйвалддаг явдал байсаар байгаа, иймд гар тооллого заавал байх ёстойг бид шаардаж байна.

Б.Цогтгэрэл/ МҮАН-ын дарга/: “Хар хайрцаг”-аар хариас монголчуудыг удирдахыг эсэргүүцэнэ

-Улс төрийн намууд Сонгуулийн хуулиар нэлээд хэдэн удаа хэлэлцүүлэг хийсэн. Үүний дүнд 20 –оод  саналыг  УИХ-ын ажлын хэсэгт хүргүүлсэн. Эдгээр саналыг ажлын хэсэг нэгбүрчлэн санал хураан хоёр саналыг авч үлдээд бусдыг нь унагаасан. Тэр үлдсэн санал нь өчигдрийн чуулганы хуралдаанаар унасан эвслийг тогтвортой байлгах заалт юм. Энэ ямар заалт вэ гэвэл УИХ –ын сонгуульд орохдоо эвсэл байгуулж орсон намууд дотроос хэд нь ч гарч болно. Гол нь эвсэл байгуулсан намуудын олонх нь эвсэл дотроо байвал намуудын чиг үүрэг хэвээр хадгалагдана гээсн заалт юм. Гэвч энэ заалтыг чуулганы хуралдаанаар унагасан. Саяхан  УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Ингэхдээ парламентын засаглалыг бэхжүүлнэ гэж зорьж байна. Иймээс бүх гишүүд 100 хувь баталж байна гэсэн. Гэтэл өчигдөр парламентын засаглалын амин сүнс болсон, олонхийн дуу хоолойг парламентад төлөөлөх энэ эрхийн эсрэг гишүүдийн олонх нь эсрэг санал өглөө. Үүнээс  эх орны эрх ашиг барьсан уу, намынхаа эрх ашгийг барьсан уу гэдгийг  нь ялгаж салгаж харж болно. Одоо байнгын хороогоор УИХ-ын даргын өгсөн чиглэлийн дагуу найруулгын өөрчлөлт оруулан дахин оруулж байгаа юм байна. Ямар гишүүд үүний эсрэг байгааг сэтгүүлчид, олон нийт онцгой анхаараарай. Үе үеийн сонгуулийн хууль монголчуудын эвлэлдэн нэгдэхийн эсрэг байж ирсэн. Ийм зорилго бариад байвал монголчуудын, Монгол Улсын эрх ашигт ноцтой хохирол учруулна. Улс төрийн намууд хар хайрцгаар хариас монголчуудыг удирдахын эсрэг байгаа. СЕХ хяналтын тооллого хийсэн ч санал нийлж байна гэж тайлбарладаг. Гэтэл саналыг өөрчлөх, засах хүртэл хөгжсөн технологийн луйвар явж байна. Иймд хөгжингүй орнууд энэ технологиос татгалзаж байна. 70 сая малаа хоёр өдөрт тоолчихож байгаа ард түмэн хоёр сая сонгогчоо хэдхэн цагт багтаагаад тоолчихно. Ард түмэн эрхээ гадны технологид алдаж болохгүй. Нөгөө талаас тэгш эрхийн зарчим талаас авч үзвэл ЖДҮ-гийн, 60 тэрбумын, хүчин, хүн амины гээд хүнд гэмт хэргүүд байна. Түүнээс нэг хэргийг зүйлчлэн ялаварлан гадуурхаж болохгүй. Үүнийг НҮБ-ын конвенцоор ч хорьдог, мөн Үндсэн хуулийн цэцийн 2008 оны дүгнэлт бий. Тиймээс явцуу хүрээнд хандаж байгаа нь шударга бус юм.

Ц.Нарангэрэл /АТОЗ намын дарга/ : МАНАН дарангуйллаа Сонгуулийн хуульд хийх  гэж байна

-МАНАН дэглэм амь бөхтэй оршсоор байна. МАНАН дэглэм гэж юуг хэлж байна гэхээр хууль хяналтын байгууллагад өөрийн хүнээ томилон тэднээр дамжуулан хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлдэг  маш балмад ажиллагаа. Ард түмэндээ шударга ажиллана гэж амлаж гарч ирсэн Ерөнхийлөгч Х.Баттулга үүргээ биелүүлсэнгүй. Шударга ёс тогтооно гэсэн Ерөнхийлөгч маань эвийг бодож байна гээд Үндсэн хуулийг ёсчлон батлаад явуулсан. Олон хүний итгэл урмыг хугалсан. Үүнтэй адил дур зоргоороо засаглах, дарангуйлах санаархал УИХ-д явж байна. Жишээ нь Сонгуулийн хууль юм. Үндсэн хуулийн дараа орох маш чухал суурь хууль. Ард түмэн ганцхан өдөр төрийн эрхийг барьдаг. Энэ эрхийнхээ төлөө тэмцэх цаг болжээ. Иргэд зөв зүйлийн төлөө зүтгэх зүрх зоригтой, боловсролтой болж байж нийгэмээ өөрчилнө. Тэгвэл нийгэмд үйлчилдэг, нийгмээ эрүүлжүүлдэг сөрөг хүчнийг байлгахгүйн төлөө эрх баригч нам 30 жил зорилгоо биелүүлж ирлээ. Үүний сүүлийн тод жишээ нь Сонгуулийн тухай хууль. Энэ хуульд зөвхөн өөрсдийн улс төрийн насыг уртасгах оролдлогыг хийсэн. Үндсэн хуульд ч энэ зорилгоо биелүүлсэн. Ерөнхийлөгчийн засаглал гэж ард түмний санаа бодлыг өөр зүгт явуулж байгаад нэг намын даргын буюу Ерөнхий сайдын эрх мэдлийг тогтоосон.

МАНАН одоо Сонгуулийн хууль дээр эрх мэдлээ тогтоож, дарангуйлал үйлдэх гэж байна. Өнөөдөр УИХ-д оффшор данстай зургаа, ЖДҮ-д холбогдсон 49, хүчингийн давтан хэрэгт холбогдсон нэг гишүүн нь хасагдсан, концессийн  болон хүн амины гэмт хэрэгт холбогдсон гишүүд бий. Энэ мэтчилэн гэмт хэрэгтнүүд хууль баталж байна. Энэ  УИХ  хууль батлах байтугай ёс зүйн болоод  эрх зүйн чадамжгүй.

Х.Бат-Ялалт /Хүний төлөө намын дарга: Гэмт хэрэгтнээр дүүрсэн УИХ хууль баталж, хэн нэгнийг шүүх  эрхгүй 

-Эрх  баригчдын басамжлал улс төрийн намуудын нэгдлийг бий болгож байна. 65-уулаа суучихаад дур зоргоороо хууль баталж байгаа нь тэмцлийг хурцалж байна. Намууд олон удаа  хамт сууж байгаад хэвлэлийн хурал хийж мэдэгдэл гаргасан. Одоо хэрэгжүүлье, тэмцэл хөдөлгөөн өрнүүлье. Нэг талд гэмт хэрэгтнүүдээр дүүрсэн УИХ, нөгөө талд шударга бус, авлигач  17  шүүгчийн бүрэн эрх түдгэлзсэн байгаа. Ийм цаг үед хэн нэг хүний эрхийг гэмт хэрэгт холбогдож байсан гээд шүүж яллах гэж байгаа нь цаг үе нь мөн үү. Хэн хэнийгээ шүүгээд байгаа юм бэ. Гэмт хэрэгт холбогдсон эрх мэдэлтнүүд уучлал гуйж өөрсдөө улс төрөөс холдох ёстой. Улс төрийн намууд одоо ярьж суухаар тэсмцэх цаг болсон. Энэ хавар тэмцлийн хавар байна гэж бодож байна. Мулгуу эрх баригчид ард түмнээ сонсох ёстой. Ард түмэн бүгд энэ эрх баригчдыг үзэн ядаж байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ