Улаан-Үдийн Зөвлөлүүдийн талбай дахь далайн хав

2019-12-17

Буриадад орчин үеийн, чанар сайтай бэлэг дурсгалын зүйлийг санаж сэдэн урлаж болох болов уу. Энэ талаар Карина Пронинагийн МК в Бурятий-д бичсэн нийтлэлийг Д.Энхээгийн орчуулснаар хүргэж байна.  

Далайн хав (нерпа) бол бэлэг дурсгалын ертөнц дэх хамгийн элбэг зүйлийн нэг. Тэгэхээр хүн бүхэн түүнээс уйдсан бололтой. Гэрэл зураг: wikipedia.ru

 

-Нэг хоногийн дотор долоон Ленин хийж болно  хэмээн Шойсорон Митыпов багцаалав. Харин мушгиа эвэртэй ямааг бол дөнгөж хоёрыг л хийнэ. Өөрөөр хэлбэл Ленинийг урлахад тун хялбар аж.

Шойсороны урланд Лениний толгойг илж суув. Нарс модыг сийлж, зүлгүүрдэж толийлгосон болохоор илэхэд аятайхан мэдрэмж төрнө. “Улан-Удэ” хэмээн бичсэн суурин дээр урлажээ. Бүтээлийн өндөр нь 8,5 см. Өнгөлөгч нь сайн шингэсэн энэ бүтээл 450 рублийн үнэтэй. Жуулчид ихээр авах байх гэж найдаж урласан Митыповын шинэхэн бэлэг дурсгал. Ямаа, тэмээ, баавгай, бух гэх мэт янз бүрийн амьтдын дүрс бүхий түүний урласан бусад бэлэг дурсгал одоохондоо гүйлгээ тааруухан аж.

Шойсорон Митыпов, түүний урласан Ленинүүд. Гэрэл зургийг: Карина Пронина

Хот байгуулагдсан өдрөөр Улаан-Үдийн Хувьсгалын талбайд зохион байгуулсан үзэсгэлэн худалдаагаар эдгээр Ленинийг борлуулж байв. Гэрэл зургийг: Алексей Сватов.

 

Ильичэд буриад малгай өмсүүлж болно

 

Өнгөрсөн долоо хоногт Шойсорон Митыпов модон Ильич 15- ыг туршиж үзэхээр урлажээ. Интернетээс хялбархан татаж авсан Лениний цээж хэсгийн 3D загварыг суурь болгов. Гэхдээ нутгийн оршин суугчид хараад түүнийг Зөвлөлүүдийн талбай дахь “Лениний хөшөө толгой” гэдгийг амархан танина.

Арав хоногийн дотор бэлэг дурсгалын мухлаг болон хотын өдөрт зориулсан үзэсгэлэн худалдаан дээр бараг бүх Ленинээ тэрээр борлуулж амжив. Шанд нь тэр урамшуулал, дургүйцлийн аль алиныг хүртэв. Нэг хэсэг нь коммунист бэлгэ тэмдгийг доромжилж гутаалаа гэж зэмлэхэд нөгөө зарим нь бүтээлийнх нь хувьд лайк тавьж байв. “Улаан-Үдийн болон буриадын бэлэг дурсгал” хэмээх амаргүй чиглэлд ямар нэг зүйл хийх гэж оролдож байгаад нь би ч гэсэн Митыповд мөн л лайк тавилаа.

-“Улан-Удэ” гэснийг англиар бичвэл гадаадын худалдан авагчдын сонирхолд нийцэх, бас Ленинд буриад малгай өмсүүлж болох, толгойг нь өнгөөр будах гэх мэтээр худалдан авагчдын хариу санал надад ирсэн шүү. Будна гэдэг ч харин юу л бол хэмээн Шойсорон өгүүлэв.

 

Утга учир, ой санамж, өнөөдрийн чухал зүйл

 

Буриадад сонирхол татахуйц бэлэг дурсгалын зүйлийн хувьд тийм ч элбэг дэлбэг биш. Нэг бол соронзон, эсвэл далайн хавтай Байгал нуур, аль эсвэл өндөр үнэтэй ногоон хаш чулуу, мөнгөн гоёл чимэглэлийн эд зүйл, үгүй бол чанарыг нь биш гол төлөв хийсэн эзнийг нь бодоод худалдаж авдаг газрын үзүүрээр хялбархан урласан хэнд-мейд. Хусны үйс, эсгий, мод, шавар эдгээр материалаар бүтээл урладаг хүмүүсээс тун цөөн нь “зохиогч”-ийн хэмжээнд өсч өндийдөг. Бөөнөөр борлуулах хэмжээнд үйлдвэрлэдэг нь бүр ховор. Яагаад ийм байдаг юм бол?

-“Бэлэг дурсгал” хэмээх ухагдахуун улам гүн гүнзгий, улам нарийн болж байна хэмээн Дмитрий Батуев өгүүлэв. Дмитрий өмнө нь уран дархны ажил хийж байгаад хэсэг завсарласны дараа дахин дуртай ажилдаа эргэж иржээ. Бэлэг дурсгалын үйлдвэрлэлийг цэгцлэх бодолтой аж.

Батуев үзэл бодлоо ийнхүү тайлбарлав. Тухайлбал, “бэлэг” бол дурсгал. “Ардын гар урлал” бол хамтын ур ухаан, оюун бодол. Өөрөөр хэлбэл, чанартай бэлэг гэдэг ур ухаан шингэсэн дурсгал. Үүнээс гадна хүүхэд бол лангуун дээр байгаа зүйлээс хамгийн чухлыг нь олоод харчихдаг хурц нүдтэй учраас хүүхэд хэрхэн хүртэж хүлээж авах вэ гэдгээр баримжаалах ёстой.

-Нутгийн урчуудад өнөөдөр юу чухал талаар өөрсдийн санаа бодлоо дамжуулан илэрхийлэх хэв маяг (формат), цагаан толгой, уран сайхны тэмдэг тэмдэглэгээний иж бүрдэл хэрэгтэй. Өдөр тутмын чухал сэдвийн талаар туслан дэмжигчид бол нийгэм: сэтгүүлчид, нийгмийн ажилтнууд, хүүхдийн болон ан амьтны эрхийг хамгаалагч нар гэх мэт байх болно. Уран сайхны чимэглэлд шинээр баяжуулах үйл, шинэлэг утга санаа хэрэгтэй. Энэ тал дээр харин бид нэмэлт тайлбаргүй тэмдэг тэмдэглэгээнд тун ойрхон байна хэмээн Дмитрий өгүүлэв.

 

Галд өртсөн хонь

 

“Браун” пүүст ажиллаж байсан Германы аж үйлдвэрийн дизайн урлаач Дитер Рамсын хэлсэн үгийг Батуев дурсан санав. Рамс 10 зарчим томьёолсны сүүлчийнх нь “Сайн дизайн гэдэг бол аль болох бага дизайнтай байх” гэсэн аж.

-Өөрөөр хэлбэл, юм ер нь энгийн байх тусмаа илүү үнэн, сайн байдаг. Энэ бол бэлэг дурсгалын зүйлд ч бас хамаарна. Энгийн хэлбэрийг л сонгох нь сайн хэмээн Дитертэй Дима  санаа нийлэв.

-За тийм байж. Ганц бэлэг дурсгалд утга учир, ой санамж, өнөөдрийн чухал зүйл, энгийн санаа зэргийг нэг дор яаж багтааж болох вэ? Бас дээр нь хүүхдэд таалагдах?

-За жишээлбэл, гарын дүйтэй хүн бүр л урладаг буриадын таван толгой малыг аваад үзье. Тэдгээрийг бэлгэдэж зүйрлэе л дээ. Тэмээг геополитик, адууг том улс орныхоо (ОХУ) бодлого, хонийг бүгд найрамдах улсын, бухыг бизнестэй, ямааг нийгмийн салбар болгож зүйрлэх.

-Бэлэг дурсгалын тэмээнд тэгээд геополитикийг яаж илэрхийлэх вэ хэмээн гайхаж асуув.

-Үгүй ядахдаа янз бүрийн улс орны төрийн далбаагаар будаж болно шүү дээ! – хэмээн Дмитрий бахдалтайяа дуу алдав.

-Эсвэл түүгээр глобус хийх үү? гэх маягаар би ойлгосноо хэлэв.

-Яг зөв. Эсвэл бүгд найрамдах улсын бэлгэдэл болгосон хонинд 2019 оны ойн түймрийн талаар бичсэн сонины нийтлэлүүдийн гарчигуудыг нааж болно. Галд өртсөн хонь хэмээн зүйрлэнэ гэсэн үг.

Глобус тэмээ, галд өртсөн хонийг Улаан-Үдийн бэлэг дурсгалын дэлгүүрүүдэд одоохондоо үзэж харах боломжгүй. Харах эсэх нь ч бас асуудалтай. Бусад хотод байдаг чадлаараа энэ чиглэлээр сэтгэж бүтээж байхад Буриадын нийслэл одоохондоо яарахгүй байна. Таван жилийн өмнө The Village сэтгүүл “Петербургийн шилдэг 30 бэлэг дурсгал”-ын цомог гаргасан. Тэрхүү жагсаалтад “Петербургээр аялсан жараахайн адал явдал” хэмээх ширээний тоглоом, I Петр хааны дүрс бүхий айфон утасны модон гэр, нэрмэл архи үйлдвэрлэгчдийн Петербургийн клубын “Метель” хэмээх нэрмэл, “Питерийн боржин чулуун хашлага” гэх мэт элдэвтэй, эгдүүтэй эд зүйл олон. Одоогоор Улаан-Үдийн бэлэг дурсгалын дэлгүүрүүдэд жишээлбэл, “Многоликая Бурятия” хэмээх ширээний тоглоом үзэж харж болно. Гэхдээ “Мнголикая Бурятия”, “Жараахайн адал явдал” хэмээх хоёр нэрийг харьцуулж үзье. Аль нь танд таалагдах вэ? Яагаад жишээ нь, “Зөвлөлүүдийн талбай дахь далайн хавын давуу эрх” гэж болохгүй юу? Аль эсвэл “Өлсгөлөн мангаснуудад хөөгдөж Буриадаар аялсан буузны түүх” ч гэж болох.

Аялал жуулчлалын “Байкал Будда тур” агентлагийн тэргүүн Эрдэни Дымчиков өөр нэгэн сонирхол татах бэлэг дурсгалыг өнгөрсөн хавар гүйлгээнд гаргажээ. Тэр нь “Буриадын тал нутгийн үнэр” хэмээх бэлэг дурсгалын бэсрэг уут. Дотор нь гоё хурц үнэртэй ганга өвс хийжээ.

Буриадын тал нутгийн үнэр ганга өвстэй бэлэг дурсгалын уут. Зардал өчүүхэн, сэтгэгдэл маш өндөр.

 

-Уутыг оросууд, гадаадынхан дуртайяа худалдаж авцгаадаг. Хямдхан, ердөө 235 рубль. Хүмүүс уутны  хэлбэр хэмжээ, торгомсог эд, хамгийн гол нь утга санаа нь их таалагддаг. Удахгүй “Буриадын үнэр” нэртэй, лаазалсан агаар бүхий ховор содон бэлэг дурсгал гаргана. Ой модоо зарж борлуулаад дууслаа, усаа юүлж зарж байна, харин агаараа арай л зарж амжаагүй байна! Агаар ч үнэхээр маш их л дээ!  хэмээн Дымчиков “МК в Бурятии” сонинд мэдээлсэн байна.

 

Урчууд өөрөө өөрийгөө л болгоцгоож байна

 

Дмитрий Батуевтай адилхан бодож сэтгэдэг урчуудтай Улаан-Үдэд тийм ч олон таарахгүй.

-Нутгийн гар учруудтай бид идэвхтэй ажиллаж, уулзалт зохион байгуулж, үр ашигтай сайн туршлагаас танилцуулж, вэб хуудсаар дамжуулан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Гэхдээ олон хүн өөрөө өөрийгөө болгож хэвшсэн хэвээр байна. Зарим нь интернет, инстаграм гэж юу байдгийг ч мэдэхгүй байна. Уллзалтад бүгдийг оролцуулж барах биш дээ. Урчууд өвөлд нь ажлаа хийж зун нь үзэсгэлэн худалдаа гаргадаг юм хэмээн Улаан-Үд дэх “Миний бизнес” дэмжлэг үзүүлэх төвийн ардын гар урлалын төвийн удирдагч Мария Ханхунова тайлбарлав.

Буриадад бэлэг дурсгал бэлтгэх ажил нэг л төвшинд царцсан байдалтай байна. Хүмүүс насаараа нэг л янзын эд зүйл урлаж, тэдгээр нь хэсэг хугацааны дараа уутандаа тоосонд дарагддаг. Бэлэг дурсгал үйлдвэрлэдэг хүмүүст бизнес боловсрол байхгүй, маркетинг, баглаа боодол, урагш ахиж дэвжих тухай ойлголтгүй. Тэд зүгээр л бүтээгдэхүүн гаргадаг. Гэхдээ энэ бол тийм ч санаа зовоох зүйл бас биш. Борлуулалтыг өөр хүмүүс хийж болно. Нутгийн урчуудыг орчин үеийн шинэ санаа, бүтээлч сэтгэлгээгээр цэнэглэх явдал гол нь.  хэмээн Ханхунова онцлов.

Лазер төхөөрөмж ашиглан модоор шинэ төрлийн бэлэг дурсгал үйлдвэрлэж байна. Гэрэл зургийг: Алексей Сватов.

 

-Буриадын бүх урчуудын бэлэг дурсгалыг дэлгэж тавьсан үзүүлэнгийн өрөө (шоу рум)- тэй болох нь миний мөрөөдөл. Энэ бол үзэсгэлэн ч биш, дэлгүүр ч биш. Энэ бол хөгжил, дэвшил, сэтгэлгээний орон зай. Тийшээ жуулчид, дипломат төлөөлөгчдийг дагуулж очиж болнохэмээн Мария Ханхунова өгүүлж байна.

 

Жуулчид Лениний дүрстэй цамц өмсөхийг хүсдэггүй

 

“Шоу-рум” хэмээх ойлголтод арай дөхөж очсон нь угсаатны зүйн ZAM дэлгүүр гэж болно. Тус дэлгүүр Буриадаас юу авч явж болох вэ гэдэг талаар мэдлэгтэй болсон өөрийн гэсэн худалдан авагч нартай болсон аж.

-Бид мэдээж, жуулчдын эрэлт хэрэгцээг баримжаалдаг. Энэ утгаар авч үзвэл Ленинтэй холбоотой намтар түүх одоо үеэ өнгөрөөжээ. Владимир Ильичийг тоож сонирхдог хүн бараг байхгүй болсон хэмээн дэлгүүрийг үүсгэн байгуулагч Арюна Цыбикова өгүүлэв.

ZAM дэлгүүр Лениний толгойн дүрс бүхий цамц (футболка) зарж борлуулахаар бодож төлөвлөсөн гэдэг. Гэхдээ урьдчилаад байнгын үйлчлүүлэгчдийн дунд “Ийм цамцыг та худалдаж авахсан болов уу” хэмээн асуулга явуулжээ. Бараг бүгд татгалзсан байна.

-Олон хүн Лениний толгойг өмсөхөд бэлэн биш байна гэж хариулсан юм. Би их гайхсан. Тэгээд бид уг цамцыг бэлтгэхээ больсон хэмээн Цыбикова дурсав.

Янз бүрийн улс орон, хотоос ирсэн жуулчид өөрсдийн сонирхлоор бэлэг дурсгал авдаг. Москвагийнхан хамгийн нүнжигтэй, үнэтэй гоёл чимэглэл, үндэсний хээ хуартай хувцас сонгодог. Дараа нь тэд найз нөхөддөө бас зөвлөдөг. Германчууд болон европын бусад орны хүмүүс “бага тусмаа сайн” гэсэн хэрэглээний нарийн зарчим баримталдаг. Чулуужсан модоор урласан бугуйвч аваад сэтгэл ханана. Хятадууд хушны самар гол төлөв авцгаана  хэмээн Арюна онцлов.

-Ногоон хашийг хэр сонирхох вэ? хэмээн тодруулав.

-Нэг удаа бид хятадын жуулчдын баг ирэхийн өмнөхөн ногоон хаш чулуугаар урласан гоёл чимэглэл ахиухан авчирч бэлтгэсэн юм. Гэтэл тэд бараг сонирхоогүй. Чанар, ур хийц, эсвэл өөр ямар нэг зүйл таалагдаагүй байх. Харин самрыг сайн авсан. Одоо бид БНХАУ-аас жуулчид ирэхийн өмнө урьдчилж самар татаж авч нөөцөлдөг юм хэмээн Арюна дурсав.

-Бэлэг дурсгал урладаг нутгийн урчуудад та юуг зөвлөх вэ?

-Бэлгэдэл, дүрслэлийг сайн бодох хэрэгтэй. Жуулчид Буриадын өчүүхэн жижиг хэсгийг ч гэсэн авч явах хүсэл сонирхолтой байдаг юм. Энэ л хамгийн гол нь.

Үнэт чулуун гоёл чимэглэл хэзээ ч нүд хужирласаар байх болно. Гэрэл зургийг: Алексей Сватов.

 

Сонины гарчгаар галд өртсөн хонь, эсвэл дэлхийн бөмбөрцгөн тэмээг бэлгэдэн дүрслэх урчууд тус бүгд найрамдах улсад хэзээ олон болохыг бүү мэд. Одоохондоо харин Ленинийг модоор урладаг хөвгүүд байгаа нь л намайг баярлуулж байна.

 

Төслөө хамгаалж чадсан бол тоног төхөөрөмж, материал худалдаж авах мөнгөтэй болно

 

Улаан-Үдийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төв хувиараа хөдөлмөр эрхлэхэд нь зориулж ажилгүй иргэдэд буцалтгүй тусламжийн тэтгэлэгийг нэлээд хэдэн жилийн турш олгож байгаа. Тухайлбал, бэлэг дурсгалын зүйлийн үйлдвэрлэл эрхлэхэд зориулан олгож байна. Төслөө бичиж, төсвөө зохиогоод өргөдөл хүсэлтээ гаргана. Худалдаа аж үйлдвэрийн танхим, ОХУ-ын хүний сайн сайхан аж байдал, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооны алба, ардын гар урлалын уран сайхны төв болон бусад байгууллагын төлөөлөл оролцсон комиссын өмнө төслөө хамгаална. Амжилттай хамгаалж чадвал 114000 рубль авна. Энэ мөнгөөр шаардлагатай тоног төхөөрөмж, материал худалдан авч, байрны түрээсийн төлбөрийг хийж болно. Гэхдээ нэг чухал болзол бий. Нэг жилийн дараа хэрэв уг бизнес “шатвал” бүх авсан мөнгөө буцааж төлнө.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ