Багш шавийн барилдлагаас батжиж зузаарсан нөхөрлөл

2019-12-13

Б.МУШГИА

Урлагийн гавьяат зүтгэлтэн, Э.Оюуны нэрэмжит шагналт, ахмад найруулагч

 

Анхнаасаа нүдэнд дулаахан, сэтгэлд ээлтэй туссан хүн

Би 1945 онд хичээл эхэлснээс хойш сарын дараа ирсэн сурагч. Манай Уран сайхны сургууль бол зөвхөн багш, самбар хоёроос өөр тийшээ харах эрхгүй дэглэмтэй ерөнхий боловсролын сургуулиас өөр, сонирхол татам газар санагдсан. Хөгжмийн нот, онол, түүх заах хичээл дээр дэгжин гангамсаг, сэргэлэн, нүдэнд дулаахан зузаан бор залуу багш (Дамдин) сурагчидтай мэндлэж, шинэ сурагч намайг олж хараад “Бос! нэр хэн бэ? Хаанаас хэн шалгаж авч ирэв?” гэж танилцаад суулгав. Хажуудах сурагч Т.Сайнхүү (Дорноговийн) миний чихэнд,

-Энэ багш мундаг ууртай, цоглог, хурц зантай. Бидний суугаа энэ сандлаар толгой дээгүүр сүнгэнүүлнэ, аймаар гэж шивнэлээ. Би нот, нотны задаргаа, хэм хэмжээ гэж огт дуулаа ч үгүй болохоор анхны хичээлийг ёстой нэг мангартаж өнгөрөөсөн. Цаг хугацаа яах ийхийн зуургүй хөвөрч урссаар… Би сургууль, хичээл, багш нар, найз нөхөдтэйгөө ижилсэж  танилцлаа. Дамдиа багшаасаа айж зоволгүй, мэдэхгүйгээ дор дор нь асууж, лавлаж дотнослоо.

Сургуулиа амжилттай төгслөө. Театрын туслах найруулагчаар шууд томилогдлоо. Шинэ үүрэг хүлээгээд томчуудаас айж гирэвшээд хариуцлагатны цуглаан хуралд оролгүй өнгөрөөлөө. Дамдиа мэдчихээд “Хариуцлагатны цуглаан яагаад таслаад байна? Удирдах нөхдийн үг сонсож, бодол саналаа хэлж ажиллах чинь, арга ухаан, хөлөө олдог юм” гэж аминчиллаа. Ингэж ажлынхаа зах сэжүүр, үүрэг зорилгоо өдрөөс өдөрт ухаарч төлөвших аяс орлоо.

 

Амьдралыг минь намтай холбосон ачтны нэг

Театрт бараг жилийн нүүр үзлээ. Ажлынхаа чиг мөр, арга барилаа ахмад буурлууд, багш нар, нөхдөөсөө суралцаж хөлөө олмор болж байлаа. “Намд ор, гишүүн бол” гэх хүн ч мэр сэр гарсаар. Дамдиа, жүжигчин Чимэдийн Долгорсүрэн (Догоо эгч) хоёр “Бид Мушгиаг батлан даая. Намын дүрэм, программ судлуулъя” гээд бүлэг бүлгээр нь  уншуулж, зааж, асууж, шалгааж “Намын гишүүн гэж ийм хүнийг хэлдэг” хэмээн үлгэр жишээ болсон хүний туршлага танилцуулж, байн байн шалгаж бэлтгүүлээд, бүх гишүүдийн болон хотын намын хорооны хурлаар сайн бэлтгэгдсэн гэж үнэлүүлээд гишүүн боллоо. Тэр үед элсэж байгаа, элсүүлж байгаа аль аль нь өндөр хариуцлага хүлээн, хатуу шаардлага давж гишүүн болдогсон. Намд 70 гаруй жил болж, улс нийгэм, урлаг соёлынхоо салбарт нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж, өдий зэрэгтэй яваагаа батлан даагчдын ач буян гэж хүндэтгэдэг билээ.

 

Бүлээрээ билгүүн их авъяастнууд

 

Дамдиагийнхан урлагийн авъяастнууд байсныг би мэднэ. Хань Д.Цэрэндулам нь Улсын төв театрын хөгжимчин, шанз, II  скрип тоглодог даруухан, түвшин дөлгөөн хүн байсан. 1949 оны хавар бурхан болж хорвоог орхисон. Нутаглуулахад нь сургуулиас Маамын Санжмятав, Төвийн Сайнхүү бид гурав оролцсон.

Охин Дамдиндулам нь нялх үлдсэн,  түүнийг хадам эх Дэжид нь өсгөж торниулсан. Дамдиндуламыг багаас нь мэднэ. Их ойр дотно яваагүй ч намайг “Мушка ах” гэж дууддаг байсан. Даруухан, намбалаг, үг дуу цөөтэй хүнсэн.

Дамдиагийн хадам эх Дэжид нь Төв театрын эрэгтэйчүүдийн хувцас хариуцдаг. Хариуцлага шаардлагатай, бичиг үсэг мэддэг намын гишүүн байсан.

Дамдиагийн төрсөн ах нэрт лимбэч Маам бол Ардын хувьсгалын таван жилийн ойгоор театрын ахмадууд Зөвлөлтөд дуу хуураа пянзанд бичүүлэхэд оролцсон ахмад жүжигчин. Өнөө хуучны пянзан дээр “Түдэв хуурдаж, Маам лимбэднэ” гэдэг хүн шүү дээ. Театрын түүхэн ахмадын нэг. Цэрэг цуухын алба хашиж Хэнтийд очсон юм уу, тодорхой мэдэхгүй. 1930-аад онд Төв театрт уртын  дуу дуулж явсан Сэсрэнжавын Дамчаа гуайнд Маам гуай байн байн очиж дуулж, лимбэдэж, наргиа яриа дэлгэж, олныг хөгжөөдөг байсныг 1980-аад оны эхээр Хэнтийн ордны ахмад жүжигчин Дамчаа гуайн охин Дариймаа, УГЖ Л.Буянхишигт нар сонирхож байснаа ярьдаг. Тэд “Маам гуай намхавтар, махлаг зузаан, Дамдиархуу, алиа хөгжөөнтэй, лимбэдэх нь тун уран уян, дотуур битүү амьсгаагаар эгшиглүүлдэгсэн” гэж ам булаалдан ярьдаг. Маам гуай дунд гарын, үе үеэр нь мөнгөөр бөгжилсөн эрээн хулсан лимбээ Хэнтий аймгийн музейн сан хөмрөгт 1984 оны наймдугаар сарын 17-нд худалдсныг, сан хөмрөгч Бадамдоржийн Батмөнх 2018 оны аравдугаар сарын 12-нд танилцуулж байсан. Эдүгээ билгүүн авъяастныг лимбэ нь дуурсгасаар яваа.

Театрын урлагт үлэмж нэр хүндтэй зүтгэсэн дүү Б.Цэрэндоржийг нь мэднэ. Тэрбээр театрын жүжгийн “тайз амьлуулагч” байсан. Дээр үед театр тайз бэлтгэлээрээ үзэгчдийг 10-20 минутаар уяж чилээн, хөшигний цаана түн тан гэсэн чимээ гаргаж алх хадаас тачигнуулдаг үеэс орчин цагийн техникжсэн соёлт үе хүртлэх он жилүүдэд тайзны ажилчнаар тасралтгүй ажилласан, “зүтгүүр шар” гэж нэрлэгдсэн мундаг ажилсаг, илүү дутуу зангүй хэн юу хий гэнэв, за л гэдэг хүн байсан. Баяр ёслолоор том жижиг шагналд заавал нэр нь гарч дуудуулдаг, хариуцлага, зүтгэл хослуулсан тэргүүний үлгэр жишээч хүн байсан гэж УДЭТ-ын ахмад мастер техникч, Соёлын гавьяат зүтгэлтэн Содовын Доржсүрэн дуртгалдаа дурсан бичсээн.

 

Бүтээлд минь сэржим өргөж, чимэг нэмж, урам хайрласан билээ

“Далан худалч” жүжгийн туслах найруулагчийн хувьд үзэгчдийн хүсэл сонирхлоор, үзэгдэл хоорондын хөгжмийн холбоос, зарим дүрийн харилцааг дуутай болгоё гэж Оюун багш надад зөвлөөд, “Чи цаад бүдүүнээрээ хийлгэ” гэж үүрэг буулгасан. Би тэр дор нь явж уулзаад хэлж учирласан. Жигтэйхэн уриалгахан “Бололгүй яахав. Хоёр гуравхан хоногт бэлэн болгоно” гэв. Би ч бөөн баяр. Гэтэл огт чимээгүй, харлаа, хүлээлээ, байдаггүй. Аргаа бараад дахиад очиж уулзлаа. Өөдөөс үг дуугүй дүрлийтлээ харж зогссоноо “Чи ер нь надад хэзээ хэлж захисан билээ, хө” гэж мэлзэнгүй байснаа гэнэт санав бололтой “Аа, тийм. Бал даргын байрны урдах зам дээр. Озгой чинь” гээд толгой сэгсрэн “Би тэгэхэд халамцуу явсан биш үү?” гээд хээв нэг инээдэг байгаа. “Чамайгаа алах шахаж, цаад мэргэн шардаа (Э.Оюун) одоохон өгнө гэнээ гэж хэлээрэй” гэлээ. Би өөдөөс нь “Та одоо эв эрүүл байгаа биз?” гэсэн. “Эрүүл байлгүй яахав дээ” гээд  пар пар инээж,  “Дүү минь зоволтгүй” гээд, үнэхээр хоёр хоног дээрээ гайхам сайхан монгол ая дан бичиж өгч билээ. Дамдиагийн ая дан  үнэхээр монгол хүний чихэнд наалдацтай гайхалтай шүү дээ. Үүний өмнө “Яндангийн дуу” жүжгийн гол баатар Авирмэд-Бадам хоёрын ирээдүйн өөдрөг саруул амьдралын билэгдэл болсон уянгын хөөрхөн дууны ая хийж өгөхөд, жүжигчин Б.Дашдаваа, Д.Мэндбаяр хоёр маань талархалтай хүлээн авч, эвлэг аятайхан дуулцгаасан.

Ингэж л түшигт нөхөр минь, багш минь өчүүхэн надад урам хайрлаж дэмждэг нь байж билээ.

Энэ дурсамжаа бичиж суутал, саахалтын хөрш цахилгаан сүлжээний ахмад ажилтан, наян нас шүргэсэн, Говь-Алтайн Бигэрийн уугуул, Хомоолын Цагаанбаатар орж ирлээ. “Юу хийж байна” гэж илүү үгтэв. Би өөдөөс нь “Чи Билэгийн Дамдинсүрэнг мэдэх үү?” гэсэн. Шууд л “Цагаан цасан малгайтай, ногоон модон хүрэмтэй” гээд хүнгэнүүлж нэг бадаг дууллаа. “Улс амьтан хөгшин хөвөөгүй “Учиртай гурав” гээд хошуурдаг биз дээ? Өдөр өнжилгүй өглөө оройгүй сонсдог сүлд дууллаа мэдэхгүй хэн байсан юм.

Түмэндээ нэртэй, төрдөө данстай эр дээ. Одоо нас сүүдэр нь бараг зуу болж байх байгаа биз. Хорвоог орхиж бурхан болоход нь манайхан чимээ аниргүй өнгөрсөн шиг санагдах юм” гээд уртаар санаа алдаж, ямар нэг юм нэхэх шиг харагдлаа. Тиймээ. Энэ иргэний үг … олны санаа бодлыг цухалзуулах бололтой. Үнэхээр мартаж үл болох хүний нэг,  аргагүй мөн гэж сэтгэлдээ улам тодотголоо.

 

Эр энддэг, эрэг нурдаг

 

Энэ үг их үнэн үг. Хэн ч, хэн хүний санаанд оромгүй зүйл хийдгийг бид мэднэ. Дамдиа амьдралыг өгсөж, авъяас билэг, ур ухаан, чадвараараа төрдөө ч, түмэн олондоо ч алдар гавъяа, нэр хүндтэйг хорьдугаар зууны монгол түмэн андахгүй. 1950-иад оны дундуур ЗХУ-д суралцаж байхдаа нэг орос иргэн бусдын халаас ухаж байхад хажууд нь байсан цагдаа харсаар байж өнгөрүүлэхэд нь “Чи ямар хариуцлагагүй, шударга биш нөхөр вэ?” гээд хацарт нь алга наасан хэргээр буруутгагдаж, Түнхэлийн мод бэлтгэдэг хорих лагерьт торны цаана буутай харуулын хяналтанд өөрийн эрхээр биш, өрөөлийн эрхээр хатуу хүтүүг амсаж, хал үзсэн хүн. Найруулагч Д.Ванганы хүмүүнлэг, сийрэг, нөхөрсөг сэтгэлээр, С.Удвал гуай тэргүүтний чармайлтаар эргэлтээр очих болоход би унаанд нь багтаагүй хоцорч, сэтгэлийн бяцхан зурвас, “гожин”, тавин төгрөгтэй явуулж  билээ. Удалгүй тэр хэцүү хатуу газраас суллагдаж, уран бүтээлийнхээ ажил, амьдралаа үргэлжлүүлсэн.

Би хөдөө ажиллаж байгаад хотод ирвэл, Дамдиа миний байсан аймаг орноор явбал бид заавал уулзалддаг байсан. Наяад оны сүүлчээр “Янгир” рестораны хажуугийн байранд гэрт нь тухлаж, ярилцаж, хөөрөлдсөнөө санаж байна. Дамдиа минь хэрэгт холбогдсоноо гүнээ гэмшдэгсэн. “Нутагтаа байгаа шигээ, омголон шударга зангаараа биеэ барьж хүлээцтэй байж чадаагүй. Очиж очиж гүн зузаан найрамдалт зөвлөлтийнхээ иргэнд гар хүрнэ гэдэг ч юу гэсэн үг вэ? тун базаахгүй юм болсондоо. Эр хүн эндэнэ гэдэг эрэг нурах шиг хямдхан юм билээ. Залуу та нар аливаа юманд хүлээцтэй хандаж яваарай” гэж сануулсан  нь мартагддаггүй. “Шударга байх ч зөв л дөө. Чи шударга чигээ битгий орхиорой” гэсэн. Би айх, ичих зовлон мэдэхгүй гэнэн залуудаа Дамдиагаа, багш нараа “Архи ууж, үлгэргүй явлаа” гэж шүүмжилж байсныг, “Чиний зөв. Нөхдийнхөө дунд бидний нүүрэн дээр, бидний сул талыг хэлсэн чинь зөв” гэж шулуун шударга явахыг сургамжилсан нь миний шударга явахад минь үндэс болсон гэж ойлгож явдаг. Энэ уулзалт бараг л бидний сүүлийн шахуу уулзалт байсан шиг санагдсан. Дамдиа минь нилээн өрөвдөлтэй зутруу харагдсан. Нэг гартаа хуурай, нөгөө гартаа чийгтэй алчуур барьж суугаагаараа урагшаа гулгаж шалаа арчиж байсан. Мундаг цэвэрч, нямбай чанараар зүтгэж байсан нь тэр. Би хэллээ. “Ганц аргал гал болдоггүй, ганц бие хүн айл болдоггүй, та минь хажуудаа цай хуваах хүнтэй болвол дээргүй юу” гэхэд “Ишш, Мушгиа минь тэр ярих юм биш. Би чинь хажиг зожиг, хүн амьтантай таарч тохирох нь өнгөрсөн. Нэг нэр, хоёр хоч, дараа дараа” гээд огт халгаагаагүй. Эрийг нас, уулыг цас гэгчээр аргагүй л хэцүүдэж байна даа гэж бодож суутал, жижиг улаан чемоданаас миний бичсэн захиаг нямбайлж хадгалснаа гаргаж, “Чамаас өөр захиа явуулсан хүн байгаагүй” гээд баярлангуйгаар, эр улсын маягаар хундага тулгаж суусан тэр жилийн тэр өдөр санаанаас гардаггүй дурсагддаг юм аа.

Дамдиад онцлог олон. Хоол тун гайхалтай амттай хийнэ. Залуугаасаа Хятад Шийянзаар гүйдэлтэй байсных байх даа. Тарвага гэхээр бараг шүлсээ унагаах шахам хорхойсоно. Чих салгалгүй чагнамаар гойд сайхан исгэрнэ. Заяасан суут авьяас нь биз дээ. Ардынхаа хөгжмүүд хуур, хуучир, шанз, ёочин, лимбэ цөмийг нь тоглоно, бас жүжиглэх хорхойтой. “Далан худалчийн Галдан ноёнд гаргаж өгөөч” гэж их гуйна аа. Гэмгүй тун аятайхан жүжиглэнэ. Нэг тоглолтод гардаг цагаас хожимдоод “Дамдиа хаа байна аа?” гэж сэмхэн дуудахад, гудамжинд яваа хүн шиг хамаа намаагүй “Би энд байна аа” гэж үзэгчдэд дуулдахаар хашгираад,  ялимгүй зэм хүртээд, дахин тоглоогүй юмдаг. Манай үзэгчид Дамдиаг чамгүй сайхан тоглодгийг “Ховдгийн гай” киноноос үзсэнээ мартаагүй байх аа. Ер нь олон талын авъяастай, суу билэгтэн байсан.

Хүний мөс сайтай, ноён нуруу тэгш, эрийн ханьтай, монгол эр хүн. Цар хүрээ агуулга өргөнтэй, амьдрах чансаа чадвартай, өргөн олныхоо зүрх сэтгэл, таашаал, сонирхол хүсэлд нийцсэн олон шилдэг бүтээлээ Монгол түмэндээ бэлэглэж, түмнийхээ зүрх сэтгэлд мөнхөрсөн суутны нэг мөн гэхэд хэн эргэлзэх билээ.

Хоёр жилийн өмнө Театрын музейд Дамдиагийн хөрөг зургийг дурсгаж байсан зээ хүү Энхцогт, Энхбат нартай нь азаар уулзалдаж, тэд надад “Ойн үеэр ном гарна. Та өөрийнхөө мэдэх Дамдиагаа дурсаж бичиж өгнө үү” гэснийг би баяртай хүлээн авч, дурсамж тэмдэглэл сийрүүлсэн минь энэ ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.12.13  БААСАН  №247  (6214)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ