Байгаль орчны суурь хуульд авлига бүгжээ

2019-12-13

Ц.МЯГМАРБАЯР

Уул уурхай нь байгаль экологид  онцгой эрсдэл үүсгэдэг халтай салбар.Тиймээс нөхөн сэргээлтэд төрийн хатуу зохицуулалт байх ёстойг мэргэжлийн байгууллагууд сануулдаг. Харамсалтай нь нөхөн сэргээлтийн харилцааг зохицуулж буй байдал хангалтгүй. Байгаль орчны тухай хуулийн хэрэгжилт муу учраас нөхөн сэргээлт хийдэггүй. Нөхөн сэргээлт хийгээгүй компанид үйл ажиллагаа эрхлэх эрх олгож байгаагийн цаана авлига бүгжээ. Байгаль орчны салбарын хууль, тогтоомжийн зохицуулалт, хэрэгжилтийн явц авлигын нөхцлийг бүрдүүлж байна хэмээн өчигдөр болсон “Байгаль орчинд үзүүлэх авлигын үр дагавар” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр  иргэний нийгмийн байгууллага болон хуульч, судлаачид онцлов. Учир нь нөхөн сэргээлт хийгээгүй компанийг дараа жил үйл ажиллагаа эрхлэх эрхээр нь  хангасаар байгаад гол асуудал байгаа аж. Уул уурхайн компаниуд нөхөн сэргээлтийн зардлаа жил бүр тооцдог. Зардлыг байгаль орчны нөхөн сэргээлтийн үнэлгээ хийдэг компани тогтоож 50 хувийг БОАЖЯ-ны  тусгай санд байршуулдаг. Өнөөдрийн байдлаар нөхөн сэргээлтийн үнэлгээ хийх эрхтэй  260 гаруй байгууллагыг БОАЖЯ байгуулсан байна. Хэдийгээр нөхөн сэргээлтийн зардал, хийх компани, хууль эрх зүйн зохицуулалт бий ч яам бүх компаниас нөхөн сэргээлтийн зардлыг нь бүрэн төвлөрүүлж чаддаггүйн улмаас авлига үүсэх нэг нөхцөл бүрдсэн гэв. Ашиглалтын лицензтэй 1300 гаруй компаниас 900 орчим нь нөхөн сэргээлтийн зардлаа төвлөрүүлдэг бол 400 орчим нь мэдсэн ч мэдэээгүй мэт байдаг. Нөгөөтэйгүүр, нөхөн сэргээлтээ хийсэн, санд зардлаа байршуулсан компанид  нөхөн сэргээлтийн зардлыг нь буцааж олгодоггүй. Зориулалтын дагуу нөхөн сэргээлт хийх ажилд хяналт тавьдаггүй, түүнчлэн зардлаа байршуулаагүй  компанид үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгодог зэрэг асуудал нь БОАЖЯ  авлигын эрсдлийг бий болгож ашиг сонирхлын зөрчилтэйг харуулж байна гэж “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан ярив. Мөн нөхөн сэргээлтээ хийсэн эсэхээс  шалтгаалж тухайн компанид дараа жил үйл ажиллагаа явуулах эрхийг нь Ашигт малтмал газрын тосны газар, харин хайгуулын тусгай зөвшөөрөлтэй компанид нөхөн сэргээлтийн  барьцаа хөрөнгийг сумын тусгай санд байршуулсан эсэхээс хамаарч засаг дарга эрхийг олгодог. Гэвч энэ тухай мэдээлэл ил тод байдаггүйгээс авлига үүсэх нөхцөл бүрддэг гэлээ.

 

Засаг дарга нар эрхээ хэтрүүлдэг

Энэ зохицуулалтын мэдээг хуульд заасан эрх хэмжээ олгосон зохицуулалттай харьцуулбал байгаль орчны салбарын хууль тогтоомжийн хөгжил хангалтгүй төвшинд байгааг тодорхойлж болно. Энэ нь хууль тогтоомжийн зохицуулалтад авлига нөхцөх үндсэн шалтгааны нэг байхыг үгүйсгэхгүй.

Нөхөн сэргээлтийн хөрөнгийн орлого, зарлага.

Хууль тогтоомжийн зохицуулалт хэрэгжилтийн орчин ямар байна вэ. Зохицуулалтаас болж авлига үүсэх боломжтой эсэх талаар Монголын хуульчдын холбооны дэргэдэх Байгаль орчны эрх зүйн дэд хорооны гишүүн, хуульч Д.Баяр судалгаа хийснээ танилцуулсан юм. Тэрээр байгаль орчны 15 суурь хууль дахь авлигын орчныг хэрхэн тогтоох шалгуур үзүүлэлтийг тодорхойлсон гэв. Өөрөөр хэлбэл, хуулиар олгосон эрх хэмжээ тодорхойгүй байна уу, эрх хэмжээ давхардсан уу, эрх хэмжээ нэг этгээдэд хэт төвлөрсөн байна уу, эсвэл эрх хэмжээ нь бүдэг байна уу. Түүнчлэн аливаа маргааныг шийдвэрлэхдээ зөв хууль хэрэглэсэн үү, хуулийг зөв тайлбарласан уу, материаллаг маргааны асуудлаар шийдвэрлэсэн үү эсвэл  процессийн маргаантай асуудлаар шийдвэрлэсэн үү гэх мэтчилэн шалгуур үзүүлэлтийг ашиглаж хууль тогтоомжийн төвшинд авлига байна уу гэдгийг тодорхойлсон аж. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хуульд авлига бүгсэн эсэхийг дээрх шалгуур үзүүлэлтээр тодорхойлоход аймаг, нийслэлийн Засаг даргад хэт өндөр эрх хэмжээ олгосоноос болж  ашиглалтын тусгай зөвшөөрлийг гэнэт их хэмжээгээр олгосон  эсвэл их хэмжээгээр гэнэт цуцласан байжээ. Цуцлах шийдвэрийн мэдээлэл тодорхойгүй, ил тод биш байдал нь авлигын эрсдлийг бий болгож байна хэмээн судалгаагаар нотолжээ. “Ариун суварга” ТББ-ын тэргүүн Г.Чагнаадорж “ Уул уурхайн салбарын зарим хуульд  аймаг, нийслэл, сумын  засаг дарга нарт хуулиар олгосон эрх хэмжээнд  зохицуулалт хийхгүй бол энэ албан тушаал авлигын хэрэгсэл болж байна. “ Хужирссан мал хужир дээр эргэлдэнэ гэгчээр Засаг дарга нар энэ албан тушаалд тэмүүлж буй нь авлигаар мөнгөжиж хөлжихийг нь хуулиар олгоод байгаатай холбоотой” гэв. Энэ судалгааг Канадын засгийн газар, Азийн сан хамтран ардчилсан оролцоотойгоор төрийн албанд, сайн засаглал, ил тод байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд хийсэн талаар зохион байгуулагчид ярьсан юм. Хэлэлцүүлэгт БОАЖЯ, АТГ, Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, байгаль орчны стратегийн өмгөөллийн  хуульчид, иргэд оролцсон юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.12.13  БААСАН  №247  (6214)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ