Х.Сүхням: Эрчүүдэд зориулж “Барбер” клуб байгуулсан

2019-12-13

Р.ОЮУН

Энэ удаагийн “Өөр зочин” булангийн зочноор “Monkey Gang Barber” клубын шивээсчин, үсчин Х.Сүхнямыг урьсан юм.

 

-Сүүлийн үед залуус шивээс их хийлгэх болжээ. Та энэ чиглэлээр хэдэн жил ажиллаж байна вэ?

-Шивээс дэлхийд танигдсан урлаг болчихоод байна. Бид ч гэсэн дэлхийн стандартад нийцсэн зориулалтын нэг удаагийн хэрэгслийг ашиглаж байгаа. Үүнийг мэдэхгүй хүн гэж бараг байхгүй. Би шивээс хийгээд зургаан жил болж байна. Багаасаа зураг зурах сонирхолтой байсан болохоор өөр дээрээ шивээс хийж үзээд хоббитой болсон.

Сүүлийн үед залуусаас гадна охидууд шивээс хийлгэж байна. Мөн олон жилийн өмнөх шивээсээ хүртэл арилгаж өөрчилдөг болжээ. Социализмын үед шивээстэй хүмүүсийг танхай, шоронд орсон болж бүтэхгүй хүн гэж буруугаар ойлгодог байсан. Барбер буюу үс, сахал засах Европт хөгжсөн бол монголчууд хоёр жилийн өмнөөс энэ урлагийг ойлгож эхэлж байна. Ойлгоогүй хүн олон байгаа болохоор барбер хүний өөрийн гэсэн стиль имиж, сонирхол, хэв маягийг даган дууриах хүмүүс бий. Шивээс Монголд урлаг болж байна.

-Барбер гэхээр ямар хүнийг хэлдэг юм бэ?

-Зөвхөн эрчүүдэд үйлчилдэг клуб гэж болно. Гэхдээ шивээсийг хүйс харгалзахгүй хийдэг. Эрэгтэй хүний сахал, үсийг засч, нүүрнийх нь гоо сайханд ханддаг хүнийг барбер гэж нэрлэж байгаа юм. Сахал эрэгтэй хүнийг эрч хүчтэй харагдуулдаг. Тиймээс бид ч гэсэн сахалтай болохыг мөрөөддөг. Бид энгийн үсчин шиг засдаггүй. Тэр хүний сэтгэлд нэвт хүрэх, дотоод мөн чанарыг нь олох, гаднаас нь өөрийгөө харах мөн чанарыг нь харуулдаг. Хүний эрүүний хэлбэр болон зөв төрхөнд тааруулна гэдэг тэр хүний мэдрэмж гэж ойлгож болно. Энэ мэдрэмжийг тултал нь эзэмшиж чадсан хүнийг барбер гэж байгаа юм. Байгаа байдлаараа хүмүүсийг даган дууриалгах юм. Манайд орж ирсэн бага насны хүүхдүүд хүртэл үсэндээ анхаардаг. Манай “Monkey Gang Barber club” байгуулагдаад найман сар болж байна. Энэ хугацаанд манайхыг нэг сая гаруй хүн мэддэг болжээ. Гадаадад эмэгтэй, эрэгтэй хоёр хүн явж байхад “Barber shop” гэсэн бичигтэй газар таарвал эмэгтэй хүн ордоггүй.

-Таны гар дээрх шивээс юуг илэрхийлж байна. Их содон юм?

-Миний гар дээрх бол шивээсний машины багаж. Үүгээрээ би шивээс хийдэг хүн гэдгээ илэрхийлж байгаа юм. Манайд чадвартай хүн олон бий. Социализмын үед шивээс дөнгөж хөгжиж байсан болохоор хэн нэгэн дээр тэмдэг тавих, айлгах утгатай байсан бол одоо өөрийн үзэл бодлыг илэрхийлэх биеийн хэл гэсэн үг. Манай залуучууд, бүсгүйчүүд биен дээрээ хайртай, дотныхоор хүмүүсийнхээ хөрөг болон нэрийг шивүүлж сэтгэлээ илэрхийлдэг. Залуусын 50 хувь нь их, бага гэлтгүй шивээстэй байгаа. Дахиад 10-20 жилийн дараа гэхэд илүү ойлгоно. Хүнд харагдахдаа гол нь биш.

-Танай клубынхан бүгд мэргэжлийн шивээсчид үү?

-Тэгж хэлж болно. Одоогоор шивээсний сургууль гэж байхгүй. Бүгд өөрсдийн сонирхлоор сурсан. Шивээс хийх урлаг чинь хүний бие дээр нэг ширхэг зураасыг ч алдаж болохгүй, хариуцлагатай. Тухайлбал, нэг илүү зураас хийсэн байна гээд арилгана гэсэн юм байхгүй. Нэгэнт орсон будгийг буцааж болохгүй. Тиймээс хүмүүс хийлгэж байгаа шивээсээ сайн бодох хэрэгтэй. Залуус сэтгэлийн хөөрлөөр ямар ч хамаагүй юм шивүүлдэг. Дараа нь төрийн албанд орохоор болбол яах вэ. Тиймээс хаанаа хийлгэх вэ гэдгээ бодох хэрэгтэй. Эмэгтэй хүмүүс далд газраа хайртай хүндээ харуулах зорилгоор хийлгэдэг. Ер нь эмэгтэй хүмүүс их бодож шивүүлдэг. Үүнтэй адил залуус маань ч гэсэн сайн бодоосой гэж хэлмээр байна. Мөн хийлгэж байгаа артистаа сайн сонгож, хийсэн бүтээлүүдийг нь харах хэрэгтэй. Манай “Monkey Gang Barber club”-ыг зорьж ирдэг хүн олон бий.

-“Monkey Gang Barber club”-ынхаа талаар товч танилцуулбал?

-Манайх Монголдоо анхны барбер клуб. Манайд ирснээр үсээ засуулна, шивээс хийлгэнэ, хөргөө зуруулна, мөн эхнэртэйгээ ирсэн бол хөмсгийг нь шивүүлж болно. Мөн биллиард, эксбокс тоглохоос гадна кофе ууж ч болно. Эрэгтэй хүн эрэгтэй хүндээ л нууцаа хэлдэг юм байна. Тухайлбал, эрэгтэй хүмүүс бухимдлаа эхнэртээ хэлж чаддаггүй учраас бидэн дээр ирдэг. Тиймээс бид харилцан ярилцаж тайвшруулж чаддаг. Яагаад гэвэл бид энэ хүмүүсийн нууцыг нь хадгалж чаддаг. Эмэгтэйчүүд гоо сайханд орохоор сэтгэл санаа нь амардаг шиг залуучууд маань манайд ирж үсээ засуулангаа багц үйлчилгээ авдаг. Барбер шоп гэдгийг ойлгосноороо өөртөө цаг, зав гаргаж байна. Барбер шоп гэдэг нь ямар ч эр хүнд тулгарсан бэрхшээлийг хөнгөлж чаддаг. Анх ирэхдээ тэгэхгүй л дээ. 2-3 удаа ирсний дараа бид найз нөхөд шиг болдог.

-Ер нь шивээс хийлгэх эрүүл мэндэд хортой гэдэг шүү дээ?

-Манайхан тэгж боддог. Мөн чанартаа хор уршиг байхгүй. Шивээсний будаг нь хүний биед тохирсон үйлдвэрээсээ патентлагдсан байдаг. Одоо бүх хэрэгсэл он, сар, цаг хугацаатай болсон учраас муу будаг, машин гэж байхгүй.

-Танай клубынхан сайн үйлсийн аян өрнүүлсэн гэсэн. Энэ талаар?

-Бид сая Улс тунхагласны баяраар сайн үйлсийн аян өрнүүлж асрамжийн газрын хүүхдүүдийн үсийг зассан. Мөн “Нарантуул” худалдааны төв дээр архи уудаг хүний үсийг засаад өмнө нь ийм хүн байсан гэдгийг нь харуулаад “Та өөрчлөгдөхийг хүсч байна уу” гэдгийг санал болгоод зөвшөөрвөл өөрчилнө. Өөрсдийнхөө чаддаг зүйлээр тэр хүнд жаахан ч гэсэн юмыг харуулахыг хүсч байна. Би бас нэг зүйлийг гайхаж байна. Манай цагдаа нар шивээсгүй, хүнийг хүндлэх үнэлэмж байдаггүй. Гэтэл европын цагдаа, эмч нар эрэгтэй, эмэгтэйгүй шивээстэй байдаг. Тэгэхээр шивээсийг өөр өнцгөөр хардаггүй юм билээ. Гэтэл манайд бие дээрх бичигнээс болж төрийн алба хүнийг гадуурхаж болохгүй байх л даа. Манайхан нэг юманд хэтэрхий туйлширдаг. Ер нь шивээсийг энэ урлаг шүү гэж ойлгож харах хэрэгтэй. Латин Америк, Япон шивээсээр хөгжсөн. Одоо бидний хийж байгаа уусгалтай зургийг япончууд 1970, 1980 онд хийдэг байсан. Гэтэл манайд одоо л дөнгөж хөгжих гэж явна.

Хүүхдийн үсийг хүссэн засалтаар нь засч өгдөг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.12.13  БААСАН  №247  (6214)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ