Д.Алтанхуяаг:  “Цөмөөхэй” тоглолтод 199 хүүхэд оролцоно

2019-12-12

Б.ТУУЛ

Монголын балетын хөгжил сан 2010 онд байгуулагдсан. Тус сангаас жил бүр шинэ жилийн баяр угтан зохион байгуулдаг томоохон  уран бүтээлийн нэг нь “Цөмөөхэй” буюу  П.И.Чайковскийн дэлхийд алдартай “Щелкунчик” балет юм. Энэ жилийн “Цөмөөхэй” тоглолтын талаар гавьяат жүжигчин Д.Алтанхуяг “Үндэсний мэдээллийн төв”-д өчигдөр хэвлэлийн бага хурал хийсэн юм.  Уг тоглолт  шинэ жилээр дэлхийн олон оронд тоглогддог бөгөөд Монголд зургаан жилийн өмнө Монголын балетын хөгжил сангийн уран бүтээлчдээр дамжуулан хүүхэд, багачуудад хүрч байсан юм.

“Цөмөөхэй” балетын тоглолтод жил бүр  200 гаруй хүүхэд тоглодог байсан бол энэ жил 199 хүүхэд тоглох аж. Монголын хүүхэд багачуудтай уулзаад, зургаа дахь жилтэйгээ золгож буй “Цөмөөхэй”-д тоглосон хүүхдүүдийн тоо одоо 1000 хол давжээ.  Энэ жилийн хувьд, “Цөмөөхэй” балет нь  УДБЭТ-т арванхоёрдугаар сарын 20, 21, 27, 28-ны өдрүүдэд тоглогдох юм байна. Тоглолтод  энэ жилийн сонгон шалгаруулалтад тэнцсэн хүүхдүүд оролцохоос гадна Хөвсгөл аймгийн Цагааннуур сумаас цаатан хүү ирж оролцоно гэдгийг бид өмнө нь мэдээлж байсан. Энэ тухай Д.Алтанхуяг “Би Хөвсгөлд аялж яваад санаандгүй 11 настай цаатан хүүтэй тааралдсан юм. Тэгээд цаа бугыг нь сонирхох зуураа хүүд  тоглолтынхоо тухай дуулгасан. Тэгээд зураг, бичлэгийг нь үзүүлэхэд ихэд сонирхон хүлээж авсан. Тэгээд энэ удаагийн тоглолтод  Хөвсгөл аймгаас цаатан хүү Сугараа ирж оролцоно. Тиймээс энэ удаагийн “Цөмөөхэй”-д сонгон шалгаруулалтад тэнцсэн шинэ хүүхдүүд тоглохоос гадна шинэчлэгдсэн  дүр төрхтэйгээр үзэгчдэд хүрч буйгаараа онцлог юм” гэв. Мөн гавьяат  жүжигчин Д.Алтанхуяг өөрөө “Цөмөөхэй”-д тоглох бөгөөд тэрээр ОХУ-ын Пермь хотын театрын гоцлол балетчин Р.Булган тоглоно. Мөн УДБЭТ-ын чадварлаг уран бүтээлчид, Соёлын тэргүүний ажилтан Б.Саруул, Б.Мөнхнаран, Ө.Мөнхжин, М.Нандинцэцэг, О.Даваадорж нар тоглоно. Цаашид “Цөмөөхэй” тоглолтыг дан ганц  нийслэлийн хүүхэд, багачуудаас гадна аймаг, орон нутгийн хүсэлтээр хөдөө орон нутагт тоглох боломжтой. Энэ тоглолтоор бид хүүхэд багачуудаар дамжуулан нийгэмд урлагийн боловсрол олгож, хүүхэд багачуудад хүмүүжил төлөвшлийг олгох зорилготой юм” гэдгээ дуулгав.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ