“Хүүхдүүд амьдрах ухаанд суралцаж байна”

2019-12-12

Р.ОЮУН

Энэ удаагийн “Урлан” буландаа Хүүхдийн урлан бүтээх төвийн Хүүхэлдэй, бэлэг дурсгалын ангийг онцолж байна. Учир нь хүүхдүүд модоор хүүхэлдэй урлахаас гадна хаягдал материал ашиглан юмханаар юм хийх амьдрах ухаанд суралцаж байна. Тухайлбал, монита зарлаж үнэтэй зүйл авахаасаа илүү өөрийнхөө урласан гар урлалыг бэлэглэдэг болжээ. Бид зорьсон ангидаа ороход 10 гаруй хүүхэд зураг зурж, багшийн хажууд хоёр хүүхэд зурсан зурагаа үзүүлж зөвлөгөө авч байлаа. Энэ ангийг Монголын урчуудын эвлэлийн хорооны гишүүн, зураач, Хөдөлмөрийн, нийгмийн, боловсролын, Соёлын тэргүүний ажилтан Ж.Сарантуяа багш удирдан явуулж байгаа бөгөөд урлан бүтээх төвд Хүүхэлдэй, бэлэг дурсгалын ангийг нээснээс хойш 23 дахь жилдээ багшилж байгаа ажээ.

Тэрээр “Хүүхдийн оюунаар бүтсэн гар урлалын бүтээл үнэт бүтээлд тооцогддог. Хүүхэлдэй хийхээс өмнө эхлээд ийм загварын ийм юм хийнэ гэж зурагаа зурчихаад түүнийхээ дагуу загвар гаргаж токарчинд өгч хэлбэр дүрсийг нь гаргуулдаг. Хүүхэлдэйг хуш модоор зорвол ширхэг нарийнтай, сайхан болдог ч үнэт материалд ордог учраас нарс модоор урлаж байна. Нарс модны өнгө бараан, модны хээ нь тод судалтай байдаг. Гол нь ямар модоор хийсэндээ бус ямар загвар гаргаж, модоо хэрхэн амилуулахад байдаг. Багш хүүхдүүддээ сурч, мэдсэнээ заахаас гадна тэднээсээ суралцана. Нэг жилд 82 хүүхэд сурдаг гэхээр 82 сэтгэхүйгээр хийдэг учраас энэ дундаас багш өөрийнхөө бүтээлийн санааг авч суралцдаг” гэсэн юм.

Сурагчдын бүтээлүүд.

Урлан бүтээх төв сургалтын материалыг нь бэлдэж өгдөг ажээ. Хүүхэлдэй урлахад мод нь нойтон, давирхайтай байж болдоггүй юм байна. Учир нь машин дээр зордог болохоор хуурай байх ёстой. Бэлэн болсон модоо будаж, чимэглэн хувцасладаг. Хувцаслах, будаг хоёрыг хослуулан хийдэг байна. Сүүлийн хүүхэлдэйгээ цуврал, үлгэрийн сэдвээр, өөрийнхөө дуртай үлгэрийн баатруудаар авангард урлагаар чөлөөтэй хийлгэдэг байна. Ингэснээр хүүхдүүд хийж байгаа зүйлдээ дур сонирхолтой байдаг. Энэ нь хүүхдийн чөлөөт цагийг зөв өнгөрүүлснээр сэтгэхүй нь хөгжиж цаашаа задарч өгдөг байна. Хүүхдийн урлан бүтээх төвийн Хүүхэлдэй, бэлэг дурсгалын ангид II-XII ангийн 85 хүүхэд дөрвөн ээлжээр хичээллэж байна. Хүүхдэд ачаалал өгөхгүйн тулд тухайн заасан хичээлээр сургалтаа авангаа бүтээлээ урладаг байна.

Хүүхдүүд сонирхлынхоо дагуу сонгож ордог болохоор хийж байгаа бүтээлдээ сэтгэл зүрхээ зориулж онгодоо хөглөдөг. Бүтээлээ хийж байхдаа аз жаргалтай, баясгалантай, хийж байгаа зүйлдээ дуртай, хамаг анхаарлаа хандуулдаг. Манай төвөөс хүүхдүүдээ уралдаан тэмцээнд оролцуулахаас гадна Монгол дахь Элчин сайдын яамдуудтай хамтран олон уралдааныг зохион байгуулдаг. Мөн оролцсон уралдаан тэмцээндээ эхний гурван байр эзэлдэг нь тэдний амжилт юм хэмээн Ж.Сарантуяа багш шавь нараараа бахархан ярьж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.12.12  ПҮРЭВ  №246  (6213)

Ж.Сарантуяа багш “Япон бүсгүй” бүтээлээрээ 2004 онд уран хийж шагнал хүртжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ