С.Дэлгэр: Хөгжмийн зохиолчидтой хамтарч дуу хийхийг  хүсдэг

2019-12-12

Ч.ОЛДОХ

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаан хад хотын монгол дунд сургуулийн монгол хэлний  багш, яруу найрагч  С.Дэлгэртэй ярилцсанаа хүргэе.

-Та багаасаа монгол хэл сурч шүлэг бичсэн үү?

-Миний аав  нэртэй яруу найрагч, харин ээж минь  Дундад улсын гавьяат багш хүн л дээ. Ийм гэр бүлд  хүү нь болон төрж, багаасаа аавынхаа шүлэг зохиолыг сонсч, уншиж  өссөн болохоор  монгол хэл,  уран зохиолд  багаасаа дурласан. Сургуульд ороод   монгол хэл,  уран зохиолын хичээлд  шамдан суралцсан. Монголын уран зохиолыг амтархан уншиж өссөн. Энэ нь нөлөөлсөн байх, би багаасаа шүлэг зохиол сонирхон бичиж  өдий хүрлээ.

-Ар Монголд ирээд хөдөө нутгаар аяллаа гэж байсан. Хаагуур аялав?

– Инжинашийн “Хөх судар”-т гардаг Хөдөө аралд очиж үзсэн.  Их Эзэн Чингис хааны төрсөн нутаг үнэхээр бахархам сайхан байгальтай юм.  Мөн Их Д.Нацагдоржийн төрсөн  нутгийн өнгө үзэмжийг сонирхож, олон сайхан шүлэг бүтээлийн санаа төрсөн.

-Таныг  хөгжмийн зохиолч Б.Магсаржавтай  хамтарч  дуу бүтээсэн гэж сонсч байсан юм. Хэчнээн дуу бүтээв?

-Бид хоёр хамтраад нэлээд хэдэн  дуу зохиосон. “Залуу нас” гэж дуу их дуулагддаг. Энд ирснийх Ар Монголын хөгжмийн зохиолчидтой хамтарч ажиллах хүсэлтэй явдгаа энэхүү ярилцлагаар дамжуулан хэлье.  Монголд ирээд өөрийн бичсэн дууны шүлгүүдээр сайхан дуу бүтээх  хүсэл байна.  Монголын хөгжмийн зохиолч,  багш нар,  дуучид, уран бүтээлчидтэй   хамтарч ажиллахыг  хүсч байна. Холоос мөрөөдөж байсан бол энэ удаа Монголд ирээд ярилцлагаар дамжуулан сэтгэгдлээ илэрхийлж байгаадаа баяртай байна. Мөн сүүлийн үед түүх судлалыг их сонирхох болсон. Иймээс Хөдөө арал зэрэг түүхт газраар аялсандаа их баяртай байгаа.

Танай Улаанхад хотын Байран баруун хошууныхан  зохиолч, найрагч олонтой санагдсан?

-Дундад улсын монгол туургатнуудын уран зохиолд  Байран нутгаас төрж гарсан, хэлний уран үгсийн сангаас зохиол бүтээлээ туурвисан олон зохиолч  зонхилдог. Байран нутаг зохиолч, найрагчдын голомт нутаг.

-Түүх сөхвөл  “Болор эрхи”-ийг зохиосон Раш Пунцаг гэж найрагч байсан.  Сүүлийн үед ардын аман яруу найрагч Шагдар гэж байсан. Академич Б.Цэрэнсодном нарын  эрдэмтдийн  найруулсан  номд  шог шүлэгч Шагдар гэж  Байран нутгаас  цолгорсон  ардын аман яруу найрагчийн бичсэн зохиолууд орсон байдаг санагдана?

-Тийм шүү. Түүнээс гадна  А.Осор, эрдэмтэн, яруу найрагч На.Сайшаалт,  А.Дамбийжалцан гэгээн нарын олон шилдэг зохиолч Байран нутгаас төрж гарсан. Тэр дотроос  Дундад улсын дотор уран зохиолын голомт болсон энэ нутгаас цолгорон гарч монгол уран зохиолын суурийг тавьж, өнөөдөрт тултал маш олон  уран бүтээлч, зохиолч  өнөөдөр эх хэлээрээ яруу найраг, зохиол бүтээлээ бичиж туурвиж яваа.   Байран нутгаас одоо ч зохиолч, уран бүтээлч олноор төрөн гарч,  одон мичид шиг гялалзаж, урлагийн тэнгэрт  өөрийн оюуны хөдөлмөр, билгийн  цацлыг өргөж яваа.

-Түүх дурдвал Дээд монгол, өвөрмонголчууд  дотор байранчууд ямар хүмүүс вэ?

-“Монголын нууц товчоо”-нд байран аймаг гэж маш тодорхой тэмдэглэгдсэн байдаг. Байран аймгийн дундаас “Монголын нууц товчоо”-нд тэмдэглэгдсэн түүхэн хүн бол Хорч ноён, Наяа нар. Байран аймаг  нь  Алтай, Хангай нуруугаар амьдарч байснаа сүүлийн үедээ Халх гол, Хянганы  даваагаар нутаглаж, Манжийн засаглал Чин улсын  үеэс хошуудыг хуваахад Шар мөрөн, Цагаан мөрний  сав дагууд очиж  хошуу болж суурьшсан. Өвөр  таван отог халх гэж  ярьдаг байсан. Хонгирад, Жарууд, Байран гэх мэт өвөр таван отог халх гэж байсан. Сүүлд хошуу хуваарилах үеэр Жарууд отог болж, Байран аймаг  хуваагдсан байдаг. Байран аймаг хоёр хошууныхаа  дунд хуваагдаад орсон байх. Байран аймаг бол Шар мөрөн, Цагаан мөрний сав газарт мал аж ахуй эрхлэн  амьдарч  хошуу чуулган болсон байдаг. Түүхийн тэртээгээс нүүж сууж, хошуу хөдөлгөж ирсэн байранчууд өнөөдөр уламжлалт  монгол соёлынхоо хөрсөн дээр, өөрийн өв соёлоо  залгамжлан голомтоо бадруулж, аж төрж  үржин дэлгэрч, өнгөтэй  өөдтэй  амьдарсаар байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ