Ноён уулын Ялалт

2019-12-13

Ш.ПҮРЭВСҮРЭН

Ерээд оны эхэн үед “Монэл” нэртэй өнгөт зурагт гарч тухайн үедээ шуугиан болж байсныг бид мэдэх билээ. Орос хар цагаан зурагт ноёлж байсан тэр үед Монголчууд өөрсдөө өнгөт зурагт угсарна гэдэг үнэндээ хэний ч санаанд ороогүй зүйл байсан. Хадаас ч хийж үзээгүй Монголчууд өнгөт зурагт хийчихсэн байна гээд Оросуудын нүд нь орой дээрээ гардаг байлаа. Монголын шинжлэх ухаан, технологийн нэрт эрдэмтэн, доктор, ШУ-ны гавьяат зүтгэлтэн Ялалт гуайг хүмүүс Монэлийн гэх тодотголоор нь андахгүй.

Хэдэн жилийн өмнө Ялалт гуай Эрдэнэжав доктор бид гурав орон нутгийн телевизийн урилгаар үүр хагаслан Мандал сум руу гарч өгөв өө. Тэр үед Ноён уулыг ухуулахгүйн төлөө “Ноён уулаа аваръя” хөдөлгөөн үүсэж, Цэрэннадмид эгч тэргүүтэй хөдөлгөөнийхөн хөхөө өвлийн хүйтнээр төв талбай дээр өлсгөлөн Ялалт доктор ниийслэлийн захиргааны хэргийн шүүхийн өмнөх ялалтын хонхны дэргэд 1918 он зарлаж цагдаа нар хүчээр тарааж бөөн бужигнаан болж байсан үе. Замдаа үе тэнгийн гурван өвгөн юу л эсийг ярих билээ. Ноён уулын түүх, Козловын экспедиц, их хэлмэгдүүлэлт, дэлхийн хоёрдугаар дайн, Монголд төмөр зам баригдсан түүх, 505-ын хоригдлууд, тэндээс оргосон халимаг эр хүрэн сахалт Сусаев… Ерөөгийн буриадууд, Мандал суманд баригдсан Монголын анхны шорон, олзлогдсон Япон цэргүүд гээд дуусашгүй яриа хөврөнө. Эрдэнэжав гуайн их мэдлэг, түүнийг нь үе үе таслах Ялалт гуайн хөгжөөнтэй онигоог сонссоор явтал нэг мэдэхэд Зүүнхараа ороод ирсэн байж билээ.

Ялалт ах маань 1945 оны 5 сарын 9 буюу эх орны дайны ялалтын өдөр төрж, аав Шархүү гуайн хадаг барьсан гуйлтаар  академич Б.Ширэндэв түүнд энэ нэрийг хайрлажээ. Ямартай ч Ширэндэв гуайн өгсөн нэрний маань ард байнга ялалт байсан юм шүү гэж ярих нь өнөөдрийн Ноён уулын ялалтыг зөн совингоороо мэдэж байсан бололтой.

Түүнийг наяад оны эхээр компьютер үйлдвэрлэнэ гээд ярьж явахад нь ШУА-ийн Физик техникийн  хүрээлэнгийнхэн  “Ялалт минь наадах чинь яагаад ч бүтэхгүй, эсгий оймсоо олигтойхон хийж чадахгүй байгаа хүмүүс чинь элэнцэгнийх нь компьютер вэ” гэдэг байж. Өнгөт зурагт угсарна гээд гүйтэл хамтран зүтгэгчид нь “Энэ Ялалт янз янзын юм бодсоор байгаад бүр мэдрэл нь муудчихаж, Шар хаданд үзүүлэхгүй бол горьгүй болжээ” гэх ухааны юм ярьж байжээ. Гэвч тэрээр  чадна, манай инженерүүд юуг ч бүтээнэ, монгол хүний оюун ухаан гэж өөр юм байх ёстой гэж дайрсаар байгаад бүгдийг бий болгосон байдаг.   Зурагтынхаа анхны шугамыг КТМС-ийн тэнд угсарч байсан, одоо ч тэр нь “Монелийн буудал”  нэртэй хэвээрээ.

Ялалт гуай аавынхаа тухай байнга ярина. Аав  Шархүү гуай Ургамал газартариалангийн хүрээлэнг Зүүнхараад байхад нь олон жил ажилласан эрт ургацын байцааны сорт Монголд анх бий болгосон гавьяатай агрономич хүн. Бага насаа Ноён уулын хормойд өнгөрөөсөн Ялалт ах маань уул усныхаа төлөө гэсэн  сэтгэлтэй нэгэн байлаа. Насаар надаас арав гаруй ах түүнийг “Ахаа, та” гээд ярихаар мань хүн их дургүй, юун ёсорхуу юм чи л гэнэ биз дээ, жар гарсан өвөө эмээ нар бие биенээ ахаа эгчээ гэж дуудах муухай гэнэ. Энэ талаараа орсорхуу зантай, оросууд дотнын ахмад хүнээ бүр аав ээжийгээ хүртэл чи гэж дууддаг шүү дээ.

“Аав чинь яагаад гавьяат болоогүй юм бэ” гэж асуухад тэрээр “Юун гавьяат манай аав чинь дөрвийн дөрвөн алтан гадас одонтой хүн, түүнээс илүү гавьяа юу байхав” гэнэ. “Яагаад төр засаг ядаж хөдөлмөрийн гавьяаны одон өгөөгүй юм бол” гэхэд “Бүү мэдээ, аав маань дээдсүүдтэй таардаггүй байсан л гэлцдэг юм” гэсэн. “Энэ Ялалт Зүүнхараад дунд сургуулийн хүүхэд байхдаа богино долгионы радио угсарч, Өвөр монголын радио сонсдог байсан нь баригдаж цагдаад байнга дуудагдаж байсан” гэж Эрдэнэжав гуай ярьж явлаа.

“Зуны халуунд Хараагийн голын ялаа шумууланд идүүлж, ажилчидтай нь хамт аавынхаа туршлагын талбайн хог ургамлыг зулгаалцдаг байсан тэр үе л миний амьдралын хамгийн аз жаргалтай мөчүүд байжээ” гэж ярихдаа хоолой нь зангирна. Тэрээр Зүүнхараагийн төвд аавдаа зориулан босгосон мундаг хөшөөгөө Эрдэнэжав доктор бид хоёрт үзүүлж, Хараагийн баруун урьд талын уулын энгэрт Хүннүгийн үеэс эхлээд энэ газар амьдарч байсан Монгол угсаатны үе үеийн хаадын хөшөөний цогцолбор босгох бодолтой байгаагаа ярьж, намайг энэ ажилд хөрөнгө оруулагчид олж хамтран оролцохыг санал болгож явсансан. “Хэрэв Канадууд Ноён уулыг ухаад эхэлбэл яахав”  гэсэн чинь “Тийм юм хэзээ ч болохгүй. Танай Увсынхан газрын тос хайсан Хонконгийн гуйлгачингуудыг нутагаасаа хөөгөөд явуулсан байна лээ. Чи ганц удаа хорь гучин морьтон Увсаас авчраад энэ золигийн Канадуудыг хөөлгөөдхөөч, би мөнгийг нь гаргая” гэнэ.  Намайг “Заавал Увсаас гээд байх юу байдаг юм. Танай хажуугийн энэ Баруунхараагаар дүүрэн баядууд байгаа ш дээ” гэхэд “Эд нарыг цаад Канадууд чинь манай энэ Мандалынхантай адил аль хэдий нь худалдааад авчихсан байх оо” гээд тас тас хөхрөх. Яаж ч уурлаж цухалдаж байсан Ялалт гуайн амнаас хараалын үг гарахыг би ер сонсоогүй ээ. Их ууралсан үедээ “Яадаг муу золиг вэ л” гэнэ.

Ноён уулын ээлжит нэг шүүх хурлын үеэр ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийнхэн  “Ноён уулан дахь Сентерра гоулдын лицензтэй талбайд булш бунхан олдвор илрээгүй, хэрэв ухалтын явцад илэрвэл нэн даруй тэдэнд мэдэгдэх ёстой” гэсэн дүгнэлт гаргаж өгсөн байхыг сонсоод нилээд айхтар нервтсэн боловч “Чулуун яаж байгаа золиг вэ, тэсэлж дэлбэлж байгаа газраас булш бунхан илрэнэ гэж юу ярина вэ” түүнийг чинь хямсаагаар түүдэг юм ш дээ гээд л барайж байсан юм.

Ялалт гуайг ЗХУ-ын Харьков хотод инженер мэргэжил эзэмшихээр явахад нь Ширэндэв академич хэрхэн тусалсан тухай, мөн Ширэндэв гуай аав хоёр нь ямар мундаг дотнын найзууд байсан тухай ам ангайлгам сонин түүх ярьсаар холын зам амархан өнгөрсөн билээ. Тэрээр Болгар улсад электроникийн ухаанаар докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн, мөн цагтаа манай шинэ Үндсэн хуулийг батлалцсан улс төрч хүн.
Монгол Улсад анхны компьютер, анхны телевизийг түүний удирдсан баг хамт олон угсарч, 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед Монголын электроникийн шинжлэх ухаан дэлхийтэй зэрэгцэн хѳгжиж чадахыг баталсан ховорхон эрдэмтэн энэ хүн анх Монэл телевизийг Монголд угсрахын тулд ямар их зовлон бэрхшээлийг туулсан тухайгаа ярихыг сонсоход бахдалтай. /”Монэл” гэж “Монголиа электроникс” гэсэн үгийн товчлол/.

Тэрээр энэ ажлаар анх Япон явахаар болж тэр үеийн Сангийн яамны сайд  Долгормаа гуай дээр орж замын зардал мөнгө гуйжээ. Долгормаа гуай ч түүний хийх гэж байгаа их ажилд ихээхэн итгэл муутай, нилээд дурамжхан янзтай хандан өдрийн 25 доллараар бодож зардлыг нь баталсан гэнэ. Мань эр мөчөөгөө өгөхгүй “Сайдаа энэ чинь хоногийн хоолонд ч хүрэхгүй мөнгө, бид чинь буудлын мөнгөгүй  гадаа гудамжинд хонох хэрэг үү” гэж. Долгормаа гуай “Наадах чинь манай яамнаас батлагдсан төсвийн дээд хязгаар” гэхэд нь мань эр тэсэлгүй “Та нар гадаадад айлчлахдаа тухайн орны нөхдүүдээр зардлаа даалгадаг биз дээ? Бид чинь бизнесийн хүмүүс” гэх мэтээр үзэлцсээр очих хоногийн тоогоо хоёр дахин уртасгаж байж хэдэн доллар нэмж батлуулж авсан даа. Дараа нь үйлдвэр барих зээл авах гэж ямар аймаар юм болсон гэж бодно” гэх мэтээр сэтгэлд багтаж, үнэмшээргүй түүх ярьдаг байлаа. Бид хоёр бараг өдөр болгон шахуу утсаар ярьдаг, мэйл бичилцдэг, ярих болгонд л өвгөн нэг шинэ юм сэдчихсэн сууж байдагсан.

Нэг удаа ярьж байна. “Пүүжээ хоёулаа ерөөсөө Ноён уулын асуудлаар Энхболд дээр оръё. Миний шавь байсан хүн, надад туслах нь лав” гэж байна. З.Энхболд тэр үед их хурлын дарга байсан үе. “Үгүй ээ. Ялалт ах минь цаад Энхболд чинь Ноён уулыг ухуулна төнхүүлнэ гээд стратегийн ордын ангилалд оруулж, урт нэртэй хуулийн үйлчлэлийн хүрээнээс гаргана гээд өөрөө зүтгүүлээд яваа хүн ш дээ” гэсэн чинь “Арай ч үгүй байлгүй” гэж байсансан. Намайг “Энэ хэвлэлийнхэн Ноён уулын асуудал хөндсөн материал өгөхөөр авахаа больчихлоо, бүгдтэй нь хаалтын гэрээ хийсэн бололтой” гэхэд “Яадаг муу золигнууд вэ гээд л Хөх толбын Эрдэнэбаатар руу тэр дор нь ярьж байх жишээтэй. Сүүлд нь зарим нь жаахан тоохгүй тийшээгээ болчихсоныг эс тооцвол мань хүнийг танихгүй мэдэхгүй хүн гэж Монголд ховор байлаа.

Хүнд их итгэмтгий хүүхэд шиг зантай хүн байжээ. Ноён уулын шүүх хуралд нэхэмжлэгчийн талд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж, бид хоёр мөн ч олон удаа шүүхийн хаалга татсан даа. Мань эр наснаасаа нилээд залуу оворгүй харагдах авч, хөл муутай таягтай явдаг тул “Цэцэрлэгийнхээ өвөөг авч явахаа мартаагүй биз” гээд л утасдана. Тэднийх 11-р хороололд хожим нь Сэлх рүү нүүсэн юм. Хошин шогийн мэдрэмж асар өндөр, дандаа алиалж элдэв сонин онигоо ярьж хүн амьтан хөгжөөж  явна.  Нэг удаа түүний ярихыг сонсож мууртал хөхөрч яваад өмнөх машины араас орох дөхсөнөөс хойш намайг машин барьж явахад онигоо ярихаа больсон юмдаг.

Нүүрснээс утаагүй шахмал түлш гаргаж авах тухай бид хоёр мөн ч олон удаа ярьж байж билээ.  “Багануурын нүүрсэн дээр энэ технологийг хийх бололцоо байгаа боловч энэ засгийнхан хөдлөхгүй байна, тэдний бизнестэй хутгалдах болчихоод байгаа юм байлгүй, чамд санаа оноо байна уу” гэж мань эр нэг удаа асуулаа.  “Хотгор шанагын” уурхай дээр хийх гээд үзвэл яасийм манай Улаангом чинь бөөн хар утаа болсон ш дээ. Тэгээд ч цаашаагаа Ховд Баян-Өлгий ойрхон” гэсэн чинь “Нээрээ тэгье хөө” гэж байна.  “Сүнжингранд” зочид буудал руу хоёулаа очиж “Хотгор шанагын” уурхайн шинэ эзэд Солонгосуудтай уулзлаа. Зах зээл нь жижиг юм байна гээд нөгөөдүүл чинь нэг их тоохгүй шинжтэй байхаар нь би “Цаана нь Орос гэж том мангас байгаа. Хилээс энэ уурхай холгүй байдаг юм” гэчихсэн чинь Солонгосуудын нүд сэргэж, боссуудтайгаа ярих юм боллоо.  Ялалт ах маань ч хэргээ бүтээчихсэн юм шиг л баярлаж байж билээ.

Бас нэг удаа цэвэрлэх байгууламж дээр хуримтлагдсан их лагийн тухай ярилцлаа. Удаа ч үгүй мань эр тэр их ялгадаснаас шатдаг хий гаргаж авах аргыг сэдчихсэн бүр төсөл хийчихсэн, туршилт хийж байгаа, гадаадын түншүүдтэйгээ холбогдсон талаараа ярьж, намайг гэртээ урьж хийсэн төхөөрөмжийнхөө макетийг үзүүлж байв. Тэрээр  нутгаа гэсэн сэтгэлтэй, эх орон, уул усны тѳлѳѳ тэмцэлд гар бие оролцсон гайхалтай шинэлэг залуу сэтгэлгээтэй ч хуучнаар бол хэтэрхий үндсэрхэг үзэлтэй хүн байсан юм.

Мань хүн бүр хүүхэд байхдаа анх Зүүнхараад гар хийцийн антенн угсарч гаднын телевизийн суваг гарган шуугиан дэгдээж байсан гэсэн. Манайд байгаа их занар, хүрэн нүүрснээс шатахуун шатдаг хий гаргаж авах тухай яриа бид хоёрын дунд байнга болдог байв. Занарыг ухаж, зардал гаргалгүйгээр агуулагдаж байгаа газрын гүн рүү нь тусгай бодис шахан тэнд нь исэлдүүлэн хий гаргах аргын тухай надад олон удаа ярьж, бид хоёр энэ талаар мэйлээр харьцаж байсан тэмдэглэл нь надад үлджээ. АНУ-д хийгдэж байгаа туршилтууд зарим нь дэлбэрч аюул болж байгаа талаар олсон мэдсэнээ хуваалцахад тэрээр “Түүнийг аргалж болно оо. Цаадуул чинь тооцоог нь буруу хийгээд байгаа юм” гэж томрох.

Ялалт гуай бол ер нь цаг үеэсээ жаахан түрүүлээд төрчихсөн хүн гэж би боддог. Ерээд оны сүүл үе хүртэл үйлдвэрээ дагнан ажиллуулж 20 мянга гаруй өнгөт зурагт, тэр хэмжээний компьютер, радио хүлээн авагч, телефон аппа­рат, сансрын телевизийн систем үйлдвэрлэн, эдийн засаг хүнд байсан цагт Монголын төрд 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан “Монэл”-ийн гэх Ялалт гуайн толгой үнэхээр ховор толгой байсан юм шүү.

 Монгол орны эдийн засгийн байдлыг сайжруулах ганц арга зам бий. Энэ бол мэдлэг шингэсэн, материалын орц багатай, өрсөлдөх чадвар өндөртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх инновацийн үйл ажиллагаа гэж байнга ярина. Түүнийг нь манай дээдсийнхэн яаж ч ойлгох билээ. Энэ талаар тэдэнд хандаж бичсэн  нийтлэл ч байгаа. Шинжлэх ухаан технологийн өнөөгийн ололтуудыг сорчлон авч үйлдвэрлэлдээ шуурхай нутагшуулан нэвтрүүлж эдийн засгийнхаа бодит өсөлтийг хангаснаар ард түмний аж амьдрал дээшилэх боломжийг мань хүн тун сайн мэдэрсэн байсан даа.

Ялалт докторын удирдсан МОНЭЛ фирмийн инженерүүд Монголд ориг компьютер бүтээж, өнгөт телевизор үйлдвэрлэж, сансрын болон биотехнологийн зориулалттай өндөр нарийвчлалтай электрон техник хэрэгсэл үйлдвэрлэн гадаад оронд нийлүүлж байсан нь Монгол Улсын 2200 жилийн түүхэнд анх удаа өндөр технологийн бүтээгдэхүүн экспортолж байсан түүх болон үлдсэн юм. Ялалт гуай маань ховорхон авьяастай эрдэмтэн судлаач их сэтгэгч Монголдоо бол агуу Тесла байсан даа.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ