“Сентеррагоулд Монголия” компанийн тусгай зөвшөөрлүүдийг цуцлахаар болов

2019-12-09

С.САРУУЛ

Улсын Дээд шүүх “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох хэргийг хянажээ. “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ нь “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшилд байх 372А, 431А, 5082А, 10810А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгахыг шаардаад байгаа юм.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг энэ оны гуравдугаар сард хянахдаа “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшлийн 372А, 431А, 5082А, 10810А ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийг хууль бус болохыг тогтоож,  тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг даалгасан байдаг. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг өнгөрсөн есдүгээр сард хянахдаа анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “…“Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшлийн 372А, 431А, 5082А, 10810А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн юм.

Улсын Дээд шүүх өнөөдөр /2019.12.09/ хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшлийн 372А, 431А, 5082А, 10810А ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлахаас татгалзсан хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг даалгажээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ