ГССҮТ хууль бус тендерийн сонгон шалгаруулалт явуулж байна гэв

2019-12-09

Б.ТУУЛ

Улсын зарим эмнэлгүүдэд  хууль бус тендерийн будлиан газар авч, эрүүл мэндийн даатгалын сан, иргэдийн татварын мөнгийг  зарим эмнэлгийн удирдлагууд хувийн эмнэлэг, эрх ашиг бүхий байгууллагуудад  зарцуулж байгаа талаар “Үндэсний мэдээллийн төв”-д “Ази фарма” ХХК-ийн дэд захирал М.Тунгалаг, Хуулийн зөвлөх С.Наранцэцэг, Тендер хариуцсан ахлах эм зүйч З.Цэрэнхүү нар хэвлэлийн бага хурал зарласан юм. Тэд улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг, Монголдоо ганц байдаг  Гэмтэл согог судлалын үндэсний төвд хууль бус тендерийн сонгон шалгаруулалт явагдснаас сүүлийн үед  чанаргүй имплант, протез үе суулгуулсан иргэд эрүүл мэндээрээ хохирч, эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө улсын томоохон эмнэлгүүдийн дарга нарын халаасны компаниуд руу орж байгааг онцолсон юм. Тус байгууллагын хувьд,  Герман улсын “Валдимар инк” гэж үйлдвэрийн хиймэл үе солих имплант, протезийг Монголд оруулж ирэх, эрүүл мэндийн болон халамжийн сангаар дамжуулж, иргэдэд хүргэх зорилготойгоор ГССҮТ-ийн тендерийн сонгон шалгаруулалтад оролцсон байна. Гэтэл ГССҮТ-ийн 2019.03.06-ний өдрийн №196 тоотоор “Ази фарм” ХХК-д ТБОНӨБҮХАТХ-ийн 27.4-ийг үндэслэн гэрээ байгуулахаас татгалзсан хариу өгчээ. “Ази фарм” ХХК-ийн зүгээс Сангийн яаманд тендер шалгаруулалтыг хянуулахаар гомдол гаргаж,  Сангийн яамны зүгээс 2019.03.25-ний өдөр 6-1/630 тоотоор ГССҮТ-ийн тендрийн сонгон шалгаруулалтыг шударга явуулаагүй байна, дахин хянаж үзнэ үү гэсэн албан бичгийг илгээж, шаардлага тавьсан байна. Гэвч  үүнийг үл ойшоож, тендрийн сонгон шалгаруулах журамд огт байхгүй заалтуудыг оруулж ирэн оролцож байгаа байгууллагуудад ижил тэгш шаардлага тавихгүй, эрх ашиг бүхий байгууллагадаа шударга бус үнэлгээг хийсэн тухай хэлэв.

Мөн  монгол хүнд хамгийн өргөн хэрэглэгддэг  түнх, өвдөгний үений протез,  хиймэл үе нийлүүлэх тендер будлиантаж, тендерт  хувийн компаниудаа  шалгаруулах болсон эргээд иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Үүнээс үүдэж, хариуцлагагүй компаниудын нийлүүлж буй чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүнээс болж, үе солиулах хагалгаанд орсон хүмүүс эмнэлэгт эргэн хандах нь түгээмэл болж, ясны цуурал, түнх үений мултрал, цусанд халдвар орж бохирдох гэх мэт эрүүл мэндээрээ хохирох асуудал гарсаар байгааг шүүмжлэв. Мөн гадны цахим сайтуудад ч бас энэ талаарх мэдээллүүд гарсныг хэлж байсан юм.  Түүнчлэн “Улсын томоохон эмнэлгүүдэд иргэдийн эрүүл мэндийн асуудалд анхаарах олон асуудал бий. Гэтэл иргэдийн эрх ашгийг хөндсөн энэ мэт үйл ажиллагаа нь эргээд эрүүл мэндийн салбарт ажиллаж буй залуу үед буруу үлгэр дуурайлал үзүүлэх, эрүүл мэндийн салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж байна.  Эрүүл мэндийн салбарт нийлүүлж буй чанарын шаардлага хангасан эм эмийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл нь энэхүү тендерийн сонгон шалгаруулалтын хууль бус ажиллагаанаас болж Монгол Улсад нийлүүлэхгүй байх, монгол хүний эрүүл мэндэд хэрэглэх боломжийг бид авч чадахгүй байх эрсдлийг үүсгэж байна. Иймд төр захиргааны байгууллагууд, эрүүл мэндийн салбар, улсын томоохон эмнэлгийн удирдлагууд энэ асуудалд аль аль талаасаа анхаарч ажиллаасай. Энэ тендерт оролцож буй аж ахуй нэгжүүд бас идэвхтэй оролцоосой. Ингэж тал талаасаа энэ асуудалд анхаарч байж эрүүл мэндийн салбарт шударга өрсөлдөөнийг бид тогтоож чадна”  гэв.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ