“Өв соёл үнэ цэнэтэй гэдгийг харуулахыг зорьсон”

2019-12-08

Х.ОЮУНБОЛД

Чингис хааны хасбуу тамгыг нуусан газрын зургийг хадгалдаг сахиулуудын тухай өгүүлдэг “Сүүн замын сахиул” киноны нээлт болсон. Энэ киноны найруулагч Т.Анартай ярилцлаа.

 

-Яагаад “Сүүн замын сахиул” гэж нэрлэх болсон юм бэ?

-Энэ бол манай зохиолч Т.Амарын санаа л даа. Өнгөрсөн жилийн аравдугаар сард зохиолч Т.Амар, манай киноны ерөнхий продюссер С.Баатархуяг бид гурав уулзсанаар миний бичсэн “Андгай” зохиолыг кино болгох ажлаа эхлүүлсэн юм. Манай кино багт зохиолч, орчуулагч Н.Пүрэвдагва, “Хас урлан” фильм,  найруулагч Ц.Хүрэлбаатар, жүжигчин С.Ариунбямба, С.Болд-Эрдэнэ нар нэгдсэн. Бид цуглаж кино зохиолоо ярьж хэлэлцэж явсны үр дүнд  нэг зохиол бий болж ирсэн. Бид сахиул гэдгийг нь гэрчилсэн тэмдэг сахиус нийлээд ямар нэгэн юмыг заах ёстой. Тэндээс хааны тамгыг хаана байгааг харуулдаг газрын зургийг хийе гэдэг санаа төрсөн. Тэр үеэр зохиолч Т.Амараа сахиуснууд дээрээ сүү дусаая. Тэр нь урсч явсаар Чингис хааны тамга байгаа газрыг заана гэсэн санааг гаргасан. Дараа нь бүгд ажил дээрээ байж байтал Т.Амараа “Би зохиолдоо Сүүн замын сахиул” гэж нэр өглөө гэснээр кинондоо энэ нэрийг өгсөн. Энэ киногоор бидний юугаар ч сольж болшгүй үнэт зүйл Монгол Улсын өв соёл гэдгийг харуулсан уран бүтээлийг гаргаж ирье гэж бодсон. Мөн залуучуудад эцэг эх, анд нөхөд,эд хөрөнгөнөөс ч үнэтэй өв соёлынхоо төлөө хүн бүр бүхнээ зориулахад бэлэн гэдгийг киногоороо харуулахыг зорьсон.

– Газрын зургийг хамгаалдаг удам дамжсан сахиулуудын эгнээнд жирийн хүмүүс нэгддэг. Үүгээр ямар нэгэн зүйл илэрхийлэхийг зорьсон уу?

-Киноны цаана их том утга санаа явж байгаа. Тодруулбал, дэлхийгээр нэг тарж бутарсан монголчуудаа дахин нэгтгэх гэсэн санаа юм. Үүнийг бид киногоороо хэлэхийг хүссэн. Харин сахиул болохыг хүссэн нэгэн заавал сахиулуудын цус судсаар урссан, удам судар дамжсан нэгэн байх албагүй. Өнөөдөр Монгол Улсын төлөө цохилсон зүрх сэтгэл болгон монгол хүн. Түүнээс биш хятад, орос хүн байна уу гэдэг нь сонин биш.  Зүрх сэтгэл нь Монгол Улсын төлөө цохилж байх хэрэгтэй. Тэгвэл тэр хүнийг өнөөдөр монгол хүн гэж хүлээн зөвшөөрч болно. Энэ бол миний л бодол.

-Зарим зохиолч, найруулагчид жүжигчиндээ зориулж дүрээ бичдэг. Кинондоо тоглуулсан жүжигчдээ яаж сонгов?

-Тэр бол мэргэжлийн зохиолчоос биш найруулагчаас гардаг сэтгэхүй юм. Учир нь найруулагч нар жүжигчнээ харж зохиолоо бичдэг. Би Андгай кино зохиолыг бичихдээ хүнд зориулж бичээгүй. Анх н.Ган-Оч ахынхаа хэлж ярьсныг бодохоор  хүнд биш нийгэм, хойч үедээ зориулж бичсэн. Мэдээж тодорхой хэмжээгээр кино зохиол тодорхой дүр шугамтай байх ёстой. Тэр дүрүүд нь шугамаа барих нь зүйн хэрэг л дээ. Харин миний бичсэн зохиол буюу найруулгад хүн ямар зан чанартай байх нь хамаагүй өөрөө очиж наалдах ёстой гэдэг санааг баримталсан. Тэгэхээр би хүнд зориулж биш хүнээр дамжуулж хэлэх санаагаа бусдад хүргэх хэрэгтэй болчихоод байна. Би тэгж  л бичсэн. Харин жүжигчдийг сонгон шалгаруулж авсан.

-Сүүлийн үед гарсан  түүхэн  кинонуудаас таны кино юугаараа ялгаатай вэ?

-Хэлэх гэсэн санаагаараа л ялгарч байгаа. Тэрнээс биш  надад нэг урлагт зүтгэж байгаа найз нөхөд, цуг ажиллаж байгаа хүмүүсийнхээ хийсэн бүтээснийг сайн муу гэж шүүх ямар ч эрх байхгүй. Харин би кино хийж байгаа залуучууддаа хатуу сануулж хэлэх нэг зүйл байна. Би өнөөдөр олон киноны хоёрдугаар найруулагчаар ажилласан. “Сүүн замын сахиул” бол миний ерөнхий найруулагчаар нь ажилласан анхны уран бүтээл. Энэ киноны продюссерүүд миний найзууд. Тэд надад Анараа чи хийх юмаа өөрөө мэдээд хий. Бид чадах юмаараа тусална гэж хэлсэн. Энэ нь найруулагчийн ажилд их тус дэм болдог юм байна. Учир нь найруулагчийн бодсон бодол, ур чадвар дундуур хөрөнгө оруулагч, зохиолч хоёр орж ирэх шиг хогийн юм хорвоод байдаггүй юм байна. Үүнийг л манай кино багийнхан ялангуяа, хөрөнгө оруулагчид, зохиолчид, продюссер нар их сайн ойлгоосой. Энэ тал дээр сайн зөвшилцөж байж киногоо гаргаасай гэж хэлэхийг хүсч байна. Би энэ кинон дээр  их эрх чөлөөг мэдэрсэн. Их сайхан байсан. Киноны найруулагч ингэж л ажиллах хэрэгтэй.

-Киноны зураг авалт яг хэзээнээс эхлэв?

-Киноны зураг авалтыг өнгөрсөн жилийн гуравдугаар сарын 20-нд  Төмөр замын депод эхлүүлж мотороо дуугаргасан. Тэнд гурав хоног зураг авалтаа хийсэн. Дараа нь Сэлэнгэ аймагт очиж сар гаруй зураг авалтаа хийгээд Улаан-Үд, Эрхүү рүү явсан. Тэгээд Монголдоо буцаж ирээд ажлаа үргэлжлүүлж байгаад Хөх хотод очсон. Тэнд 14 хоногт Бао гээд хятад ноён гардаг орчин үеийн хэсгүүдийн зураг авалтыг хийсэн. Зарим  завсрын жижиг хэсгийн зураг авалтыг Шанхайд авсан. Харин энэ дашрамд биднийг зураг авалт хийх бүх боломжоор хангасан Төмөр замын суудлын депо болон бусад тусалсан хүмүүс, байгууллагад баярласнаа хэлмээр байна.

-Зураг авалтын үеэр сонин үйл явдал болж байв уу?

-Уг нь хоёрдугаар сарын 18, 20-нд зураг авалтад гарна гэж бодож байсан. Гэвч жилийн дөрвөн улирлаа харуулахыг зорьж байсан. Гэвч киноны бэлтгэл хангагдаагүй.Түүнээс гадна  зохиол маань өөрчлөгдсөн учраас гуравдугаар сар хүртэл зураг авалтаа хойшлуулсан. Гуравдугаар сард дулаарчихсан байдаг шүү дээ. Тиймээс Сэлэнгэд зураг авалт хийх үеэр дулаарчихсан байсан. Гэхдээ тэр үеэр тэнгэр биднийг харж үзэж байгаа юм шиг их биш ч гэсэн цасаар шуураад эхэлсэн. Тэгээгүй бол график ашиглаж цас  хийнэ гэж бодож байсан шүү. Түүнээс гадна киноны зураг авалтын үеэр санаа зовоосон одоо яанаа гэсэн хэсэг дээр  бүх юм саадгүй бүтэж байх жишээтэй. Үүнийг  манай кино багийнхан биднийг тэнгэр, өвөг дээдэс минь харж дээ гэж боддог юм.

-Яг энэ сахиулууд шиг хүмүүс байсан  юм болов уу?

-Энэ бол цэвэр фантаз. Би үнэт өв соёлынхоо тухай дуугаръя гэж бодсон. Бид үнэ цэнэтэй түүхийн өв соёл гэж ярихаар ойлгоно. Харин хамтран ажиллаж байгаа Казахстанаас ирсэн жүжигчид, Европжсон улсууд ойлгохгүй. Юун үнэ цэнэтэй өвийн тухай яриад байна. Хүмүүс яагаад алалцаад байгаа юм гэж бодно. Тэгэхээр өв соёлоо заавал нэг үнэ цэнэтэй зүйлээр тодорхойлуулах хэрэгтэй болж байна. Монголчуудын хамгийн том өв соёлын хамгийн том зүйл юу байх вэ гэж бодсон. Хааны тамга. Энэ тамгыг атгасан хүнд ямар ч нүүдэлчин мөргөнө. Тамганы талаар ч судалсан. Тухайлбал, 1248 онд Гүюг хааны Ромын папад илгээсэн захидалд Чингис хааны хасбуу тамгыг хамгийн сүүлд дарсан байдаг. Хэнд энэ тамга очих ёстой вэ. Монголын хаан ширээнд сууснаараа энэ тамгыг Гүюг авсан гэж байгаа. Түүнээс хойш тэр тамга алга болсон. Тэгэхээр Гүюг хаан тамгыг  нэг газар нуугаад тахин шүтэж байхыг захиж хэсэг хүнд өгсөн байх магадлал их өндөр. Манай монголчууд хүн дахин төрдөг гэдэгт итгэдэг. Гүюг хаан Чингис хааныг эргэж төрнө гэж үздэг байсан учраас хэзээ нэгэн цагт дахин төрвөл гаргаад өгчихөөрэй гэж захисан байх гэж би санаж фантазалсан.

-Одоо ямар кино хийхээр төлөвлөж байна ?

-Одоо бол жаахан амармаар байна. Жил зургаан сар киногоо хийх гэж ажиллалаа. Гэр бүлийнхэндээ цаг зав гаргая. Бас ядарч байна. Харин “Титанс” пикчерс компани, жүжигчин С.Ариунбямба найруулаад өв соёлын тухай “Эзэд” гэдэг кино хийх гэж байна. Яг юуны тухай вэ гэдэг нь одоохондоо нууц. Яагаад гэвэл би 2014 оноос энэ киногоо хийх гэж олон хүнтэй уулзаж, ярьсан.  Харин киногоо хийсний дараа 2-3 хүн надтай холбогдож миний зохиол гэсэн. Тэгээд би гайхаад та нар хоорондоо учраа ол гэж хэлсэн. Нэг ёсондоо би хулгайч болчих гээд байна л даа. Тэгээд яахав би та нар хий хий гэж хэлсэн. “Сүүн замын сахиул” бол миний сэтгэл зүрхэндээ шатаж хийсэн кино.  Харин тэд надаас илүү хийгээд тавьчихвал би үнэнээсээ баярлана. Яагаад гэхээр манай монголын залуучууд өв соёлынхоо тухай киног миний киноноос илүү сайн хийгээд гаргачихвал би баярлана уу гэхээс гомдохгүй. Харин чадахгүй бол хэний зохиол болох нь ойлгомжтой. Мөн 1241 оны хавар болсон 30 мянган монгол цэрэг, 50 мянган рыцарь цэрэг оролцсон Лигницын тулалдааны тухай зохиол бичээд талд нь орчихсон байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.12.9  ДАВАА  №243  (6210)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ