Оросын уран гулгагчид тэргүүлэв 

2019-12-08

Алена Косторная  Фото: Владимир Песня/ РИА Новости

Д.АРИУН

Оросын уран гулгагч Алена Косторная Турины Гран-при тэмцээнд тэргүүн байр эзлэв. Хоёр болон гуравдугаар байрт түүний нутаг нэгтнүүд болох Анна Щербакова, Александра Трусова нар орж, медалийн тавцанд зөвхөн орос охид зогсчээ.

Уран гулгалт, спорт сонирхогчдын дунд Трусова, Косторная эсвэл Загитова юу гэдэг асуулт хүлээлт үүсгээд байсан  ээлжит Гран-при тэмцээн энэ сарын 6-7-нд  Италийн Турин хотноо болсон юм. Богино болон чөлөөт үзүүлбэрээрээ Алена Косторная 247,59 оноо авч дэлхийн шинэ дээд амжилтын эзэн болжээ. Тодруулбал, өмнө нь  Александра Трусовагийн гаргасан дээд амжилтыг тэрээр эвдэж чадсан байна.  Мөн Алена Косторная арванхоёрдугаар сарын 6-нд богино үзүүлбэрийн төрөл ч 85,45 оноо авсан нь дээд амжилт тогтоосон үзүүлэлт байлаа. Хоёрдугаар байрт  орсон  Анна Щербакова 240,92 оноо авсан бол, Александра Трусова 233,18 оноогоор гуравдугаар байрын тавцанд зогссон байна. Олимпийн аварга, Алина Загитова 205.23 оноогоор дөрөвдүгээр байр эзэлсэн байна.

Косторная, Трусова, Щербакова болон Загитова нар нь Оросын дасгалжуулагч эмэгтэй Этери Тутберидзегийн шавь нар юм.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ