“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмийн боловсрол чухал”

2019-12-05

Б.БАЯРЖАВХЛАН

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудал болон түүнийг шийдэх гарц гаргалааны талаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо”-ны ерөнхийлөгч Ц.Оюунбаатарыг урьж ярилцлаа.

 

-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар байгуулагдаад жил гаруй болж байна. Энэ талаар?

-Агентлагын хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх бодлогын уялдааг хангах, салбар хороод хоорондын зохицуулалт хийх зорилготой байгууллага юм. Агентлаг байгуулагдахаас өмнө Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Үндэсний төлөө хүний хэлтэс энэ асуудлыг хариуцан ажилладаг байсан. Гэхдээ агентлаг байгуулагдаад дорвитой ажил хийгээгүй байна. Удахгүй ирэх онд шинэ төсөв баталж, бие даан салбар хоорондын уялдаа холбоо, зохицуулалтын ажил хийх байх гэж найдаж байна.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хууль бодит байдал дээр хэрхэн хэрэгжиж байна вэ?

-1998 оноос өмнө хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамжийн тухай ганц хуультай байсан. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ТББ-ууд УИХ-д хүсэлт хүргүүлснээр 1998 онд хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийг батлуулж чадсан. Дараа нь 2007 онд Биеийн тамир, автотээврийн тухай хуульд дахин өөрчлөлт оруулсан. Жишээ нь автотээврийн тухай хуульд нийтийн тээврийн 10-аас доошгүй хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээ үзүүлдэг тоног төхөөрөмжтэй байх ёстой гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл хот хооронд болон Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобус хөгжлийн бэрхшээлтэй хүний зорчих боломжийг бий болгох ёстой. Түүнийхээ хүрээнд 2007 онд Э.Бат-Үүл хотын дарга байхад нь захиргааны хэргийн шүүхэд өгч автобуснуудад зогсох буудлын нэрийг хэлж мөн дэлгэц дээр урсгадаг болсон. Түүнээс хойш хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврийн асуудалд дэвшилттэй зүйл хараахан гараагүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хууль нь салбарын хуулиудаар зохицуулагдах учиртай. Тухайлбал, Автотээвэр, автозамын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж байж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хуульд туссан заалтууд хэрэгжинэ. Салбар хуулиудад энэ тухай заалтууд байдаггүй. Энэ нь хууль хэрэгжих боломжийг олгохгүй байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хуульд нийтийн тээвэр хүрэлцээтэй байх ёстой гэж заадаг байсан. Тэгвэл хэн хүрэлцээгээр хангах, хийхгүй бол хэн хариуцлага хүлээх юм гэдгийг салбар хуульд тусгаж байж энэ хууль бүрэн эхээрээ хэрэгжих юм. Мөн Монгол Улсын хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг зөрчсөн заалтууд байна. Жишээлбэл, Эрүүл мэндийн тухай хуульд оюуны бэрхшээлтэй хүн хүүхэдтэй болбол цагдаа, шүүхийн зөвшөөрөлтэйгөөр үр хөндөнө гэж заасан. Ядаж энэ заалтуудыг авч хаях ёстой. Мөн сургууль болон автобус хүртээмжтэй, эцэг эх нь харж хандах боломжийг олгох ёстой. Тиймээс Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиа дахин харах хэрэгтэй байна. Мөн шүүх, цагдаагийн байгууллага дохионы хэл, баррель үсгээр мэдүүлэг авдаггүй зэрэг хуулийн асуудал их байна. Манай улс хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн конвенцид нэгдээд 10 жил болж байна. Тиймээс дотоодын хууль тогтоолыг олон улсын конвенцийн үзэл санаанд нийцүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй байна. 2002 оноос хойш өнөөг хүртэл Боловсрол, Эрүүл мэндийн тухай хууль өөрчлөгдөөгүй байна.

-Энэ жилийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр нэлээн онцлог болсон гэсэн?

-Урьд жилүүдэд баяр ёслолын шинжтэй болдог байсан. Энэ жил Хөдөлмөр эрхлэлт болон хууль тогтоомж эрхийн талаарх боломжуудыг гаргаж өгөхөөр хэлэлцүүлэг болон үзэсгэлэнг зохион байгуулсан.

-Энэ чиглэлийн үйл ажиллагаанд дэлхийн улс орнуудаас манайх ямар  түвшинд байна?

-Азийн орнуудаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлсэн улс гэвэл Япон, Солонгос байна. Ээлтэй орчин бүрдүүлнэ гэдэг нь иргэн хэний ч тусламжгүйгээр энгийн иргэний хийж болох зүйлсийг бие даан хийх боломжийг бүрдүүлэхийг хэлээд байгаа юм. Харин манайд эсрэгээрээ байна. НҮБ-ын тогтвортой хөгжлийн 17 зорилтын хүрээнд Зүүн Азийн орнуудын уулзалт орсон. Бид энд хойгуур жагссан. Тиймээс НҮБ-аас манай улсын Засгийн газарт нөхцөл байдлаа сайжруулах чиглэлээр 53 зөвлөмжийг өгсөн байдаг. Харин энэ тал дээр тодорхой хийж, сайжруулсан ажил одоогоор байхгүй байна. НҮБ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх тал дээр манайх анхаарах хэрэгтэй.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 600 гаруй төрийн бус байгууллага байдаг гэсэн. Энэ олон байгууллага ямар үүрэг гүйцэтгэж байна. Мөн танай байгууллагын тухайд?

-Манай төрийн бус байгууллага бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан бодлогод дүн шинжилгээ хийж, Засгийн газар болон агентлагт нөлөөлөх зорилготой. Мөн олон хууль дээр стратегийн өмгөөлөл мониторинг хийсэн. Барилга, хот байгуулалтын яамыг захиргааны хэргийн шүүхэд өгсөн. Яагаад гэхээр “Буянт ухаа II” хороололд квотынхоо дагуу орсон иргэдэд харааны бэрхшээлтэй хүнд зориулсан зам байхгүй тэргэнцэртэй хүн цахилгаан шатанд багтахгүй зэрэг асуудал байсан. Ингэснээр энэ асуудлыг шийдсэн. Хуулийн асуудал дээр үнэлэлт дүгнэлт хийж, зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлдэг байгууллага.

-Хувиараа хөдөлмөр эрхлэлт сайн байгаа гэж байсан. Энэ тал дээр?

– Хөдөлмөрийн хуулийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд аваагүй байгууллага хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлбөр төлж хөрөнгө төвлөрүүлдэг. Энэ төлбөрийн хэмжээ өнгөрсөн онд дөрвөн тэрбум төгрөг байсан. Энэ хөрөнгөөр ажлын байр бий болгоно. Гэхдээ Монгол Улсад яг тохируулгатай ажлын байр гэдэг зүйл байхгүй байгаа. Бүтээгдэхүүнийг нь борлуулах зах зээл алга. Квотын тогтолцоогоор ажилд авч байгаа. Харин хараа болон тэргэнцэртэй хүмүүсийг ямар ажлын байраар хангах тал дээр анхаарах хэрэгтэй байна.

Харин ажил олгогч ТББ-уудад 30 сая төгрөг өгч ТББ-ын тоог олон болгож байна. Тиймээс дээрх агентлаг нь энэ асуудлууд дээр хяналт, зохицуулалт хийх хэрэгтэй.

-Нийгмийн оролцоо ямар байна вэ. Цаашид юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

-Дэлхийн жишгээс харахад хөгжлийн бэрхшээлтэй иргэн багаасаа нийгмийн харилцаанд орж байна. Энэ нь том болоод амьдрал дээр нийгмийн харилцаанд ороход саадгүй байдаг. Харин манайд хөгжлийн бэрхшээлтэй гээд тусгай сургуульд сургах, нийгмээс гадуур байлгах арга хэмжээ их авдаг. Үүнээс үүдэж өсч том болоод нийгмийн харилцаанд орох гэхээр айж тэвдэх, дасахгүй байх зэрэг асуудал их үүсдэг. Тиймээс нийгмийн харилцааны боловсрол манайд маш чухал байна. Нийгмийн харилцаа бол хэн нэгнээр заалгаад болчихдог зүйл биш. Тиймээс нийтийн тээвэр болон сонгуульд оролцох, мэргэжлийн боловсролын асуудлыг хуулиараа зохицуулах шаардлагатай байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.12.5  ПҮРЭВ  №241  (6208)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ